Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 470

 

 

 

 

 

-

 

 

   2018          06           05                                       470

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

иргэний нэхэмжлэгч И.Г-,

хохирогч А.Б-, насанд хүрээгүй хохирогч М.Г-хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ч.Наранцэцэг,

шүүгдэгч Д.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт Д.Ц-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010087 дугаар хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Д-н Ц.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Ц-нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” зуслангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01-29 УНЧ улсын дугаартай “Lexus-470” маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа “ТoyotaCrown” маркийн 89-75 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг ослын улмаас “Тоёота кроун” маркийн 89-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.У-ын амь нас хохирч, зорчигч А.Б-, М.Г-нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Ц-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Би өөрийгөө архи уусан буруутай гэж бодож байгаа. Баримттай зардлыг төлнө. Уучлалт гуйя” гэв.

Иргэний нэхэмжлэгч И.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр талийгаач манай өрөөнд байхад М- орж ирээд цэг хатгуулъя гэсэн. Гүнт рүү явж байхад өөдөөс том машин ирээд бидний сууж явсан машиныг мөргөсөн. Тэр машин урсгал сөрж ирсэн. М- тормос гишгэх шиг болсон. Машин шатаж байсан тул тэнд байсан хүмүүс намайг холдуулсан. Хохирлоо авмаар байна. Цаашид дахин эмчилгээ хийлгэ гэж эмч хэлсэн боловч төлбөр мөнгөний хувьд боломжгүй байгаа. Миний авч явсан багажны таягийг буруутай болгож байгаад харамсаж байна. Доогуураа хугарсан байсан болохоос дээгүүрээ ямар нэг ул мөр байгаагүй. Гомдолтой байна” гэв.

Эрүүгийн 1703000010087 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.П-гийн: “Би У-ын эхнэр юм. Би ослын талаар мэдэхгүй, осол болдог өдөр манай нөхөр өглөө Сонгинохайрхан дүүрэг орж хүнтэй уулзана гээд гараад явсан. 17 цаг өнгөрч байхад над руу нөхрийн найз Батболд залгаад “У- осолд орчихлоо, Гэмтлийн эмнэлэг дээр очоорой” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод нас барсан гэдгийг нь сонссон. Баримтаар 12939400 төгрөгийн зардал гарсан. Жолооч Д.Ц-аас буяны ажил явдлын үеэр 2000000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Оршуулгын зардлаа төлүүлмээр байна. Нөхөр У- хувиараа бизнес эрхэлж гэр бүлээ тэжээдэг байсан. Би одоо хоёр хүүхдийн хамт үлдсэн амьдрал ахуй хэцүү байна. Тэжээгчээ алдсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-33-34/,

Хохирогч А.Б-ийн: “2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхөр 2 хүүхдийн хамт “Ар гүнт”-ийн зусланд газрын кадастрын хэмжилт хийлгэх санаатай Сонгинохайрхан дүүргийн тэндээс кадастрын зураг хийх хоёр залуу манай машинд суугаад явж байсан. “Ар гүнт”-ийн зуслангийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй давааны өөд өгсөж явтал осол болсон байсан. Би яг юу болсныг мэдэхгүй байгаа. Ослын улмаас шоконд ороод 4 хоног ухаангүй байсан болохоор сайн санахгүй байна. Би жолоочийн хажуу суудалд сууж явсан. Одоо хэвтрийн дэглэм сахиж байгаа. Баруун, зүүн хөл, зүүн гарт хагалгаа хийлгэж хадуулсан. Нүүрний зүүн тал мэдээ алдаж, мэдээгүй болсон. Жолооч Ц- нь машины хохиролд 7000000 төгрөг шилжүүлсэн. Мөн хагалгаа болон эмчилгээний зардалд нийт 4800000 төгрөг шилжүүлсэн. Гомдолтой байгаа. Биеийн байдал маш хүнд хэцүү байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-82-83/,

 Насанд хүрээгүй хохирогч М.Г-хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн: “2017 оны 8 сарын 15-ны өдөр 14 цагийн үед би эхнэр 2 хүүхдийн хамт “Тоёота Кроун” маркийн 89-75 УНУ улсын дугаартай автомашин жолоодоод “Ар гүнт”-д өөрийн зуслангийн газартаа хэмжилт хийлгэх гээд Сонгинохайрхан дүүргийн хажуу талаас кадастрын зураг хийдэг нэг залуутай үнэ хөлсөө тохиролцоод явахаар болсон. Тэгээд кадастарын зураг хийх залуу бас нэг залуутай хамт гарч ирээд миний машинтай явсан. “Ар гүнт”-ийн шинэ замаар ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэлтэй явж байтал замын эргэлттэй хэсэг дээр эсрэг урсгалаас машин дайвалзаад гараад ирсэн. Би баруун гар тал руугаа дараад зогсоод өнгөрөөе гэж бодоод зогсох гэтэл шууд чигээрээ урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Би баруун гар талын төмөр хашлага руу шахаад мөргүүлсэн. Би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн хүмүүс ирчихсэн миний машинд байсан хүмүүсийг гаргасан. Манай эхнэрийн хоёр хөл, цээжин хэсэг урд салонд хавчигдаад гарч чадахгүй байсан. Нөгөө жийп машинаас жолооч нь болох нэг согтуу залуу болон жоохон хүүхэд гарч ирсэн. Тэгтэл тэр машины хамраас утаа гарч байснаа гэнэт гал авалцаад шатсан. Бид нар тэнд явж байсан крантай машины дэгээгээр машинаа хойноос нь татаж шатаж байгаа машинаас холдуулсан. Онцгой байдлын аврах албаны хүмүүс ирж эхнэрийг машинаас гаргасан. Кадастрын залуутай хамт явсан залуу нас барсан байсан. Манай эхнэр урд суудалд, талийгаач эхнэрийн ард зүүн хойд хаалган талд, нэг залуу хойд суудлын голд, манай охин О баруун хаалган талд, Ганбаатар эгчийнхээ хажууд сууж явсан. Га-ын дэлүү бяцарсан гээд яаралтай хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан, нарийн гэдэс улайлттай байсан, зүүн талын дух орчимд шилэнд зүсэгдэж оёдол тавиулсан. Эхнэр Б-ийн хоёр хөлийн дунд чөмөг хугаралтай, зүүн гар хугаралтай, 6 хавирга хугаралтай, өвчүү, далны толгой хугаралтай, хоёр уушиг бяцралттай байна гэсэн, нүдний ухархай хугаралтай, нүүрний зүүн тал мэдээгүй байгаа. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний зүүн өвдөг шингэн хуримтлагдсан, одоо хатгуулж өвдөөд байгаа. Нурууны диск бүлтрээд нугас руу орсон байна гэсэн. Би эхнэр болон хүүгийн эмчилгээнд зарцуулсан мөнгийг баримтаар гаргаж өгнө. Жолооч 1.500.000 төгрөг өгсөн байгаа. Гомдолтой байгаа. Машинд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг барагдуулмаар байна. Мөн эхнэр, хүүхдээ эрүүл саруул болгомоор байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-85-88/,

Иргэний нэхэмжлэгч И.Г-гийн: “...2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажил дээр байж байтал нэг ах орж ирээд 61-ийн гарамын тэнд болон “Ар Гүнтэд газрын цэг тодорхойлуулах гэсэн юм” гээд би тэр ахын машинд багаж хэрэгслээ аваад суусан. Энэ үед манай ажлын өрөөнд байсан Ука гэдэг залуу “би хамт явъя Ар гүнтэд нэг цэг үзчихээд ирье” гээд хамт машинд суусан. ...Ар гүнтийн даваа руу өгсөж явтал өөдөөс нэг том жийп машин урсгал сөрж орж ирэх шиг хальт харагдаад манай машин тоормоз гишгэх үед осол болсон. Би ухаан алдсан байсан. ...Толгойн хуйханд шархтай байсныг оёдол тавиулсан, зүүн гуяны зөөлөн эдийн няцралтай, баруун гар зулгарч шалбарсан, баруун өвдөг орчимд хөхөрсөн, хөл гарын хуруу тулсан байсан. ...Ослын улмаас газар хэмждэг багажны таяг хугарсан. Жолоочоос 2345150 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-162/,

Иргэний хариуцагч Н.Б-ын: “2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 01-29 УНЧ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг эхнэрийн найз Энхжаргал, нөхөр Ц- нар 20000000 төгрөгөөр худалдаж аваад явсан. 7 дугаар сард нэрийг нь шилжүүлэх үү гэсэн чинь дараа нь шилжүүлье, ямар бие биенээ танихгүй улсууд биш гээд шилжүүлээгүй байсан. Би уг тээврийн хэрэгслийг Ц-т зарсан байсан тул би ямар нэгэн хохирол мөнгө төлөхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-189, 190/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.08.22-ны өдрийн 1628 дугаар актын дүгнэлтэд: “1.Талийгаач Б.У-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавал, тархины ил гэмтэл, зүүн зулай, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн ухархай, гавлын суурь ясны баруун чулуулаг ясны хугарал, тархины зүүн чамархай, духны няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн дунд чөмөгний ясны далд хугарал, хамрын ясны бяцарсан хугарал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, шарх, зулгаралт, зүүн хацрын зулгаралт, зүүн сарвуу, баруун шуу, мөр, гуя, өвдөг, зүүн гуя, өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаач нь гавал, тархины ил гэмтэл, зүүн зулай, дух ясны цөмөрсөн хугарал, зүүн ухархай, гавлын суурь ясны баруун чулуулаг ясны хугарал, тархины зүүн чамархай, духны няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. 4.Цусанд спиртийн агууламж илрээгүй байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-197-203/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.22-ны өдрийн 10555 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.А.Б-ийн биед цээжний даралдалт, няцралт, баруун талын 2-7-р хавирганууд, зүүн талын 1, 2-р хавирга, 8, 9-р хавиргануудын нэг болон хоёрлосон далд хугарал, өвчүүний хугарал, уушгины няцралт, цээжний хөндийн хий, шингэн хуралдалт, 2 уушгины агчилт, зүүн атгаал чөмөгний толгой болон хүзүүний бяцарсан далд хугарал, зүүн богтос ясны далд хугарал, баруун дунд чөмөгний доод булууны өвдөгний үе рүү орсон бяцарсан, ясны сэлтэрхий бүхий зөрөөтэй далд хугарал, зүүн дунд чөмөгний дээд хэсгийн зөрөөтэй далд хугарал, гавлын суурийн хөндийн урд болон арын ханын хугарал, зүүн талын ухархайн дотор хана, гайморын хөндийн урд болон арын ханын хугарал, зүүн хацар ясны нумын хугарал, гавлын суурийн хөндий болон зүүн талын гайморын хөндий дэх шингэн хуралдалт, тархины доргилт зэрэг гэмтлүүд учирчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул ...журмын 3.1.12, 3.6.2, 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-225-226/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.22-ны өдрийн 10554 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.АМ.Г-биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн зүүн урд дээд хэсгийн шарх, зулгаралт, нүүрний зулгаралт гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул ...журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-228/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.18-ны өдрийн 10584 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.М--н биед зүүн шуу, зүүн өвдөгт шарх, зүүн шилбэний гадна дунд хэсэгт зулгарал, зүүн хавирганы нум, хэвлийн зүүн хажуу хэсэгт цус хуралт үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-244 246/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.18-ны өдрийн 10585 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.О--н биед доод уруулд цус хуралт үүсчээ. 2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлэгт гэмтлийн ...журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно” гэжээ /1 дүгээр хавтас, хх-242/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.18-ны өдрийн 10588 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Гомбосүрэн-н биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн хөлийн эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, 2 гарын шуунд зулгарал, зүүн гуяны ар дээд хэсэгт цус хуралт үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-248/,

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017.10.10-ны өдрийн 476 дугаар дүгнэлтэд: “1.Лексус маркийн 01-29 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Д.Ц-нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Т.Кроун маркийн 89-75 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /2 дугаар хавтас, хх-2-3/,

Шүүгдэгч Д.Ц-ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд зүс таних нэг залуутай 0.5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Би нэлээн согтоод гэртээ ирээд унтчихсан байсан. Манай 2 настай охин ааваа гадаа гаръя гээд орилоод уйлаад байхаар нь охиноо дагуулаад гадаа гараад өөрийн эзэмшлийн 01-29 УНЧ дугаартай Лексус-470 маркийн машиндаа охиноо суулгаад би өөрөө машинаа жолоодоод хашаанаас гараад явсан. Тэгээд би юу ч санахгүй байгаа. Архиндаа согтоод тасарсан байсан. Хаана явж байгаад осол гаргаснаа мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. ...Уг машиныг 2017 оны 6 дугаар сард танил Б-аас худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан. Би хохирогч М-д машины хохирол 7000000 төгрөг, хүнд гэмтэлтэй Б-, Ганбаатар нарын эмчилгээний зардалд 5000000 төгрөг, талийгаачийн оршуулгын зардалд 10000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Гомбосүрэнд 200000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-19-20/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-4-12/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13, 14/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-29/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П-н өргөдөл /хх-45-49/, оршуулгын зардлын баримтууд /хх-57-79/, Тоёота кроун маркийн 89-75 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-91/, хохирогч Б-ийн хохирлын баримтууд /хх-99-145, 147/, насанд хүрээгүй хохирогч АМ.Г-хохирлын баримтууд /хх-146/, иргэний нэхэмжлэгч М-ийн хохирлын баримтууд /хх-148-156, 159-160/, М.О- хохирлын баримтууд /хх-157-158/, иргэний нэхэмжлэгч И.Г-гийн хохирлын баримтууд /хх-166-187/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 17929 дүгээр дүгнэлт /хх-209/, шинжээчийн 7927 дугаар дүгнэлт /хх-212/, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-220-223/,  хохирогч АМ.Г-өвчний түүх /хх-229-240/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-28-33/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П-д хохирол төлсөн баримт /хх-41-44/, хохирогч А.Б- нарт хохирол төлсөн баримт /хх-46-52/, иргэний нэхэмжлэгч И.Г-д хохирол төлсөн баримт /хх-53-54/, хохирлын баримт /2 дугаар хавтас, хх-83-87, 88-90/, талуудаас шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтууд, гэрэл зураг, СД, мэдээллийн сайтаас авсан гэх мэдээний хуулбар, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ц-согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт зуслангийн замд “Lexus-470” маркийн 01-29 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” заалтыг зөрчин “Toyota Crown” маркийн 89-75 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс зорчигч Б.У-ын амь насыг хохироосон, зорчигч А.Б-, М.Г-нарын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Б.М-, И.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч А.Б-ийн эзэмшлийн 89-75 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6667000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Үүнээс согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Б.М-ийн жолоодож явсан 89-75 УНУ улсын дугаартай “Toyota Crown” маркийн А.Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 6,667,000 төгрөгийн хохирол, зорчигч Б.У-ын амь насыг хохироосон, зорчигч А.Б-, М.Г-нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Энэ нь хохирогч С.П-гийн “...осол болдог өдөр манай нөхөр өглөө Сонгинохайрхан дүүрэг орж хүнтэй уулзана гээд гараад явсан. 17 цаг өнгөрч байхад над руу нөхрийн найз Батболд залгаад “У- осолд орчихлоо, Гэмтлийн эмнэлэг дээр очоорой” гэсэн. Гэмтлийн эмнэлэгт очоод нас барсан гэдгийг нь сонссон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-33-34/, хохирогч А.Б-ийн ““Ар гүнт”-ийн зуслангийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй давааны өөд өгсөж явтал осол болсон байсан. Би яг юу болсныг мэдэхгүй байгаа. Одоо хэвтрийн дэглэм сахиж байгаа. Баруун, зүүн хөл, зүүн гарт хагалгаа хийлгэж хадуулсан. Нүүрний зүүн тал мэдээ алдаж, мэдээгүй болсон. Жолооч Ц- нь машины хохиролд 7000000 төгрөг шилжүүлсэн. Мөн хагалгаа болон эмчилгээний зардалд нийт 4800000 төгрөг шилжүүлсэн. Гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-82-83/, насанд хүрээгүй хохирогч М.Г-хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн “...замын эргэлттэй хэсэг дээр эсрэг урсгалаас машин дайвалзаад гараад ирсэн. Би баруун гар тал руугаа дараад зогсоод өнгөрөөе гэж бодоод зогсох гэтэл шууд чигээрээ урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Би ухаан алдсан байсан. Манай эхнэрийн хоёр хөл, цээжин хэсэг урд салонд хавчигдаад гарч чадахгүй байсан. Нөгөө жийп машинаас жолооч нь болох нэг согтуу залуу болон жоохон хүүхэд гарч ирсэн. Кадастрын залуутай хамт явсан залуу нас барсан байсан. Ганбаатарын дэлүү бяцарсан гээд яаралтай хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан, нарийн гэдэс улайлттай байсан, зүүн талын дух орчимд шилэнд зүсэгдэж оёдол тавиулсан. Эхнэр Б-ийн хоёр хөлийн дунд чөмөг хугаралтай, зүүн гар хугаралтай, 6 хавирга хугаралтай, өвчүү, далны толгой хугаралтай, хоёр уушиг бяцралттай байна гэсэн, нүдний ухархай хугаралтай, нүүрний зүүн тал мэдээгүй байгаа. Машинд учирсан хохирол болон эмчилгээний зардлыг барагдуулмаар байна. Мөн эхнэр, хүүхдээ эрүүл саруул болгомоор байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-85-88/,

иргэний нэхэмжлэгч И.Г-гийн “...Энэ үед манай ажлын өрөөнд байсан Ука гэдэг залуу “би хамт явъя Ар гүнтэд нэг цэг үзчихээд ирье” гээд хамт машинд суусан. ...Ар гүнтийн даваа руу өгсөж явтал өөдөөс нэг том жийп машин урсгал сөрж орж ирэх шиг хальт харагдаад манай машин тоормоз гишгэх үед осол болсон. Би ухаан алдсан байсан. Толгойн хуйханд шархтай байсныг оёдол тавиулсан, зүүн гуяны зөөлөн эдийн няцралтай, баруун гар зулгарч шалбарсан, баруун өвдөг орчимд хөхөрсөн, хөл гарын хуруу тулсан байсан. ...Ослын улмаас газар хэмждэг багажны таяг хугарсан. Жолоочоос 2345150 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-162/,   

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.08.22-ны өдрийн 1628 дугаар акт /1 дүгээр хавтас, хх-197-203/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10555 дугаар шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-225-226/, 10554 дүгээр шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-228/, 10584 дүгээр шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-244 246/, 10588 дугаар шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-248/,

Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017.10.10-ны өдрийн 476 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас, хх-2-3/, шүүгдэгч Д.Ц-ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад гудамжинд зүс таних нэг залуутай 0.5 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Би нэлээн согтоод гэртээ ирээд унтчихсан байсан. Манай 2 настай охин ааваа гадаа гаръя гээд орилоод уйлаад байхаар нь дагуулж гараад өөрийн эзэмшлийн 01-29 УНЧ дугаартай Лексус-470 маркийн машиндаа суулгаад би өөрөө машинаа жолоодоод хашаанаас гараад явсан. Тэгээд би юу ч санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэгт ирсэн байсан. ...Уг машиныг 2017 оны 6 дугаар сард танил Б-аас худалдаж аваад нэрээ шилжүүлээгүй байсан. Би хохирогч М-д машины хохирол 7000000 төгрөг, хүнд гэмтэлтэй Б-, Ганбаатар нарын эмчилгээний зардалд 5000000 төгрөг, талийгаачийн оршуулгын зардалд 10000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Гомбосүрэнд 200000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-19-20/ болон шүүх  хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Ц-автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж нэг хүний амь нас хохироосон, хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас Б.У-ын амь нас хохирч, хууль ёсны төлөөлөгч С.П-д 20 /хорь/ сая төгрөг төлсөн, тэрээр “Нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгч Д.Ц-түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Харин хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Эмчилгээний зардалд 15,907,070 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 6,000,000 төгрөг нэхэмжилнэ” гэснээс хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 11,380,803 төгрөг, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 10 баримтаар тогтоогдсон зардал 471,800 төгрөг, нийт 11,852,603 төгрөгийг гаргуулж, хоолны зардалд зарцуулсан 6 ширхэг /хх-107, 26.600 төгрөг, хх-108, 14,500 төгрөг, хх-113, 39,900 төгрөг, хх-115, 34,900 төгрөг, хх-127, 15,480 төгрөг, хх-136, 22,734 төгрөг/ баримтын нийт 154,114 төгрөг, төлбөртэй тасаг 200000 төгрөг, бүсний үнэ 60000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Мөн насанд хүрээгүй хохирогч М.Г-эрүүл мэндэд хүнд хохирол учирч, “эмчилгээний зардалд 3,420,180 төгрөг” нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон 620,180 төгрөгийг гаргуулж, хоолны зардалд зарцуулсан 6 баримтын /хх-140, 16,200 төгрөг, 47,900 төгрөг, хх-142, 79,800 төгрөг, хх-143, 4550 төгрөг, 43,500 төгрөг/ үнэ нийт 191,950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хагалгааны зардал 2,800,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Иргэний нэхэмжлэгч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч “эмчилгээний зардалд 1,516,310 төгрөг” нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдсон тул гаргуулахаар шийдвэрлэв.

Хохирогч А.Б-, иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- нар “ажилгүй байсан хугацааны цалин нийт 15,600,000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн боловч уг зардалтай холбоотой нотлох баримт хуулийн шаардлага хангаагүйн зэрэгцээ иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй /А.Б- нь групп тогтоолгож авдаг тул зөрүүг хэрхэн яаж тооцсон, ажилгүй байсан хугацааг аль хугацаанаас хэдийг хүртэл хэрхэн тооцох талаар тодорхойгүй/ байх тул нотлох баримтаа хуулийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой, тооцоололтой болгосны эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж байна.         

Шүүгдэгч Д.Ц-хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт “Тээврийн хэрэгслийн үнэ 7,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 4,800,000 төгрөг тус тус төлжээ.

Иргэний нэхэмжлэгч И.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч “эмчилгээний зардалд 2,870,450 төгрөг, бусад зардалд 950,900 төгрөг, нийт 3,821,350 төгрөг” нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 1,394,250 төгрөг, багажны гэмтлийн үнэ /таяг/ 375,000 төгрөг, нийт 1,769,250 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 1,476,200 төгрөг, бөөгийн заслын үнэ 285,000 төгрөг буюу нийт 1,761,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Харин гэмт хэргийн улмаас бохирлогдсон хувцсаа хаяж, шинэ хувцас авсан гэх зардал 290,900 төгрөгтэй холбоотой өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдэх үед ямар хувцас өмсөж явсан, тэдгээр нь дахин ашиглагдах боломжгүй болсон талаар болон хэдийд хаанаас ямар үнээр авсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Мөн хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгчийн зүгээс “өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн өмгөөлөгчид төлөх хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй юм.

Д.Ц-ын жолоодон явсан Lexus LX470 маркийн 0129 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Б- болох нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтаар тогтоогдож байна. Шүүгдэгч, иргэний хариуцагч нар тухайн тээврийн хэрэгслийг худалдаж, худалдан авсан талаар мэдүүлж байгаа боловч энэ талаар хэрэгт баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Ц-т иргэний хариуцагч Н.Б- худалдсан талаар баримт авагдаагүй, худалдсан нь нотлогдохгүй байна гэж шүүх үзлээ.   

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт шүүгдэгч Д.Ц-, иргэний хариуцагч Н.Б- нараас нийт 14,132,393 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Б- нарт 12,363,143 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч И.Г-д 1,769,250 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Нийтэд аюултай аргаар үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал байна” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг “Амь хохирогчийн оршуулгын зардлыг төлсөн. Б- нарт зарим хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж бага ял өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, онцгой нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.    

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ /1,96%/ гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохироож, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдлыг /хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон бусад/ харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Д.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад уг ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг Д.Ц-т хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн зүйл, хэсэгт “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” байхыг шаардаж байх бөгөөд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй, хохирол, хор уршиг арилаагүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.  

Шүүгдэгч Д.Ц-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д-ын Ц-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Ц-т оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ц-ын цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Ц-, иргэний хариуцагч Н.Б- нараас 14,132,393 төгрөг гаргуулж, 12,363,143 төгрөгийг хохирогч А.Б-, насанд хүрээгүй хохирогч М.Г-/................. нарт, 1,769,250 төгрөгийг иргэний нэхэмжлэгч И.Г- /................/-д тус тус олгосугай.  

7. Хохирогч А.Б-, М.Г-нарын нэхэмжлэлийн шаардлагаас төлбөртэй өрөөний 200,000 төгрөг, бүсний 60,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг тустус хэрэгсэхгүй болгож, А.Б-, М.Г-нар цаашид гарах хохирол, хор уршгийн баримтаа, А.Б-, Б.М- нар ажилгүй байсан хугацааны цалингийн баримтаа, иргэний нэхэмжлэгч И.Г- устгасан гэх хувцасны болон эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ц-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П-, иргэний нэхэмжлэгч Б.М-, М.О- нарт эмчилгээтэй холбоотой төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Ц-ын эдлэх ялыг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР