Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00533

 

 

 

МТЗ ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02532 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МТЗ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МД ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 26,156,640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. МТЗ ТӨХК, МД ХХК нарын хоорондын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр нөхөн төлбөрт 26,156,640 төгрөгийг МИГ даатгал” ХХК-аас гаргуулна.

МТЗ ТӨХК нь МД ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Тухайн гэрээний даатгалын гэрээний зүйл болох 11-66 УНУ улсын дугаартай Lexus 570 маркийн автомашин 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян сумын нутаг, Өгөөмөр 2 дугаар баг, 55 км-т орших шонгийн ойролцоо битүү хучилттай замд зам тээврийн осолд орж тээврийн хэрэгсэлд 43,590,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнтэй холбоотойгоор МД ХХК-тай байгуулсан гэрээний 8.2-т заасан нотлох баримтуудыг цуглуулан даатгалын нөхөн төлбөр тогтоогдсон хохирол болох 43,590,000 төгрөгийн төсвийг хүргүүлсэн. Гэтэл МД ХХК нь тухайн 43,590,000 төгрөгөөс 17,437,760 төгрөг буюу 40 хувийг нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манайд шилжүүлж, үлдэгдэл 26,126,640 төгрөгийг Монгол улсын зөвлөх инженер А.Ц-гийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19/14 тоот дүгнэлтийг үндэслэн гэрээний 8.6.2-т заасан тохиолдол үүссэн гэж үзээд төлбөрийг өгөхөөс татгалзсан. Манай зүгээс зөвшөөрөхгүй, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9/817 тоот албан бичгээр төлбөрийг олгож, 2020 оны 03 дугаар сарын 20-ны дотор мэдэгдэхийг МД ХХК-д үүрэг болгосон. Гэтэл МД ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

МТЗ ТӨХК-ийн 11-66 УНУ улсын дугаартай автомашины хохирлын нөхөн төлбөрийг манай компани Даатгалын тухай хуулийн 8.1.4 дэх хэсэг, 1917/047 тоот даатгалын гэрээний 7.3.4, 7.3.6, 8.6.2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч шийдвэрлэсэн.

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 134 тоот тодорхойлолт болон Баянгол дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн ахлагч н.Г-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 20 минутад Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар баг, 156 км-т шонгийн ойролцоо гарсан осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэргийн газрын бүдүүвч, авто ослын фото зураг зэрэг материалыг даатгуулагч нь цуг ирүүлсэн. Эдгээр материалаас үзэхэд 11-66 УНУ улсын дугаартай авто машин нь авто замаар үл мэдэгдэх цэг буюу 156 дахь км-ын шонгоос 78 метр өнгөрч яваад А цэгт зам дээр үхэр мөргөсөн байдаг. Үүнээс 62 м-ын зайд замын хөвөөнөөс гадагш гараад зогссон байдалтай байдаг. Анх үхэр мөргүүлсэн А цэгээс 34 метрийн зайд шидэгдсэн байдалтай байсан нь цагдаагийн ослын бүдүүвч зурагт тэмдэглэгдсэн. Иймд тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О- нь хурд хэтрүүлж явсан байж болзошгүй гэсэн эргэлзээ даатгагчид төрсөн. Ийм учраас Даатгалын гэрээний 7.3.6-д даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материалд эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах эрхтэй гэж заасны дагуу даатгагч эрхийнхээ дагуу энэ заалтыг үндэслэн мэргэжлийн туслалцаа авах шаардлагатай гэж үзээд Авто тээврийн хэрэгслийн зөвлөх инженер, экспертэд хандаж дүгнэлт гаргуулсан.

Монгол улсын зөвлөх инженер эксперт А.Ц- нь цагдаагийн ахмад Г-ын зам тээврийн ослын газар хийсэн шинжилгээ дүгнэлт, фото зураг болон бусад зурагт үндэслэж дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтэд тус байрлалд зам тээврийн осолд орсон автомашины зураг 2 дээрх эцсийн зогсож байгаа байрлалд очиж зогсохоос өмнө үхэр мөргөсөн тул хөдөлгөөний кинетик инерци 62 м газрыг туулахаас гадна, үхрийг мөргөж 34 метрийн зайд шидэх болон автомашины өөрийнх нь эвдрэл гэмтэл, хэв гажилтыг үүсгэхэд зарцуулагдана. Тоёота Лексус 570 маркийн автомашин зам тээврийн осолд орох үедээ 108,74 км цагаас дээш хурдтай явсан  гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтэд үндэслээд жолооч Б.О- нь хурд хэтрүүлсэн тул Даатгалын гэрээний 8.6-д даатгуулагчийн дараах буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол дор дурдсан хувь хэмжээгээр ногдуулна гээд 8.6.2-т хурд хэтрүүлсэн гэдгийг эрх бүхий байгууллага болон экспертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хохирлын 40 хувь хүртэл хэмжээгээр олгоно гэсэн тул нийт хохирол 43,596,400 төгрөгийн 40 хувиар тооцож 17,437,760 төгрөгийг даатгуулагчид олгож шийдвэрлэсэн.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх материалыг хянаад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9/817 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт хороонд нотлох баримт ирүүлсэн дүгнэлт нь тамга тэмдгээр баталгаажаагүй байна, ийм учраас нотлогдсонгүй гэсэн байдаг. 19/11 тоот дүгнэлтийг хуулбарлаад явуулсан бөгөөд тамга нь бүдэг гарсан техникийн алдаа гарсан гэдэг тайлбараар буцаагаад А.Ц- инженерийн дүгнэлтийг тамга болон гарын үсэгтэй хуулбарлахгүйгээр эх хувиар нь Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн боловч хорооноос дахин шийдвэр гараагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагч МД ХХК-аас 17,437,760 /арван долоон сая дөрвөн зуун далан гурван мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТЗ ТӨХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243,139 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх нотлох баримтыг  буруу үнэлсэн. Жолооч Б.О- хурд хэтрүүлсэн.

Шүүхээс томилогдсон ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээчийн “хурдыг тодорхойлох боломжгүй” гэсэн хариу албан бичиг нь хариуцагчаас гарган өгсөн Монгол Улсын Зөвлөх инженер, экспертийн 19/14 тоот хурдыг тодорхойлсон дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй учир тэрхүү хариу албан бичигт хариуцагч маргах шаардлагагүй. Мөн тэрхүү хариу албан бичигтэй холбоотой нэмэлтээр бичгийн нотлох баримт шүүхэд гарган өгөх шаардлага үүсээгүй болно. Харин нэхэмжлэгчээс шүүхээс томилогдсон шинжээчийн тэрхүү хариу албан бичигт маргаагүй, нэмэлтээр бичгийн нотлох баримт шүүхэд гарган өгөөгүй нь хариуцагчийн шүүхэд гарган өгсөн зөвлөх инженер, экспертийн 19/14 тоот хурдыг тодорхойлсон дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн агуулга харагдаж байна. Мөн зөрчлийг шалгасан Төв аймгийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нь 143 дугаартай тодорхойлолт болон ослын бүдүүвч зураг зэргийг үйлдэн зөрчлийг шалгасан гэх баримтууд байх боловч хэргийн 90 дугаар талд Төв аймгийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1/1298 дугаартай албан бичгээр “... Төв айиаг дахь цагдаагийн тасгаас ... МТЗ ТӨХК-ийн Лексус 570 маркийн 11-66 УНҮ улсын дугаартай автомашины жолооч нь ... зам тээврийн осол гаргасан гэх зөрчлийг шалгасан талаарх баримт прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн хариуг шүүхэд ирүүлснээр цагдаагийн 143 дугаартай тодорхойлолт, ослын газрын бүдүүвч зураг, ослын фото зураг зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүйг тодорхойлж байна.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, харьцуулан үнэлсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хариуцагчаас татгалзлын үндэслэлээ болгосон зөвлөх инженерийн хурдыг тогтоосон дүгнэлтийг аль ч талаараа үгүйсгэж чадаагүй, няцаагаагүй.  

4.2. Энэхүү хэрэг маргаантай ижил төстэй хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 106 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2017/00307 дугаар тогтоолууд байгаа.

4.3. Шинжээч А.Ц-гаас мэдүүлэг авах хүсэлтийг хангаагүй.

Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгосон тусгай зөвшөөрөл бүхий Зөвлөх инженер, эксперт нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 19/14 тоот дүгнэлтээр осолд орсон тээврийн хэрэгсэл нь 108,74 км цагаас дээш хурдтай явсныг тогтоохдоо өөрийн эзэмшсэн тусгай мэдлэг, мэргэшилд тулгуурлан онол, практикийн үндэслэл бүхий тооцооллыг хийж дүгнэлт гаргасан. Тооцооллын талаар өөрийнх нь тайлбарыг сонсохоор  хариуцагч шүүхэд хандан хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа үнэн зөв, эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй байхад ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нөхөн төлбөртэй холбогдуулан даатгалын хохирлын үнэлгээ болон осол болсонтой холбоотойгоор маргаагүй. Мөн Даатгалын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөр гаргуулах хууль зүйн зохицуулалт үйлчилж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч МТЗ ТӨХК нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 26,156,640 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “осол жолоочийн хурд хэтрүүлснээс болж гарсан тул дээрх төлбөрийг төлөхгүй” гэж маргасан. /хх1-2, 34-35/

 

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1915/037/ҮҮГ-19/0606/02 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24:00 цаг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан нь хэрэгт авагдсан бичгийн гэрээгээр нотлогдсон. /хх7-11/

 

Даатгалын гэрээний хугацаанд МТЗ ТӨХК-ийн гэрээгээр даатгагдсан 11-66 УНҮ улсын дугаартай Лексус 570 маркийн автомашиныг Б.О- 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр жолоодож яваад Төв аймгийн Баян сумын нутаг Өгөөмөр 2 дугаар багийн 156 километрт хатуу хучилттай замд үхэр мөргөж зам тээврийн осолд орсон, тээврийн хэрэгсэлд 43,594,400 төгрөгийн хохирол учирсан үйл баримтад талууд маргаагүй. /хх110-112/

 

Гэрээний 8.6, 8.6.2-т хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон эскпертийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гарсан хохирлын 40 хувь хүртэл хэмжээгээр олгох заалтыг үндэслэн хариуцагч МД ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17,437,760 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон. /хх12/

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/155 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан ба Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 9/817 тоот албан бичгээр “нөхөн төлбөрийг 40 хувиар тооцож олгосон нь үндэслэлгүй” гэжээ. /хх13, 16/

 

Анхан шатны шүүхээс 8,718,880 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, 17,437,760 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Д-ийн 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 143 бүртгэлийн дугаар бүхий тодорхойлолтоор жолооч Б.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж дүгнэжээ. /хх92/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь автомашины жолооч хурд хэтрүүлсэн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2020/09821 дугаартай захирамжаар хангаж, Тээврийн Цагдаагийн албыг томилсон ба Механик, тээврийн сургууль нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/143 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...хэрэгт авагдсан материалд тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл нь тодорхой бус, хурдыг тодорхойлох боломжгүй” талаар хариу өгчээ. /хх98/

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгох ба даатгалын тохиолдлыг талууд гэрээний 2.1.6-д “даатгал тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” гэж тохиролцсон./хх7/

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-д зааснаар цагдаагийн байгууллага нь зөрчлийг бүртгэж, шийдвэрлэх үүрэгтэй. Эрх бүхий байгууллагын дүгнэлтээр жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн талаар зааснаас бус хурд хэтрүүлсэн талаар заагаагүй. /хх92/

 

Хариуцагчийн гаргасан зөвлөх инженер А.Ц-гийн дүгнэлт гэх баримт нь тамга, тэмдгээр баталгаажаагүйгээс гадна нэг талын баримт байх бөгөөд уг баримт нь мэргэжлийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тодорхойлолт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Иймд даатгуулагч МТЗ ТӨХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрийн үлдэгдэл 17,437,760 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т тус тус зааснаар 17,437,760 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт буюу нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 8,718,880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй, харин хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2021/02532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,718,880 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж найруулан өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  Ш.ОЮУНХАНД