| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0216/Э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Д.Мөнхцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, гэрч О.Ариунжаргал, Б.Эрдэнэбаяр, Г.Хишигсүрэн, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Шархүү хаалгач овогт Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710009910217 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, УСУГ-т ус түгээгч ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, Шархүү хаалгач овогт Н.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжинд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Г.Эрдэнэбатыг өөрийгөө цохилоо гэж уурлан, улмаар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би найзындаа байж байхад манай ах над руу залгаад хүмүүс намайг зодчихлоо, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст ирсэн, миний бие өвдөөд гэмтлийн эмнэлэг явах гэж байна гэхэд нь би гэмтлийн эмнэлэг рүү очсон. Манай ахын баруун бөөр нь өвдөөд байна гэхээр нь ЭХО-д үзүүлсэн. Тухайн үед нь надад мөнгө байгаагүй болохоор маргааш нь томографын зураг авахуулахаар болсон ба эмч цагийн дараа гайгүй бол явж болно гэхээр нь бид хоёр гэртээ харьсан. ....Дараа нь манай ахын төмсөг нь хавдсан байна гэхээр нь 11 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлэг орсон. Шээс гарахгүй, катьетер тавиулах гэхээр эмч болохгүй байна гээд тавьж өгөөгүй. 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөөний 07 цаг 30 минутанд цаг аваад бид хоёр оройн 22 цагийн үед гэртээ ирсэн. Талийгаач 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн үед өнгөрсөн. Шүүгдэгч оршуулгын зардалд 4.000.000 төгрөг өгсөн. Бидний зүгээс мөнгө төгрөг нэхээгүй, тусалж дэмжье гээд 5 сарын сүүлээр 4.000.000 төгрөг өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ахыгаа алдсан болохоор гомдолтой байна...” гэв.
Гэрч О.Ариунжаргал: “...Манай ахыг шүүгдэгчийн нөхөр нь заамдсан зогсож байхад шүүгдэгч манай ахыг өвдөглөсөн, хүү нь машинаас гарч ирээд цохьсон...” гэв.
Гэрч Б.Эрдэнэбаяр: “...Би талийгаачийн гэрт сууж байхад О.Ариунжаргал утсаар яриад талийгаачийг хүмүүс зодоод байна гэхээр нь би гүйгээд очиход шүүгдэгч, түүний нөхөр, хүүхдүүд нь манай ахыг газар хэвтүүлсэн зодож байсан. Би гүйгээд очиход чи бас хамсаатан нь уу гээд намайг бариад авсан. Намайг очих үед тухайн газар арван хэдэн хүн байсан, шүүгдэгчийн хамарнаас цус гарсан байсан...” гэв.
Гэрч Г.Хишигсүрэн: “...Тухайн үед тэнд байсан хүмүүс бүгдээрээ согтуу байсан. Талийгаач Г.Эрдэнэбат Тын хамар руу цохисон, Тын хүү хэн нэгнийг цохиж зодоогүй..” гэв.
Шүүгдэгч Н.Т: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...дэлгүүр ороод гараад явж байхад найз Г.Хишигсүрэнтэй тааралдсан. Дэлгүүрийн үүдэнд найзтайгаа юм яриад зогсож байхад хоёр согтуу залуу зөрөөд орсон. Гарч явахдаа нэг нь нүүр рүү тулж хараад байхаар нь юугаа харсан юм бэ гэхэд миний нүүрэн тус газар цохиод зугтаасан. Миний хамар, амнаас цус гараад би бариад аваарай, намайг цохьчихлоо гэж орилсон. Гудамжинд явж байсан хүмүүс цуглараад зугтсан залууг бариад авахад намайг заамдсан. Би сандраас санамсаргүй байдлаар өшиглөсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохиролд 4.000.000 төгрөг өгсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19 цагийн үед ...манай эгчийн хүү Эрдэнбаяр над руу залгаад Эрдэнэбат ахыг хүн зодоод Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү аваад явчихлаа гэхээр нь Эрдэнэбат ах руу залгаад юу болсон талаар асуухад ахыг нь хүмүүс зодоод цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна. Ахынх нь бие өвдөөд байхаар нь цагдаа түргэн дуудаж өгөөд одоо гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэсэн. ...Би 20 цаг өнгөрөөгөөд гэмтэл дээр очиход ахын даралт нь ихэссэн, ар нуруу бөөр орчмоор өвдөөд байна гэж хэлсэн. Би эмчтэй нь уулзахад шээснийх нь өнгийг харья шээлгээд ир гэхээр нь ундааны саванд шээлгээд эмчид үзүүлэхэд цусанд янз бүрийн зүйл байхгүй, та хоёр ЭХО-д үзүүлчих гэхээр нь ЭХО-д үзүүлэхэд баруун, зүүн бөөрний байрлал хэлбэр хэмжээ хэвийн ямар нэгэн өөрчлөлт, сул шингэн байхгүй гэсэн. ...Эхэлж үзсэн эмчид очиж хэлээд оношийг үзүүлэхэд янз бүрийн үхэлд хүргэх ноцтой зүйл харагдахгүй байна гээд даралтыг нь үзэхэд ихэссэн байхаар нь хүчилтөрөгч залгуулаад тариа хийлгээд эмчийн зөвлөснөөр ажиглалт хийнэ гээд нилээн удаан суусан. ...Эмч 1 цаг орчим хүлээж бай ажиглалт хийх шаардлагатай, ямар ч байсан наад хүнийг чинь явуулж болохгүй гэсэн. Бид машинд ороод нилээн суусан боловч ах явья, харьж амрая, миний бөөр хавьцаа өвдөж байгаагаас өөр өвдөх зүйл алга, очиж эртхэн амрья гээд байсан. Би эмчид хэлчихээд явья гэхэд ах өөрөө гайгүй, би яав л гэж гэхээр нь шууд явсан. ...Маргааш өглөө 10 цагийн үед яриад биеийг нь асуухад гайгүй, нуруу өвдөж, давсаг чинэрээд байна гэсэн. ...Маргааш өглөө эхнэр нь надруу залгаад Эрдэнэбатын бие нь өвдөөд төмсөг нь аймаар том хавдчихлаа гэхээр нь би сандраад түргэн тусламж дуудсан уу гэхэд эмч ирж үзчихээд авч явах шаардлагагүй, та нар өөрсдөө эмнэлгээр авч яв гээд үлдээсэн гэсэн. ...Нэгдүгээр эмнэлэг дээр ирж Сүх-Эрдэнэ гэх эмчид үзүүлэхэд наад хүнд катьетер тавьж өгөөд явуул гэхээр нь наад хүн чинь 11 дүгээр сарын 20-нд хүнд зодуулсан урд шөнө төмсөг нь хавдаад шээж чадахаа больсон гэхэд эмч төмсөгний ЭХО-д үзүүлээд цусны шинжилгээ өг гэж хэлээд эм бичиж өгсөн...” /хх-ийн 5-6, 8/ гэсэн,
Гэрч Г.Уранбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед манай нөхөр Эрдэнэбат, найз Төмөрөөгийн хамт дэлгүүр яваад ирье гээд гарсан. ...2 цаг орчмын дараа манай нөхөр хүнд зодуулчихлаа 2 шүд хөдөлсөн, бөгс рүү цохичихлоо гээд хувцас хунар нь урагдсан байдалтай орж ирсэн. ...Өмдийг нь тайлаад харахад бөгснийх нь ар хэсгээр хавдаад уг хавдар нь салтааны доогуур төмсөгтэй нь нийлсэн байсан. ...Талийгаачийн баруун бөөрөнд нь хавдаж хөхөрсөн, үүдэн доод хоёр шүд нь хөдөлсөн, амны дотор талын жавж цус болсон, өвдөг нь шалбарсан, төмсөг бөгс орчмоор хавдаж хөхөрсөн байсан. ...Талийгаач урд шөнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө унтаж чадахгүй байна дэлгүүр хаахаас өмнө нэг шил архи аваад ирээч гээд байхаар нь би Төмөрөөтэй цуг дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи авчраад гурвуулаа хувааж ууж байтал талийгаач тэсэхгүй өвдөөд байхаар нь өөрийн 89811458 дугаартай утсаар түргэн тусламж дуудсан. ...Шөнө 03 цаг өнгөрч байхад түргэн тусламжийн эмч дөнгөж орж ирэхэд талийгаач амьсгал хураасан...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Гэрч Ө.Төмөрхуяг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16-17 цагийн үед найз Эрдэнэбаттай хамт дэлгүүрээс архи авахаар явсан, дэлгүүр рүү ороход коридорт нь хоёр танихгүй эмэгтэй пиво уугаад зогсож байсан ба шар царайтай эмэгтэй нь талийгаач Эрдэнэбатад юугаа хараад байгаа юм бэ гэж хэлэхэд талийгаач чамайг харж яадаг юм бэ гэж хэлэхээр нь дуугүй байгаач гээд дэлгүүр рүү дагуулж орсон. Талийгаач 0.75 литрийн архи худалдаж авсан, архиа аваад гарч бай гэж хэлэхээр нь гараад явж байхад коридорт нөгөө хоёр эмэгтэй пиво уугаад зогсож харагдсан, гараад 10 м орчим зайд явж байхад араас Эрдэнэбат хүрч ирээд хурдан яваач ээ гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. Тэр үед араас маргалддаг эмэгтэй хүрч ирээд заамдаад авсан, би шар царайтай эмэгтэйд яагаад заамдаад тавихгүй байгаа юм бэ гэж хэлэхэд, танай хамт явсан хүн чинь дэлгүүрээс гарахдаа намайг алгадчихаад яваад өглөө, би сая нөхрийгөө дуудчихлаа, хүүхдүүд бас ирнэ гээд хашгираад байсан. ...шар царайтай эмэгтэй талийгаачийн төмсөг рүү нэг удаа өшиглөхөд талийгаач хоёр өвдөг дээрээ сөхрөөд ойчсон...” /хх-ийн 20-21, 136/ гэсэн,
Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 17 цагийн үед ...Ариунжаргал утсаар яриад ахыг чинь хүмүүс зодоод байна, хурдан ирж салгаж ав гэхээр нь шууд гараад Буянт-Ухаа 19 дүгээр гудамжинд очиход талийгаачийг 40 гаран насны эрэгтэй, 20 орчим насны эрэгтэй нийлээд зодож байсан. ...Намайг зуураад зогсож байсан 40 гаран насны эмэгтэй надад танай ах чинь намайг цохисон гэж хэлсэн. ...Хамраас нь цус гарчихсан байсан тэр хүүхэн талийгаач руу явсан, гэтэл удалгүй талийгаач ёооё гэж орилоод салтаагаа бариад унасан, тэр үед талийгаачийн дэргэд тэр хүүхнээс өөр хэн ч байгаагүй...” /хх-ийн 23-24, 137/ гэсэн,
Гэрч Ж.Хашболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...19 цагийн үед ...урдаас талийгаач Эрдэнэбат гүйгээд ирсэн ба дэлгүүрийн хойд талын гудамжнаас нэг бүдүүн залуу гарч ирээд талийгаачийг барьж авсан ба араас нь махлагдуу шар царайтай хүүхэн гүйж ирээд талийгаачийг 2-3 удаа цохиод байсан, араас бас нэг эмэгтэй Төмөрхуягтай зууралдаад ноцолдоод ирж байсан. ...Тухайн үед талийгаачийн царай зүс шалбарсан зүйл байхгүй, хамар, амнаас гарсан зүйлгүй, нуруу бөөр хөхөрсөн, хавдсан байсан...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Гэрч О.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...талийгаач Эрдэнэбат гүйгээрэй гэж хэлээд хажуугаар гарсан, би гайхаад юу болсон бэ гэхэд араас нь махлаг биетэй эрэгтэй хөөгөөд талийгаачийг барьж аваад заамдсан, араас нь 40 орчим насны эмэгтэй Төмөрхуяг ахтай барьцалдан хүрээд ирсэн. ...би буцаад талийгаач Эрдэнэбат руу очиход барьцалдаад зогсож байсан ба талийгаачийг заамдсан махлаг ах, чи яахаараа манай эхнэрийг цохьдог юм бэ гээд зогсож байсан, харин манай нөхөр цаанаас алхаж ирээд талийгаачийг барьсан хүнийг болиоч гэхэд нөгөө махлаг ах, энэ хүн чинь манай эхнэрийн хамар руу цохиод цус гаргасан байна гэхэд манай ах хүн цохихгүй дээ гэхэд нь цохьсон болоод хамарнаас нь цус гарсан байгаа биз дээ гэж хэлсэн. ...намайг зодчихсон гэж байсан хүүхэн талийгаачийн салтаа руу өшиглөөд өвдөг сөхрүүлсэн...” /хх-ийн 27-28, 138/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч А.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...гэрийнхээ үүдэнд ус буулгаж байхад 40 орчим насны эрэгтэй хүн гудамжны дээд тал руу гүйж байсан. Тэгсэн чинь ардаас нь Энхээ ах хөөчихсөн, наад хүнээ бариад аваарай гээд байсан. ...Тунгаа эгч нөгөө ахын нүүр хэсэгт 2-3 удаа алгадсан. Бат-Эрдэнэ маргаан болсон газарт ирээд Тунгаа эгчийг зодсон гэх ахыг өшиглөх гэж байгаад хальтраад уначихсан. Тэгээд босч ирээд нөгөө ахын нуруу хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. ...Тэр ахын нуруу хэсэгт Бат-Эрдэнэ нэг удаа гараараа, Тунгаа эгч хацар руу нь хоёроос гурван удаа алгадсан, хөл рүү нь нэг удаа өшиглөсөн, Энхээ ах нэг удаа цасан дээр хавирч унагаасан...” /хх-ийн 32-33/ гэсэн,
Гэрч Г.Хишигсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дэлгүүр ороод будаа аваад гарч байтал Т тааралдаад бид хоёр дэлгүүрийн таамбарт тамхи татаад юм яриад зогсож байтал гаднаас хоёр залуу ирээд бидний хажуугаар дэлгүүр рүү инээлдээд орсон. Удалгүй тэр хоёр залуугийн нэг нь архи бариад гарч ирсэн, гэтэл цуг явсан намхан нь үлдээд бид хоёр руу дөхөж ирээд Тын нүүр рүү дөхөж харсан, тэгтэл Т, юугаа хараад байгаа юм бэ гэтэл нүүр рүү нь гараараа цохичихоод зугтаасан. Тын хамраас цус гараад хойноос нь гүйгээд цуг байсан өндөр залууг нь барьж аваад дээшээгээ гудамж өгсөөд явсан. Тэр хооронд би Тын гэр рүү очоод эхнэрийг чинь хүн зодоод цус нөжтэй нь хольчихлоо, чи араас нь яваач гэж хэлээд нөхөр Энхээг нь гаргаж явуулсан. ...Дэлгүүрээс архи аваад гарсан өндөр, намхан хоёр залууг Энхээ бариад авчихсан байхаар нь би намхан залуу дээр нь очоод чи цохисон биз дээ, үнэнээ хэлээд уучлалт гуйгаад хоёр тийш больё гэхэд би хүн цохиогүй гээд гүрийгээд байсан, найзад нь хандаад чамтай цуг явсан энэ хүн манай найзыг цохьсон биз дээ гэхэд би хараагүй гээд байсан. Тэгээд маргалдаад барьцалдаад байж байтал дээрээс тэр хоёр залуугийн найзууд нь бололтой 4-5 хүн ирээд намхан залууг салгаж явуулах гээд, бид нар явуулахгүй, цагдаа ирэхээр хүлээлгэж өгнө гээд нилээн удаан зууралдсан...” /хх-ийн 34-35/ гэсэн,
Гэрч Н.Энхээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эхнэрийн найз Хишгээ орж ирээд, танай эхнэрийг танихгүй хүн нүүр рүү нь цохьчихоод зугатаачихлаа гэхээр нь араас нь гартал арын гудамжинд манай эхнэр нэг өндөр залууг барьчихсан зогсож байсан, яваад очтол, энэ хүнтэй явж байсан хүн намайг зодчихоод зугатаасан, энэ хүн гэрч нь байгаа юм гэсэн. Нэг хүн нилээн зайтай цаашаа гүйж байгаа харагдсан, би хойноос нь хөөсөн боловч гэрийн шаахай өмссөн байсан учраас хальтираад явж чадахгүй байсан болохоор гудамжинд зогсож байсан хүүхдүүдийг наадхаа зогсоож бай гээд орилоход нэг хүүхэд хувцаснаас нь зуураад зогсоосон. Би очих үед эхнэр мөн нөгөө барьж байсан залуутайгаа хүрч ирсэн, тэгээд би эхнэрийг зодсон гэх залууг заамдаж аваад, чи яахаараа эмэгтэй хүнийг зоддог юм бэ гээд хашаа руу хоёр удаа түлхсэн. ...Хүү Бат-Эрдэнэ ирэнгүүтээ андуураад цэнхэр куртиктэй залууг нь гараараа шанаа руу цохиод авсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,
Гэрч Э.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...Тухайн газар очоод машинаас буугаад нэг хүнийг түлхэж унагаад, юу болоод байгаа юм бэ гэхэд өөдөөс нэг хүн пизда, нохой гээд хараагаад байхаар нь муудалцаад намайг цохиод авахаар нь зөрүүлээд шанаа хэсэг рүү нь гараараа цохиод унагаасан. Тэгсэн тэр хүн босч ирээд дахин орилоод байсан, хүмүүс намайг барьчихаад тавихгүй байсан...” /хх-ийн 43-44/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч А.Ундралбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Энхээ гэх ах нэгэн ахыг хөөчихсөн явж байсан, тэгэхээр нь би нөгөө зугатааж явсан ахыг та зогсчих гээд гарнаас нь бариад зогсоосон, тэгтэл Энхээ ах хүрч ирээд тэр ахыг бариад авсан, гэтэл тэр хүн, Энхээ чи намайг танина шүү дээ гээд дагаад доошоо худгийн зүг рүү явсан. Энхээ ах наадхаа бариад ав гээд орилоод байхаар нь юмыг нь аваад зугатааж байгаа юм болов уу гээд барьж өгсөн юм...” /хх-ийн 48/ гэсэн,
Гэрч Д.Оюунхишиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 сарын 20-ны өдөр ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасагт ээлжийн ажилтай хонож байсан. Эрдэнэбатыг үзэж, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас бөглөсөн, зовиур нь нуруу орчмоор өвдөөд байна, өдөр 16 цагийн үед хүнд зодуулсан гэж ярьж байсан, бодит үзлэг хийхэд ил харагдах гэмтэл шархгүй, бүсэлхий, нуруу орчмоор тэмтэрч үзэхэд өвчин эмзэглэлтэй байсан, тэгэхээр нь рентген зурганд явуулаад амин үзүүлэлтүүдийг хянаж үзээд, ЭХО-д харахад хэвлийд өөрчлөлт илрээгүй, өвчин намдаах тариа хийж, хүчилтөрөгч гуурсаар өгөөд ажиглалт хийх өрөөнд оруулаад гэрээсээ хүмүүс дуудаарай гэхэд, ах нь хүн дуудчихсан, одоо ирж байгаа гэж хэлсэн. Өөрөө төмсөг өвдөж байна гэж хэлээгүй, ажиглалт хийж байх зуур эмчилгээ, зөвлөгөө авахгүйгээр тэр чигтээ явсан байсан...” /хх-ийн 50-51/ гэсэн,
Гэрч О.Жамьянсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ..манай эгчийг согтуу хүн зодсон байна гэх дуудлагын дагуу очиход ...зодуулсан гэх Т нь гомдолтой байна гэхээр нь Эрдэнэбат, Т, түүний найз хүүхэн гурвыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд Эрдэнэбатыг түр саатуулах байранд оруулахад бие өвдөөд байна гэсэн. Тэгэхээр нь 103 дуудахад түргэн тусламжийн эмч Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. ...Эрдэнэбатын биед ил харагдах гэмтэл, шарх анзаарагдаагүй, бие сонин болоод байна гэж хэлсэн...” /хх-ийн 52-53/ гэсэн,
Шинжээч М.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...Талийгаачид учирсан төмсөг хуйхнагны гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй, үүнийг бид эд эсийн шинжилгээгээр тогтоосон, хуйхнаг, төмсөгний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Талийгаачийн биед учирсан төмсөг, хуйхнагны гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өшиглөх, цохих үйлчлэлийн алинаас ч үүсэх боломжтой...” /хх-ийн 139-140/ гэсэн,
Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...хоёр залуу архи барьчихсан гарч ирээд талийгаач нь миний өөдөөс нүүрэнд тулаад харахаар нь чи юугаа хараад байгаа юм бэ гэтэл үгийн зөрүүгүй нүүр рүү цохьчихоод гараад зугтаасан. ...талийгаач намайг дэлгүүрийн гадна байхад нүүр рүү гараараа нэг удаа цохиод дараа нь хойноос нь очиход заамдаж аваад түлхэж унагаасан, миний биед учирсан гэмтэл шарх байгаагүй болохоор тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Би талийгаачид ойртож очсон боловч өшиглөсөн эсэхээ сайн санахгүй байна. Хүмүүс намайг өшиглөсөн гэдгийг харсан бол гэм буруугаа ойлгож байна...” /хх-ийн 148-149/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №2312 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Х.Эрдэнэбатын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх гэмтэл, архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
2. Талийгаач Х.Эрдэнэбатын цогцост тогтоогдсон гэмтлийн гаралтай хуйхнагны үрэвсэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Талийгаач Х.Эрдэнэбат нь архины хурц хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
4. Х.Эрдэнэбат нь АВО системээр Ва(III) бүлгийн цустай байжээ.
5. Х.Эрдэнэбат нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ...” /хх-ийн 57-59/ гэсэн дүгнэлт,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №11006 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “А-2312, Г.Эрдэнэбат 46 н/эр XI/23 вр:Энхбаяр” гэсэн хаягтай цусанд 2,4 промилли, шээсэнд 2,4 промилли, ходоодны шингэнд 6,8 промилли спиртийн агууламж илэрч байна...” /хх-ийн 60/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №73 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Урьд гарсан шинжээч эмч М.Энхбаярын гаргасан №2312 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Талийгаачийн дотор эрхтнүүдийн цус харвалт, цус дүүрэлт, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хурц хямрал зэрэг нь гэмтлийн гаралтай өөрчлөлт биш бөгөөд архины хордлогын улмаас дотор эрхнүүдэд илэрч буй шинж юм.
3. 4. Х.Эрдэнэбатын цогцост тогтоогдсон гэмтлийн гаралтай хуйхнагны үрэвсэл нь үхэлд нөлөөлөхгүй, хөнгөн зэргийн гэмтэл болно. 2017.11.22-ны өдөр УНТЭ-ийн Урологийн /бөөрний мэс заслын/ эмчид үзүүлэх үед эмч Х.Эрдэнэбатад төмсөгний ЭХО-д харуулахыг зөвлөж, хийгдвэл зохих эмчилгээг бичиж өгсөн байна...” /хх-ийн 125-128/ гэсэн дүгнэлтүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/
- Шүүгдэгч Н.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 102-105, 153-155/,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгийн хуудас, бусад баримтууд /хх-ийн 112-116/,
- Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №6401 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-69/, /хх-ийн 147/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжинд иргэн Г.Эрдэнэбатыг өөрийгөө цохилоо гэж уурлан, улмаар өшиглөж биед нь хуйхнагны үрэвсэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оын “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...би 20 цаг өнгөрөөгөөд гэмтэл дээр очиход ахын даралт нь ихэссэн, ар нуруу бөөр орчмоор өвдөөд байна гэж хэлсэн. Би эмчтэй нь уулзахад шээснийх нь өнгийг харья шээлгээд ир гэхээр нь ундааны саванд шээлгээд эмчид үзүүлэхэд цусанд янз бүрийн зүйл байхгүй, та хоёр ЭХО-д үзүүлчих гэхээр нь ЭХО-д үзүүлэхэд баруун, зүүн бөөрний байрлал хэлбэр хэмжээ хэвийн ямар нэгэн өөрчлөлт, сул шингэн байхгүй гэсэн. ...Эхэлж үзсэн эмчид очиж хэлээд оношийг үзүүлэхэд янз бүрийн үхэлд хүргэх ноцтой зүйл харагдахгүй байна гээд даралтыг нь үзэхэд ихэссэн байхаар нь хүчилтөрөгч залгуулаад тариа хийлгээд эмчийн зөвлөснөөр ажиглалт хийнэ гээд нилээн удаан суусан. ...Маргааш өглөө эхнэр нь надруу залгаад Эрдэнэбатын бие нь өвдөөд төмсөг нь аймаар том хавдчихлаа гэхээр нь би сандраад түргэн тусламж дуудсан уу гэхэд эмч ирж үзчихээд авч явах шаардлагагүй, та нар өөрсдөө эмнэлгээр авч яв гээд үлдээсэн гэсэн. ...Нэгдүгээр эмнэлэг дээр ирж Сүх-Эрдэнэ гэх эмчид үзүүлэхэд наад хүнд катьетер тавьж өгөөд явуул гэхээр нь наад хүн чинь 11 дүгээр сарын 20-нд хүнд зодуулсан урд шөнө төмсөг нь хавдаад шээж чадахаа больсон гэхэд эмч төмсөгний ЭХО-д үзүүлээд цусны шинжилгээ өг гэж хэлээд эм бичиж өгсөн...” / 1-р хх-ийн 5-6, 8/ гэсэн,
Гэрч Г.Уранбилэгийн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед манай нөхөр Эрдэнэбат, найз Төмөрөөгийн хамт дэлгүүр яваад ирье гээд гарсан. ...2 цаг орчмын дараа манай нөхөр хүнд зодуулчихлаа 2 шүд хөдөлсөн, бөгс рүү цохичихлоо гээд хувцас хунар нь урагдсан байдалтай орж ирсэн. ...Талийгаач урд шөнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө унтаж чадахгүй байна дэлгүүр хаахаас өмнө нэг шил архи аваад ирээч гээд байхаар нь би Төмөрөөтэй цуг дэлгүүрээс 0,5 литрийн нэг шил архи авчраад гурвуулаа хувааж ууж байтал талийгаач тэсэхгүй өвдөөд байхаар нь өөрийн 89811458 дугаартай утсаар түргэн тусламж дуудсан. ...Шөнө 03 цаг өнгөрч байхад түргэн тусламжийн эмч дөнгөж орж ирэхэд талийгаач амьсгал хураасан...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Гэрч Ө.Төмөрхуягийн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 16-17 цагийн үед найз Эрдэнэбаттай хамт дэлгүүрээс архи авахаар явсан, дэлгүүр рүү ороход коридорт нь хоёр танихгүй эмэгтэй пиво уугаад зогсож байсан ба шар царайтай эмэгтэй нь талийгаач Эрдэнэбатад юугаа хараад байгаа юм бэ гэж хэлэхэд талийгаач чамайг харж яадаг юм бэ гэж хэлэхээр нь дуугүй байгаач гээд дэлгүүр рүү дагуулж орсон. Талийгаач архиа аваад гарч бай гэж хэлэхээр нь гараад явж байхад коридорт нөгөө хоёр эмэгтэй пиво уугаад зогсож харагдсан, гараад 10 м орчим зайд явж байхад араас Эрдэнэбат хүрч ирээд хурдан яваач ээ гэж хэлээд гүйгээд яваад өгсөн. ...Шар царайтай эмэгтэй талийгаачийн төмсөг рүү нэг удаа өшиглөхөд талийгаач хоёр өвдөг дээрээ сөхрөөд ойчсон...” /хх-ийн 20-21, 136/ гэсэн,
Гэрч Б.Эрдэнэбаярын “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны орой 17 цагийн үед ...Ариунжаргал утсаар яриад ахыг чинь хүмүүс зодоод байна, хурдан ирж салгаж ав гэхээр нь шууд гараад Буянт-Ухаа 19 дүгээр гудамжинд очиход талийгаачийг 40 гаран насны эрэгтэй, 20 орчим насны эрэгтэй нийлээд зодож байсан. ...Намайг зуураад зогсож байсан 40 гаран насны эмэгтэй надад танай ах чинь намайг цохисон гэж хэлсэн. ...Хамраас нь цус гарчихсан байсан тэр хүүхэн талийгаач руу явсан, гэтэл удалгүй талийгаач ёооё гэж орилоод салтаагаа бариад унасан, тэр үед талийгаачийн дэргэд тэр хүүхнээс өөр хэн ч байгаагүй...” /хх-ийн 23-24, 137/ гэсэн,
Гэрч О.Ариунжаргалын “...би буцаад талийгаач Эрдэнэбат руу очиход барьцалдаад зогсож байсан ба талийгаачийг заамдсан махлаг ах, чи яахаараа манай эхнэрийг цохьдог юм бэ гээд зогсож байсан, харин манай нөхөр цаанаас алхаж ирээд талийгаачийг барьсан хүнийг болиоч гэхэд нөгөө махлаг ах, энэ хүн чинь манай эхнэрийн хамар руу цохиод цус гаргасан байна гэхэд манай ах хүн цохихгүй дээ гэхэд нь цохьсон болоод хамарнаас нь цус гарсан байгаа биз дээ гэж хэлсэн. ...намайг зодчихсон гэж байсан хүүхэн талийгаачийн салтаа руу өшиглөөд өвдөг сөхрүүлсэн...” /хх-ийн 27-28, 138/ гэсэн,
Гэрч Г.Хишигсүрэнгийн “...хоёр залуугийн нэг нь архи бариад гарч ирсэн, гэтэл цуг явсан намхан нь үлдээд бид хоёр руу дөхөж ирээд Тын нүүр рүү дөхөж харсан, тэгтэл Т, юугаа хараад байгаа юм бэ гэтэл нүүр рүү нь гараараа цохичихоод зугтаасан. Тын хамраас цус гараад хойноос нь гүйгээд цуг байсан өндөр залууг нь барьж аваад дээшээгээ гудамж өгсөөд явсан. Тэр хооронд би Тын гэр рүү очоод эхнэрийг чинь хүн зодоод цус нөжтэй нь хольчихлоо, чи араас нь яваач гэж хэлээд нөхөр Энхээг нь гаргаж явуулсан. ...Дэлгүүрээс архи аваад гарсан өндөр, намхан хоёр залууг Энхээ бариад авчихсан байхаар нь би намхан залуу дээр нь очоод чи цохисон биз дээ, үнэнээ хэлээд уучлалт гуйгаад хоёр тийш больё гэхэд би хүн цохиогүй гээд гүрийгээд байсан, найзад нь хандаад чамтай цуг явсан энэ хүн манай найзыг цохьсон биз дээ гэхэд би хараагүй гээд байсан...” /хх-ийн 34-35/ гэсэн,
Гэрч Д.Оюунхишигийн “...2017 оны 11 сарын 20-ны өдөр ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасагт ээлжийн ажилтай хонож байсан. Эрдэнэбатыг үзэж, гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас бөглөсөн, зовиур нь нуруу орчмоор өвдөөд байна, өдөр 16 цагийн үед хүнд зодуулсан гэж ярьж байсан, бодит үзлэг хийхэд ил харагдах гэмтэл шархгүй, бүсэлхий, нуруу орчмоор тэмтэрч үзэхэд өвчин эмзэглэлтэй байсан. ...Төмсөг өвдөж байна гэж хэлээгүй, ажиглалт хийж байх зуур эмчилгээ, зөвлөгөө авахгүйгээр тэр чигтээ явсан байсан...” /хх-ийн 50-51/ гэсэн,
Гэрч О.Жамьянсүрэнгийн “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ..манай эгчийг согтуу хүн зодсон байна гэх дуудлагын дагуу очиход ...зодуулсан гэх Т нь гомдолтой байна гэхээр нь Эрдэнэбат, Т, түүний найз хүүхэн гурвыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд Эрдэнэбатыг түр саатуулах байранд оруулахад бие өвдөөд байна гэсэн. Тэгэхээр нь 103 дуудахад түргэн тусламжийн эмч Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү аваад явсан. ...Эрдэнэбатын биед ил харагдах гэмтэл, шарх анзаарагдаагүй, бие сонин болоод байна гэж хэлсэн...” /хх-ийн 52-53/ гэсэн,
Шинжээч М.Энхбаярын “...Талийгаачид учирсан төмсөг хуйхнагны гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, уг гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй, үүнийг бид эд эсийн шинжилгээгээр тогтоосон, хуйхнаг, төмсөгний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа юм. Талийгаачийн биед учирсан төмсөг, хуйхнагны гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өшиглөх, цохих үйлчлэлийн алинаас ч үүсэх боломжтой...” /хх-ийн 139-140/ гэсэн,
Шүүгдэгч Н.Тын “...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ...хоёр залуу архи барьчихсан гарч ирээд талийгаач нь миний өөдөөс нүүрэнд тулаад харахаар нь чи юугаа хараад байгаа юм бэ гэтэл үгийн зөрүүгүй нүүр рүү цохьчихоод гараад зугтаасан. ...талийгаач намайг дэлгүүрийн гадна байхад нүүр рүү гараараа нэг удаа цохиод дараа нь хойноос нь очиход заамдаж аваад түлхэж унагаасан, миний биед учирсан гэмтэл шарх байгаагүй болохоор тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Би талийгаачид ойртож очсон боловч, өшиглөсөн эсэхээ сайн санахгүй байна. Хүмүүс намайг өшиглөсөн гэдгийг харсан бол гэм буруугаа ойлгож байна...” /хх-ийн 148-149/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны №2312 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Х.Эрдэнэбатын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх гэмтэл, архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.
2. Талийгаач Х.Эрдэнэбатын цогцост тогтоогдсон гэмтлийн гаралтай хуйхнагны үрэвсэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Талийгаач Х.Эрдэнэбат нь архины хурц хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ...” /хх-ийн 57-59/ гэсэн дүгнэлт,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №11006 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “А-2312, Г.Эрдэнэбат 46 н/эр XI/23 вр:Энхбаяр” гэсэн хаягтай цусанд 2,4 промилли, шээсэнд 2,4 промилли, ходоодны шингэнд 6,8 промилли спиртийн агууламж илэрч байна...” /хх-ийн 60/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №73 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Урьд гарсан шинжээч эмч М.Энхбаярын гаргасан №2312 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Талийгаачийн дотор эрхтнүүдийн цус харвалт, цус дүүрэлт, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хурц хямрал зэрэг нь гэмтлийн гаралтай өөрчлөлт биш бөгөөд архины хордлогын улмаас дотор эрхнүүдэд илэрч буй шинж юм.
3. 4. Х.Эрдэнэбатын цогцост тогтоогдсон гэмтлийн гаралтай хуйхнагны үрэвсэл нь үхэлд нөлөөлөхгүй, хөнгөн зэргийн гэмтэл болно. 2017.11.22-ны өдөр УНТЭ-ийн Урологийн /бөөрний мэс заслын/ эмчид үзүүлэх үед эмч Х.Эрдэнэбатад төмсөгний ЭХО-д харуулахыг зөвлөж, хийгдвэл зохих эмчилгээг бичиж өгсөн байна...” /хх-ийн 125-128/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд “...Гэмтлийн хөнгөн гэж гарсан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, манай дүүг зодсоор байгаад алсан, манай дүү нээх их архи уугаад байдаггүй байсан, гомдолтой байна...” байна гэснийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Үүнд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №2312 тоот шинжээчийн дүгнэлт, уг дүгнэлтийг гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын ахлах шинжээч эмч М.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн түүний мэдүүлэг зэргээр амь хохирогч Г.Эрдэнэбатыг үхэлд хүргэсэн шалтгаан нь архины хурц хордлогын улмаас олон эрхтний дутагдал болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн учруулсан гэмтлийн гаралтай хуйхнаг үрэвсэл нь амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй байна гэж шүүх дүгнэв.
Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах болон прокурорын шатанд ямар нэгэн санал хүсэлт, гомдол гаргаж байгаагүй, тухайн шинжээчийн дүгнэлтийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу тодорхойгүй, бүрэн биш, эргэлзээтэй гэж үзээгүйн дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг бүхий шинжээчид хууль сануулж, дүгнэлт гаргуулсан, тухайн дүгнэлийн хууль зүйн үр дагаврыг өөрөө бүрэн хариуцах этгээд дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эрдэнэбатын биед гэмтлийн гаралтай хуйхнагний үрэвсэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч шүүхийн шатанд 4,000,000 төгрөгийн хохирол төлсөн /хх-ийн 169/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөнгө нэхэмжлээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн, хэрэгт тухайн гэмтэлтэй холбоотой ямар нэгэн баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, ар гэрийн нөхцөл, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Эрүүгийн дугаартай 1710009910217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шархүү хаалгач овогт Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710009910217 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР