| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2403002320396 |
| Дугаар | 2024/ДШМ/1117 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/1117
2024 10 02 2024/ДШМ/1117
Г.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч Г.М,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2403002320396 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
...................... овгийн Г................ М................., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... төрсөн, э.эгтэй, .. настай, .................. боловсрол..., мэргэжил..., “..................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ................... хамт .......................... оршин суух, /РД: ............./,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Г.М нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин гудамж, Цангилах цээл хүнсний дэлгүүрийн баруун замд ............ улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Yamaha MT-03 маркийн мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч Б.Н-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ад оногдуулсан 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас 8.363.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, өсвөр насны хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.М-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Миний бие Г.М нь мотоциклийн жолооч Б.Н-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирогч 8.363.000 төгрөгийг төлж барагдуулах болно. Миний бие “....................” ХХК-д жолоочоор ажиллаж ар гэр, амьдрал ахуйгаа авч явдаг байсан учраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах нь цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд хүндээр тусаж байна. Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг ба том хүүхэд 19 настай оюутан, бага хүүхэд 7 настай зэрэг ар гэрийн байдал, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.М нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин гудамж, Цангилах цээл хүнсний дэлгүүрийн баруун замд ............. улсын дугаартай “Тоёота кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас Yamaha MT-03 маркийн мотоциклтой мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч Б.Н-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-4/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-11/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын “...Танай хүү энд машинтай мөргөлдөөд аваарт орчихлоо, яаралтай ирээч гэсэн. ...Н газар уначихсан бөөн цус нөж болсон хэвтэж байсан. ...Тэгж байтал цагдаа, түргэн 2 зэрэг ар араасаа цувраад ирсэн. Урд өдөр нь аваад амбаарт тавьсан байхад хүү хичээлээ тарж ирээд унаад явсан. ...” /хх 15-16/,
хохирогч Б.Н-ын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 10 минутад хичээлээ тараад гэртээ цай унд уучихаад байж байтал манай ангийн найз Б манай гэрт ирсэн. Бид гэрт байж байгаад Б-ийг автобусны буудал руу хүргэж өгөх гээд гал тогооны өрөөний түлхүүр хийдэг газраас мотоциклийн түлхүүрийг аваад амбаараас аавын мотоциклийг гаргаад түлхүүрдэж асаагаад би өөрөө жолоодоод Б-ийг ардаа сундлаад бид хоёр гээд гараад Шөнийн дэлгүүрийн буудал дээр Б-ийг буулгачихаад цаашаагаа шууд “Оргил” худалдааны төвийг өнгөрөөд баруун гар тийш эргээд уруудаад явж байхад эсрэг урсгалын зам жаахан түгжрэлтэй байсан миний явж байсан эгнээ түгжрэл байхгүй ямар ч машин байхгүй байсан. Би чигээрээ явж байтал эсрэг урсгалаас миний унаж явсан мотоциклийн зүүн талаас нэг машин ямар ч дохио өгөлгүй шууд урдуур ороод ирсэн. Тэгэхээр нь би мотоциклийнхоо урд дугуйны тоормосыг атгаад рулээ зүүн тийш нь хальт дараад тэр машиныг очоод мөргөсөн тухайн үед би их сандарсан байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Мөргөлдөөд доошоо хартал хамраас амнаас цус
гарсан доошоо хараад газарт унасан байсан. Тэгээд би газарт унасан чигтээ дээш хараад хэвтээд байсан нэг мэдсэн эмнэлгийн машин дотор дээш хараад хэвтсэн аав хажууд цуг явж байсан. Тэндээсээ гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж очоод эмчид үзүүлж эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд орсон. ...” /хх 19-20/,
гэрч Э.Ч-ийн “...Тэр өдөр манай ажлын газрын хүн хүүхдийнхээ нь үсний цайллага хийж байгаа гээд ажлаас Д.М эгч би гээд манай ажлын жолооч Г.М-ын машинтай айлд очихоор явцгаасан, бид хэд Дүнжингаравын замаар явсаар төмөр замын фрезер доогуур гараад урдаас хойшоо чиглэлтэй явж байгаад очих айлынхаа гудамжийг өнгөрч явсан байсан тул буцаж эргэх шаардлага үүссэн. Тэгээд жолооч баруун гар тийшээ шахаж даялаад зогсоод араас явж байгаа тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөгөөд зам руу буцаж ороод урд харагдаж байгаа замын гарцын хэсгээр буцаж эргэх хөдөлгөөн хийж байтал машины жолоочийн талын шил хагараад машин зогссон. Би тухай үед дугуйгаараа юм дайрчих вуу гэж санагдсан би машинаасаа буугаад урдуур нь тойроод хартал машины баруун урд крыло харал даа доошоо харсан байрлалтай эрэгтэй хүүхэд өвдгөөрөө газарт тулаад толгой бариад байж байсан. Тэр хүүхэд босох гээд өндөлзөөд байхаар нь бид битгий хамаагүй хөдөл гээд дээш нь харуулаад хэвтүүлсэн тэр хооронд замын хажууд талд зогсож цагаан приус машины жолооч мотоциклийн хүүхдийн нүүр хэсгээс гарсан цусыг арчиж өгч байсан. Тэгж байтал хүүхдийн аав нь гэж хүн ирээд дараа нь замын цагдаа эхэлж ирээд дөнгөж араас нь түргэний машин ирээд хүүхдийг үзээд аавынх нь хамтаар аваад явсан. ...” /хх 36/,
гэрч Д.М-ын “...Тэр өдөр манай ажлын газрын хүн хүүхдийнхээ нь үсийг үргээж цайллага хийж байгаа гээд манай ажлын харилцааны менежер Э.Ч Г.М-ын “Тоёота кроун” маркийн машинтай Г.М машинаа бариад бид гурав Дүнжингаравын замын урдах ажлаасаа гараад явсан. Бид гурав явсаар төмөр замын гарамын доогуур гараад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чигтээ явж байгаад очих айлынхаа гудамжийг өнгөрсөн байсан, бид гурвын очих айл нь “Цангилах-Цээл” дэлгүүрийнхээ урд гудамжаар орох ёстой байсан учраас машины зүүн гар тийш буцаж эргэх гээд машин дохиогоо өгөөд зам дээрээ зогсоод замын хойд талаас нэг машиныг өнгөрөөгөөд зүүн гар тийш эргэх үйлдлийг эхэлсэн. Тэгсэн машин буцаж эргэхэд багтахгүй шороон зам руу орсон.Тэгээд бага зэрэг аажуухан ухрах үед гэнэт тас гээд явснаа жолооч Г.М-ын талын цонхны шил хагараад урд хоёр суудлын урдуур машин шил үсэрсэн. Тэгээд машин тэр дороо зогсоод бид хэд машинаасаа буугаад урдуур нь тойроод хартал явган хүний зам дээр хамраас цус гарсан дээшээ харсан байдалтай эрэгтэй хүүхэд хэвтэж байсан. Тэгээд “Яанаа юу болчихвоо” гээд эргэн тойрноо хартал машины арын дугуйн хавьд нэг мотоцикл машиныг нь түшсэн урд дугуйн нь доор нь хойд дугуй дээшээ болсон байдалтай байсан. Тухайн үед араас тусдаа өөр машинтай явж байсан манай ажлын М гэдэг эмэгтэй арын машинаас бууж ирээд 103-т дуудлага өгөөд цагдаад бас дуудлага өгөөд би хэд хүлээж байх зуур нөгөө мотоциклийн жолооч хүүхдээс чамайг хэн гэдэг юм, ар гэрийнхээ нь утсыг хэлээрэй гэхэд тэр хүүхэд ээжийнхээ утасны дугаарыг өгсөн. ...” /хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5352 дугаар шинжээчийн “...Б.Н-ын биед зүүн ухархайн гадна хана, 2 нүдний ухархайн дотор хана, хамар, хоншоор яс хамарсан хугарал, тархи доргилт, зүүн зовхи, хамар, зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад тархмал цус харвалт, амны хөндий, зүүн сарвуунд шарх, баруун сарвуу, зүүн шагайд зулгаралт гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д
зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” /хх 46-47/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1710 дугаар шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Yamaha МТ-03 маркийн улсын дугааргүй мотоцикл нь ослоос үүдэлтэй эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Учирсан эвдрэл гэмтэл нь шинэ байна. Yamaha МТ-03 маркийн улсын дугааргүй мотоцикл нь 321 сс хөдөлгүүрийн багтаамжтай байна. Yamaha МТ-03 маркийн улсын дугааргүй мотоцикл нь механикжсан тээврийн хэрэгсэлд хамаарна. Тээврийн хэрэгслийн “А” ангилалд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн Yamaha МТ-03 маркийн улсын дугааргүй мотоциклийн тоормосны эд анги бүрэн, хэвийн ажиллаж байна. Шинжилгээнд
ирүүлсэн Yamaha МТ-03 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооны механизм эвдрэл гэмтэлтэй байна. Ажиллагааг шалгах боломжгүй байна. Iинээр илэрсэн
нөхцөл байдал байхгүй6 ...” /хх 69-77/ гэсэн дүгнэлтүүд,
“Бэст эстимэйт” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээний магадлагаа /хх 105-106/ шүүгдэгч Г.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.М-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Г.М-ын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж Yamaha MT-03 маркийн мотоциклийг мөргөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Г.М-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.
Шүүгдэгч Г.М-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Yamaha MT-03 маркийн мотоциклийг мөргөж Б.Н-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.М-аас “...анхан шатны шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассаныг 1 жилийн хугацаагаар болгож хасаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.М-д ял оногдуулсаныг ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Г.М нь “давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өсвөр насны хохирогч Б.Н-ын хууль ёсны төлөөлөгч Б.Б-тай анхан шатны шүүхээс тогтоосон 8.363.000 төгрөгийг 5.000.000 төгрөг болгон харилцан тохиролцож 5.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн” гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар хавтаст хэрэгт болон давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР