| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2021/04464/И |
| Дугаар | 210/МА2022/00548 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/00548
Х.А-, С.М-, С.М-нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.А-, С.М-, С.М-нарын хариуцагч И.Т-, С.Ж-, Ш.А-нарт холбогдуулан гаргасан хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.А-, С.М-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Монгол, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай.
1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч буюу нотариатч Ш.А-нь нэр бүхий эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Ц.С- болон Х.А- нарын гэр бүлийн харилцаа түүнийг нас барснаар дуусгавар болсон хэдий ч гэр бүлийн гишүүдийн дундаа бий болгосон эд хөрөнгө түүнийг эзэмших ашиглах эрх түүнтэй холбоотой эрх зүйн харилцаа Х.А-ийн хувьд дуусгавар болоогүй. Гэрлэгчдийн дундын эд хөрөнгийг эрхийг ноцтойгоор зөрчиж зөвхөн Ц.С-ын эд хөрөнгө мэтээр өвлөх эрхийг ганцхан С.Ж-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эд хөрөнгийн лавлагаанд дурдагдсан Ц.С-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгүүд Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуульд зааснаар Ц.С- болон Х.А- нар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө бөгөөд бусад хууль ёсны өмчлөгч нарт өвлөгдсөн эд хөрөнгийн оногдох хэсгийг тодорхойлохоос өмнө тэргүүн ээлжид Х.А-т дараа нь бусад өмчлөгч нарт тодорхойлохоор байхад нотариатч нь хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж бүх эд хөрөнгийг С.Ж-гийн нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь үндэслэлгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргах үедээ С.Ж-гийн ээж И.Т- дээрх нөхцөл байдлыг нуусан байх боломжтой хэдий ч өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахдаа нотариатч бүрдүүлж өгсөн материал дунд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хамтын амьдралтай байсныг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ц.С- болон Х.А- нарын гэрлэлтийн баталгаа буюу Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид мөн гэснийг тодорхой тусгасан байсан нь нотариатч Ш.Алтайг өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо саад болох нөхцөл байдлыг мэдээгүй гэж үзэх нь нөхцөл байдлыг няцааж байгаа. Саад болох нөхцөл байдлыг тодорхой сайн мэдэж байсан атлаа өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцэхгүй байна. Тийм учраас Х.А-, С.М-, С.М-нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоож, С.Ж-д өвлүүлэхээр 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр олгосон 35,37,38,39,40,41,42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч И.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ц.С- бид хоёр 2005 оноос хамтран амьдарсан. 2007 онд охин С.Ж- төрсөн. Бид хоёр анх амьдарч эхлэхэд манай хүн хөрөнгөгүй цүнхтэй хувцастайгаа ирсэн. Бид хоёр байр түрээсэлж хүртэл амьдарч байсан энэ талаарх нотлох баримт байгаа. Маргаан бүхий 8 үл хөдлөх хөрөнгө нь бидний хамтын амьдралын үр дүнд бий болсон. Х.А-тэй хамтран амьдрах явцад нь бий болсон 2 үл хөдлөх хөрөнгө дээр нь би хүсэлт гаргаагүй. Өвлөх эрхийн хүсэлтийг яагаад гаргах болсон бэ гэхээр талийгаач Ц.С-ыг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөөлүүлсэн. Дараа нь 10 хоногийн дараа утасных нь төлбөрийг хийх гээд очсон чинь өөр хүний нэр дээр шилжсэн байна гэсэн, асуухад маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Х.А- нэр дээрээ шилжүүлээд авсан гэж хэлсэн. Тийм учраас би охин С.Ж-гийн өмнөөс өвлөх эрхийн хүсэлтээ гаргасан. Би хууль зөрчөөгүй хуулийнхаа дагуу үл хөдлөх эд хөрөнгийг өвлөж авсан. Ц.С- нь Х.А-ээс гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах гэж олон удаа хандаж байсан боловч Х.А- нь гэрлэлтээ цуцлуулдаггүй байсан. Нэхэмжлэгч талтай эвлэрэх талаар тодорхой санал гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй бүх хөрөнгийг авах байр суурьтай байгаа гэжээ.
3.Хариуцагч Ш.А-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хууль ёсны өвлөгч болох С.Ж-гийн хууль ёсны төлөөлөгч болох И.Т- өв хүлээн авахад хүсэлт гаргасан. Үүний дагуу би нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан 8 үл хөдлөх эд хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Өвлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлж ирсэн байсан. Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хуулийн дагуу олгосон. 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр С.Ж-г Ц.С-ын төрсөн охин болохыг тогтоосон байгаа. Үүний дагуу өвлөх эрхийн гэрчилгээг Ц.С-ын хууль ёсны өвлөгч болох С.Ж-д олгосон болохоос хамтын амьдралтай байсан И.Т-од олгоогүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бусад этгээдүүд болох нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах талаарх хүсэлтээ гаргаагүй учраас өв хүлээн авахаас татгалзсан гэж үзсэн. Өөр өвлөгч байгаа эсэх талаар нотариатын танхимаас тодруулсан өөр өвлөгч байхгүй гэсэн лавлагаа гаргасан байгаа гэжээ.
4.Шүүх: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Х.А-, С.М-, С.М-нарын хариуцагч И.Т-, С.Ж-, Ш.А-нарт холбогдуулан талийгаач Ц.С-ын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр С.Ж-д олгосон өв залгамжлалын 36, 37, 38, 39, 40, 41, 42 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,600 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5а.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Алтанцэцэг нарын 3 нэхэмжлэгч нь хууль ёсны өв залгамжлагч мөн байна. Шүүх хууль ёсны өвлөгч мөн гэсэн атлаа өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
5б.Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д “Нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх”-ээр хуульчилсан. Гэтэл нотариатч Ш.А-нь нотариатын үйлдэл хийхээс өмнө Ц.С-, X.Алтанцэцэг нар нь хууль ёсны гэр бүл гэдгийг тодорхой заасан байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй байна. Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.9-д “нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх” хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны эхнэр нь өв залгамжлагч байх ёстой гэдгийг нотариатч мэдэж байсан мөртлөө X.Алтанцэцэгт мэдэгдэхгүйгээр өв залгамжлагчийн гэрчилгээ авах гэж байгаа нь гэмт хэргийн шинжтэй гэдгийг тусгай зөвшөөрөл бүхий нотариатчийн хувьд мэдэж байсан байна. Иймд түүний олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй. Нотариатч нь маргаан бүхий өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг олгохдоо Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, шаардлагатай мэдээллийг иргэн хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим санг хууль, журам гэрээнд зааснаар ашиглах эрх, үүргээ биелүүлээгүй байна. Тэрээр Улсын бүртгэлийн байгууллагаас гэрлэлтийн талаар, хууль ёсны гэр бүлийн лавлагаа авах, хүүхэдтэй эсэхийг нь лавлах эрх, үүрэгтэй байсан боловч илтэд нэг талыг барьж Монгол Улсын албан ёсны гэр бүлийн гишүүдийг санаатайгаар хохироосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3-д “нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх”-ийг хориглосон заалтыг зөрчиж өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүд олгосон гэж үзэхээр байна.
5в.Хариуцагч И.Т- нь Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д “нотариатын үйлдэл хийлгэх баримт бичгийг үнэн зөв бүрдүүлж өгөх” үүргээ биелүүлээгүй, X. Алтанцэцэг, С.М- нартай уулзаж хамтдаа ярилцаж байгаад өвийн асуудлаа шийднэ гэж тохирсон боловч тэднийг хууран мэхэлж төөрөгдүүлж өв нээлгэх өргөдлийг нь хугацаандаа өгөх эрхийг нь зөрчсөн гэж үзэхээр байна. Маргаан бүхий өв залгамжлах гэрчилгээнүүдийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-д зааснаар олгохоос татгалзах ёстой байсан. Учир нь нотариатчид гаргаж өгсөн шүүхийн шийдвэрт хууль ёсны эхнэр X.Алтанцэцэг гэж байхад И.Т- нь бүх хууль ёсны өв залгамжлагчдыг төлөөлөх эрхгүй байсан байна. Иймд өв залгамжлах эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, хууль ёсны өв залгамжлагч X.Алтанцэцэг, С.М-, С.Майжаргал, С.Ж- нарт шинээр гэрчилгээ олгох нь шударга ёсонд ч, хуульд ч нийцнэ. Нотариатч мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ аваагүй, хэрвээ ийм арга хэмжээ авсан бол нэхэмжлэгч нар эрх нь зөрчигдөж байгааг мэдэх боломжтой байсан. С.М- нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш өвлөгдсөн эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44.6-р байр, 26 тоот, 55.4 м.кв байранд амьдарч байгаа, эзэмшилдээ авсан тул өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэхгүй. Нотариатч хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлэн буруугаар ашиглаж бүх өвлөгдөх эд хөрөнгийг зөвхөн С.Ж-гийн нэр дээр өвлүүлсэн. Бодит байдал дээр гэр бүл бусниулсан, өвлөх эрхгүй И.Т-од өгсөн нь шударга бус, хууль зүйн үндэслэлгүй болжээ. Талийгаач Ц.С- нь хууль ёсны гэр бүлтэйгээ хамт амьдарч байсан, мөн хууль бусаар хамтран амьдрагчтайгаа мөн амьдарч, 2 газар давхардсан бүртгэлтэй байсан нь хэрэгт авагдсан өрхийн бүртгэл, хорооны засаг даргын тодорхойлолтоос харгадаж байна. Иймд Ц.С- нь зөвхөн И.Т-той л хамт амьдарч байсан гэдэг нь өрөөсгөл бөгөөд үндэслэлгүй байна. Амьдралын сүүлийн саруудад талийгаач урт хугацаагаар хүндээр өвдөж эмчлүүлж байхад хууль ёсны гэр бүлийнхэн нь л асарч сувилж хамтдаа байж охин С.М-гийн асрамжинд, охинтойгоо эмнэлэгт амьдарч байсан нь баримтаар тогтоогдож байна. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчид өв залгамжлах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Өв хүлээн авах хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээнүүд бүгд хавтаст хэрэгт авагдсан, өвлөх эд хөрөнгө хэзээ бий болсон бэ гэдэг нь гэрчилгээнүүдээс тодорхой харагддаг. Иргэний хуулийн 528 дугаар зүйл 528.1 дэх хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан. Нотариатын системээс шүүж үзэхэд тус хөрөнгүүдийг өөр этгээд өв хүлээн авах хүсэлт гаргасан мэдээлэл байхгүй байна гэж тодорхойлсон. Нэгэнт өв хүлээн авах хүсэлт гаргаагүй бол өв хүлээн авахаас татгалзсан гэж үзнэ гэх хуулийн зохицуулалтын дагуу нотариат ажлаа хийсэн. Иймд нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд тэдгээрийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Х.А-, С.М-, С.М-нар нь хариуцагч И.Т-, С.Ж-, Ш.А-нарт холбогдуулан хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.Нэхэмжлэгч Х.А- нь Ц.С-тай 1976 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, 1976 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин С.М-, 1980 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү С.М-нарыг төрүүлсэн байна. /хх-ийн 7-9, 11-р тал/
4а.Гэрлэгчид 2005 оноос хойш тусдаа амьдарсан байх бөгөөд Ц.С- нь мөн оноос эхлэн хариуцагч И.Т-той хамтран амьдарч, тэдний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин С.Ж- төржээ. /хх-ийн 29-р тал/. Ц.С- нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өвчний учир нас барсан байх бөгөөд түүнийг нас барах хүртэл хариуцагч С.Ж-, И.Т- нар хамт амьдарч байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 56-57, 61-62-р тал/
4б.Хариуцагч С.Ж- нь насанд хүрээгүй этгээд байх бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч буюу хариуцагч И.Т- нь нэр бүхий 7 эд хөрөнгийг өвлөхөөр өв хүлээн авах хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч буюу хариуцагч Ш.Алтайд гаргаж, нотариатч нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 36, 37, 38, 39, 40, 41, 42 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дах хэсэгт нийцсэн. Түүнчлэн, нотариатч буюу хариуцагч Ш.А-нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.1.9, 21.3.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 54-55, 63-64, 72-73, 81-82, 89-90, 100-101, 108-109-р тал/
5.Нэхэмжлэгч Х.А-, С.М-, С.М-нар нь нас барагч Ц.С-ын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч үүнийг бие даасан шаардлага гэж үзэхгүй бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.А-, С.М-, С.М-нар нь нас барагч Ц.С-ын хууль ёсны өвлөгчид бөгөөд үүнд хэн ч маргаагүй, харин зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь өв залгамжлагчдын асуудлаар бус өвлөгдөх хөрөнгийн маргаан байх тул хууль ёсны өв залгамжлагчаар шүүх тогтоох шаардлагагүй юм.
6.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дах хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үздэг бол бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсанд тооцно. Харин дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэх үндэслэл болдог байна.
Хариуцагч И.Т-, С.Ж- нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар нас барагч Ц.С-ын өвийг хүлээн авсан байх бөгөөд нэхэмжлэгч Х.А-, С.М-, С.М-нар нь мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасан 1 жилийн хугацаанд өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч зохих байгууллага, этгээдэд өргөдөл, хүсэлтээ гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нарыг мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дах хэсэгт зааснаар өвлөхөөс татгалзсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч Х.А-, С.М-, С.М-нар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй шалтгаанаа “өвлүүлэгчийг нас барснаас хойш нэг жил өнгөрсний дараа хүсэлт гаргадаг гэж ойлгосон” гэж тайлбарласан нь мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд зохих этгээдэд өргөдөл, хүсэлтээ гаргаагүй байгааг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04301 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.М-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Г.ДАВААДОРЖ