Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 115/ШШ2026/0011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: Дорноговь аймгийн Прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Д.Д

 

Хариуцагч: Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т нарын хоорондын зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Гомдлын шаардлага: Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Тын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах

 

Шүүх хуралдаанд: Гомдол /дүгнэлт/ гаргагч хяналтын прокурор Д.Д, хариуцагч Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Д нь Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Тын гаргасан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн иргэн М.Эд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №1 дугаартай "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулахаар гомдол /дүгнэлт/ гаргасан.

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

2. Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т нь "эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан" гэх зөрчлийг үйлдсэн гэж иргэн М.Эд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

3. Прокурор шүүхэд ирүүлсэн гомдол /дүгнэлт/-ын үндэслэлдээ:

Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т “Халбаган овогт М.Эд /.../ шийтгэл оногдуулсан 1 дугаартай шийдвэрийг шалгалтын явцад хянахад Замын Үүд сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 тоот захирамжаар М.Эд Замын Үүд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн гудамж 500м² газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байх ба тэрээр газар эзэмших хугацаа дууссан буюу 15 жилийн хугацаа өнгөрсөн байхад сунгуулалгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үйлдэлд нь эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдогч М.Эд 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т зааснаар 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалд цугларсан: 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн "Эмнэлгийн магадалгаа" холбогдогч М.Э нь "ГЦХ урхаг, баруун гар хөлийн саажилт оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн магадалгаа, мөн Г.Батсайханы “М.Э харвалт өгсөн, баруун тал нь сул болсон, эмнэлэгт эмчлүүлж байгаа, босож явж чадахгүй байгаа..." гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдогч М.Э нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх, мөн хэрэг хариуцах чадвартай эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй нөхцөл байдалтай байсан мөн нотлох баримт дутуу, нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоолгүйгээр түүнд холбогдох зөрчлийн хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно" гэж тодорхой заасан байдаг ба эрх бүхий албан тушаалтан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр холбогдогч М.Э нь хэрэг хариуцах чадвартай эсэхийг шалгаж тогтоолгүйгээр, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, түүнд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-т зааснаар 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг зөрчиж шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан, Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Тын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр М.Эд шийтгэл оногдуулсан 1 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

3.1. Прокурор шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, дүгнэлтдээ:

“Шүүхэд гаргасан дүгнэлтээ бүрэн дэмжиж оролцож байна. Шүүх хуралдааны явцад заалт тус бүр дээр тодорхой тайлбарлаад яриад явсан байгаа. Нэгдүгээр асуудал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн холбогдогч зөрчлөө сайн дураараа илчилж ирж зөвшөөрч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэдэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байгаа.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөөч гэсэн нь М.Э өөрөө бичсэн эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал байна. Яагаад гэхээр итгэмжлэл дээр бичсэн гарын үсгээс харьцуулаад харахад тийм байдалтай харагдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэлийн тухайд бол 2025 оны 12 дугаар сарын 18-ны 3136 дугаартай итгэмжлэл дээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгож итгэмжлэл олгосон. Энэ дээр иргэний харилцаатай асуудал шийдэгдэхэд хүүхэд нь өөрийг нь төлөөлөөд оролцох боломжтой гэж харж байгаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л ажиллагааг хийгээгүй буюу нотлох баримт дутуу, шинжээчийн дүгнэлт гараагүй, холбогдогч Элбэгзаяа нь хэрэг хариуцах чадвартай юу, үгүй юу гэдгийг тогтоох ажиллагааг хийхгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай сайн нотолж тогтоож чадаагүй байгаа учраас шийтгэл оногдуулсныг үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

 

4. Хариуцагч Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Т шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“... Замын-Үүд сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар захирамжаар иргэн М.Эд 2 дугаар баг. Эрүүл мэндийн гудамд байрлах 500 м.кв газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа дууссан байхад сунгуулах хүсэлт гаргаагүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр үргэлжлүүлэн ашигласан зөрчил илэрсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч М.Э нь өөрийн хүсэлтээр итгэмжлэл гарган, өөрийн хүүг төлөөлөгчөөр оролцуулсан бөгөөд уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр байсан болно.

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 зааснаар зөрчилд холбогдогч нь өөрийгөө төлөөлүүлэх хууль ёсны төлөөлөгчөөр хүүгээ томилсон.

Иргэн М.Эгийн эрүүл мэндийн байдлын хувьд "эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа" талаарх баримт ирүүлсэн боловч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно" гэх нөхцөлийг нотлох хангалттай үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэнийг хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх эрх зүйн үндэслэл нь зөвхөн сэтгэцийн эмгэгийн улмаас дээрх чадвараа алдсан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд ийм дүгнэлт, нотлох баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй болно.

Харин эсрэгээр, холбогдогч нь өөрийн эрхээ хэрэгжүүлэн итгэмжлэл гаргаж, төлөөлөгчөөр дамжуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь түүнийг өөрийн үйлдлийг ухамсарлах, эрхээ хэрэгжүүлэх чадвартай байсныг илтгэж байна. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, холбогдогчийн эрхийг хангаж, төлөөлөгчөөр оролцуулсан, хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул эрх бүхий албан тушаалтны 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

4.1. Хариуцагч Газар геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч  Д.Т шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, дүгнэлтдээ:

“... Холбогдогч М.Э нь өөрийн хүсэлтээр итгэмжлэл гарган өөрийн хүүг төлөөлөгчөөр оролцуулсан бөгөөд уг итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэж үзсэн. Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зөрчилд холбогдогч нь өөрийгөө төлөөлүүлэх хууль ёсны төлөөлөгчөөр хүүгээ томилсон гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. М.Э нь эрүүл мэндийн байдлын хувьд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар баримт ирүүлсэн боловч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийг бодит шинж чанар, аюулыг ухамсарлах, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй хүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцно гэсэн нөхцөлийг нотлох хангалттай үндэслэл болохгүй байгаа.

Холбогдогч нь өөрийн эрхээ хэрэгжүүлэн итгэмжлэл гаргаж, төлөөлөгчөөр дамжуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, түүнд өөрийн үйлдлийг ухамсарлах эрхээ хэрэгжүүлэх чадвартай байсан гэж ойлгож байгаа. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдогчийн эрхийг хангаж төлөөлөгчөөр оролцуулсан, хэрэг хариуцах чадваргүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас эрх бүхий албан тушаалтны 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, иймд прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.    Шүүх прокурорын гомдол /дүгнэлт/-ыг хангах үндэслэлтэй байна.

 

6. Прокуророос хариуцагч газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагчийн /цаашид “эрх бүхий албан тушаалтан” гэж товчлох/ гаргасан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах гомдол /дүгнэлт/-ын шаардлагын үндэслэлээ “… хариуцагч нь иргэн М.Эд шийтгэл оногдуулахдаа түүний хэрэг хариуцах чадвартай эсэхийг шалгаж тогтоогоогүй, хууль ёсны төлөөлөгч томилоогүй, хүний эрх зөрчиж шийтгэл оногдуулсан” гэх, харин хариуцагчаас “... холбогдогч нь өөрийн эрхээ хэрэгжүүлэн итгэмжлэл гаргасныг өөрийн үйлдлийг ухамсарлах эрхээ хэрэгжүүлэх чадвартай байсан гэж ойлгосон, төлөөлөгчөөр дамжуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэх агуулга бүхий тайлбараар тус тус шаардлага, татгалзлаа тайлбарлан маргасан.

 

7. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

7.1. Зөрчлийн холбогдогч болох иргэн М.Эд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 113 дугаар захирамжаар Замын-Үүд сумын 2-р баг Эрүүл мэндийн гудамж хаягт 500м2 газрыг ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж улмаар 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М.Эд 0084272 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосон байх ба М.Эгийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна.

7.2. Иргэн М.Э нь “… эзэмшил газрын хугацаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дууссан , хугацаа дуусахаас өмнө хуулийн хугацаанд сунгалт хийлгээгүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр гарган Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн /хавтаст хэргийн 9 дэх тал/ ба М.Эгийн энэхүү хүсэлт дээрээ бичсэн гарын үсэг нь түүний 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ганзоригийн Батсайханд олгосон итгэмжлэлд /хавтаст хэргийн 16 дахь тал/ зурсан гарын үсэг, гарын үсгийн тайллаас илэрхий өөрөөр зурагдсан байна.

7.3. Үүний дараа хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас иргэн М.Эгийн хүсэлтийг хүлээн авч, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай”, “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай”, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” зэрэг Эрх бүхий албан тэмдэглэлээр /хавтаст хэргийн 8, 10-11, 22 дахь тал/;

7.4. Дээрх “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай”, “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай” зэрэг Эрх бүхий албан тэмдэглэлд холбогдогч гэх хэсэгт түүний хүү гэх Ганзоригийн Батсайхан нь “М.Э” гэж гарын үсэг зурсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон.

7.5. Улмаар эрх бүхий албан тушаалтан нь М.Эг “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-аар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтад зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба, зөрчилд холбогдогч М.Э нь мөн өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр торгох шийтгэлийн 500,000 төгрөгийг Төрийн сангийн дансанд тушааж, шийтгэлийг биелүүлсэн нь №1 дугаартай “Шийтгэлийн хуудас”, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ тогтоогдож байна.

 

8. Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчин иргэн М.Эд шийтгэл оногдуулсан болох дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

8.1. Өмнөх хэсэгт дүгнэснээр иргэн М.Эгийн Замын-Үүд сумын 2-р баг Эрүүл мэндийн гудамж хаягтай 500м2 ахуйн зориулалт бүхий газрыг эзэмших 15 жилийн хугацаа буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан ба Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад[1] гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж зааснаар М.Э нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргахаар байжээ.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4. “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн Газрын тухай хууль зөрчих гэх 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан “хуульд заасныг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил үйлдсэн гэж үзэхээр байна.

8.2. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1. “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1. “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан.

М.Э нь “газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй” Газрын тухай хуулийг зөрчсөн зөрчлийг 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлдэж дууссан, өөрөөр хэлбэл зөрчил мөн өдөр төгссөн бөгөөд хариуцагч нь үүнээс хойш 6 сар буюу 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна.

Гэтэл хариуцагч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноос хойш хуанлийн 4 жил 9 сарын дараа хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул прокурорын “хүний эрхийг зөрчин шийтгэл оногдуулсан” гэх агуулга бүхий гомдол үндэслэлтэй.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1. “Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй”,  1.2. “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж, 6.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд даруй бүртгэж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ” гэж зааснаар хариуцагч нь “зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн” эсэхээс үл хамааран хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр зөрчлийн мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар М.Эд шийтгэл оногдуулсан хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл “зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн” гэх хариуцагчийн татгалзал нь түүний зөрчил шалган шийдвэрлэсэн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, иймээс хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Тын М.Эд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож, прокурорын гомдол /дүгнэлт/-ийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хууль зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь нэгэнт тогтоогдсон тул прокурорын “... М.Эд шийтгэл оногдуулахдаа түүний хэрэг хариуцах чадвартай эсэхийг шалгаж тогтоогоогүй, хууль ёсны төлөөлөгч томилоогүй” гэх гомдлын үндэслэлд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

9. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журмын талаар:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга, журмыг тусгахаар заасан ба шүүх хариуцагч эрх бүхий албан тушаалтан Д.Тын иргэн М.Эд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай “Шийтгэлийн хуудас”-д хүчингүй болгож шийдвэрлэсэн тул М.Эгаас “Төрийн сангийн MN020090100060000982 До.МХГазар-орлого” дансанд төлсөн торгуулийн 500,000 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, М.Эд олгох замаар шийдвэрийг биелүүлэхийг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дын гомдол /дүгнэлт/-ын шаардлагыг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Тын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар прокурор нь шүүхэд дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Газар, геодези зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Таас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан М.Эгаас “Төрийн сангийн MN020090100060000982 До.МХГазар-орлого” дансанд төлсөн торгох шийтгэлийн 500,000 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, М.Эд /РД:.../ 500,000 төгрөгийг олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ОТГОНТУЯА

 


[1] 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газрын тухай хуулиар “37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "тухайн шатны Засаг даргад" гэснийг "цахим системээр" гэж өөрчилсөн.