| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2017/0445/Э |
| Дугаар | 374 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 374
Дүүргийнгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,
улсын яллагч Х.Анхцэцэг,
хохирогч Ү.О-,
шүүгдэгч С.С-, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Дүүргийнгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-од холбогдох эрүүгийн 180000000000 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тайж нар овгийн С.С- Монгол Улсын иргэн, ______ оны ____ дугаар сарын _______-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ________ мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, _____ насны _____ хүүхдийн хамт амьдардаг, Дүүргийнгийн ____ дүгээр хороо, А- 5 дугаар гудамжны 513 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл:
- (РД:00000000000000).
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга.
С.С- нь Дүүргийнгийн 31 дүгээр хороо, А- 5 дугаар гудамжны 513 тоотод согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ү.О-ийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С- мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сард эхнэр О-ийн ажил дээр очиж маргалдсан. Бид тэр үед гэр бүлийн маргаантай байсан юм. Тэгээд бид маргалдаад О-ийг нэг удаа алгадсан.
Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр О-ийн найз У-гийн төрсөн өдөр болж бидний баяртаа урьсан. Тэгээд бид 3, 4 дүгээр Х Н-гийн арын караокед орж У-гийн төрсөн өдрийг тэмдэглэж, шөнийн 00 цаг хүртэл суусан. Би караокенаас гараад гэр рүүгээ харих гээд явж байтал О-ийн найзууд буцаад хүрээд ир гэж дуудаад эргэж очсон. Тэгээд байж байгаад О-ийн хамт гарч бид гэртээ очсон. Би зарим зүйлийг санахгүй байгаа юм. Нэг мэдсэн л гэртээ ирсэн байсан. Тухайн үеийн хийсэн үйлдэл, авираа санахгүй байна. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.О- мэдүүлэхдээ: С.С- бид хоёр тусдаа гараагүй, С.С-ын эцэг, эхийн гэрт хамт амьдардаг болохоор гэр бүлийн хэрүүл маргаан их гардаг. Тухайн үед С.С- бид хоёр гэр бүлийн маргаантай байсан ба 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр С.С- ажил дээр ирж маргаан хийж намайг алгадсан.
Дараа нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний орой 21.00 цагийн үед манай ажил тарсан. С.С- ажил дээр ирээд ажлын хүмүүстэй хамт явж У-гийн төрсөн өдрийг тэмдэглэсэн. Бид хоёр хоёулаа архи уусан. Тэгээд бид хоёр С.С-ын гэр рүү явсан. Тэнд очоод маргасан. Согтуу байсан болохоор зарим зүйлийг орж гараад санахгүй байна. С.С- миний нүд рүү цохисон. Тэгээд гэрээс нь гарч зугтаахад араас ирж барьж авсан. Нэг мэдсэн цагдаа ирсэн байсан. С.С-ын дүү нь намайг тайвшруулаад би унтсан. Маргааш өглөө нь манай аав, ээж хоёр ирээд цагдаад мэдэгдсэн байсан. С.С- нь надад гар хүрч зодох асуудал ерөнхийдөө бол байдаг. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 180000000000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ү.О-ийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “... Би Д төвд худалдагчийн ажил хийдэг. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын охин У-гийн төрсөн өдөр болоод, ажлаа тараад орой ажлынхан У-гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр гарсан. Нөхөр С- манай ажлын газрын гадаа намайг хүлээж байсан. Тэгэхээр нь би нөхөртөө ажлын газрын охины төрсөн өдөр нь болж байна гэсэн чинь “би хамт явъя” гээд дагаад байхаар нь С-ыг дагуулаад явсан. Бид Х баруун талд байдаг “Ф” гэдэг диско бааранд шөнийн 03 цаг хүртэл бүжиглэж, шоудсан юм. Тэгээд баарнаас гарахад бид нарын хэн, хэн нь нилээн согтчихсон байсан. С- ч гэсэн нилээн согтсон байсан. Нөхөр бид хоёр манай ажлынхнаас салаад “Ө”-гийн урдаас такси барьж суусан. Би таксинд ороод хэсэг зүүрмэглэсэн байсан. Нэг сэрэхэд С- өөрийнхөө ээж, аавынхаа амьдардаг Дүүргийнгийн 31 дүгээр хороо, А- 5-513 тоотын гадаа ирсэн байсан. Тухайн үед би хадмынх руугаа орохгүй гэсэн чинь С- “хоёуланд чинь ярилцах зүйл байна” гээд байхаар нь гэр лүү нь дагаад орсон. Гэрт нь ороход С-ын төрсөн дүү болох Саруул хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгсэн С- надаас хэрүүл өдөөд “чи дандаа шоу зугаа, цэнгэл хөөцөлддөг” гэх зэргээр хэл амаар доромжлоод хашгирсан чинь Саруул босч ирээд “та хоёр хэрүүлээ болиоч ээ, яагаад ингээд хэрэлдээд байдаг юм бэ” гээд миний талд ороод ахыгаа боль энэ тэр гэж хэлж ярихад дүүгийнхээ үгэнд нь орохгүй С- над руу улам дайрж давшилсан. Саруул С-ыг хорьсон боловч дийлээгүй. С- миний зүүн нүдэн тус газар гараараа маш хүчтэй цохиод авсан. Би манараад газар тонгойж хэсэг суусан. Энэ үед Саруул “та яаж байгаа юм бэ” гэж ахыгаа хориглож байсан. Ингээд би гэрээс нь гараад зугтаасан. Араас С- гарч ирээд намайг хөөсөн. Гүйцэж ирээд үснээс зулгаагаад газар унагаагаад ууц нуруу луу өшиглөж, толгой тархи луу гараараа цохиж, үснээс үсдэж байгаад гэр лүүгээ чирээд орсон. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь хадам дүү Саруул “ах та болиочээ, О- эгч ухаан алдчихсан байна шүү дээ” гээд хэлэхэд С- “энэ муу яадаг юм бэ, дандаа ингэж жүжиглэж байдаг юм” гээд хэлж байсан. Нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд С-ыг гавлаад аваад явсан. С- намайг ажлынхантайгаа шоу зугаа, цэнгэл хөөцөлдлөө, хоёр хүүхдээ бодсонгүй гэх шалтгаанаар өөрийнхөө аав, ээжийн амьдардаг Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоот гэртээ аваачиж, зодсон. Хамгийн эхлээд миний зүүн нүд рүү гараараа маш хүчтэй цохисон, цохилт нь маш хүчтэй байсан болохоор миний зүүн нүд тэр дорхноо пэмпийгээд хавдсан. Тэгээд би гэрээс нь гараад зугтаатал араас хөөгөөд гадаа хашаан дотор үсдэж унагаагаад ууц нуруу луу өшиглөж, толгой тархи луу хэд хэдэн удаа гараараа цохиж, үснээс зулгаагаад чирч гэр лүүгээ оруулсан. 2017 оны 1 дүгээр сард намайг ажил дээр байхад хүрч ирээд зодож байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй. Ер нь С- намайг тэрнээс өмнө зодож, цохидог байсан. Тэр болгон цагдаагийн байгууллагаар шалгуулаад байдаггүй, хоёр хүүхдээ бодоод цагдаад ханддаггүй байсан. Урьд өмнө зодоход нь хоёр хүүхдээ бодоод өргөдлөө буцаагаад авчихсан юм. Зодуулсаныхаа дараа Баянголын цагдаад өргөдөл бичиж өгөхөд жижүүрийн цагдаа нь таны өгсөн өргөдөл чинь манайд тоо бүртгэлд орж, байцаагч дээр цохогдоно шүү гэхээр нь эрүү үүсчих байх гэж бодоод өргөдлөө буцаагаад авсан. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаатай, амьдраад 7 жил болж байна. Бид хоёр дундаасаа 4-7 насны хоёр хүүхэдтэй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой. ...” гэх мэдүүлэг [1],
2.Хохирогч Ү.О-ийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлсэн “...Би С-од зодуулсны улмаас эмчилгээ, эм тарианд нийт 622.500 төгрөг зарцуулсан, баримтаа гаргаж өгсөн байгаа. С- намайг бааран дотор зодож цохиогүй. Гэртээ аваачиж зодсон. Урьд өмнө намайг зодож цохидог байсан. Гэхдээ би хоёр хүүхдээ бодоод цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол, өгч шалгуулж байгаагүй. Би эмчилгээнд зарцуулсан үлдэгдэл мөнгөө С-гээс гаргуулж авмаар байна. Хохирол мөнгийг маань барагдуулж өгсөн тохиолдолд С-д гомдолгүй. С- намайг сүүлийн үед аймар их харддаг болсон. Ер нь бид хардалтаас хоорондоо муудалцдаг. Би Х эцэст байдаг “Д” төвд 2008 оноос хойш худалдагчийн ажил хийж байна. Манай ажлынхан хаяа шоуддаг, ажлынхантайгаа гадуур гарах үед С- намайг “чи зугаа цэнгэл хөөцөлдлөө, шоудлаа” гэх шалтнаанаас болж намайг зоддог. Би С-той 2009 оноос хойш хамт амьдарч байгаа, дундаасаа 2 охинтой, бага нь 4 настай, том нь 7 настай. ... ” гэх мэдүүлэг [2],
-түүний 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлсэн “...С-оос нэмж 200.000 төгрөг авлаа. Нийт 582.000 төгрөгийг хүлээн авсан. Надад одоо гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг [3],
3.Гэрч С.Саруулжаргалын хэрэг бүртгэлтэд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...С- миний төрсөн ах, О- бэр эгч байгаа юм. Би 2017 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө гэртээ 7 настай Эрдэмийн хамт нойр хүрэхгүй интернет үзээд сууж байтал ах С- над руу утсаар яриад “гадаа таксидаад ирчихсэн байна, таксины мөнгө аваад гараад ирээч” гэхээр нь би мөнгө аваад гартал С- ах, эхнэр О-ийн хамт таксин дотор маргалдсан байдалтай байсан. Би таксины мөнгийг нь өгчихөөд тэр хоёртой цуг гэртээ орсон. С- ах, О- эгч хоёулаа согтуу байсан. Тэр хоёр гэрт орж ирээд хоорондоо маргалдаад байхаар нь би “одоо та хоёр унтаж амраачээ, өглөө ажилтай, эрт унтаж амаръя” гэсэн чинь О- эгч “би гэртээ харьлаа, явлаа” гээд байсан. Тэр хоёрын нэг нь явлаа гээд нөгөөдөх нь явуулахгүй гээд хэрэлдэж, маргалдаад сүүлдээ уг маргаан нь улам ширүүссэн. Би тэр хоёрын дундуур ороод салгах гэхэд хүчрэхгүй байхаар нь 89442354 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Ингээд байж байтал С- ах О- эгчийн нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан. Тэгсэн О- эгч доошоо тонгойгоод газар суусан. Би С- ахыг “та яаж байгаа юм бэ гээд С- ахыг цаашаа түлхээд холдуулсан чинь О- эгч гэрээс гараад зугтаасан, араас нь С- ах гүйгээд гарсан, би тэгэхээр нь энэ хоёр нэг л биш гээд гутлаа өмсөөд гартал хашаан дотор О- эгч газар уначихсан, Болдоо ах плажнаас нь татаад “гэрт орж ярилцъя гээд хэд, хэдэн удаа цохиж, өшиглөж байхаар нь очоод Болдоо ахыг салгасан. Тэгээд байж байтал цагдаагаас миний утас руу яриад “хаана дуудлага өгсөн юм бэ хаягыг чинь хайгаад олохгүй байна” гээд ярихаар нь цагдаад хаягаа зааж өгөөд гэр лүү явж ороход О- эгч жижиг өрөөнд орон дээр уйлаад чарлаад хэвтэж байсан. Харин Болдоо ах муухай, муухай орилж хашгичаад байсан. Ингээд дуудлагаар ирсэн цагдаа нар орж ирээд Болдоо ахыг гавлаад аваад явсан. О- эгч уйлж чарлаад шокын байдалтай байсан, хэсэг тайвширч байгаад унтаад өгсөн. Би тухайн үед 103-т дуудлага өгсөн боловч 103 ирээгүй. Би шөнөжингөө унтаагүй болохоор нойр хүрээд унтаж байтал О- эгчийн өөрийнх нь аав, ээж хоёр орж ирээд О- байна уу гэхээр нь жижиг өрөөнд унтаж байгаа гээд хэлсэн. Ингээд аав, ээж хоёр нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар дахиад хоёр цагдаа ирчихээд явсан. Аав, ээж хоёр нь тэгээд О- эгчийг аваад явсан. Би энэ хоёрыг хэн хэнийг нь ч өмөөрөх шаардлага байхгүй, аль аль нь тэвчээргүй, гэр бүлийн асуудлаас болж Болдоо ах О- эгчийг зодсон байх. Эхлээд гэрт байхад С- ах О- эгчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон, тэгсэн О- эгчийн зүүн нүд нь тэр дороо пэмбийгээд хавдсан. Ингээд О- эгч нүүрээ дараад доошоо тонгойгоод суусан. Тэгээд гэрээс гараад зугтаахад араас нь Болдоо ах гүйгээд гарсан. Би гутлаа өмсөөд араас нь гартал Болдоо ах О-о эгчийг газар унагаачихсан, толгой, нуруу луу миний харснаар хэд хэдэн удаа цохиж, өшиглөж харагдсан. Би очоод салгаад холдуулсан. Өөрсдөө хоорондоо хэрэлдэж маргалдаж байхдаа О-о эгч “чи намайг зөндөө олон удаа зодож байсан биз дээ” гээд маргалддаг юм. ...” гэх мэдүүлэг [4],
4.Гэрч Д.Үгийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...О- бол миний төрсөн охин, харин С- манай хүргэн юм. Охин маань С- гэж залуутай гэр бүл болоод 7 жил болж байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй. 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед эхнэрийн хамт гэртээ байхад “манай охин О- над руу утсаар яриад “С- намайг урд шөнө гэртээ дагуулж ирээд зодчихлоо, миний хамаг бие хөндүүр, нүүр ам хөхөрчихсөн хавдаад аймар болчихлоо, ажилдаа явж чадахааргүй болсон” гээд уйлаад ярьсан. Би эхнэр Норжмаагийн хамт С-гийн гэрт нь буюу Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоотод явж очсон. Гэрт нь ороход С-ын дүү Саруул хүүхэдтэйгээ хамт том өрөөндөө унтаж байсан. О- байшингийн жижиг өрөөнд ухаангүй байдалтай нүүр ам нь хавдсан, үс гэзэг нь сэгсийсэн, зодуулсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Ингээд би цочиролд ороод өөрийнхөө 99623958 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Цагдаа ирээд нөхцөл байдалтай танилцаад, О-ийг цагдаагийн газар авчирсан. О-ийн нүүр ам нь хавдсан, хувцас нь цус нөж болсон, үс гэзэг нь сэгсийсэн, гэрийн хамаг эд зүйлс нь сандаачсан, шалан дээр энд тэнд цус болчихсон, жигтэйхэн аймар байдалтай байсан. Урьд өмнө олон удаа зодож байсан. 2017 оны 1 сард ажил дээр нь очиж байгаад зодсон байсан. Гэхдээ өргөдөл гомдол өгч шалгуулаагүй. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулахыг хүсэж байна. С- 2017 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр Солонгос улс руу гарах гээд байгаа гэсэн. С- ер нь ааш авир муутай, архи их уудаг, агсан согтуу тавьдаг, миний охиныг удаа дараа зодож байгаа, намайг болон манай эхнэрт их дургүй ална гээд заналхийлдэг. ...” гэх мэдүүлэг [5],
5.Гэрч Р.Нгийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...О- бол миний төрсөн охин, харин С- бол манай хүргэн байгаа юм. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед нөхөр Үгийн хамт гэртээ байж байсан чинь манай охин О- утсаар яриад “намайг С- урьд шөнө гэртээ хүчээр авчраад зодчихлоо, миний хамаг бие хөндүүрлэж өвдөөд, нүүр ам аймар болчихлоо гэхээр нь нөхөр бид хоёр хүргэн С-ын гэрт нь буюу Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоотод очсон. Тэгээд гэрт нь ороход С-ын дүү Саруул хүүхэдтэйгээ хамт том өрөөнийхөө цаад талын жижиг өрөөнд унтаж байсан. Бид хоёр “О- хаана байна, яасан юу болсон юм бэ” гэхэд О-ийг жижиг өрөөнд байгаа гэж хэлсэн. Жижиг өрөөнд нь явж ороход нүүр ам нь аймар хавдсан үс нь сэгсийгээд зодуулсан байдалтай хэвтэж байхаар нь сэрээгээд “чамайг хэн ийм болгосон юм бэ” гэсэн чинь “намайг С- урьд шөнө гэртээ авчраад зодсон, би гэрээс нь гараад зугтаах гэхэд араас гарч ирээд үсдэж аваад газар унагаагаад зодож, цохиод үснээс чирээд гэр лүүгээ орсон” гээд уйлаад хэлэхээр нь ааваар нь цагдаагийн 102-т дуудлага өгүүлээд нөхцөл байдлыг нь цагдаа нарт харуулъя гэж бодоод дуудлага өгсөн. Удаагүй цагдаа нар ирээд үзэж хараад явсан. Араас нь нөхөр бид хоёр охиныгоо дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. О-ийн зүүн нүд нь пэмбийгээд хавдсан, хөл гар нь хүрэнтэж ягаарч цус хурсан, байшин доторх хамаг эд зүйлс нь ундуй сундуй, энд тэнд цус болсон, О-ийн үс нь сэгсийсэн, аймар байдалтай байсан. Урьд өмнө зөндөө олон удаа зодож байсан. Тэр болгон цагдаагийн байгууллагаар шалгуулаагүй байх. Миний охин хоёр хүүхдээ бодоод цагдаагаар шалгуулахгүй, гомдолгүй гэж зөндөө олон удаа С-ыг уучилсан. С- хүнийг хүндэлж мэддэггүй, арга зальтай, архи их уудаг. Манай охиныг байнга айлган сүрдүүлж, дарамталдаг. Одоо цагдаагаас суллагдах юм бол миний охиныг болон нөхөр бид хоёрын амь насанд аюул занал учрах маш их эрсдэлтэй. С- эрүүл болон согтуу үедээ ч гэсэн авиргүй муухай зан гаргадаг. Тэр ч бүү хэл нэг удаа манай охиныг ажил дээр нь очоод дарамталсан байхаар нь би С- руу утсаар яриад “ чи манай охиныг яагаад дарамтлаад байдаг юм бэ” гэсэн чинь С- “би та хоёрыг ална шүү, харж байгаарай” гэж заналхийлж байсан удаа байгаа. ... “ гэх мэдүүлэг [6],
6.Гэрч Б.Өгөөмөрийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...Би Дүүргийнэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэст хэв журмын офицерийн ажил, албан тушаал хашдаг. Би 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Бүргэд 112 дугаар чиглэлд машинт эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө 05 цаг 14 минутанд Бүргэд 10-аас “Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоотод ах агсраад байна” гэсэн дуудлага, мэдээллийг шалгаадах гэсний дагуу цагдаа Батжаргал бид хоёр дуудлагын дагуу тухайн хаяг руу явсан. Ингээд дуудлага өгсөн хаягийг тэр хавиар нилээн хайж яваад, олдохгүй болохоор нь дуудлага өгсөн хүний дугаар луу залгаж хаягийг нь тодруулж байгаад заалгуулж очсон. Ингээд дуудлага өгсөн хаяган дээр явж ороход 30 орчим насны согтуу залуу агсан согтуу тавьж, эхнэрийгээ зодсон байдалтай том өрөөндөө байж байсан. Жижиг өрөөнд нь 30 орчим насны эмэгтэй нүүр, ам нь цус болчихсон, зодуулсан байдалтай уйлаад байж байсан. Дуудлага өгсөн хүн нь болохоор агсан согтуу тавьж, эхнэрийгээ зодсон гэх залуугийн дүү гэж танилцуулсан эмэгтэй байсан. Ингээд би аюулгүй зэргийн үнэлгээ бичиж тэмдэглээд, хохирогч эмэгтэйг өргөдөл өгөөрэй гэж хэлээд ахлах ахлагч Батжаргалтай хамт тухайн согтуу залууг гавлаад хэлтэс рүү аваачиж эрүүлжүүлсэн. ...Гэрт нь явж ороход 30 орчим насны эмэгтэй зодуулсан байдалтай нүүр нь цус нөж болчихсон, уйлж чарлаад байж байсан, харин том өрөөнд нь мөн 30 орчим насны согтуу залуу байж байсан, уг согтуу залуугийн дүү нь гэх эмэгтэй байсан. Гэр орон нь нилээн эмх цэгцгүй, шалан дээр нь цус нөж болсон байдалтай байсан. Ингээд Батжаргал бид хоёр эхнэрийгээ зодсон гэх залууг гавлаад хэсэг рүү аваад явсан. Нилээн согтуу байсан. Эхнэрийгээ зодсон гэх залуугийн дүү нь гэх 25-30 орчим насны эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг [7],
7.Гэрч Ч.У-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Би Х эцэст байрладаг “Д” худалдааны төвд худалдагчийн ажлыг хийгээд 1 жил гаран болж байна. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болсон. Манай ажлын хамт олон миний төрсөн өдрийг тэмдэглэх гээд 8 дугаар сарын 21-ний орой 21 цагт ажлаа тараад “Ө”-гийн ард байдаг караокед орсон. Тухайн үед ажлаасаа гарахад манай ажлын газрын О-ийн нөхөр нь болох С- эхнэрийгээ хүлээгээд байж байсан ба бид нартай хамт миний төрсөн өдөрт явсан. Караокед ороод бид хэд архи, пиво захиалж уугаад дуу дуулж 2-3 цаг болсон. Тус караоке дотор О-, нөхөртэйгээ муудалцаад хэрэлдээд байсан. Тэгсэн О- караокеноос гараад явсан. Араас нь нөхөр нь гарсан. Бид хэд караокеноос гарахаар болоод М,, О- рүү ярьсан чинь “Х эцэст байна” гэхээр нь М,, О-ийг очиж авчирхаар явсан. Манай нөхөр Золбоо, Хосоо, С- тэр гурав бид нараас салаад яваад өгсөн. М,, О- хоёр удаагүй хүрч ирэхээр нь хүүхнүүдээрээ “Ө”-гийн баруун талд байдаг бааранд орж пиво захиалж уугаад нээх удаагүй уг баарнаас гарсан. Тус баарнаас гараад “Ө”-гийн урд байдаг “Ф” нэртэй бааранд орсон. Тэгээд байж байтал манай нөхөр над руу утсаар яриад “С-ыг явуулчихлаа, та нар хаана байгаа юм бэ” гэхээр нь “Ө”-гийн урд “Ф” бааранд байна гэсэн. Ингээд удаагүй Золбоо, Хосоо хоёр хүрч ирсэн. Дараа нь 30-40 орчим минутын дараа О-ийн нөхөр С- хүрч ирсэн. С- бааранд орж ирээд эхнэртэйгээ муудалцаж янз бүр болоогүй. Тэгээд цаг харсан чинь нилээн орой болчихсон шөнийн 03 цаг өнгөрч байсан. Бид баарнаас гарахад С-, О- хоёр гэр лүүгээ харилаа гээд “Ө”-гийн урдаас такси бариад явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. С- хааяа О-ийг ажил дээр нь байхад нь ирж байнга хэрүүл, маргаан хийдэг. Тэр хоёрын хоорондын асуудал байх. Миний бодлоор С- эхнэрийгээ хардаад хэрүүл маргаан хийсэн байх гэж бодож байна. Караоке дотор С- О-ийг зодож цохиогүй. О-ийн биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Угаасаа тэр хоёр “Ф”-с эвтэй, найртай гарцгаагаад такси бариад гэр лүүгээ харилаа гээд явсан. ...” гэх мэдүүлэг [8],
8.Гэрч Т.М,ийн мөрдөн байцаалтад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би Х “Д” төвд худалдагчийн ажил хийдэг. Надтай хамт О- эгч мөн адил худалдагчийн ажил хийдэг. 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын газрын худалдагч У-гийн төрсөн өдөр байсан. Манай ажлын газрын хүмүүс болох У- эгч, У- эгчийн нөхөр Золбоо, О- эгч, О- эгчийн нөхөр С- ах бид нар У- эгчийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд ажлаа тараад “Ө”-гийн хойд талд байдаг караокед орж дуу дуулж 2 цаг гаран болсон. Ингээд шөнийн 01 цаг болж байсан байх, тэгсэн чинь О- эгч караоке дотор нөхөртэйгөө муудалцаад байсан. О- эгч караокеноос гараад явсан. Бид хэд караокеноос гарахаар болоход С- ах О- эгчийн цүнх, хувцас хунарыг барьчихсан байсан. Караокеноос гарахад С- ах У- эгчийн нөхөр Золбоо, мөн Хосоо гэж залуу тэр гурав хүүхнүүдээс салаад яваад өгсөн. Ингээд байж байтал О- эгч над руу утсаар яриад “Х эцэст байна, энд хүрээд ир” гэхээр нь би О- эгч дээр явж очиход О-о эгч ганцаараа байсан. Бид хоёр У- эгч рүү залгаад “Ө”-гийн баруун талд байдаг бааранд уулзахаар болоод уулзсан. Уг бааранд У- эгч, О- эгч, О-, Д- бид тав орсон. Уг бааранд бид хүний нэг, нэг шил пиво захиалж уугаад 30 минут орчим сууж байгаад гараад “Ө”-гийн урд талд байдаг “Ф” бааранд орсон. Тухайн үед цаг 01 цаг өнгөрч байсан санагдаж байна. Ингээд бид тав бааранд ороод архи, пиво захиалаад бүжиглээд байж байтал У- эгчийн нөхөр Золбоо ах болон Хосоо ах хоёр У- эгчтэй холбоо бариад бид нарын байсан бааранд хүрч ирсэн. “С-ыг явуулчихлаа” гэсэн. Бид нар уг бааранд бүжиглээд пиво уух нь уугаад сууж байсан чинь С- ах орж ирсэн. С- ах орж ирээд О- эгчтэй эвлэрээд эвтэй найртай юм ярилцаад сууж байсан. Ингээд бид хэд маргааш ажилтай юм чинь гэртээ харья гээд баарнаас гарахаар болсон. Тухайн үед цаг 03 цаг өнгөрч байсан байх. Тэгээд баарнаас гараад О- эгч С- ах хоёр “Ө”-гийн урдаас такси бариад гэр лүүгээ явлаа гээд явсан. ...Баар болон караокед тэр хоёр хоорондоо хэсэг л маргалдсан, зодолдоогүй. ...” гэх мэдүүлэг [9],
9.Гэрч А.Дгийн мөрдөн байцаалтад 2017 оны 09 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...С.С- нь миний төрсөн хүү байгаа юм. ...3-8 нас хүртлээ цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 8 настайдаа Дүүргийнгийн Ирээдүй цогцолбор 83-р сургуульд орж 10-р ангиа, 82-р сургуулийг 8-р анги төгссөн. Сургууль төгсөөд Сайд нарын 2-р эмнэлэгийн хажууд байдаг хими цэвэрлэгээний төвд 2 жил гаран ажиллаж байгаад Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний ангид цэргийн алба хаагаад ирсэн. Цэргээс халагдаж ирээд нэг хэсэг хувиараа таксинд 2 жил орчим явсан. Тэгээд 2009 онд О- гэж эмэгтэйтэй танилцаад дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Бага нь 4 настай, том нь 7 настай. Миний хүү энгийн яриатай, үг дуу цөөтэй, уг нь архи дарс уугаад байдаггүй байсан юм. Тэгсэн чинь сүүлийн үед архи уугаад байдаг болчихлоо. Миний ажигласнаар гэр бүлийн асуудлаасаа болж бухимдаж, стрессдээд байдаг болчихсон байсан. Солонгос улс руу удаа, дараа гарч ажил төрөл хийж байсан. О-тэй сүүлийн үед жаахан таарамж муутай байдаг болчихсон. ...” гэх мэдүүлэг [10],
10.С.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Би О- гэж эмэгтэйтэй 2009 онд танилцаад, хамт амьдрах болж, 12 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эхнэрийнхээ ажил дээр явж очсон ба ажлынх нь У-гийн төрсөн өдөр байсан болохоор мэнд хүргэчих санаатай очсон. Эхнэрийн ажлын газрынхантай У-гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр “Ө”-гийн хойд талд байдаг караокед орж, 3 цаг болсон. Тэгээд О-ийг хоёулаа дуусгаад гэртээ харъя, хоёр хүүхэд хэцүүдлээ гэсэн чинь “чамд миний амьдрал хамаагүй, би өнөөдөр наргиж цэнгэж болохгүй юу” гэхээр нь миний уур хүрээд О-тэй “чи яахаараа ингэдэг юм” гээд хэсэг маргалдсан. Тэгсэн О- явлаа гээд караокенаас гарсан. Тэгсэн чинь ажлынх нь О-ийг такси бариад явчихлаа гэхээр нь нээрэн явчихаж байгаа юм байх даа” гэж бодоод байж байтал ажлынх нь бид бааранд орлоо гээд гарсан. У-гийн нөхөр Золбоо, Золбоогийн найз залуу бид “Ө”-гийн баруун талд байдаг пабад орж, нэг шил архи авч уусан. Бид гурав нилээн сууж байгаад пабаас гараад гэр гэртээ харихаар болоод Х эцэс хүртэл алхаад явж байтал Золбоо найзтайгаа харьлаа гээд салаад явсан. ...Тэгээд замаасаа такси барих гээд зогсож байтал утас дуугарсан. Аваад ярьтал О-ийн ажлын газрын хэн нэгэн нь “О- Ф бааранд нилээн муудчихсан байна, хүрч ирээд аваадах” гэхээр нь би такси бариад очсон. О- биеэ хянах чадваргүй болтлоо муудчихсан, согтуу байсан. О-ийн ажлынхан архи, пивоор дайлсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн чинь өөрийнхөө аав, ээжийн амьдардаг гэрт ирчихсан, О-тэй маргалдаж байсан. Саруулжаргал бид хоёрын хэрүүлийг салгаж байсан. Нэг мэдсэн би хөл нүцгэн О-ийн араас гараад гүйж байсан, цагдаагийн ажилтнууд намайг гавлаад аваад явж байсныг санаж байна. ...О- зугаа цэнгэлд дуртай, намайг Солонгос явсан хойгуур гэртээ ирж хонохгүй, байнгын архи дарс уугаастай, залуучуудтай уулздаг байсныг найз болон ойр дотныхоо хүмүүсээс сонссон. Тухайн үед архи уусан байсан болохоор тэр асуудлыг сөхөж О-тэй маргалдаж, зодсон байх. О- өглөө гэрээсээ ажилдаа явна гэж гараад зарим оройноо гэртээ ирэхгүй хонууд өнжүүдээр шоудаад алга болно. Энэ асуудлаас болж О-ээс “чи битгий шоудаад бай л даа” гэж уурлаж ч, гуйж ч хэлж үзсэн. Миний үгийг авахаасаа авахгүй нь их байдаг. Энэ асуудлаас болж хэрэлдэж, муудалцаж гар хүрдэг байсан. Би гар хүрэхдээ биед нь гэмтэл учруулаад хэвтэрт ортол нь зодож цохидоггүй. О-ийн эмчилгээний зардлыг төлнө. ...” гэх мэдүүлэг [11] , мөн түүний 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн “... Би урьд өмнө нь О-д гэр бүлийн маргаанаас болж 2 удаа гар хүрч байсан. 2017 оны 1 дүгээр сард О-ийг ажил дээрээ байхад нь очиж бид хоёр маргалдаад, миний уур хүрээд алгадаж унагасан. Үүнээс өмнө 2014 онд О-ийг хонууд өнжүүдээр дэмий тэнээд хоногоор яваад ирснээс болж хэрэлдэж, тэвчээр алдагдаад ганц, хоёр удаа алгадаж байсан удаа байгаа. ...” гэсэн мэдүүлэг [12] ,
11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 10747 тоот дүгнэлтэд:
“Хэсэг газрын үзлэгт: духны зүүн хэсэг, зүүн дээд доод зовхи, хацар шанаа
овойж хавдсан, улаан ягаан өнгийн цус хуралттай, хамрын уг нуруу хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй, дээд уруул хавдсан, дотор салстад цус хурсан, хатуу тагнайд зулгарсан, хүзүүний зүүн хажуу болон ар хэсэгт 5x0,6см, зэрэгцээ 2 ширхэг улаан өнгийн цус хуралттай, зүүн мөрөнд 15х16см, дал нурууны гол хэсэгт 20x10см, баруун гуяны доод урд хэсэгт 5х6см улаан, хөх өнгийн цус хуралттай, 2 өвдөгт тархмал том хэмжээтэй улаан өнгийн тав тогтоогүй зулгаралтай.
2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн толгой, нурууны компьютер томографикт: зүүн нүд хацар шанаа орчмын зөөлөн эдийн хаван хавдартай, нуруу нугаламд гэмтлийн өөрчлөлтгүй гэжээ.
ДҮГНЭЛТ ХЭСЭГТ:
1.Ү.О-ийн биед нүүр, хүзүү, их бие, хөлийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 өвдөгт зулгарал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /шинжээч Б.Ариунзул/. ...” гэсэн дүгнэлт [13],
12.Хохирогч Ү.О-ийн эмчилгээний зардал нэхэмжилсэн талаарх баримтууд [14], хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [15],
13.С.С-ыг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр саатуулсан, эрүүлжүүлсэн тухай тодорхойлолт [16], С.С-ын талаарх Цагдаагийн ерөнхий газрын гомдол, мэдээлэл, захиргааны зөрчил, эрэн сурвалжлалт, судалгаа хяналтын сангийн бүртгэлийн лавлагаа [17],
14.С.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайохан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолт[18] урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [19], Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [20], 2016 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[21], С.С-, Ү.О- нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[22], С.С-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа [23] , Хаан банкинд С.С-ын эзэмшдэг дансны хуулгын хуулбар [24] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Харин шүүх хуралдаанд улсын яллагчаас хэргийн 25 дугаар талд авагдсан арван зургаан насанд хүрээгүй гэрч А.Эрдэмийн мэдүүлгийг нотлох баримтаас хасах тухай саналыг гаргасан бөгөөд насанд хүрээгүй гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны төлөөлөгчийг оролцуулсан боловч тус төлөөлөгчөөр оролцуулсан этгээдийн нэр зөрүүтэй, өөрөөр хэлбэл Т.Саранчимэг эсхүл С.Саруулжаргал нарын хэн нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон эсэх нь ойлгомжгүй, С.Саруулжаргалд хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн гэсэн тэмдэглэл үйлдэгдсэн байх боловч, хууль ёсны төлөөлөгчийн гарын үсэг хэсэгт Т.Саранчимэг гэж гарын үсэг зурагдсан нь дээрх гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу зөрчилтэй баримт байх тул нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн болно.
Мөн Дүүргийнгийн прокурорын газраас шүүгдэгч С.С-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба, гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэр бүлийн хамаарал бүхий хүнийг 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зодож хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох санал, дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтэд мэтгэлцээгүй болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.С- нь 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтуурсан үедээ, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас эхнэр Ү.О-ийг “чи зугаа цэнгэл хөөцөлдлөө, шоудлаа” гэх шалтгаанаар гараараа нүд рүү нь цохих, улмаар Ү.О-ийг гэрээс нь гарч зугтахад араас нь хөөж хашаан дотроо үсдэж унагаан ууц нуруу руу нь өшиглөх, толгойд нь гараараа цохих, үснээс нь зулгааж, чирч гэр лүүгээ оруулах зэргээр зодож, хохирогчийн бие махбодид нүүр, хүзүү, их бие, хөлийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, 2 өвдөгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
-хохирогч Ү.О-ийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...С- надаас хэрүүл өдөөд “чи дандаа шоу зугаа, цэнгэл хөөцөлддөг” гэх зэргээр хэл амаар доромжлоод хашгирч. ...С- миний зүүн нүдэн тус газар гараараа маш хүчтэй цохиод авсан. Би манараад газар тонгойж хэсэг суусан. Энэ үед Саруул “та яаж байгаа юм бэ” гэж ахыгаа хориглож хэлж байсан. Ингээд би гэрээс нь гараад зугтаасан. Араас С- гарч ирээд намайг хөөсөн. Гүйцэж ирээд үснээс зулгаагаад газар унагаагаад ууц нуруу луу өшиглөж, толгой тархи луу гараараа цохиж, үснээс үсдэж байгаад чирээд гэр лүүгээ орсон. Тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь хадам дүү Саруул “ах та болиочээ, О- эгч ухаан алдчихсан байна шүү дээ” гээд хэлэхэд С- “ энэ муу яадаг юм бэ, дандаа ингэж жүжиглэж байдаг юм” гээд хэлж байсан. ...С- намайг ажлын газрынхантайгаа шоу зугаа, цэнгэл хөөцөлдлөө, хоёр хүүхдээ бодсонгүй гэх шалтгаанаар өөрийнхөө аав, ээжийн амьдардаг Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоот гэртээ аваачиж, зодсон. ...миний зүүн нүд тэр дорхноо пэмпийгээд хавдсан. ...” гэх мэдүүлэг [25],
-гэрч С.С- 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө ...С- ах, О- эгч хоёулаа согтуу байсан. Тэр хоёр гэрт орж ирээд хоорондоо маргалдаад, нэг нь явлаа гээд нөгөөдөх нь явуулахгүй гээд хэрэлдэж, маргаан нь улам ширүүссэн. ...С- ах О- эгчийн нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан. ...О- эгч гэрээс гараад зугтаасан, араас нь С- ах гүйгээд гарсан, би гутлаа өмсөөд гартал хашаан дотор О- эгч газар уначихсан, Болдоо ах платнаас нь татаад “гэрт орж ярилцъя гээд хэд, хэдэн удаа цохиж, өшиглөж байхаар нь очоод Болдоо ахыг салгасан. ...Би гутлаа өмсөөд араас нь гартал Болдоо ах О-о эгчийг газар унагаачихсан, толгой, нуруу луу миний харснаар хэд хэдэн удаа цохиж, өшиглөж харагдсан. Би очоод салгаад холдуулсан. Болдоо ах О- эгчийг миний харснаар толгой, нүүр, нуруу, хөл рүү хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [26],
-гэрч Д.Үгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “... 2017 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед “манай охин О- над руу утсаар яриад “С- намайг урьд шөнө гэртээ дагуулж ирээд зодчихлоо, миний хамаг бие хөндүүр, нүүр ам хөхөрчихсөн хавдаад аймар болчихлоо, ажилдаа явж чадахааргүй болсон гээд уйлаад ярьсан. Би эхнэр Норжмаагийн хамт С-гийн гэрт нь буюу Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоотод явж очиход О- байшингийн жижиг өрөөнд ухаангүй байдалтай, нүүр ам нь хавдсан, хувцас нь цус нөж болсон, үс гэзэг нь сэгсийсэн, гэрийн хамаг эд зүйлс нь сандаачсан, шалан дээр энд тэнд цус болчихсон, жигтэйхэн аймар байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [27],
-гэрч Р.Нгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 сарын 21-ний өглөө 08 цагийн үед нөхөр Үгийн хамт гэртээ байж байсан чинь манай охин О- утсаар яриад “намайг С- урьд шөнө гэртээ хүчээр авчраад зодчихлоо, миний хамаг бие хөндүүрлэж өвдөөд, нүүр ам аймар болчихлоо гэхээр нь нөхөр бид хоёр хүргэн С-ын гэрт нь буюу Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоотод очоод жижиг өрөөнд нь явж ороход О-ийн нүүр ам нь аймар хавдсан үс нь сэгсийгээд зодуулсан байдалтай хэвтэж байхаар нь сэрээгээд “чамайг хэн ийм болгосон юм бэ” гэсэн чинь “намайг С- урьд шөнө гэртээ авчраад зодсон, би гэрээс нь гараад зугтаах гэхэд араас гарч ирээд үсдэж аваад газар унагаагаад зодож, цохиод үснээс чирээд гэр лүүгээ орсон” гээд уйлсан. ...О-ийн зүүн нүд нь пэмбийгээд хавдсан, хөл гар нь хүрэнтэж ягаарч цус хурсан, байшин доторх хамаг эд зүйлс нь ундуй сундуй, энд тэнд цус болсон, О-ийн үс нь сэгсийсэн, аймар байдалтай байсан.... “ гэх мэдүүлэг [28],
-гэрч Б.Өгөөмөрийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн “...2017 оны 08 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 05 цаг 14 минутанд Бүргэд 10-аас “Дүүргийнгийн 31 дүгээр хороо А- 5-513 тоотод ах агсраад байна” гэсэн дуудлага, мэдээллийг шалгаадах гэсний дагуу цагдаа Батжаргал бид дуудлагын дагуу тухайн хаягт явж ороход 30 орчим насны согтуу залуу агсан согтуу тавьж, эхнэрийгээ зодсон байдалтай, ...30 орчим насны эмэгтэй нүүр, ам нь цус болчихсон, зодуулсан байдалтай уйлаад байсан. Дуудлага өгсөн хүн нь агсан согтуу тавьж, эхнэрийгээ зодсон гэх залуугийн дүү гэж танилцуулсан. 30 орчим насны эмэгтэй ...нүүр нь цус нөж болчихсон, уйлж чарлаад ...гэр орон нь нилээн эмх цэгцгүй, шалан дээр нь цус нөж болсон байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [29],
-С.С-ын яллагдагчаар 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...нэг мэдсэн чинь өөрийнхөө аав, ээжийн амьдардаг гэрт ирчихсэн О-тэй маргалдаж байсан. Саруулжаргал бид хоёрын хэрүүлийг салгаж байсан. Нэг мэдсэн би хөл нүцгэн О-ийн араас гараад гүйж байсан ...” гэх мэдүүлэг [30] , Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 10747 тоот дүгнэлт [31] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин хохирогч Ү.О-ийг хонууд өнжүүдээр гэртээ ирэхгүй тэнэлээ гэх шалтгаанаар 2014 онд алгадаж байсан, 2017 оны 1 дүгээр сард мөн гэр бүлийн маргаан үүсгэж, Ү.О-ийг нэг удаа алгадсан гэж шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь мэдүүлсэн боловч тухайн цаг хугацаанд мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодохыг буюу гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож хуульчлаагүй байсан тул С.С-ын 2014, 2017 оны 1 дүгээр сард эхнэр Ү.О-ийг зодсон үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн 2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь байнга зодсон гэх шинжийг шаардах ба энэ нь 3 ба түүнээс дээш удаагийн үйлдлээр хүний бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд шүүгдэгч С.С-ын үйлдэл нь дээрх шинжийг хангахгүй байна. Иймээс шүүгдэгч С.С-од холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх талаар гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч, прокуророос С.С-ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн, зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хууль зүйн дүгнэлт:
2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хуульчилсан ба, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч С.С-, хохирогч Ү.О- 2009 онд гэр бүл болж, Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд эхнэр, нөхөрийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамааруулан ойлгохоор заасан, түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Иймд шүүгдэгч С.С- нь эхнэр Ү.Одгэрлийг 2017 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус хэргийн улмаас хохирогч Ү.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хэргийн 76 дугаар талд хохирогчоос 252,500 төгрөг зарцуулсан эмчилгээний зардлын баримтыг ирүүлсэн, шүүгдэгч С.С- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 8 дугаар сарын 22-нд 382,500 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 02-нд 200,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 8-нд 40,000 төгрөг, нийт 622,500 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн, шүүх хуралдаанд хохирогч Ү.О- нь нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэх тул шүүгдэгч С.С-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгч С.С-од Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авах тухай саналыг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг зөвшөөрөхгүй, С.С- нь БНСУ-д байнга явж ажил эрхэлж орлого олдог тул түүнд торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч С.С-од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.С- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэгдэж, 2006 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.
Эрүүгийн хуульд торгох ял оногдуулахдаа шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.С- нь тогтмол ажил эрхэлдэггүй байх ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзэж, 344 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
3. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.С-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дүүргийнгийн прокурорын газраас шүүгдэгч С.С-ын холбогдсон эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч С.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 344 (гурван зуун дөчин дөрөв) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дах заалтад зааснаар шүүгдэгч С.С-од нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх эрхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээг тус тус авсугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.С- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүйг, хохирогч Ү.О-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, С.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.С-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.
[3] Хавтас хэргийн 20 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 23-24 дүгээр тал.
[5]Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 22 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 27 дугаарр тал.
[9] Хавтаст хэргийн 28 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[11] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 119 дүгээр тал.
[13] хавтаст хэргийн 32 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 76 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 82-83 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 61-64 дүгээр тал.
[17] Хавтаст хэргийн 65-67 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 53 дугаар тал.
[19] хавтаст хэргийн 45, 47 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 50-52 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 55 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 56 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 87 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 101-117 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал.
[26] Хавтаст хэргийн 24 дугаар тал.
[27]Хавтаст хэргийн 21 дүгээр тал.
[28] Хавтаст хэргийн 22 дугаар тал.
[29] Хавтаст хэргийн 26 дугаар тал.
[30] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.
[31] хавтаст хэргийн 32 дугаар тал.