| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0231/Э |
| Дугаар | 239 |
| Огноо | 2018-06-17 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хаан турлиах овогт С.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810006070272 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 3 дугаар баазад шалгагч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Хаан турлиах овогт С.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Булганы, Н.Цгийн данс руу шилжүүлэх түрээсийн мөнгө болох 7,124,734 төгрөгийг андуурч С.Цгийн данс руу шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурч шилжүүлсэн мөнгийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшиж “Лока” ХХК-д 7,124,734 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Ц: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний хаан банкны 5025159273 дугаарын дансанд 7,124,734 төгрөг орж ирснийг Ардчилалын гэгээ ХХК-аас мөнгө ороод ирлээ гэж бодоод, тэр дор нь хэн нэгэн залгаагүй тул хувийн хэрэгцээндээ зарцуулаад байж байтал 2018 оны 03 дугаар сарын 05-ны орой Булган эгч залгаад Н.Ц руу шилжүүлэх гэж байсан мөнгө андуурагдаад чиний данс руу оржээ гэсэн. Тэр үед андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдээд Булган эгчид та тэр дороо хэлэхгүй, би хэрэглэчихсэн, гэхдээ таныг хохиролгүй болгож, мөнгийг чинь буцааж өгнө гээд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хохирлыг бүрэн төлсөн. Тухайн үед миний данс руу “Ардчилалын гэгээ” ХХК-иас 9,535,000 төгрөг орж ирэх ёстой байсан бөгөөд уг мөнгө 2017 оны 10 дугаар сараас бага багаар орж ирж байсан юм...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компаний Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн 1 дүгээр давхарт Е20 павилион түрээслэн тавилгын худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Манай захирал өөрөө 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Е20 павилионы 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөө төлөх гээд 7,124,734 төгрөгийг ажил дээрээс интернет банкаар 5040031819 дугаарын дансаар Мишээл экспо худалдааны төвийн нягтлан бодогч Н.Цгийн 5006183219 дугаарын данс руу хийх гэж байгаад С.Цгийн 5025159273 дугаарын данс руу андуурч хийснийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Тухайн өдөр Мишээл экспо төвийн захиргаанаас захирал руу залгаад түрээсийн төлбөр ороогүй байна гэхээр нь интернет банкны хуулгаа аваад Н.Ц руу явуулахад данс нь миний данс биш байна гээд банкин дээр очиж шалгуулахад ижил нэртэй С.Ц гэж хүний данс руу шилжүүлсэн байсан. ...С.Цгаас хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 60-61/ гэсэн,
Гэрч Н.Булган мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани Мишээл экспо төвийн 1 дүгээр давхарт Е20 павилионыг түрээслэн тавилгын худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 дүгээр сарын түрээсийн төлбөрөө төлөх гээд 7,124,734 төгрөгийг ажил дээрээс интернет банкаар 5040031819 дугаарын данснаас Мишээл экспо төвийн нягтлан бодогч Н.Цгийн 5006183219 дугаарын данс руу хийх гэж байгаад С.Цгийн 5025159273 дугаарын данс руу андуурч хийснийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. ...Хаан банкин дээр очиж шалгуулахад Н.Цгийн биш С.Цгийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан. ...Би С.Цг танина 2017 оны 08 дугаар сард цуг эмнэлэгт хэвтэж байгаад танилцсан...” /хх-ийн 14/ гэсэн,
Гэрч Г.Доржбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С.Ц, Энхбаатар нар хашаа байшингаа улсад өгч, хариуд нь байрны урьдчилгааны 30 хувийн төлбөр авах ёстой юм. 30 хувь болох 27,600,000 төгрөг Ардчилалын гэгээ ХХК-ийн хаан банкны дансанд орсноос 8,800,000 төгрөгийг С.Ц, Энхбаатар нарт өгөөгүй байгаа болно. ...8,800,000 төгрөг С.Цгийн 5025159273 дугаарын дансанд орох ёстой бөгөөд сар болгон хуваагдаад орно шүү гэж би С.Цд хэлсэн. ...2018 оны 01 дүгээр сард мөнгө орно гэж хэлээгүй, 70 хувьдаа орчих юм бол удахгүй орно л гэж хэлсэн...” /хх-ийн 62/ гэсэн,
Шүүгдэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр надад 7,124,700 төгрөг миний хаан банкны 5015159273 дугаарын дансаар орж ирсэн. 2017 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4-4 тоот газрыг Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх санд өгсөн юм. Уг газрынхаа хариуд байрны 30%-ийн урьдчилгаа буюу 27,800,000 төгрөг авах байснаас 10 дугаар сард 18,285,00 төгрөг орж ирсэн бөгөөд үлдэгдэл 9,515,000 төгрөг нь орж ирэх ёстой байсан. Тэгээд 2018 оны 01 дүгээр сард 7,000,000 гаруй төгрөг орж ирэхээр нь үлдсэн мөнгө нь ороод ирлээ гэж бодоод үрчихсэн. Тэгээд 3 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цагийн үед Булган эгч залгаад чиний данс руу түрээсийн мөнгө орчихсон байна гэхэд нь 1 дүгээр сард орж ирсэн 7,000,000 гаруй төгрөг андуурч орсон гэдгийг мэдсэн. ...Би Булган эгчтэй 1 дүгээр эмнэлэгт танилцаж байсан, хоёр биетэйгээ утсаар ярьдаг, холбоотой байдаг. ...Би мөнгө орж ирэх үед гүйлгээний утгыг хараагүй зарцуулсан...” /хх-ийн 57-59/ гэсэн мэдүүлгүүд,
- Хаан банкны интернет гүйлгээний хуулга, дансны хуулга /хх-ийн 7-9/,
- “Лока” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 10/,
- Гэр хорооллын дэд бүтцийн газрын лавлагаа /хх-ийн 19-43/,
- Хохирол төлсөн баримт /хх-ийн 45-46/,
- “Ардчилалын гэгээ” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 47/,
- Шүүгдэгч С.Ц-гийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48-51, 70/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Н.Булганы, Н.Цгийн Хаан банкны 5006183219 тоот данс руу шилжүүлэх түрээсийн мөнгө болох 7,124,734 төгрөгийг андуурч С.Цгийн Хаан банкны 5025159273 тоот данс руу шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурч шилжүүлсэн мөнгийг бусдын өмчлөл гэдгийг мэдсээр байж завшиж “Лока” ХХК-Д 7,124,734 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мын “...Манай компаний Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл экспо төвийн 1 дүгээр давхарт Е20 павилион түрээслэн тавилгын худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Манай захирал өөрөө 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Е20 павилионы 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт 7,124,734 төгрөг төлөх гээд ажил дээрээс интернет банкаар 5040031819 дугаарын дансаар Мишээл экспо худалдааны төвийн нягтлан бодогч Н.Цгийн 5006183219 дугаарын данс руу хийх гэж байгаад С.Цгийн 5025159273 дугаарын данс руу андуурч хийснийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн...” /хх-ийн 60-61/ гэсэн,
Гэрч Н.Булган мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани Мишээл экспо төвийн 1 дүгээр давхарт Е20 павилионыгт түрээслэн тавилгын худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 дүгээр сарын түрээсийн төлбөр 7,124,734 төгрөгийг төлөх гээд ажил дээрээс интернет банкаар 5040031819 дугаарын данснаас Мишээл экспо төвийн нягтлан бодогч Н.Цгийн 5006183219 дугаарын данс руу хийх гэж байгаад С.Цгийн 5025159273 дугаарын данс руу андуурч хийснийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. ...Хаан банкин дээр очиж шалгуулахад Н.Цгийн биш С.Цгийн данс руу мөнгө шилжүүлсэн байсан. ...Би С.Цг танина 2017 оны 08 дугаар сард цуг эмнэлэгт хэвтэж байгаад танилцсан...” /хх-ийн 14/ гэсэн,
Шүүгдэгч С.Ц-гийн “...Тэгээд 3 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цагийн үед Булган эгч залгаад чиний данс руу түрээсийн мөнгө орчихсон байна гэхэд нь 1 дүгээр сард орж ирсэн 7,000,000 гаруй төгрөг андуурч орсон гэдгийг мэдсэн. ...Би Булган эгчтэй 1 дүгээр эмнэлэгт танилцаж байсан, хоёр биетэйгээ утсаар ярьдаг, холбоотой байдаг. ...Би мөнгө орж ирэх үед гүйлгээний утгыг хараагүй зарцуулсан...” /хх-ийн 57-59/ гэсэн мэдүүлгүүд, хаан банкны интернет гүйлгээний хуулга, дансны хуулга /хх-ийн 7-9/, “Лока” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 10/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс С.Ц нь өөрийн дансанд шилжин орж ирсэн 7,124,734 төгрөгийг андуурагдсан гүйлгээ гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй, “Ардчилалын гэгээ” ХХК-иас өөрийнх нь дансанд орж ирэх ёстой байсан мөнгө гэж ойлгож, зарцуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй.
Учир нь: шүүгдэгч нь С.Ц Хаан банкны “мобайл банк” болон “ухаалаг мэдээ үйлчилгээ”-г авдаг байсан болох нь улсын яллагчийн шүүхэд гаргаж өгсөн Хаан банкны С.Цгийн 5025159273 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдоно.
Хаан банкны “ухаалаг банкны үйлчилгээ” нь тухайн дансны орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл данс эзэмшигчийн бүртгэлтэй гар утсанд цахим захидал хэлбэрээр ирдэг, “мобайл банк” үйлчилгээ нь тухайн данс эзэмшигч нь өөрийн бүртгэлтэй гар утсаараа зарлагын гүйлгээ хийх, дансны мэдээлэл авах зэрэг үйлчилгээнүүд бөгөөд уг хуулгаас үзэхэд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 07 минутад “ЕВ-Лока ХХК түрээсийн төлбөр” гэсэн гүйлгээний утгатай 7,124,734.00 төгрөг орлого болж дансанд орсон тухай гүйлгээ хийгдсэн, мөн энэ цаг хугацаанд “ухаалаг мэдээ үйлчилгээ”-ний хураамж 50.0 төгрөг зарлага болж гарсан талаар дэлгэрэнгүй харагдах бөгөөд мөн өдрийн 13 цаг 55 минутад данс эзэмшигч нь 5135448953 дугаарын данс руу 105,000.00 төгрөгийг “dorlbat” гэсэн гүйгээний утгатай шилжүүлгийг дансны бүртгэлтэй гар утсаараа шилжүүлсэн, энэ үйлчилгээг авсан талаарх мэдээллүүд харагдана. 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр С.Ц нь гар утсаараа шилжүүлэг хийсэн болон АТМ /автомат төгрөгийн машин/-аар үйлчлүүлж, нийтдээ 5 удаа бэлэн болон бэлэн бус гүйлгээнүүдийг хийсэн, энэ талаарх мэдээлэл түүний гар утсанд тухай бүр ирж байсан болох нь харагдаж байна.
Эндээс дүгнэхэд шүүгдэгч С.Ц нь өөрийн дансанд хаанаас, хэнээс, хэзээ, хэдэн төгрөг түүний Хаан банкны данс руу шилжиж орж байгаа талаарх мэдээллийг гар утаснаас бүрэн харах боломжтой нөхцөл байдал байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч С.Ц нь “Лока” ХХК-ийн түрээсийн төлбөрийн мөнгө болон 7,124,734 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжиж ирсэн болохыг мэдсэн, мэдэх бүрэн боломжтой байсан байна гэж шүүх дүгнэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Доржбат мэдүүлэхдээ: “...8,800,000 төгрөг С.Цгийн 5025159273 тоот дансанд орох ёстой бөгөөд сар болгон хуваагдаж орно шүү гэж би С.Цд хэлсэн. ...2018 оны 01 дүгээр сард мөнгө орно гэж хэлээгүй, 70 хувьдаа орчих юм бол удахгүй орно л гэж хэлсэн...” /хх-ийн 62/ гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгч С.Ц нь Хаан банкны харилцагчийн хувьд банкнаас ямар нэгэн үйлчилгээ авдаггүй байсан, ухаалаг мэдээ болон мобайл банк ашигладаггүй байсан учир мэдээгүй гэсэн түүний мэдүүлэг дээрх гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд, шүүхээс С.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч “Лока” ХХК-д 7,124,734 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 46/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Ц нь тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлин 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810006070272 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон С.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хаан турлиах овогт С.Ц-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-г450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ц нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810006070272 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч С.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР