Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00542

 

А.Г-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03434 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.О-, О.Н- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах,

хариуцагч Д.О-ийн А.Г-ыг орон сууцнаас нүүлгэн гаргах, хөлслөх гэрээний үүрэгт 49,784,876 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Д.О-, О.Н-, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Зээл 20 000 000 төгрөг,
    2. Анз 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг гаргуулна.

Түрээсийн төлбөрт хүү, алданги тооцохгүйгээр барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулж 20,000,00 төгрөгийн зээл авсан. Хариуцагчтай 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлж, хүүгийн төлбөрт Д.О-ийн өмч болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоот, 36,41 м.кв 2 өрөө сууцыг хөлслөхөөр болсон.

Зээлийн гэрээ, зээлийн гэрээний баталгаа болгож барьцааны гэрээ, орон сууц хөлслөх гэрээг хамтад байгуулсан. Зээл болон сууц хөлслөх гэрээний дагуу нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 00 тоот сууцад өнөөдрийг хүртэл амьдарч байна. Зээлийн болон орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусах байсан боловч зээлдэгч талын хүсэлтээр хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.

Хариуцагчид холбогдуулан 2018 онд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон ба 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 102/ШШ2018/00592 тоот шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилсан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс хариуцагчийн хаягыг тогтоосон. Ингээд нэхэмжлэл гаргах гэтэл дахин тус хаягнаас нүүсэн байсан. Утсаар холбогдтол “зайлшгүй шаардлага гараад нүүсэн, удахгүй тогтсон хаягтай болохоороо хэлье. Түр хугацаа өгөөч” гэж гуйсан,хугацаа өгсөн. Удалгүй Ковид-19 цар тахал гарсантай холбоотой санхүү хэцүү байна гэж шалтаг зааж би ч хугацаа өгөөд өдийг хүрсэн. Гэтэл 2021 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх бичгийг хүлээн авсан. Үл хөдлөх хөрөнгийг үнэлэхээр шинжээч ирж үнэлгээ хийгээд явсан. Одоо шүүхийн шийдвэрийн дагуу миний хөлсөлж байгаа байрыг удахгүй зарж борлуулах гэж байна.

 

2. Хариуцагч Д.О-ийн тайлбарын агуулга:

            Гэрээний хугацаа дууссан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш байр суллах, байраа түрээсэлж мөнгийг чинь гаргаж өгөх талаар удаа дараа ярьж сонинд зар тавьж, бүр өөрсдийнх нь нэрээр /Г-9900000, эхнэр У-9000/ хүртэл зар тавьж байсан. Зээлсэн 20,000,000 төгрөгийг төлөх ёстой. Эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр гаргасан байна. А.Г-той уулзаад сонинд зар тавиад л явдаг байсан. А.Г-, эх Д.О- нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд О.Н- оролцоогүй, А.Г-оос хүлээсэн зээлийн гэрээний үүрэггүй.

 

3. Хариуцагч О.Н-ийн тайлбарын агуулга:

2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр А.Г-, Д.О- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд оролцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч биш тул А.Г-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч Д.О-ийн сөрөг нэхэмжлэлийн агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

4.1. А.Г-ыг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 50 байрны 2 тоот орон сууцнаас албадан нүүлгэж,

4.2. Гэрээний хугацаа дууссанаас  хойших буюу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох /76 сар 18 хонгоор тооцоолж/ 49,784,876 төгрөгийг гаргуулна.

Хариуцагч нь өмчлөлийн сууцаа 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хөлслөх гэрээг А.Г-той байгуулан оруулсан. А.Г-оос 1 жилийн хугацаатай 20,000,000 төгрөг зээлсэн. Гэрээний хугацаа дууссанаас хойш түүнийг байрнаас гар өөр хүмүүс оруулж мөнгийг чинь гаргаж өгье гэхээр мөнгөө авч байж гарна гэдэг. Мөн сонинд зар тавьдаг боловч А.Г- хүн очихоор үзүүлдэггүй, оруулдаггүй. А.Г- олон жил сууцыг эзэмшлээ. А.Г-той түрээсийн гэрээ байгуулж байхад 2 өрөө байрны түрээсийн төлбөр сард 650,000 төгрөг байсан. Хариуцагч нь 2 хүүхдийн хамт байр түрээслээд түрээсийн төлбөрт 6 жилийн хугацаанд 25,550,000 төгрөг төлсөн.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Түрээсийн гэрээний хугацаа дууссаны дараа хариуцагчтай холбоо барих гэхээр утсаа авдаггүй, ажил дээр нь очихоор уулздаггүй, ярилцдаггүй байж дарамталсан гэж ярьж байгаа нь худлаа. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие төлбөрийг авсан тохиолдолд орон сууцыг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй.

 

6. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д О-нээс 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулж А-н Г-од олгож, О-ийн Н-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Г-, түүний гэр бүлийн гишүүдийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 50 дугаар байрны 2 тоот сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, А.Г-оос 49 784 876 төгрөг гаргуулахыг хүссэн Д.О-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            7. Хариуцагч Д.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            7.1. Гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон. А.Г- орон сууцыг ямар ч хариу төлбөргүйгээр 8 жил шахам ашигласан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулна.

 

            8. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

            Орон сууцанд үнэ төлбөргүй амьдарсан гэж байна. 1 жилийн гэрээ дууссаны дараа 20,000,000 төгрөгийг өгсний дараа энэ асуудал яригдах ёстой. Гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж, мөнгөө авъя гэх асуудлыг ярьдаг. Олдохгүй болохоор нь шүүхээр эрэн сурвалжлуулдаг. Хэрэгт баримтууд авагдсан. Хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч О.Н-ийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, гэрээг зөв тайлбарлаагүй, нотлох баримтыг зохих журмаар үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч Д.О-, О.Н- нарт холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт

    1. Зээл 20 000 000 төгрөг
    2. Анз 10,000,000 төгрөг,

нийт 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.О- эс зөвшөөрч “төлвөл 20,000,000 төгрөгийн зээлээ л төлөх ёстой” гэж тайлбарласан. Хариуцагч О.Н- “нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээний тал биш” гэж маргасан.        

  /хх1, 25, 103/

 

4. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээр

4.1. А.Г-ыг Баянгол дүүргийн 5 дугаар хороо 50 байрны 2 тоот орон сууцнаас албан нүүлгэж,

4.2. Гэрээний хугацаа дууссанаас хойших буюу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох /76 сар 18 хоногоор/ тооцоолж 49,784,876 төгрөгийг гаргуулна гэж шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан. /хх26, 166-167/

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

5.1. Д.Г, Д.О- нар 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 20,000, 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээнд 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хүүгүйгээр зээлдүүлэх, гэрээний 3 дахь заалтаар зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр бичгээр тохирсон. Зээл 20,000,000 төгрөгийг Д.Г нь Д.О-ийн өмчлөлд шилжүүлсэнд талууд маргаангүй. /хх 5/

 

5.2. Талууд мөн 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж хариуцагч орон сууцны эзэмшлээ Д.Г-д шилжүүлсэн. Уг гэрээгээр зохигч зээлдэгчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 50 дугаар байрны 2 тоот сууцыг 1 жилийн хугацаатай хөлслүүлэх, сууц хөлсөлсний төлбөрт  зээлдүүлсэн мөнгөний хүүг тооцохоор тохиролцсон. /хх7/

 

5.3. Хариуцагч зээлийг төлөөгүй, нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлөөгүй байгаа үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. /хх25/

 

5.4. Гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 00 тоот, Ү-2205032920 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 36.41 м.кв 2 өрөө сууцны өмчлөгч нь Д.О- болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. /хх109/

 

5.5. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00592 тоот шийдвэр авагдсан. Уг шийдвэрээр хариуцагч Д.О-нийг эрэн сурвалжилсан. /хх11/

 

5.6. Зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг зохигч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

5.7. Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох орон сууц шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, уг үл хөдлөх хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгаа үйл баримт тогтоогдсон. /хх9/

 

5.8. А.Г-ын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 50 дугаар байрны 2 тоот сууцыг чөлөөлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт заасныг А.Г- хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

5.9. Хариуцагч О.Н- нь зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэхээр тохиролцоогүй, гэрээний оролцогч биш, түүнээс үүрэг шаардахгүй гэж дүгнэснийг зохигч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

5.10. Хариуцагч Д.О- зээл 20,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. /хх166-167/

 

6. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

6.1. Нэхэмжлэгчийн “зээл 20,000,000 төгрөгт анз 10,000,000 төгрөг тооцож гаргуулна” гэсэн байр суурийг Д.О- эс зөвшөөрч “хүүгийн төлбөрт сууцыг хөлслөхөөр болсон. Гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны хөлс шаардана” гэж маргасан.

 

7. А.Г-, Д.О- нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр байгуулагдсан зээл, орон сууц хөлслөх гэрээнүүд нь хоорондоо агуулгын хувьд салшгүй холбоотой холимог гэрээ байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна. Талууд 20,000,000 төгрөг зээлдүүлж, хүүд нь орон сууц хөлслөхөөр тохиролцож байгаа нь илүү орон сууц хөлслөх гэрээний гүйцэтгэлд төсөөтэй тухайн төрлийн гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Тухайн тохиолдолд хэлэлцэн тохирсон хөлс нь 20,000,000 төгрөгийн хүү байна.    

    /хх7/

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж зааснаас гадна эд хөрөнгө хөлслөх гэрээний нийтлэг журам мөн адил үйлчлэх юм.

 

Хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөхөөс гадна, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй.

 

Талууд хэдийгээр гэрээндээ орон сууц хөлслөх гэрээний хугацаа 1 жил гэж заасан боловч хариуцагч зээлийг төлөөгүй, нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлөөгүй үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.

 

Нэхэмжлэгч орон сууцыг, хариуцагч зээлийг ашигласаар байгаа тул талууд гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр бодит үйлдлээр сунгасан гэж үзэх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ. Иймд “гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон” гэх зохигчдын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

 

Анз нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр юм. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтрүүлсний төлөө тооцож буй хариуцлага байдаг.

 

Гэрээний хугацаа бодит үйлдлээр, хуульд зааснаар сунгагдсаар байгаа нөхцөлд Д.О-ийг гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх, түүнээс анз тооцон гаргуулах үндэслэлгүй тул анз 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь хугацаа хэтрүүлэх гэдэг нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тухай ойлголт юм. Гэтэл гэрээний хугацаа хуульд зааснаар сунгагдсан.

 

7.1. Гэрээний хугацаа дууссанаас хойших буюу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны түрээсийн төлбөр болох /76 сар 18 хоногоор/ тооцоолж 49,784,876 төгрөгийг гаргуулна гэсэн хариуцагчийн байр суурийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан. /хх26, 166-167/

 

Дээр дурдсан холимог гэрээний агуулга, гэрээний хугацаа хуульд зааснаар сунгагдсаар байгаа нөхцөлд хариуцагч ч мөн ялгаагүй орон сууцны хөлс шаардах эрхгүй. Хөлслүүлэгч буюу хариуцагч Д.О- нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн үед өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй талаар заасан. Хэргийн баримтаас талууд зөвхөн энэхүү шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалж байгаа үйл баримт тогтоогдсон байна.

 

Тухайлбал эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох орон сууц шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн, уг үл хөдлөх хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хүндэтгэн үзэх шалтгаан, хариуцагч Д.О- орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа зэргээс үзэхэд талуудын хоорондын гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй, А.Г-ын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх энэхүү шүүхийн шийдвэр гарснаар гэрээ сая цуцлагдаж байна гэж ойлгоно. Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасан шаардах эрх хариуцагч Д.О-д үүсэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв.

 

8. Анхан шатны шүүх А.Г-ын эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр заахдаа хуулийн дагуу үүсэх үүрэг буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. А.Г-ын эзэмшил нь хууль бус биш бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болж байгаа тул эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй.

 

            9. Иймд “7.1-д гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон, А.Г- орон сууцыг ямар ч хариу төлбөргүйгээр 8 жил шахам ашигласан. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулна” гэх хариуцагч Д.О-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/03434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.1.5, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-эс 20,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Г-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөг болон хариуцагч О.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 50 дугаар байрны 2 тоот орон сууцыг чөлөөлж хариуцагч Д.О-д хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч А.Г-од даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч А.Г-оос 49,784,876 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “307 950” гэснийг “257,950” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарлалтын “1, 2” гэснийг нэгтгэн “1” гэж, “3, 4” гэснийг “2, 3” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О-эс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,874 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД