| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00615/И |
| Дугаар | 318/ШШ2025/00597 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 318/ШШ2025/00597
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт М.Б холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 326,374.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Магсаржав овогтой Буянхүү нь Анлок вишн финанс ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр дугаар ....... дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд М.Б-н цахимаар гаргасан хүсэлийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2023.10.01-ний өдөр 130,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024.02.29-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фейсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 474 хоног хугацаа хэтэрсэн байна. Манай А ББСБ ХХК нь Анлок вишн финанс ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 326,374.28 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 326,374.28 төгрөгийг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөн дүнг 2 хуваан төлж барагдуулна. 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сард 163,187 төгрөг хийх болно. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М.Б-н гаргасан тайлбартаа танилцлаа. 2 хувааж төлж барагдуулахаар тайлбар гаргажээ. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 326,374.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 326,374.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сард 163,187 төгрөг төлж барагдуулахаар хариуцагч М.Б хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,442 төгрөгийн тал хувь болох 5,221 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,221 төгрөг, хариуцагч М.Б-с 5,221 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 326,374.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч М.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,442 төгрөгийн тал хувь болох 5,221 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 5,221 төгрөг, хариуцагч М.Б-с 5,221 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР