| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00297/И |
| Дугаар | 302/ШШ2025/00535 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00535
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 302/ШШ2025/00535 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Б овогт Ө.Сийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт М.Мт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хашаанд цэвэр усны шугам тавьж өгсний зардал 750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Е.М,
Хариуцагч М.М (цахим сүлжээгээр),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
Нэхэмжлэгч Ө.Сд шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Ө.С шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Сийн хариуцагч М.Моос хашаанд цэвэр усны шугам тавьж өгсний зардал 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Ө.С дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2024 оны 8 дугаар сард М.Мтой харилцан тохиролцож 35,000,000 төгрөгөөр хашаа байшин худалдаж авахаар болж урьдчилгаа хэмээн нэг сая төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг тухайн хашаа байшинг нэр дээр шилжүүлсний дараа төлөхөөр болсон. Үүний дараа миний бие тухайн хашаанд өөрийн зардлаар 10 метрийн зайтай худгаас байшин дотор цэвэр ус оруулж 750,000 төгрөгийн зардал гаргасны дараа хариуцагч М.М нь хашаа байшингаа зарахгүй болсныг мэдэгдсэн тул уг гаргасан зардлыг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч М.М нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Ө.Стай харилцан тохиролцож 35,000,000 төгрөгөөр хашаа байшингаа худалдсан ба урьдчилгаанд 1,000,000 төгрөг өгч үлдсэн үнийг ойрын хугацаанд өгөхөөр болсон боловч тохирсон хугацаанд байшингийн үнийг төлөөгүй тул хашаа байшингаа худалдахаа больсон гэдгээ мэдэгдэж, 1,000,000 төгрөгийг 6 сар миний хашаа байшинд сууж, амьдарсан хөлсөнд суутгаж авах болно гэдгийг мэдэгдсэн. Ө.Сд хашаа байшингаа худалдах үед миний байшинд шуудуу ухуулан гэр дотор ус татаж өг гэж харилцан тохиролцоогүй ба худалдсан байшингийн үнийг шаарддаг байсан. Ө.С нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие гэрээнээс татгалзсан тул түүний нэхэмжилж буй 750,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1.Гэрч Е.Х-ийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт болон шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт “... 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр С гэдэг залуу надад утсаар холбогдсоны дагуу түүний Ө сумын 12 дугаар багт байрлах хашаанд байгаа худгаас 10-аад метр урттай газрыг 2.5 метр гүн ухаж өгсөн маань үнэн. Газар ухаж өгсний хөлсөнд 500,000 төгрөг авсан болно” гэжээ.
5.2. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Ж.Е гэх тамгатай Зарлагын баримтаар С нийт 250,000 төгрөгийн үнэтэй бүх төрлийн цэвэр холбох хэрэгслийг худалдаж авсан болох нь тогтоогджээ.
5.3.Нэхэмжлэгчээс цэвэр усны шугам татах ажил хийгдэх үеийн фото зургуудыг гаргаж өгсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хийгдсэн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн фото зургууд нь нэхэмжлэгчийн ашиглаж байгаа Samsung A33 маркийн гар утасны галерей дотор авагдсан тухайн газар ухах ажил хийгдэх үед авсан зургуудтай тохирч байгаа болох нь нотлогдож байна.
6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
7.Талууд харилцан тохиролцож гэрээ байгуулагдсаны дараа худалдан авагч үүрэг зөрчсөний улмаас худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж хариуцагчаас тайлбарлажээ.
8.Худалдагч М.М худалдах худалдан авах гэрээнээс татгалзахаас өмнө нэхэмжлэгч Ө.С нь өөрөө сайн дураараа М.Мын хашаа байшинд цэвэр ус татах ажил хийж зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж заажээ.
9.Нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч М.Мын хашаа байшинд сайн дураараа өөрөө мэдэж цэвэр усны шугам холбох ажил хийж 750,000 төгрөгийн зардал гаргасан байх тул хашаа байшингийн өмчлөгчөөс тухайн гаргасан зардлаа шаардах эрхтэй байна.
10. Иймд хариуцагч М.Моос 750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч Ө.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Моос 23,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Сд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Моос 750,000 (долоон зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Сд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 (хорин гурван мянган долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Моос 23,750 (хорин гурван мянган долоон зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Сд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК