2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2025/06491

 

 

 

 

 

2025 08 26 192/ШШ2025/06491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 8 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, ** хороолол, **-** тоотод оршин суух хаягтай Т овогт Ан Ср /рд:УЗ91050819/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо,** хороолол энхтайваны өргөн чөлөө гудамж ** байр*** тоотод оршин суух хаягт Б овогт Ж-н О /рд: **********/,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50,600,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Ж.О, гэрч Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.С нь 2023 оны 8 дугаар сараас эхлэн Кадиого нэртэй паластик хэвлэлийн үйлдвэрлэлийг өөрийн хөрөнгөөр 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч нь 2024-2025 оны хооронд Оросын холбооны улсад эдийн засгийн чиглэлээр сурч төгсөх курсийн оюунтан байсан. Хичээлдээ анхаарах үүднээс өөрийн хөрөнгө болох хэвлэлийн үйлдвэр болон тоног төхөөрөмжөө худалдан борлуулахаар 2024 оны 7 дугаар сард өөрийн фейсбүүк хаяг болон Үнэгүй.мн зарын группэд зар тавьсан. Зарын дагуу хариуцагч нь 2024 оны 8 сарын 15-ны өдөр ирж үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмжтэй танилцаад худалдаж авахаар болсон байдаг. Тухайн хөрөнгийн үнийг бууруулж 2 сарын байрны түрээсийн төлбөр зэрэг нийт 60,000,000 төгрөгөөр худалдахаар аман байдлаар тохиролцсон. Хариуцагч нь 8 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрийн байр болон тоног төхөөрөмжийг хүлээн авсан. Тухайн хөрөнгүүдийг хүлээж авснаас хойш 60,000,000 төгрөгөөс 8 сарын 15-ны орой 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлж, үлдэх төлбөрийг өгөхгүй байсаар 8 сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлж үлдэх 45,000,000 төгрөг болон байрны 2 сарын түрээс болох 5,600,000 төгрөг нийт 50,600,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Нэхэмжлэгчээс хариуцагч руу төлбөрөө авъя гэж ярихаар ...тоног төхөөрөмж эвдэрсэн, ажиллуулах боломжгүй... байгаа гэх мэтээр байдлаар шалтаг тооцож эхэлсэн. Хариуцагч нь тоног төхөөрөмж худалдаж авснаас хойш өөрийн хэвлэлийн фейсбүүкээр зар оруулж хэвлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж орлого олж байсан. Иймд хариуцагч Ж.О-с 50,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж овогтой О би болон өөрийн найз Д.Ц хамтран хэвлэлийн ажил хийхээр ярилцаад 2024 оны 8 сард хэвлэлийн тоног төхөөрөмж авахаар болсон. Найз Цнь хорооллын шонхор плаза гэх газар хулдаасан хэвлэл хийдэг байсан. Тэр хэвлэлийг нь түшиглэн хамтран ажиллах санал ирснээр бид хэвлэл ажиллуулахаар болсон. машин авахаар тохиролцон байр хайж эхэлсэн. Уг хэвлэлийн машин нь 6 м урт учраас Цог Бид тэгээд Алтан зуун хэмээх хэвлэлийн тоног төхөөрөмж зардаг газраас UV хэвлэлийн түрээсэлж байсан газар багтахааргүй байсан. Тэгээд зар харангаа хэвлэлийн UV принтер зарна гэсэн хайлт хийж үзсэн. Тэгээд Хаяг рекламын чиглэлээр ажиллахад бэлэн бизнес яаралтай хямд, бартер оролцуулж болно. Төхөөрөмжүүд дунд бидний сонирхож буй UV принтер байсан/ Гэсэн зар олж хараад очиж уулзахаар тохирсон. Тэр үед үйл ажиллагаа явуулаагүй болохоор өөр ажилтай байна гээд уулзах өдрөө нэг нэг хоногоор хойшлуулаад байсан. Уулзахдаа манай хамтарч юмаа хийдэг найз маань Солонгос явах гэж байгаа болохоор энэ газраа зарахаар болсон юм гэж хэлсэн. Тоног төхөөрөмжийг нь шалгаад үзье гэхэд би ажиллуулдаггүй болохоор сайн мэдэхгүй байна мэддэг хүнийг дуудаад ажиллуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд Ө гэх ажиллаж байсан хүнээ дуудна гээд утсаар яриад маргааш нь тэр хүн нь ирэхээр тохиролцоод салцгаасан. Маргааш өглөө нь Цбид хоёр 11 цагт очсон Ө гэх залуу ирээгүй байсан. 13 цаг өнгөрч байхад ажлынхаа цайны цагаар ирлээ гээд орж ирсэн Өлзий. Орж ирээд ажлаа орхиод ирсэн асаагаад шалгаад өгье гээд UV принтер дээр зураг хэвлээд үзүүлье гээд зураг хэвлэсэн. Тухайн үед зураг хэвлэхэд 20см яваад зураг тасалдаад байсан. Тэгэхэд Сурахаа удаан ажиллуулаагүй болохоор ингээд байж магадгүй гэж хэлээд тэр 2 янз янзын юм оролдоод нэлээн удсан. Тэгээд Өлзий гэх хүн нь би ажилтай явлаа гээд яваад өгсөн. С үлдээд нэлээн оролдож байх зуур бид ярилцаж байхад С өөр хүмүүс их залгаж байгаа хурдан зарагдах байхаа энэ нээх асуудал бишээ хэмээн тайлбарлаж байсан. Бусад төхөөрөмж ямар ч асуудалгүй. 2 сар түрээс өгсөн байгаа шууд л 60,000,000 төгрөгөөр өгчихнө гэж ярьж байсан. Би 15,000,000 саяыг нь түрүүлж өгөөд 27,000,000 сая төгрөгт бартер хийгээд МУРАНА гэдэг машин өгье тэгээд үлдэгдэл төлбөрт 15,000,000 сая өгнө гэж хэлсэн. Сурахаа за тэгье манай хамтрагч Солонгос маргааш явна мөнгө хэрэгтэй байгаа өнөөдөр урьдчилгаагаа хийчих маргааш Өлзий ирээд бүх юмийг заагаад өгнө Энэ хэвлэх машин зүгээрээ Өлзий янзалчихна гэж хэлсэн. Тухайн үед эдгээр тоног төхөөрөмжийг ажиллуулж мэдэхгүй ойлголтгүй байсан болохоор -н үгэнд итгэсэн. Бэлэн ажлын байртай энэ газар нь хотын төвд зүгээр юм байна гэж ярилцаад Алтан зуунаас UV принтерээ авахаа болиод эндээ тохирно гэсэн итгэлээр С гэж хүнд итгэн урьдчилгаа болох 15,000,000 сая төгрөг өгсөн. Тэгээд С Ө гэж хүнийг хэд хоногийн дараа авчирсан. Өлзий өөр газар ажилдаг болохоор цайны цагаараа ирж төхөөрөмжүүдээ янзлах гэж үздэг байсан. Тэдгээр төхөөрөмжүүдийг ажиллуулж зааж өгнө энэ байрандаа цаашдаа түрээслээд тогтвортой байна, Face Book хаягаа өгнө гэж худлаа ярьж урьдчилгаа төлбөр авсан. Ажлын байрны түрээслэгч үнээ нэмнэ 4 сая болгоно гээд төхөөрөмжүүдийг авч явахыг шаардаж ажлын байргүй болгосон. Өөр газар аваачиж ажлаа явуулахаар болсон. Сурахаа өөр газар очихоор нь янзлаад бүгдийг нь хэвийн болгоод өгнө гэсэн боловч 11 сараас хойш ирээгүй. Одоог болтол төхөөрөмжүүдээ засаж өгөөгүй хэвийн ажиллагаа байхгүй байгаа. Удаа дараа ярьж хэлээд засаж янзалж өгөлгүй өдийг хүрч байна.

 

Засаж өгөхгүй бол эднийгээ ав би мөнгөө авъя гэхээр удахгүй Хятадаас хүн ирнэ тэгээд янзлаад өгье гэдэг. Сүүлдээ шинээр ирсэн байрныхаа түрээсийг өгч чадхааргүй болж ирсэн. Шалтгаан нь авсан төхөөрөмжүүдийн нэг нь ажиллагаатай байсан болохоор тэрэндээ таарсан ажил хийдэг байсан. Нэг төхөөрөмж нь ажиллах биш би өөрөө засварлуулж 2,000,000 төгрөг царцуулсан. Сурахаад хэлж яриад ирдэггүй. 3 сард байрны түрээслэгч түрээсээ өгч чадахгүй болохоор гарахыг шаардаж эхэлсэн. Төхөөрөмжөө янзлаад ажил гайгүй болно гээд түрээсийн эзнээс гуйж хагас дутуу түрээс өгөөд нэг юм торгоож байна. Сурахаа төхөөрөмжүүдийг янзалж өгнө гэдэг нь худлаа болсон гэж үзэн төхөөрөмжүүдээ ав гэхэд тэгье би зараад мөнгийг чинь гаргаад өгнө гээд зөөхөөр болсон. Нэг газар олж аваачиж тавина гэсэн боловч аваачих газар алга наанаа байлгаж байгаад заръя гээд яваад утсаа авахгүй хэд хоног алга болсон. Хэд хоногийн дараа Сурахаагийн өмгөөлөгч байна гээд нэг яриад хүрээд ир та хоёр учраа олчих гээд дуудсан. Очсон төхөөрөмжүүдээ авахгүй чи үлдэгдлээ өг гэж байсан. Би янзлаад хэвийн болговол машинаа 15,000,000 сая төгрөг өгнө гэсэн боловч тэд зөвшөөрөөгүй. Чамаас хэд нугалж олж авна цагдаад өгөөд чамайг хориулна гэж дарамталсан. Миний хувьд төхөөрөмжүүдийг хэвийн ажиллуулаад өгөхөд ярьж тохирсноороо машин болон 15,000,000 төгрөгийг өгөхөд бэлэн байгаа гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-9/, лазер машины тоног төхөөрөмж /хх-ийн 9-19/, *********** гэх хүнтэй харилцсан фэйсбүүк мессенжер чат /20-22/, Тоног төхөөрөмжийн үнийн задаргаа /хх-ийн 23/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24/, Түрээсийн гэрээ /хх-ийн 25/, 2025.04.02-ны өдрийн №0236 дугаар итгэмжлэл,

4. Хариуцагч талаас Баянгол дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хариу тайлбар зэрэг баримт цугларсан байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлээс 45,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5,600,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.С хариуцагч Ж.О-т холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 45,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт 5,600,000 төгрөг, нийт 50,600,000 төгрөг шаардаж, үндэслэлийг пластик хэвлэлийн үйлдвэрлэл явуулах зориулалт бүхий 22 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд хогшил, түүхий эд материалыг 60,000,000 төгрөгөөр Ж.Отгонбаярт худалдахаар тохиролцож, 15,000,000 төгрөгийг авсан бөгөөд үлдэх төлбөрийг төлөөгүй, мөн үйлдвэрлэл явуулж байсан байрны 2 сарын түрээсийн төлбөрийг төлнө гэж тохирсон боловч төлөөгүй гэжээ.

3. Хариуцагч Ж.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлийг UV хэвлэгч машин анх шалгахад сайн ажиллахгүй байсан бөгөөд А.С засварлаж өгнө гэсэн боловч өгөөгүй тул үнийг төлөхгүй гэжээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. А.С нь Ж.О-т 2024.08.15-ны өдөр 1) UV принтер 2500*1300, 2) CNC 3) рүтэр 2500*1300, 4) Лазер 120*100, 4) 3D принтер, 5) хүйтэн бүрэгч 6) гагнуурын аппарат, 7) градустай хөрөө, 8) гар дрилл, 9) цохилттой дрилл 2 ширхэг, 10) хүрээ нугалагч ком, 11) төмөр тасдагч 12) хүйтэн гагнуурын алх 2 ширхэг, 13) ширээ 4 ширхэг, 14) сандал 2 ширхэг 15) суурин компьютер 3 ширхэг, 16) буйдан сандал, 17) UV принтер запас, 18) тоос сорогч, 19) цахилгаан гар дрилл 20) япон шат дугуйтай 2 ширхэг, 21) жижиг багаж, 22) материалын нөөц гэх тоног төхөөрөмж, эд хогшил, бараа материалыг 60,000,000 төгрөгөөр худалдахаар, Ж.Отгонбаяр 15,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 45,000,000 төгрөгийг төлөөгүй талаарх үйл баримтад маргаагүй.

4.2. А.С нь Ц.Д-тэй 2023.09.08-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** давхар, *** тоот 120 м.кв талбайг хэвлэлийн үйлдвэрлэл явуулах зорилгоор, сарын 2,800,000 төгрөгөөр түрээслэхээр тохирчээ. /хэргийн 25-26 дугаар тал/

4.3. А.С нь 2024.08.06-ны өдөр түрээс үлдэгдэл гэх агуулгаар 7,500,000 төгрөг төлжээ. /хэргийн 5 дугаар тал/

5. Зохигчдын тайлбар, тогтоогдсон үйл баримтаас үзэхэд худалдагч эд хөрөнгийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн эсэх, худалдан авагч хөрөнгийн үнийг төлөхөөс татгалзах эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Нэхэмжлэгч А.С, хариуцагч Ж.О нар хэвлэлийн үйлдвэрлэл явуулах тоног төхөөрөмж, эд хогшил, бараа материалыг 60,000,000 төгрөгөөр худалдахаар, үнийг хувааж төлөх гол нөхцөлийг тохирч, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

8. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Талууд гэрээгээр доголдлын талаар тохироогүй тул гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэх нь биет байдлын доголдлын шалгуур үзүүлэлт болжээ.

9. Нэхэмжлэгч биет байдлын доголдолгүй буюу зориулалтаар ашиглах боломжтой хөрөнгө шилжүүлсэн, UV принтер ажиллагаагүй болсон нь эд хөрөнгийн доголдол гэж үзэхгүй болох нь гэрч Д.Ө . . . Тухайн үед би тоног төхөөрөмжүүдийг ажиллуулдаг байсан. О-г ирэхэд нь тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь ажиллуулж шалгаж үзэж өгсөн. Бүгдийг шалгуулж үзсэн. . . Эхний өдөр билүү хоёр дахь өдөр билүү над руу байнга залгаад байхаар нь орой очсон. Тэгсэн чинь Ж.О тоног төхөөрөмжийг үйлдвэрийн тохируулга хийсэн байсан. Төхөөрөмж ямар ч ажиллагаагүй болсон байсан . . . Би 2024 оны 12 дугаар сарын сүүлээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 2,3 сар хамтарч ажилласан. Надад өмнөх ажлын саналуудаас илүү санал тавьж байсан. Намайг ажиллах хугацаанд үйлдвэрийн тохируулга хийсэн төхөөрөмжөө өөрөө оролдсоор байгаад ажиллуулж байсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

10. Хариуцагч Ж.О гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө эвдрэлтэй байсны улмаас үнийг төлөхгүй гэж маргадаг боловч худалдан авсан 22 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийн аль нь, ямар доголдолтой байсан, түүнчлэн доголдлын улмаас гэрээг цуцалсан тухайгаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс худалдан авагч худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээнэ.

11. Хэрэгт авагдсан баримтаар Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр,** давхар, ** тоот 120 м.кв талбайд хариуцагч Ж.Отгонбаяр үйл ажиллагаа явуулахаар үлдсэн, түрээсийн төлбөр сарын 2,800,000 төгрөг, худалдах худалдан авах гэрээ хийгдэх үеэр А.С даруй 2 сарын түрээсийн төлбөрийг төлсөн болох нь тогтоогдох боловч 2 сарын түрээсийн төлбөрийг хариуцагч Ж.Отгонбаяр төлөхөөр тохирсон нь тогтоогдохгүй байна.

Нотлох үүргийн хуваарилалт ёсоор нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ түрүүлж өөрөө нотлох үүрэгтэй ба 2 сарын түрээсийн төлбөрийг шаардах эрхийг бий болгосон үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй тул 5,600,000 төгрөгийн шаардлага хангагдахгүй.

12. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Ж.О-с 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С-т олгож, үлдэх 5,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан баримтлан хариуцагч Ж.Отгонбаяраас 45,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.С-т олгож, үлдэх 5,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 410,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 382,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН