| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 210/2022/00450 |
| Дугаар | 210/МА2022/00549 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/00549
К.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2022/00080 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.Д-ийн хариуцагч Д.Э-, Б.У- нарт холбогдуулан гаргасан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.У-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Анхбаяр, хариуцагч Б.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нарын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 65-82 УНО улсын дугаартай “Тоёота харриер” маркийн автомашиныг худалдан авсан. Тухайн үед Д.Э-тай холбогдож “боломжийн үнэтэй машин оруулж ирдэг газар байна уу, машин авах гэсэн чинь зээлд хамрагдаж чадахгүй байна” гэхэд Д.Э- нь өөрийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн автомашинаа худалдагчид 10,000,000 төгрөгт тооцож төлбөрт өгсөн ба тэр үед Д.Э- чи миний гаргасан 10,000,000 төгрөгийг өгтөл би машиныг чинь унаж байя гэхээр миний бие зөвшөөрсөн. Би Д.Э-д 10,000,000 төгрөгөө төлсөн боловч өнөөдрийг хүртэл автомашиныг өгөхгүй намайг хохироосоор байна. Д.Э- хэлэхдээ автомашиныг К.Д- авсан гэдэг. 65-82 УНО улсын дугаартай “Тоёота харриер” маркийн автомашины хууль ёсны өмчлөгч нь К.Д- миний бие мөн боловч өөрийн өмчлөлийн автомашиныг эзэмшиж, ашиглаж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Иймд Д.Э-, Б.У- нарын хууль бус эзэмшлээс 65-82 УНО улсын дугаартай “Тоёота харриер” маркийн автомашиныг гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие К.Д-ийн гаргасан шаардлагыг зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. К.Д- нь анх автомашин худалдан авах зорилгоор надтай холбогдож байсан нь үнэн ба бид авто худалдааны төвүүдээр явж тээврийн хэрэгсэл сонирхож улмаар маргаан бүхий 65-82 УНО улсын дугаартай автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж урьдчилгаа төлбөрт К.Д- 15,000,000 төгрөг төлж, миний бие өөрийн өмчлөлийн “Тоёота приус 30” маркийн автомашиныг 10,000,000 төгрөгт тооцож өгсөн ба үлдэгдэл төлбөрийг банк бус санхүүгийн байгууллагаас миний нэр дээр зээл авсан ба уг зээлийг К.Д- надад өгч би төлдөг байсан. Бидний хоорондын тохиролцоо нь К.Д- миний гаргасан 10,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд уг тээврийн хэрэгслийг түүнд өгөх байсан боловч эхнэр болох Б.У- салахдаа уг автомашиныг аваад явсан. Эхнэр болох Б.У-тэй миний бие танилцаад 1 жил ч болоогүй гэр бүл зохиож гэрлэлтээ батлуулсан боловч Б.У- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хэмээн Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж улмаар энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй явж байна. Миний бие болоод Б.У- уг маргаан бүхий автомашиныг К.Д-ийн автомашин гэж мэдэж байгаа боловч Б.У- маргаан бүхий автомашиныг авч явсан цагаас хойш өнөөдрийг хүртэл холбоогүй байгаа. Түүнчлэн салж явсныхаа дараа гэрээс хувцсаа авах гээд ирэхэд нь миний бие ахин хэрүүл маргаан болно хэмээн бодож чи цагдаа нартай ирж хамт хувцсаа ав, одоо би чамаас айж байна гэж хэлэхэд хяналт тавьж буй прокурор н.Нямбат болоод мөрдөн байцаагч руугаа ярьж энэ чинь намайг дахиад хүчирхийлээд байна хэмээн орцонд худал орилж улмаар мөрдөгч, прокурор нар над руу дахин ийм асуудал гаргавал цагдан хорих болно хэмээн сүрдүүлсэн үеэс миний бие Б.У-тэй огт уулзаагүй ба К.Д- автомашиныг өгч чадахгүй, өнөөдрийг хүрч байна. Маргаан бүхий 65-82 УНО улсын дугаартай “Тоёота харриер” маркийн автомашин нь К.Д-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Хариуцагч Б.У- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.Э-тай 2018 оны 08 дугаар сараас эхлэн хамтран амьдарч, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан, гэр бүл болж амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийллийн улмаас 2020 оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч эхэлсэн ба одоо тус шүүхэд гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн дундын эд ногдох хэсгийг гаргуулах талаар нэхэмжлэл гарган маргаж байгаа бөгөөд хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа болно. Дээрх иргэний хэрэг маргаантай асуудлуудтай холбоотойгоор, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг маань өгөхгүй гэсэндээ ийнхүү үндэслэлгүй худлаа зүйлийг зохиомлоор бий болгож шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Нэхэмжлэлд дурдсан “Тоёота харриер” маркийн автомашиныг Д.Э- бид хоёр 32,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, Д.Э- нь өөрийн эзэмшлийн “приус 30” маркийн автомашинаа 15,000,000 төгрөгт тооцон өгч, миний бие өөрийн данснаасаа 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгч, үлдэх 7,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад “Тоёота харриер” маркийн автомашиныг Д.Э-ы нэр дээр барьцаанд тавьж авсан. “Tоёота харриер” маркийн автомашин нь Д.Э- бид хоёрын гэр бүл болсноос хойш бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд Д.Э- нь бусдад шилжүүлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-, Б.У- нарын хууль бус эзэмшлээс 65-82 УНО улсын, АСU300093934 арлын дугаартай, “Тоёота харриер” маркийн, хар өнгийн суудлын автомашиныг гаргуулан нэхэмжлэгч К.Д-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-, Б.У- нараас улсын тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч К.Д-эд олгуулахаар шийдвэрлэжээ.
5.Хариуцагч Б.У-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуульд нийцэхгүйн зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
5а.Анхан шатны шүүх маргаан бүхий автомашиныг гэр бүлийн дундын хөрөнгө мөн гэж дүгнэсэн атлаа гэр бүлийн гишүүний зөвшөөрөлгүйгээр худалдсан асуудлыг хуульд нийцсэн мэтээр тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах эрхгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.
5б.Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх болсон гол нотлох баримт нь нэхэмжлэгч К.Д- болон хариуцагч Д.Э- нарын хооронд байгуулсан, гараар бичиж, талууд гарын үсэг зурсан баримтуудыг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчиж байна. Учир нь уг баримт хоорондоо ямар нэгэн маргаагүй, уг иргэний хэрэгт хэдий эсрэг тал болж оролцож байгаа хэдий ч байр суурь нэг, нэг талаас нэхэмжлэл гаргасан боловч нөгөө талаас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг талуудын хооронд үйлдсэн баримт бөгөөд, бэлнээр мөнгө өгсөн гэх баримтууд нь нотариатаар батлуулаагүй тул хэзээ үйлдсэн нь тодорхойгүй, хэрэг үүссэний дараа хуурамчаар, зохиомлоор үйлдэж ирүүлсэн байх боломжтой, бодит байдал дээр тэрхүү бэлэн мөнгийг өгсөн эсэх нь ч эргэлзээтэй баримтууд байхад тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна. Түүнчлэн хариуцагч Б.У-ийн зүгээс тэдгээр баримтуудыг хууль бус гэж маргадаг ба тэдгээр баримтуудыг болон нэхэмжлэгч К.Должиндэмжид, хариуцагч Д.Э- нарын хооронд байгуулагдсан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хүлээж авдаггүй, бэлнээр төлсөн гэх баримтын эх сурвалжийг буюу бодитоор бэлэн мөнгө хүлээлцсэн эсэхийг шалгуулахаар шүүхэд хүсэлт гаргаж, холбогдох баримтууд хэрэгт авагдсан боловч тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч К.Д-эд тэр хэмжээний мөнгөн хөрөнгө байгаагүй болох нь тогтоогддог зэрэг нөхцөл байдлуудыг болон дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс буруу үнэлж дүгнэсэн байна.
5в.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон хариуцагч Д.Э- нараас гаргаж байгаа тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Д.Э- анх “Приус 30” маркийн автомашинтай байсан, хариуцагч Б.У-т 10,000,000 төгрөг бэлэн байсан, тухайн үед хариуцагч Д.Э-, Б.У- нар нь гэр бүл байсан, гэр бүлийн гишүүд ярилцаад 65-82 УНО улсын дугаартай, автомашиныг дээрх хөрөнгүүдээ нийлүүлэн, дээр нь зээл авч, худалдаж авсан гэсэн дүр зураг тодорхой харагддаг. Гэтэл нэхэмжлэгч талаас талаас болон хариуцагч Д.Э-ы зүгээс тайлбарлахдаа хариуцагч Д.Э- анх “Приус 30” маркийн автомашинтай байсан, “Тоёота харриер” маркийн автомашиныг худалдаж авахдаа дээрх автомашинаа өгөөд үлдэгдэл төлбөрийг К.Д- бүгдийг өгсөн, Рпиз-30 маркийн автомашины үнийг нь бас хариуцагч Д.Э-д төлсөн, төлбөр төлж дуусах хүртэл Д.Э- автомашиныг унаж байгаад буцааж өгөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг. Тэгэхээр эндээс тодорхой, эргэлзээтэй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй маш олон зүйлс гарч ирж байхад анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг үндэслэлтэй, зөв үнэлж дүгнэж чадаагүй. Тухайлбал Б.У-ээс 10,000,000 төгрөгийг өөрийн данснаасаа төлсөн байхад яагаад түүнийг К.Д- төлсөн гэж дүгнэх болов, мөн хариуцагч Д.Э- өөрийн эхнэр байсан Б.У-т огт мэдэгдэлгүйгээр К.Д-тэй хэлцэл хийх болсон, өөрийн өмчлөлдөө “Приус 30” маркийн автомашинтай байсан Д.Э- машинаа зараад ч юм уу, зөрүүд нь тооцож өгөөд өөртөө шинэ машин яагаад авахгүй, К.Д-эд автомашин авч өгөх болсон, гэр бүлийн дундын хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрөлгүйгээр, цаг хугацааны хувьд цагдаа шүүхийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал шалгагдаж эхэлсэн болон шүүхээс гэр бүлийн маргаан үүссэний дараа заавал яагаад худалдаж таарсан зэрэг тодорхойгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй асуудлууд байхад анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд, хуульд үндэслэн, хэргийг хуулийн дагуу үндэслэлтэйгээр шийдвэрлэж чадсангүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа асуудал нь гэр бүлийн маргаантай холбоотой асуудал, одоо маргаж байгаа асуудалтай холбож байгаа нь үндэслэлгүй. Гомдол гаргаж байгаа хуулийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашинаа ашиглах боломжгүй байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хүсэлт гаргасан боловч захирамж одоо хүртэл биелэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч машин хаана байгаа нь олдохгүй байна гэх нөхцөл байдалтай байгаа. Иймд тухайн автомашиныг осолд ороод алга болсон эсхүл хулгайд алдсан байх эрсдэл үүссэн байхыг үгүйсгэхгүй гэж харж байгаа. Иймд хариуцагч талын давж заалдах шатны гомдол нь хууль зүйн үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2.Нэхэмжлэгч К.Д- нь хариуцагч Д.Э-, Б.У- нарт холбогдуулан хариуцагч нарын хууль бус эзэмшлээс автомашин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Э- хүлээн зөвшөөрч, хариуцагч Б.У- эс зөвшөөрч маргажээ.
2а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Тоёота харриер” маркийн автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдан авсан, ингэхдээ бэлнээр 15,000,000 төгрөг, Д.Э-гийн өмчлөлийн “Тоёота приус” маркийн автомашиныг 10,000,000 төгрөгт тооцон өгсөн, үлдэх 7,000,000 төгрөгийг Д.Э- нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн, миний бие мөнгийг нь төлөх хүртэл Д.Э- автомашиныг эзэмшихээр тохиролцсон, төлбөрийг төлж дууссан боловч автомашиныг шилжүүлэхгүй байгаа” гэсэн агуулгаар тодорхойлсон.
Хариуцагч Д.Э- нь нэхэмжлэлийг зөвшөөрч “нэхэмжлэгч К.Д- нь “Тоёота приус” маркийн автомашины 10,000,000 төгрөг болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж дууссан, гэвч манай гэр бүлийн хүн болох Б.У- надаас салахдаа “Тоёота харриер” маркийн автомашиныг авч явсан” гэж тайлбарласан бол хариуцагч Б.У- нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Тоёота харриер” маркийн автомашин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө, тус автомашиныг авахад “Тоёота приус” маркийн автомашиныг 15,000,000 төгрөгт тооцон өгсөн, мөн би өөрийн данснаас бэлнээр 10,000,000 төгрөг өгч, үлдэх 7,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлсөн” гэж тайлбарлажээ. /хх-ийн 30, 33-34-р тал/
3.Зохигчид “Тоёота харриер” маркийн автомашины өмчлөлийн талаар маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Маргааны зүйл болж буй “Тоёота харриер” маркийн автомашиныг худалдан авахад “Тоёота приус” маркийн автомашиныг хэдэн төгрөгт тооцож өгсөн талаар талууд харилцан адилгүй тайлбар гаргасан, мөн тус автомашиныг худалдан авахад нэхэмжлэгч К.Д- бэлнээр 15,000,000 төгрөг өгсөн гэсэн бол хариуцагч Б.У- өөрийн данснаас 10,000,000 төгрөг авч өгсөн гэж тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргасан боловч дээрх автомашиныг худалдаж буй этгээдэд 32,000,000 төгрөгийг хэрхэн төлсөн нөхцөл байдал тодорхой бус байна.
“Тоёота харриер” маркийн автомашины үнэ болох 32,000,000 төгрөгийг хэн, ямар байдлаар төлснийг тодруулах нь гэрээний дагуу өмчлөх эрх бий болсон эсэх, эсхүл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.
4.Түүнчлэн, хэргийн 127 дугаар хуудасны ар талд авагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээнд заасан автомашины марк болон арлын дугаар нь хэргийн 124 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаанаас зөрүүтэй байхад анхан шатны шүүх тус гэрээг үндэслэл болгон автомашины өмчлөх эрх нэхэмжлэгч К.Д-эд шилжсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.
Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдаагүй, маргааны үйл баримтын талаар зохигч хангалттай мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ2022/00080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.У-ийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААДОРЖ