Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 234

 

                   

 

 

 

 

 

 

 

 

 

                  

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Ч.Отгонсүрэн, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802000240027 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо, Мал тууврийн зам 1-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Боржигон овогт С.Т

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Хөтөл гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 281 грамм зэрлэг олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 03-16 УНИ улсын дугаартай Ниссан Тийда /Nissan Tiida/ маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.Т: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг өгөхгүй, дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна, манай аав нэг хөлгүй учир эрүүл мэндийн хувьд би асардаг, өөрөөр асрах хүнгүй, энэ нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Гэрч Э.Энхмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө ...Замын цагдаагийн албанаас “Бүлгийн эргүүл” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, миний бие хамгаалалтын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ө.Эрдэнэбаярын хамт Хан-Уул дүүргийн 120 мянгатын уулзвар орчим үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 23 цагийн үед ахлах ахлагч Б.Баянмөнх 03-16 УНИ улсын дугаартай Ниссан Тида загварын хар өнгийн тээврийн хэрэгсэл гэрэлтүүлэггүй хөдөлгөөнд оролцоод яваад байна, зогсоогоорой гэж станцаар мэдэгдсэний дагуу 120 мянгатын уулзвар өнгөрөөд Тэмээтэй хөшөөний зүүн талын төв зам дээр уг тээврийн хэрэгслийг саатуулан шалгасан. Тээврийн хэрэгслийн жолоочоос ямар учраас гэрэлтүүлэггүй замын хөдөлгөөнд оролцож байгаа болон бичиг баримтын талаар асуухад тухайн залуугийн хэл яриа удаашралттай, хүүхэн хараа өргөссөн, гөлийсөн, манарсан шинж байдал ажиглагдсан тул жолоочийг тээврийн хэрэгслээс буулгаж тээврийн хэрэгсэлд ерөнхий үзлэг хийж багаж хэсгийг шалгахад багажанд хар өнгийн цүнхэн дотор 1,25 литрийн кока кола ундааны саванд ногоон өнгийн хатсан өвс, ургамал мэт зүйл хийсэн байсан тул шалгуулахаар 102-т дуудлага, мэдээлэл өгсөн...” /хх-ийн 32/ гэсэн,

Гэрч Г.Ганбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед найз Тийн хамт ...120 мянгатын уулзвараар Зайсан руу эргээд явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд Тийн автомашиныг шалгахад багажинд байсан хар өнгийн цүнхнээс хар тамхины ургамалтай кока кола ундааны сав гарч ирсэн. ...Би хоёр хоногийн өмнө Ттэй уулзахад надад тамхи гаргаж өгөхдөө ундааны савтай зүйлээс хийсэн гэж хэлсэн. Анх татахад толгой эргэж архи уучихсан юм шиг мэдрэмж төрж байсан...” /хх-ийн 22/

Шүүгдэгч С.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 07 дугаар сард ...Сэлэнгэ аймгийн ээж мод үзэж дотроо онгойлгохоор аавынхаа 03-16 УНИ улсын дугаартай Ниссан Тида машиныг аваад ганцаараа Сэлэнгэ аймаг руу явсан. Замдаа Урьхан орж дэлгүүрээс ус, ундаа аваад хоолны газарт хоол идэж байхад хажуугийн ширээнд сууж байсан залуучууд Сайхны хөндийгөөр өвс ургадаг юм байна гээд хоорондоо ярьж байхыг сонссон. Ингээд ээж модон дээр очиж хэсэг байж байгаад буцах замдаа хүнээс зам асууж Сайхны хөтөлийн орчим очиж зогсоход замын хажуу жалганд интернетээс зургийг нь харж байсан каннабис өвс ургасан байхаар нь ундаа ус авсан уутанд түүж, багажиндаа хийж хатаасан. Уг өвсөө хатсаных нь дараа ууттай байлгаж байхаар их үнэртээд байсан болохоор  битүү юманд хийе гээд үйрүүлж байгаад ундааны саванд хийсэн. 2017 оны 12 дугаар сар хүртэл 2-3 удаа хэрэглэсэн бөгөөд машины багажийг хэн ч онгойлгодоггүй болохоор тэндээ л байсан...” /хх-ийн 52-53, 123-124/ гэсэн мэдүүлгүүд,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 767 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “ ...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ХУДЦХ-1 а/х Ариунболд ургамал” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

4. Энэ асуулт манай лабораторын тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно...” /хх-ийн 34-35/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 770 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Т 2017.12.28 23:00” хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлтүүд,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8/,

- Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны MULTIDRUG 6-1 CUP-ны зарцуулалтын тайлангийн загвар /хх-ийн 9/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 41-42/,

- Шүүгдэгч С.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа, жолооны үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 64, 73/,

- Шүүгдэгч С.Тийн хувийн байдалтай холбоотой гэрч Ё.Эрдэнэтуяа, Ч.Нямгэрэл, А.Сайнбилэг нарын мэдүүлгүүд, бусад баримт /хх-ийн 26-31, 77-80/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 152-153/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 154/,

- Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 156/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2017 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Хөтөл гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй 281 грамм зэрлэг олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 03-16 УНИ улсын дугаартай Ниссан Тийда /Nissan Tiida/ маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Э.Энхмөнхийн “...2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө ...жолоочоос ямар учраас гэрэлтүүлэггүй замын хөдөлгөөнд оролцож байгаа болон бичиг баримтын талаар асуухад тухайн залуугийн хэл яриа удаашралттай, хүүхэн хараа өргөссөн, гөлийсөн, манарсан шинж байдал ажиглагдсан тул жолоочийг тээврийн хэрэгслээс буулгаж тээврийн хэрэгсэлд ерөнхий үзлэг хийж багаж хэсгийг шалгахад багажанд хар өнгийн цүнхэн дотор 1,25 литрийн кока кола ундааны саванд ногоон өнгийн хатсан өвс, ургамал мэт зүйл хийсэн байсан тул шалгуулахаар 102-т дуудлага, мэдээлэл өгсөн...” /хх-ийн 32/ гэсэн,

Гэрч Г.Ганбилэгийн  “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн үед найз Тийн хамт ...120 мянгатын уулзвараар Зайсан руу эргээд явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд Тийн автомашиныг шалгахад багажинд байсан хар өнгийн цүнхнээс хар тамхины ургамалтай кока кола ундааны сав гарч ирсэн. ...Би хоёр хоногийн өмнө Ттэй уулзахад надад тамхи гаргаж өгөхдөө ундааны савтай зүйлээс хийсэн гэж хэлсэн. Анх татахад толгой эргэж архи уучихсан юм шиг мэдрэмж төрж байсан...” /хх-ийн 22/

Шүүгдэгч С.Т-ийн “...2017 оны 07 дугаар сард ...Сэлэнгэ аймагт очоод ...хүнээс зам асууж Сайхны хөтөлийн орчимд очиж зогсоход замын хажуу, жалганд интернетээс зургийг нь харж байсан каннабис өвс ургасан байхаар нь ундаа ус авсан уутанд түүж, багажиндаа хийж хатаасан. Уг өвсөө хатсаных нь дараа ууттай байлгаж байхаар их үнэртээд байсан болохоор битүү юманд хийе гээд үйрүүлж байгаад ундааны саванд хийсэн. 2017 оны 12 дугаар сар хүртэл 2-3 удаа хэрэглэсэн бөгөөд машины багажийг хэн ч онгойлгодоггүй болохоор тэндээ л байсан...” /хх-ийн 52-53, 123-124/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 767 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “ ...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ХУДЦХ-1 а/х Ариунболд ургамал” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” /хх-ийн 34-35/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 770 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Т 2017.12.28 23:00” хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8/, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны MULTIDRUG 6-1 CUP-ны зарцуулалтын тайлангийн загвар /хх-ийн 9/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 20/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 152-153/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 154/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч С.Т нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх, шүүгдэгч С.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

                                                                                 

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,25 литрийн кока кола ундааны хуванцар савтай 207 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж,  битүүмжлэгдсэн 03-16 УНИ улсын дугаартай Ниссан Тида маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигон овогт С.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч С.Т-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг  хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг С.Т-д анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хураагдан 1,25 литрийн кока кола ундааны хуванцар савтай 207 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн 1802000240027 дугаартай хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР