Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/78

 

                                      *******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Даваажав нарыг нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор *******д холбогдох эрүүгийн дугаартай, 175/2024/0133/Э/208/2024/0064 индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

ургийн овогт ын *******, Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Архангай  аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, **** настай, *****эгтэй, ******* боловсролтой, ****** мэргэжилтэй, ******** ажилтай, ам бүл ******* хамт Сэлэнгэ аймгийн ******сумын **** дугаар баг, “********” гэх газар задгай хөдөө оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:***********/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас Түшиг сумын чиглэлд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 02 дугаар багийн нутаг сумын төвөөс 8,5 км зайд байрлах “Бага бэлчир” гэх газар Н.*******ы эзэмшлийн улсын дугаартай, “Хонда Лого” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Монгол улсын замын хөдөлгөөний 3.5 а,б,г д, мөн дүрмийн 3.7, 12.2, 12/3 дахь заалтыг тус тус зөрчиж явган зорчигч Б.*******ийг мөргөж амь насыг нь хохироосон;

Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэнээ мэдсээр байж цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага буюу холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

        Шүүгдэгч овогтой ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

        -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас шүүгдэгч *******д 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

        -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 /гурав/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоон оногдуулж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд 13,160,587 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар гаргаж өгснөөс шүүгдэгчийн зүгээс 8,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 5,160,587 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******од олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А/275 хамтарсан тушаалын хавсралт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 3.3-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, аргачлалын 3.5-д зааснаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас хохирогч нас барж бага насны хүүхэд бүтэн өнчин болсон бол дээрх 100 хувийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасны дагуу 250x660,000=165,000,000 (нэг зуун жаран таван сая) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******од олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугаартай, “Хонда лого” загварын тээврийн хэрэгслийн урд талын салхины шилний цус мэт зүйлээр бохирлогдсон шилний хэсэг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:  

...Сэлэнгэ аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч дээрх шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн 129 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээж аваад, дараах хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

Хохирогчийн ар гэрээс уучлалт дахин гуйж байна. Бидний зүгээс хохирогчийн ар гэртэй нь очиж уулзсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хохирлыг 2024 оны 07 сарын 09-ний өдөр төлж барагдуулсан.

Миний үйлчлүүлэгч ******* нь 1970 онд төрсөн 54 настай эмэгтэй хүн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Анх удаа тохиолдлын шинжтэй болгоомжгүй гэмт хэрэгт холбогдож, цочирдсоны улмаас гэмт хэргийн газрыг орхиж явсан байдаг. Мөн өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж харамсаж байгаа хохирол төлж барагдуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Мөн миний үйлчлүүлэгч ******* нь  50 хувь хөдөлмөрийн чадвар алдсан групп-д байдаг, анх удаа тохиолдлын шинжтэй болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг нөхөн төлсөн, гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял  оногдуулж  хязгаарлах ялыг хуульд зааснаар оногдуулж, анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Би буруугаа ойлгож маш их харамсаж гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Цаашид гэм хорын хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Миний зүгээс нэхэмжлэх зүйл болон хэлэх зүйл байхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Харин шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх тухай өмгөөлөгчийн гаргасан гомдлын талаар тусгайлсан гаргах саналгүй байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

 2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас Түшиг сумын чиглэлд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 02 дугаар багийн нутаг сумын төвөөс 8.5 км зайд байрлах “Бага бэлчир” гэх газар Н.*******ы эзэмшлийн улсын дугаартай, “Хонда Лого” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.

а/Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх;

б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хуний ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газраа буцаж ирэх.

г/Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийг овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ. Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага ажилтанд мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хуний овог нэр хаяг. утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтан иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэгтэй.

д/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно

а/Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодож эрхгүй, /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна 12/3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг тус тус зөрчиж явган зорчигч Б.*******ийг мөргөж амь насыг нь хохироосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан,

Мөн дээрх гэмт хэргийг үйлдсэнээ мэдсээр байж цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага буюу холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч *******ы өгсөн “...орой сумын төв орчихоод ... кемпийн тэнд явж байтал гэнэт урдаас юм гарч ирээд тас нис гээд  хажуу талаар юм шигдэгдсэн.  Тухайн үедээ би балмагдаж ухаан санаа орж гараад гараад хартал ... хүн хөдлөх ч үгүй дуугарах ч үгүй байсан... Би хүн алчихлаа гэж орилоод ... хамтран амьдрагч руу гаа хүрээд ирээч гээд залгасан. ...  Би айж балмагдсандаа тэндээс явчихсан...” гэх,

Гэрч М.******* “... 20 цаг өнгөрч байхад  над руу залгаад  би машинаараа хүн дайрчихлаа гээд уйлаад залгаад байхаар нь эхэндээ итгээгүй тэгээд очсон... дайрсан гэх хүн нь босохгүй хөдлөхгүй байсан... гэртээ хамт харьчихсан...” гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын “...охин руу утсаар залгасан боловч авахгүй болохоор нь нэг их юм бодоогүй... өглөө ******* эгч залгаад ...кемп урд охиныг минь машинд мөргүүлээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх,

Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “******* нь  Монгол улсын замын хөдөлгөөний  дүрмийг зөрчсөн... тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэх дүгнэлт,

Техникийн шинжээч Ш.*******ын 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 15 дугаартай “тээврийн хэрэгсэл нь осол болохын өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо ... тормозны систем нь  гэмтэлтэй байна...” гэсэн дүгнэлт,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаартай  шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

3. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан, нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгчийн холбогдсон хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг шалган тодруулсан, нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хянан хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчөөгүй байна.

4. Анхан шатны шүүх, шүүгдэгч *******ы  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан хорих хөнгөрүүлэн өөрчлөх хүсэлтийг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр  өөрчлөлт оруулж болохоор заасны дагуу шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа болон гэмт хэргийн улмаас хохирлоо төлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эрх бүхий байгууллагын хяналт тавих хязгаарыг түүний оршин суух Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас явахыг хориглохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 4, 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь хэсгийг:

“2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасаж 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.” гэж,

4 дэх хэсгийг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг  нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 02 /гурав/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийг  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумйн нутаг дэвсгэрээс явахыг хориглож ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхйн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

5 дахь хэсгийг: 

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д  мэдэгдсүгэй.” гэж,

8 дахь заалтыг: 

“8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.” гэж тус тус  өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3. Шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний нийт 82 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН