Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00534

 

 

 

МА ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2021/02844 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МА ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Б-д холбогдох,

Хохиролд 24,965,362 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Компанид 55,478,582 төгрөгийн хохирол учруулснаас Ч.Б-гээс 45 хувь болох 24,965,362 төгрөгийг гаргуулна. /Хариуцагчийн цалингаас 771,990 төгрөгийг суутган хохиролд өр авлагад тооцсоныг нэхэмжлэлдээ тооцоогүй тул суутгагдсан үнийн дүнг хасч нэхэмжлэлийн шаардлагаа багасгана./

Ч.Б- нь МА ХХК-д автоцистернийн жолоочоор ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр МП ХХК-ийн агуулахаас 01-64 УНЦ улсын дугаартай автоцистернээр 6,370+6,330=12,700 литрийн АИ-95, 6,420 литрээр ДТ-ний орлого орой 20 цаг 30 минутын орчимд АИ-95 үлдэгдэл 7,957 литр, ДТ-ний 12,987 литрийн үлдэгдэл дээр орлого авадаа технологийн горим зөрчиж, АИ-95 автобензин болон дизель түлшийг хольсон зөрчил гарсан. Ч.Б- нь холилт үүссэн автобензинээ Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт зусланд байрлах шатахуун түгээх станц №35 дээр буулгасан.

Журмын дагуу ачигч нааш, цааш нь зөөнө гэсэн ойлголт байдаггүй, ачигч ачилтын тавцан дээрээ зогсож байдаг, харин жолооч аль торхонд юу ачихын харалдаа очиж зогсдог. Торхонд цагаан хил төмөр байдаг, тэр түвшинд хүртэл орох юм бол 6,370 литр шатахуун ордог. Тэр цагаан хил хүртэл ачигч хийх үүрэгтэй. Харин жолооч аль торхонд ачихаа өөрөө тааруулж зогсдог. Мөн журмаараа ачилтын тавцан дээр жолооч зогсоод илүү ачиж байна уу, дутуу ачиж байна уу гэдгийг хянах үүрэгтэй. Үүнийхээ дагуу жолооч эхний торхондоо түлш, дараагийн 2 торхонд АИ-95 хийсэн. Ингээд падаанаа бичүүлэхдээ сольж бичигдсэн байдаг. Үүн дээр нярав, болон тухайн хүлээж авсан түгээгчийн ч алдаа байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хамгийн гол нь 3 торхтой машиныг жолооч өөрөө хариуцаад явж байгаа, хаана нь юу ачсан бэ гэдгийг жолооч мэдэж байгаа, өөрөө харж байгаад ачуулсан байдаг. Гарахад нь шалгагч хүртэл доод талын шугам хоолойд нь шатахуун орж уу гэдгийг шалгаж гаргадаг. Гэхдээ ямар бүтээгдэхүүн ачсаныг нь шалгаж гаргадаггүй. Түүний дагуу жолооч нэгдүгээр торхонд түлш гэдгийг сайн мэдэж байсан. Очиж шатахуунаа буулгахдаа крантаа колонкийн АИ-95-ын саванд шланкаа холбуулаад, хариуцагч шланкынхаа нөгөө үзүүрийг машиндаа холбох ёстой байтал тэрийгээ АИ-95 руу холбохгүй дизель түлш авсан торхныхоо хоолой руу холбосон. Ингээд машин дахь түлш колонкийн АИ-95-ын сав руу орсон. Үүнээс хойш 3 хоногийн турш шатахуун зарсан. Хөдөө гарах гэсэн машин эвдрээд байна гээд хэрэглэгч нар буцаж ирээд байсан тул төвөөсөө хүмүүс дуудаж, эвдэрсэн гэх машинуудын банкин дахь шатахууныг суллаж авч шинжилж үзсэн. Хяналт шалгалтын алба шалгаж эхлэхэд эхний шалгалтын явцад 28,666,000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Шалгалт дууссанаас хойш дахиад үйлчлүүлэгч нар машин болохгүй байна гэж ирээд байсан. Энэ үйл явдал нь 2020 оныг дуустал үргэлжилсэн. Орж ирсэн үйлчлүүлэгчийн машиныг тухай бүрд нь янзлаад явуулдаг, Таван богд дээр ч янзлуулж байсан. Үйлчлүүлэгчийн машины нэг юм нь эвдрэхээр бүх зүйлийг шатахуунтай холбоод маш их гомдол гарсан. Энэ шатахуун холилдсон үйл явц бол жолооч хаана ямар шатахуун ачсан гэдгийг мэдэж байсан учраас жолоочид хариуцлагын тодорхой хувийг ногдуулах ёстой гэж үзэн хариуцлагын хэмжээгээр дүгнэсэн.

Салбарын үйлчилгээний газрын 01/20 тоот илтгэх хуудсаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 28 автомашины засварын зардал 23,499,682 төгрөг, АИ-95 15,598 литр, ДТ 20,299 литр шатахууны үнийн зөрүү АИ-92 болон АИ-95-ийн үнийн зөрүү 14,287 л*250/бөөний үнэ/=3,571,750 төгрөг, ДТ болон АИ-92-ийн үнийн зөрүү 6,370*200 /бөөний үнэ/=1,274,000 төгрөг нийт 5,166,750 төгрөг нийт 28,666,432 төгрөг болсон байна. Үүний 45 хувь болох 12,899,895 төгрөгийг автоцистерний жолоочоор төлүүлэхээр 48/20 тоот тушаал, мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/20 тоот илтгэх хуудасны нэмэлт №1-ээр 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 13 машины засвар үйлчилгээний зардал 26,812,150 төгрөгийн зардал нэмэгдсэн. 26,812,150 төгрөгийн зардлын 45 хувь болох 12,065,467 төгрөгийг төлүүлэхээр 02/21 тоот тушаал гарсан. МТ Авто ХХК нь шатахуун тээвэрлэлт, МТ Петролиум агуулах, МТ Дархан түгээх үйлчилгээ эрхэлдэг, толгой компани нь МТ ХХК 1 хувьцаа эзэмшигчтэй тус компаниуд нь харилцан тооцоо хийсэн тул МА ХХК нь нэхэмжлэлийг гаргаж байгаа.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

Миний бие 2019 оны 10 дугаар сараас эхлэн МА ХХК-д тээврийн жолоочоор ажилд орсон. Ажилд орсон цагаас байнга илүү цагаар ажиллаж байсан. Миний ажил үүргийн хувиар нь компанийн няраваас өгсөн падааны дагуу шатахуун түгээх станцад ачаа буулгах үүрэгтэй байсан. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өглөө над руу утасдаад миний жолооддог автомашин буюу 01-64 УНЦ улсын дугаартай автомашиныг яваад өгөөч гэж залгасан. Миний машин 3 тасалгаа буюу торхтой. 2 торхонд нь АИ-95, 1 торхонд нь түлш ачаад гараад ир гэсэн ам зааварчилгааны дагуу компанийн агуулахаас няравын өгсөн падааны дагуу дизель түлш нэг торхонд 6,370 литр, АИ-95 бензин 1 торхонд 6,330 литр, нөгөө торхонд 6,420 литр тус тус ачиж явсан. Ачигч ачдаг, би доор нь гоожиж байна уу, юу болж байна гээд хараад зогсдог. Түлшний байр руу очоод түлшээ ачиж хүрч ирээд 2 торхонд АИ-95 ачаад гарсан. Ачаа гарахдаа хувийн жин, хилийг нь тогтоож шалгуулдаг лаборант байдаг. Лаборантад үзүүлээд, тааруулаад ачаагаа аваад гарсан. Намайг шалгуулчихаад араас нь ороход лаборант хувийн жинг нь няравт хэлчихсэн байдаг. Орсон чинь нярав падаан бичсэн байсан би зөв бичсэн байх гэж бодоод гарын үсэг зураад гарсан. 2 түгээгч миний ачааг авсан. Бороо орж байсан болохоор тэр 2 түгээгч жинг нь ч үзээгүй, цагаан хилийг нь хараад хилээрээ байна аа ахаа, падаанаа хараад авсан. Ороод хяналтын цэг байдаг, нөгөөдөхийг харж байгаад ачаагаа буулгасан. Ачаа буулгахдаа падаанаараа зөв буулгасан. Тэгээд би явсан. Өмнөх өдөр нь би шөнийн 3 цаг хүртэл ажилласан. Маргааш өглөө нь цаг бүртгэдэг болохоор би нойр муутай, ядарсан, мөн машины номер явдаггүй өдөр намайг ажилд явуулсан. Ачаа буулгаж авснаас хойш 3 хоногийн дараа ийм асуудал үүссэн талаар мэдсэн байсан. Жолооч зөв газраа зогсох ёстой, зөв газраа зогсоогүйн улмаас буруудсан гэж нэхэмжлэгч тал хэлээд байна. Хүлээж авах журам зохицуулалт дээрээ заагаагүй, тэрийг нарийн хэмжилт хийдэг. МТ ХХК-ийн Петролиумын агуулахаас авч байгаа бол агуулахын нярав, ачигч, лаборант нарын зааврын дагуу бүх ачааг хэмжилтийн дагуу ачих ёстой. Тухай үед 12,700 литр АИ-95 бензин, 6370 литр дизель түлш гэсэн зааврын дагуу ачсан падааныг бичиж аваад, яг тэр падааныхаа дагуу Яргайтын ШТС хүлээж авсан. Миний хувьд ажил үүргийн хуваарийн дагуу падааны дагуу ачаа буулгасан ба надад ямар нэг крант буруу нээсэн зүйл байхгүй. Намайг компанид хохирол учруулсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-гээс 24,193,372 төгрөг гаргуулах тухай МА ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд 500,000 төгрөгийг гаргуулан шинжээч Б.Золжаргалд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. 21,193,372 төгрөг хохирол учирсныг нотлох үүргээ биелүүлсэн.

Хэргийн материал, хариуцагчийн тайлбараар А-95 автобензин, дизель түлш холилдож нэхэмжлэгч аж ахуйн нэгж болон үйлчлүүлэгч иргэдэд их хэмжээний хохирол учирсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа.

Нотлох баримтууд нь өөр байгууллага буюу МА ХХК, МП ХХК, “МД ХХК, МТ ХХК нар нь хамааралгүй компаниуд бөгөөд нэхэмжлэгч хохирол барагдуулсан талаар нотлогдохгүй байна гэх дүгнэлт үндэслэлгүй. Дээр дурдсан компаниуд тус бүртээ эрх үүрэг бүхий компаниуд бөгөөд үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь нэг этгээд ба иргэдэд учирсан хохиролыг барагдуулах зорилгоор тус бүртээ ажилласан талаарх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөөр байтал үнэлээгүйд туйлын гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шийдвэр үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч МА ХХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1.1. Ч.Б- нь МА ХХК-д автоцистернийн жолоочоор ажиллаж байхдаа

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлын хариуцлага алдаж, технологийн горим зөрчиж, АИ-95 автобензин, дизель түлшийг хольсон зөрчил гаргаж, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 28 автомашины засварын зардалд 23,499,682 төгрөг,

АИ-95 ДТ шатахууны үнийн зөрүү 5,166,750 төгрөг, нийт 28,666,432 төгрөгний 45% буюу 12,899,895 төгрөгийг автоцистерний жолоочоор төлүүлнэ.

 

1.2. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/20 илтгэх хуудасны нэмэлт №1-ээр 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 13 машины засвар үйлчилгээний зардал 26,812,150 төгрөгийн зардал нэмэгдсэн. Зардлын 45 хувь болох 12,065,467 төгрөгийг төлүүлнэ. Компанид нийт 55,478,582 төгрөгийн хохирол учруулснаас 45 хувь болох 24,965,362 төгрөгийг гаргуулна. Үүнээс суутган авсан 771,990 төгрөгийг хасч 24,193,372 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлээ тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2,158/

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

А.1. Ч.Б- нь МА ХХК-д автоцистернийн жолоочоор ажиллаж байхдаа

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр МП ХХК-ийн агуулахаас 01-64 УНЦ улсын дугаартай автоцистернээр АИ-95 бензин, дизель түлшийг тээвэрлэж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын зусланд байрлах шатахуун түгээх станц №35 дээр буулгасан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх235-245/

 

А.2. Нэхэмжлэгч байгууллагын тушаал, илтгэх хуудсаар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 28 автомашины засварын зардалд 23,499,682 төгрөг гарсан гэж үзэж үүний 45% буюу 12,899,895 төгрөгийг автоцистерний жолоочоор төлүүлэхээр шийдвэрлэсэн. /1хх148/

 

А.3. Мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/20 илтгэх хуудасны нэмэлт №1-д зааснаар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 13 машины засвар үйлчилгээний зардалд 26,812,150 төгрөг гарсаны 45 хувь болох 12,065,467 төгрөгийг жолоочоор төлүүлэхээр 02/21 тоот тушаал гарсан. /1хх149/

 

А.4. Нэхэмжлэгчийн “Яргайтын зусланд байрлах шатахуун түгээх станцын залуу хувийн жин градусыг үзэлгүй хэмжүүрийн цагаан хилийг үзэж падааны дагуу хүлээн авсан ба ачааг буулгаснаас хойш 3 хоногийн дараа ийм асуудал үүссэн талаар мэдсэн” гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

А.5. Хариуцагч Ч.Б-г МА ХХК нь ажлаас халсан үйл баримт нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 48/20 тоот “Төлбөр төлүүлж, ажлаас халах тухай” захирлын тушаалын хувиар нотлогдсон. /1хх148/

 

В. Зохигч дараах асуудлаар маргаж байна. Үүнд:

В.1. Нэхэмжлэгчийн “Орлого авах үед технологийн горим зөрчиж, АИ-95 автобензин болон дизель түлшийг хольсон зөрчлийг хариуцагч гаргасны улмаас хохирол учирсан” гэх байр суурийг хариуцагч эс зөвшөөрч “Ажил үүргийн хуваарь, падааны дагуу ачаа буулгасан. Надад ямар нэг крант буруу нээсэн зүйл байхгүй. Компанид хохирол учруулсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, алдаа гаргаагүй байхад ажлаас халсан” гэж маргажээ. /1хх158/

 

Талууд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гарсан авто бензин, дизель түлш хольсон гэх зөрчилд хэн буруутай байсан, хариуцагч буруутай эсэх асуудлаар маргаж байна.

 

Анхан шатны шүүх талууд хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан талаар зөв зүйлчилж дүгнэсэн.

 

Анхан шатны шүүхээс МА ХХК-д 24,193,372 төгрөгийн хохирол учирсан болох нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй талаар дүгнэснийг буруутгах боломжгүйгээс гадна шүүх эрх зүйн дүгнэлтийг дутуу хийсэн гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхээр заасан хэдий ч мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар заасан.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гэх зөрчлийн асуудлаар 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ./1хх1-2/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэхээр заасан.

 

Хэргийн баримтаас үзэхэд ажилтны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гэх зөрчлийн талаар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 01/20 дугаартай илтгэх хуудас болон түүний нэмэлт хуудас бичигдсэн./1хх11-16/

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 48/20 дугаартай төлбөр төлүүлж, ажлаас халах тухай тушаал гарсан. /1хх148/

2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/21 дугаартай төлбөр төлүүлэх тухай тушаал, кассын орлогын ордер/1хх149/ зэрэг баримтууд авагдсанаас үзэхэд ажил олгогч эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 3 сарын дотор шүүхэд хандах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй гэх боловч мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдсан зөрчлийн тухайд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, ажилтны гэм буруу эргэлзээгүй нотлогдоогүй, бусад этгээдийн буруутай ажиллагааны талаар хариуцагч маргасан байна.

 

Мөн хуулийн 136 дугаар зүйлд зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон эрх зүйн үндэслэл тодорхойгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2021/02844 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “128 дугаар зүйлийн 128.1.3 дахь хэсэгт” гэснийг “129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,777 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 Ш.ОЮУНХАНД