Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Б.Т, М.М, тэдний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Хатиган овогт Б.Т, Боржигон овогт М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1702001230068 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан бүрэн, Хатиган овот Б.Т

 

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт М.М

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т, М.М нар нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метафитамины агууламжтай, уутны хамт 27,96 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан мөн БНХАУ-аас карго илгээмжээр Монгол улс руу илгээсэн,

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метафитамины агууламжтай, уутны хамт 27,96 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-аас карго илгээмжээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Т: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Бээжин хот руу эхнэр Мгийн нурууг эмнэлэгт үзүүлэх гэж явсан. Тухайн үед манай эхнэр 4 сартай жирэмсэн байсан. Бээжин хотод очсон орой нь машин барьдаг өвөр монгол залуутай таарч уулзсан. Тэр өвөрмонгол залуу мөсийг надад үзүүлээд чи сонирхох уу гэж асуусан. Би Мгөөс 11.000 юань авч тухайн мөсийг худалдаж  авсан. Өвөрмонгол залуу надад хүнээс авч өгсөн. Мөсийг хөнжил завсар хийж ачаагаа Бээжингээс каргогоор явуулсан. Бид хоёр Эрээн хотоор дайраад Монголын хилээр орж ирээд Баянзүрхийн товчоон дээр цагдаад баригдсан...” гэв.

 

Шүүгдэгч М.М: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын Бээжин хот руу эмнэлэгт үзүүлэхээр нөхөр Тгийн хамт явсан. Бээжин хотод очоод орчуулагч олж чадаагүй учраас эмнэлэгт үзүүлж чадаагүй. Ингээд Бээжин хотод  хоносон. Т Бээжин хотын Санлитав гэдэг газар хүнтэй уулзаж ирэхдээ ууттай зүйл авч ирсэн. Уутанд юу байгааг би буудалд ороод харсан. Тэгээд маргааш нь эрээнд ирж нэг хоноод Монгол улс руу орж ирсэн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Д.Должинсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ачааны бүртгэлийг харахад 80849484 гэсэн дугаарын ачаан дээр бичсэн боловч 99818305 гэсэн дугаартай Мөнхзул гэсэн хүн ирж авсан байна. Бид ачаан дотор юу байгааг сонирхдоггүй, ачааг задлахгүй бүрэн бүтэн хүнд нь хүлээлгэж өгдөг. Ихэнхдээ ачаан дээр байгаа утсаар ачаа ирснийг мэдэгддэг бөгөөд заримдаа тухайн хүн өөрөө ирээд авдаг, заримдаа өөр хүн явуулах үед бид ачааны эзэн рүү ярьж уг хүнд нь өгч явуулж болох эсэхийг асуудаг...” /1-р хх-ийн 100-101/ гэсэн,

 

Гэрч Э.Сувд-Эрдэнэ шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М, Т хоёр нуруугаа үзүүлэхээр Бээжин явлаа гэж надад хэлсэн. ...2017 оны 11 дүгээр сарын эхээр манай эгч Энхзулаас 6,000,000 төгрөг зээлээд Бээжин явж бараа авчирна гэж байсан. ...М эрхэлсэн тодорхой ажилгүй, ...арилжаа наймаа хийдэггүй тул биднээс л ойр зуурын хэрэгцээний мөнгөө авдаг. ...Манай ах дүү нар гадаадаас Мд мөнгө явуулдаг боловч их хэмжээний мөнгө төгрөг өгдөггүй...” /1-р хх-ийн 102-104/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнгөнтулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Мг олон удаа хил гарсан талаар мэдэхгүй. ...Мд санхүүгийн тусламж үзүүлэх хэн нэгэн байхгүй, хаяа эмээ, өвөөгөөс 20,000-30,000 төгрөг авдаг байх, их хэмжээний мөнгө өгөх хүн байхгүй...” /1-р хх-ийн 105-106/ гэсэн,

 

Гэрч М.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Т 2-3 жилийн өмнө хар тамхины хэрэгт холбогдоод шүүхээр ороогүй, хэрэгсэхгүй болж байсан. ...Түүний хүрээлэлд ийм зүйл хэрэглэдэг хүмүүс их байдаг...” /1-р хх-ийн 109-110/ гэсэн,

 

Гэрч Ц.Энхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ачаа барааны эзэн ачаатайгаа улсын хилээр нэвтрээгүй, бараа тусдаа нэвтэрсэн тохиолдолд “биеэс тусдаа явуулсан ачаа” гэж гаалийн байгууллага тодорхойлдог. Улсын хилээр нэвтэрч буй этгээдээс гаалийн мэдүүлэгт “биеэс тусдаа явуулсан ачаа” байгаа эсэхийг асуудаг. Хэрэв байгаа бол мэдүүлэх үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй, тусдаа явуулсан ачааны талаар мэдүүлээгүй тухайн ачаан дотор хууль бус эд зүйл байсан бол улсын хилээр хууль бус ачаа бараа нэвтрүүлсэн гэж үзнэ...” /1-р хх-ийн 111/ гэсэн,

 

Гэрч Э.Энхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М Хятадаас бараа оруулж ирж зарна гээд байхаар нь би 2017 оны 05 дугаар сараас хойш 5-6 удаа 13-14 сая төгрөг өгч байсан. ...Өөрийн 5003892966 дугаарын данснаас Мгийн дансруу мөнгө шилжүүлсэн...” /1-р хх-ийн 113-115/ гэсэн,

Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ ирэхэд манай ах Ганзул, ээж Сүхчулуун байсан. Намайг гэртээ ирээд цайгаа ууж байхад Ганзул ах би хальт гараад ирье гэж хэлээд гарч яваад орой 18 цагийн үед ирсэн. Тэгээд 20 цагийн үед Налайхаас хүн тосоод ирье гэж хэлээд гарсан. ...99818305 дугаарыг би барьдаг, ах миний утсаар ярьдаггүй, ийш тийшээ явч явдаггүй. Карго илгээмжийн бүртгэлд яагаад Мөнхзул 99818905 гэж бичиж тэмдэглэсэн талаар сайн мэдэхгүй...” /1-р хх-ийн 116-117/ гэсэн,

 

Э.Ганзул мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Т залгаад Нарантуулын урдаас миний дугаараар шүүлгээд нэг ачаа тосоод аваач гэхээр нь Нарантуулын баруун талд очоод том ачааны машинаас Тгийн дугаарыг хэлээд гадна талаараа хар өнгийн уутаар ороож, скочдсон ачаа авсан. ...Тгээс юун ачаа юм бэ гэхэд нэг ачаа байгаа юм, би өөрөө орой авчихна гэж хэлсэн. 20 цагийн үед Т залгаад “Замын-Үүдээс ирж байна, Налайхаас тосоод аваач, эхнэр машинд олон цаг яваад ядраад байна” гэхээр нь Налайх руу явж тоссон. ...Тосч авах гээд явж байх үед Т надад бритек, хайч хоёр захихад нь хар тамхи хэрэглэх гэж байгааг мэдээгүй. “Скочийг нь задалж бай тэсэхгүй” гэхэд хар тамхиа хэрэглэх гэж байгааг гадарласан...” /1-р хх-ийн 207-210/ гэсэн,

 

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз залуу Тгийн хамт Бээжин рүү эмнэлэг судлахаар явсан. ...Бээжинд очоод эмнэлэг судалж чадаагүй, ямар ч эмнэлгээр ороогүй 3 хоноод буцаад ирсэн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 21 цагт Бээжинд очоод “Төмөр замын буудал” гэх нэртэй буудалд буусан. Буудалд очоод хоол идчихээд байж байтал Т хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд 12,000 юань аваад явсан. 12,000 юань нь 3 буллет орчим мөсний мөнгө гэдгийг би мэдэж байсан бөгөөд Тг мөс авахаар явчихлаа гэж бодсон. ...1 буллет мөс гэдэг нь 10 орчим грамм мөсийг хэлж байгаа юм. ...Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө Эрээнээс гараад машинаар Улаанбаатар хот руу явсан бөгөөд Тгийн найз болох Ганзул бид хоёрыг Налайхын пост дээр тоссон.  ...Т Ганзулын машинд суугаад мөснөөс хэрэглэсэн, би бас Ганзулын машинд байхдаа мөснөөс хэрэглэсэн. ...Тгийн олж ирсэн мөсийг хөнжил дотор нуугаад 2017 оны 11 дүгээр сарын 14-нд каргогоор Монгол руу явуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ганзул гэх найз нь каргог тосч аваад бид хоёрыг тоссон. ...Би 2017 оны 06 дугаар сараас мөс хэрэглэж эхэлсэн... /1-р хх-ийн 202-204, 220-223/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз охин Мгийн хамт Бээжин явсан. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бээжинд очоод дэлгүүрээр явж байхад зүс таних өвөр монгол хүн тааралдаад “надад мөс байна, чи хэрэглэж байгаа юу, би хямдхан олоод өгье”  гэж хэлсэн. Мгөөс 11,000 юань аваад 3 буллет мөс авсан. 1 буллет гэдэг нь 10 грамм мөсийг хэлдэг. Нийт 3 буллет буюу 30 грамм мөс авахаар түүнд 11,000 юань өгсөн. ...Би мөсөө авчихаад дэлгүүрээс хөнжил авч, дотор нь нуугаад, хөнжилөө хар уутаар ороож нэг талд нь өөрийн 80849484 дугаарыг бичээд скочдсон. Тэгээд М бид хоёрын буусан буудлынхаа орчуулагчид Монгол руу явуулаад өгөөч гээд 150 юань өгсөн. ...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хил гарах гээд явж байхад нэг эрэгтэй хүн залгаад “Ачаа чинь Улаанбаатар хот руу явсан, ...тосч аваарай гэж хэлсэн. ...Тэгээд би Ганзул руу яриад Нарантуулын хажуунаас очоод миний дугаараар ачаа ирсэн байгаа тосоод авчих гэж хэлээд машины дугаарыг хэлсэн. Би Ганзулд карго дотор юу байгааг хэлээгүй. Ганзул каргог тосоод авчихлаа гэхээр нь Ганзулаар Налайхаас тосуулсан...” /1-р хх-ийн 213-218/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №10768 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “Бат-Эрдэнэ овогт Т РД:УМ90072033” гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл орчим, “Эрдэнэбат овогтой Ганзул РД: УП92102595” гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл орчим, “М.М” гэж хаягласан хуванцар савтай шээс 45 мл орчим шээсийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Бат-Эрдэнэ овогтой Т РД: УМ90072033” гэж хаягласан шээс, “М.М” гэж хаягласан шээсэнд метамфетамины /МАМР/-ын агууламж илэрсэн.

3. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэбат овогтой Ганзул РД: УП92102595” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй...” /1-р хх-ийн 123-124/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №10770 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт 1.Шинжилгээнд ирүүлсэн №69 гэж дугаарласан цагаан өнгийн гуурстай бонго, №67 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 17,7834 грамм, №68 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 10,1850 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №69 гэж дугаарласан бонгоны цагаан өнгийн гуурс болон №68, №67 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мэт зүйлд метамфетамины агууламж илэрсэн.

3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” /1-р хх-ийн 126-127/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №6205 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн “Iphone 6” маркийн “80849484” дугаар бүхий гар утас нь хэвийн ажиллаж байх бөгөөд дотоод санах ойгоос мэдээлэл сэргээх зорилгоор тусгай зориулалттай программ уншуулахад:

- нийт 38 ширхэг дуудлага хийсэн дугаарын жагсаалт /Call history/,  

- нийт 880 ширхэг хадгалагдсан дугаар /Contacts/,

- нийт 6 ширхэг мессеж /Messages/,

- нийт 39 ширхэг зураг /Gallery/,

- нийт 454 ширхэг зураг /App photos/,

- нийт 8 ширхэг тэмдэглэл /Notes/,

- нийт 40 ширхэг интернет хандалт /Safari bookmarks/ зэрэг хадгалагдаж байгаа болон устгагдсан мэдээлэл сэргээгдэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн “Iphone 6” маркийн “99190281” дугаар бүхий гар утас нь хэвийн ажиллаж байх бөгөөд дотоод санах ойгоос мэдээлэл сэргээх зорилгоор тусгай зориулалттай программ уншуулахад:

- нийт 257 ширхэг дуудлага хийсэн дугаарын жагсаалт /Call history/,

- нийт 35 ширхэг хадгалагдсан дугаар /Contacts/,

- нийт 120 ширхэг мессеж /Messages/,

- нийт 208 ширхэг зураг /Gallery/,

- нийт 5 ширхэг тэмдэглэл /Notes/,

- нийт 544 ширхэг интернет хандалт /Safari bookmarks/ зэрэг хадгалагдаж байгаа болон устгагдсан мэдээлэл сэргээгдэж байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн “Iphone 6” маркийн “88068384” дугаар бүхий гар утас нь хэвийн ажиллаж байх бөгөөд дотоод санах ойгоос мэдээлэл сэргээх зорилгоор тусгай зориулалттай программ уншуулахад:

- нийт 35 ширхэг дуудлага хийсэн дугаарын жагсаалт /Call history/,

- нийт 453 ширхэг хадгалагдсан дугаар /Contacts/,

- нийт 1 ширхэг мессеж /Messages/,

- нийт 72 ширхэг зураг /Gallery/,

- нийт 1 ширхэг тэмдэглэл /Notes/,

- нийт 36 ширхэг интернет хандалт /Safari bookmarks/ зэрэг хадгалагдаж байгаа болон устгагдсан мэдээлэл сэргээгдэж байна...” /1-р хх-ийн 142-145/ гэсэн дүгнэлтүүд,

 

- М.М, Б.Т нарын Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагаа /1-р хх-ийн 19-21, 2-р хх-ийн 44/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 22/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-31, 40-42/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-33/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-37/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 38-39, 47-48/,

- Б.Тгийн биед хийсэн үзлэгээр хураагдсан эд зүйлсд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 49-50/,

- Гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-61/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66-71/,

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 72-76/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 79-81/,

- Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 82-83/,

- Сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 85-92/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 98-99/,

- Шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 132-134,147-149/,

- Хаан банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 240-241,

- Б.Тгийн хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 243-250, 2-р хх-ийн 1/,

- М.Мгийн хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 4-12/,

- Э.Энхзулын хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 13-19/,

- М.М, Б.Т нарын утасны орсон, гарсан дуудлага мессежний лавлагаа /2-р хх-ийн 20-32, 138-144/,

- Б.Т, М.М нарын ял шийтгэгдсэн шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /2-р хх-ийн 57, 81-100/

- Мөрдөгчийн магадлагаа /хэрэгт хавсаргасан/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Т, М.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т, М.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Б.Т, М.М нар нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метафитамины агууламжтай, уутны хамт 27,96 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан мөн БНХАУ-аас карго илгээмжээр Монгол улс руу илгээсэн,

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метафитамины агууламжтай, уутны хамт 27,96 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг БНХАУ-аас карго илгээмжээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч Д.Должинсүрэнгийн “...Ачааны бүртгэлийг харахад 80849484 гэсэн дугаарын ачаан дээр бичсэн боловч 99818305 гэсэн дугаартай Мөнхзул гэсэн хүн ирж авсан байна. Бид ачаан дотор юу байгааг сонирхдоггүй, ачааг задлахгүй бүрэн бүтэн хүнд нь хүлээлгэж өгдөг. Ихэнхдээ ачаан дээр байгаа утсаар ачаа ирснийг мэдэгддэг бөгөөд заримдаа тухайн хүн өөрөө ирээд авдаг, заримдаа өөр хүн явуулах үед бид ачааны эзэн рүү ярьж уг хүнд нь өгч явуулж болох эсэхийг асуудаг...” /1-р хх-ийн 100-101/ гэсэн,

Гэрч Э.Сувд-Эрдэнийн “...М, Т хоёр нуруугаа үзүүлэхээр Бээжин явлаа гэж надад хэлсэн. ...2017 оны 11 дүгээр сарын эхээр манай эгч Энхзулаас 6,000,000 төгрөг зээлээд Бээжин явж бараа авчирна гэж байсан. ...М эрхэлсэн тодорхой ажилгүй, ...арилжаа наймаа хийдэггүй тул биднээс л ойр зуурын хэрэгцээний мөнгөө авдаг. ...Манай ах дүү нар гадаадаас Мд мөнгө явуулдаг боловч их хэмжээний мөнгө төгрөг өгдөггүй...” /1-р хх-ийн 102-104/ гэсэн,

Гэрч Б.Мөнгөнтулгын “...Мг олон удаа хил гарсан талаар мэдэхгүй. ...Мд санхүүгийн тусламж үзүүлэх хэн нэгэн байхгүй, хааяа нэг эмээ, өвөөгөөс 20,000 30,000 төгрөг авдаг байх их хэмжээний мөнгө өгөх хүн байхгүй...” /1-р хх-ийн 105-106/ гэсэн,

Гэрч Ц.Энхзулын “...Ачаа барааны эзэн ачаатайгаа улсын хилээр нэвтрээгүй, бараа тусдаа нэвтэрсэн тохиолдолд “биеэс тусдаа явуулсан ачаа” гэж гаалийн байгууллага тодорхойлдог. Улсын хилээр нэвтэрч буй этгээдээс гаалийн мэдүүлэгт “биеэс тусдаа явуулсан ачаа” байгаа эсэхийг асуудаг. Хэрэв байгаа бол мэдүүлэх үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй, тусдаа явуулсан ачааны талаар мэдүүлээгүй тухайн ачаан дотор хууль бус эд зүйл байсан бол улсын хилээр хууль бус ачаа бараа нэвтрүүлсэн гэж үзнэ...” /1-р хх-ийн 111/ гэсэн,

Гэрч Э.Энхзулын “...М Хятадаас бараа оруулж ирж зарна гээд байхаар нь би 2017 оны 05 дугаар сараас хойш 5-6 удаа 13-14 сая төгрөг өгч байсан. ...Өөрийн 5003892966 дугаарын данснаас Мгийн дансруу мөнгө шилжүүлсэн...” /1-р хх-ийн 113-115/ гэсэн,

Э.Ганзул сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Нарантуулын баруун талд очоод том ачааны машинаас Тгийн дугаарыг хэлээд гадна талаараа хар өнгийн уутаар ороож, скочдсон ачаа авсан. ...Тгээс юун ачаа юм бэ гэхэд нэг ачаа байгаа юм, би өөрөө орой авчихна” гэж хэлсэн. 20 цагийн үед Т залгаад “Замын-Үүдээс ирж байна, Налайхаас тосоод аваач гэхээр нь Налайх руу явж тоссон. ...“Скочийг нь задалж бай тэсэхгүй” нь гэхэд нь хар тамхиа хэрэглэх гэж байгааг гадарласан...” /1-р хх-ийн 207-210/ гэсэн,

Шүүгдэгч М.Мгийн “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний орой 21 цагт ...буудалд очоод хоол идчихээд байж байтал Т хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд 12,000 юань аваад явсан. 12,000 юань нь 3 буллет орчим мөсний мөнгө гэдгийг би мэдэж байсан бөгөөд Тг мөс авахаар явчихлаа гэж бодсон. ...Тгийн олж ирсэн мөсийг хөнжил дотор нуугаад 2017 оны 11 дүгээр сарын 14-нд каргогоор Монгол руу явуулсан... /1-р хх-ийн 202-204, 220-223/ гэсэн,

Шүүгдэгч Б.Тгийн “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...Мгөөс 11,000 юань аваад 3 буллет мөс авсан. ...Нийт 3 буллет буюу 30 грамм мөс авахаар түүнд 11,000 юань өгсөн. ...Би мөсөө авчихаад дэлгүүрээс хөнжил авч, дотор нь нуугаад хөнжилөө хар уутаар ороож нэг талд өөрийн 80849484 дугаарыг бичээд скочдсон. Тэгээд М бид хоёрын буусан буудлынхаа орчуулагчид Монгол руу явуулаад өгөөч гээд 150 юань өгсөн. ...Тэгээд би Ганзул руу яриад Нарантуулын хажуунаас очоод миний дугаараар ачаа ирсэн байгаа тосоод авчих гэж хэлээд машины дугаарыг хэлсэн. Ганзул каргог тосоод авчихлаа гэхээр нь Ганзулаар Налайхаас тосуулсан...” /1-р хх-ийн 213-218/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №10768 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “Бат-Эрдэнэ овогт Т РД:УМ90072033” гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл орчим, “Эрдэнэбат овогтой Ганзул РД: УП92102595” гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл орчим, “М.М” гэж хаягласан хуванцар савтай шээс 45 мл орчим шээсийг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Бат-Эрдэнэ овогтой Т РД: УМ90072033” гэж хаягласан шээс, “М.М” гэж хаягласан шээсэнд метамфетамины /МАМР/-ын агууламж илэрсэн.

3. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” /1-р хх-ийн 123-124/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №10770 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн №69 гэж дугаарласан цагаан өнгийн гуурстай бонго, №67 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 17,7834 грамм, №68 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 10,1850 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №69 гэж дугаарласан бонгоны цагаан өнгийн гуурс болон №68, №67 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг мэт зүйлд метамфетамины агууламж илэрсэн.

3. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” /1-р хх-ийн 126-127/ гэсэн дүгнэлтүүд, М.М, Б.Т нарын Монгол улсын хилээр орсон, гарсан лавлагаа /1-р хх-ийн 19-21, 2-р хх-ийн 44/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 22/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-31, 40-42/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-33/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 34-37/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 38-39, 47-48/, Б.Тгийн биед хийсэн үзлэгээр хураагдсан эд зүйлсд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг TRUNARC багаж ашиглан шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 49-50/, гадаад паспортод үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 51-61/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66-71/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 79-81/, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 82-83/, сиди-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 85-92/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 98-99/, Хаан банкны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 240-241, Б.Тгийн хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 243-250, 2-р хх-ийн 1/, М.Мгийн хаан банкны дансны хуулга /2-р хх-ийн 4-12/, М.М, Б.Т нарын утасны орсон, гарсан дуудлага мессежний лавлагаа /2-р хх-ийн 20-32, 138-144/, мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Т, М.М нар нь  НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгооор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн,

мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Т, М.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т, М.М нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, оролцсон байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд  зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Мгийн гэмт хэрэгт оролцсон байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, ар гэрийн нөхцөл, амаржаад 1 сар болж буй зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд  зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх /1-р хх-ийн 157, 164, 2-р хх-ийн 128/ нийт 63 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн 1702001230068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 69 гэж дугаарласан цагаан өнгийн гуурстай “бонго”, 67 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг “мөс” мэт зүйл нь гялгар уутны хамт 17,738 грамм, 68 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг “мөс” мэт зүйл нь гялгар уутны хамт 10,185 грамм,  70 гэж дугаарласан саарал өнгийн асаагуур, хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон шар эрээн хөнжил зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, Б.Тгийн Е-1466970, М.Мгийн Е-1626522 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Т, М.М нар нь 2 жилийн өмнө танилцаж, 2017 оноос хамтран амьдарсан, тэдний дундаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Тгийн Ананд-Очир нэртэй хүү төрсөн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, Т.Ананд-Очирын төрсний гэрчилгээний хуулбар зэргээс тодорхой харагдаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар Тгийн Ананд-Очирт асран хамгаалагч томилохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Хатиган овогт Б.Т, Боржигон овогт М.М нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгооор хууль бусаар олж авсан, хадгалсан, илгээсэн,

мансууруулах эм  сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.Т-гийн биечлэн эдлэх ялыг 04 /дөрөв/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Б.Т-гийн биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 04 /дөрөв/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, М.М-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 1702001230068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 69 гэж дугаарласан цагаан өнгийн гуурстай “бонго”,

67 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг “мөс” мэт зүйл нь гялгар уутны хамт 17,738 грамм,

68 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг “мөс” мэт зүйл нь гялгар уутны хамт 10,185 грамм,

70 гэж дугаарласан саарал өнгийн асаагуур,

Хар өнгийн гялгар уутаар ороож скочдсон шар эрээн хөнжил зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, Б.Т-гийн Е-1466970 , М.М-гийн Е-1626522 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн 1702001230068 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, Т.Алтантуяа-д асран хамгаалагч тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Тд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, М.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР