Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/1118

 

 

 

 

 

 

    2024          10           02                                       2024/ДШМ/1118

 

 

Ж.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Х-т холбогдох 2410007410194 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн Ж............. Х............, 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ................. төрсөн, .. настай, э.эгтэй, ....... боловсрол...., ............ мэргэжил....., ........................... ажил..., ам бүл ............. хамт ...................................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Шүүгдэгч Ж.Х нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед .......... улсын дугаартай “Тоёота Приүс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ж.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ж.Х-ыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шйидвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Ж.Х-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэх болохыг Ж.Х-т сануулж, шүүгдэгч Ж.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байна. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж.Х-т 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байх ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор заасан нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчаас 6 сарын хугацаатайгаар зорчих эрхийн ял оногдуулахаар санал гаргасан атал шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчийн санал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тал бүрээс харгалзан үзэлгүй зорчих эрх хязгаарлах ялыг 2 жилийн хугацаатайгаар оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэж байна. Миний бие ..................................... ажлыг хийдэг бөгөөд үүнтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаанд 2024 оны 02 дугаар сараас эхлэн чөлөөтэй байгаа талаар тайлбарласан атал эрхэлсэн тодорхой ажилтай нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс надад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Х-ын өмгөөлөгч Г.Эрдэнэхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байна. Прокуророос 6 сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар санал гаргасан атал шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тал бүрээс харгалзан үзэлгүй зорчих эрх хязгаарлах ялыг 2 жилийн хугацаатайгаар оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ж.Х нь ...................................... ажлыг хийдэг бөгөөд үүнтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаанд 2024 оны 02 дугаар сараас эхлэн чөлөөтэй байгаа талаар тайлбарласан атал эрхэлсэн тодорхой ажилтай нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн зөвшөөрч прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Х-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх 14/,

жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...3,17 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай тогтоол /хх 2-3/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл “...Эрх хасагдсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт 2023-11-02, 2024-11-02. ...” /хх 5/,

Үзлэгийн тэмдэглэл /хх 7/,

Ж.Х-ын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн материалын хуулбарууд /хх 20-37/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Ж.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн  хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байх хугацаандаа 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Наадамчдын зам Вива Ситигийн урд замд “Toyota Prius 10” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Х-ын үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдлыг хэргийн үйл баримтын хүрээнд хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Тухайлбал: Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Х-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ял эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэж” дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлаж алдаатай дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж хуульчилсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан үеэс тоолсугай. ...” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Шүүгдэгч Ж.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэсэн өөрчлөлийг тус тус оруулж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх прокурор Б.Одонтуяагийн бичсэн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн тухайн гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нь согтуурсан байсан, харин мансуураагүй байх тул гэм буруутайд тооцсон хэсгээс “мансуурсан” гэснийг хасах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/466 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтаас “...,мансуурсан...” гэснийг хасаж,  

2 дахь заалтын “...2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...” гэснийг “1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” гэж өөрчилж,   

4 дэх заалтын “...зорчих эрх хязгаарлах эдэлж дууссан үеэс...” гэснийг “...зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулсан үеэс...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Одонтуяагийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.    

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

                                               ШҮҮГЧ                                            Т.ШИНЭБАЯР