Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/77

 

                                           *******т холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

  Прокурор Д.Шинэбал /цахим /

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  өмгөөлөгч Н.Баатардорж /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд нарыг  оролцуулан

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, ******** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.

ургийн овогт *******, Монгол Улсын иргэн, ****** оны ****дүгээр сарын *****-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ******* хамт Улаанбаатар хотын*******дүүргийн ***** дүгээр хороо, *****дугаар хороолол, ***** дүгээр байрны *****тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:***********/

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг “Дэрстэй” гэх газар, төв засмал зам дээр 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд ******* ******* улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5а зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.*******ыг дайрч, түүний амь насыг хохироосон гэх хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газраас газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

        Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохирол 75,900,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймгийн ******сумын ******* баг ********** задгайд оршин суух, /*********/ Боржигон овогт *******ын Бодьхандад олгож,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 75,900,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор төлж барагдуулах үүргийг шүүгдэгч *******д хүлээлгэж,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх ажил сургуулиа өөрчлөх зэрэг зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

        Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн  эрхийн №******* дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгаж,

        Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д заасны дагуу дараахь гомдлыг гаргаж байна.

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон иргэн *******ыг сэтгэцэд учирсан гэм хор буюу сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж тооцож, түүнд нөхөн төлбөр олгосон нь хуульд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй талаар:

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хохирогч нас барсан үед гэр бүлийн гишүүнд нь олгох нөхөн олговрын хэмжээг заасан бол мөн хуулийн 508 дугаар зүйл “Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах”,...508.1 “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах 1 эрхтэй. 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж хуульчилжээ.

Тэгэхлээр хуулиар гэм хорыг арилгуулахыг шаардах эрх хохирогч нас барсан тохиолдолд тухайн иргэнтэй хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, насанд хүрээгүй бол хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээдэд олгогдохыг хуульчилжээ.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд ”Хууль ёсны төлөөлөгч”...9.5.1 “Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”...9.1 З.хохирогч нас барсан...тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг гэж ямар нөхцөлд, хэнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохыг заасан байна.

Энэ нь хохирогчтой хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүдээс хууль ёсны төлөөлөгч томилоогүй шалтгааныг тодорхойлсон нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх одооны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон иргэнийг гэм хорыг нэхэмжлэх, нөхөн төлбөр олгогдох эрхтэй гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн энэ талаар УДШ-ийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай” зөвлөмж, тайлбарт тодорхой тусгагджээ.

Тухайлбал зөвлөмжийн...2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэнийг төлөөлөх...Төлөөлөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-р зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар а/ хуульд зааснаар б/ сайн дураар в/ гэрээгээр гэсэн хэлбэртэй байна.

4 дэх хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх, төлөөлөн оролцож болохгүй байдал ...“Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно”, “төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай уулийн 36-р зүйлийн 36.2, 36.3 дах хэсэгт тус тус зааснаас үзэхэд төлөөлүүлэгчийг төлөөлөгч нь бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй тогтоох шаардлагатай.

...5 дахь хэсэгт төлөөллөөр оролцсон хэрэгт төлбөрийг нэхэмжлэгчид биш төлөөлөгчид нь олгохоор шийдвэрлэдэг, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчид төлбөр хариуцуулдаг нь буруу юм.

Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг төлөөлөгчид заавал итгэмжлэлээр олгох бөгөөд итгэмжлэлээр эрх олгоогүй бол шүүгч нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.5 дэх хэсгийг үндэслэн хүлээн авахаас татгалзаж байх нь зүйтэй.

Төлөөлөгчид итгэмжлэл олгогдоогүй эсвэл зохих ёсоор олгогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.5” болно гэснээр тодорхойлогдож байна.

2. Сэтгэцийн эмгэгийг Шинжилгээний байгууллагаар тогтоогоогүй үед нөхөн төлбөр олгох нь хууль, тогтоомжтой илт зөрчилдөж эргэлзээ үүсгэж байгаа талаар

МУ-ын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйл. ”Шинжилгээ хийлгэх журам” 27.2-д дараахь тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ. 27.2.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан.

Энэхүү журмын 2.2-д “энэ журмын 2.1.1-2.1,5-д заасан гэмт хэргийн хохирогч эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.

Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно.

Өөрөөр хэлбэл энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээс бусад гэмт хэргийн тухайд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зөвхөн шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор зохицуулсан байна.

Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар “Сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлага” 39.1-д “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ” 39.1.8-д энэ хуулийн 40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг, мөн хуулийн 40 дүгээр зүйлд ”Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ” 40.2-д “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ. 40.2.1-д хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх, 40.2.2-д энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх, 40.2.3-д хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх, 40.3-д энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална гэж зааснаар тус тус тодорхойлогдож байна.

Хуулинд тодорхойлсноос харахад хэн нэгэнд сэтгэцийн эмгэг үүссэн гэдэг нь хууль зүйн ойлголт биш заавал шүүхийн сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог, клиник-эмнэлгийн ойлголт юм.

Шүүхийн зам тээврийн ослоор нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон иргэний сэтгэцэд эмгэг бий болсон гэж дүгнэн нөхөн төлбөр олгох тухай шийдвэр нь дээр дурьдсан хуулийн заалтуудтай илт зөрүүтэй бөгөөд сэтгэцийн эмгэг учирсан нь гэм хорыг арилгах үндэслэл болно гэх хор уршгийг арилгах хуулийн зохицуулалт, суурь зарчим, үзэл санаатай зөрчилдөж байгааг анхаарч үзнэ үү.

3. Хохирогчийн зүй бус үйлдэл буюу замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүргээ биелүүлээгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан зэрэг нь учирч болох хохирол, хор уршгийн үр дагавар ихсэхэд нөлөөлсөн нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон байхад түүнд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нөхөн төлбөрийг хэт өндөр тогтоосон талаар:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал’’-ыг баталсан.

Тодруулбал, гэмт хэргийн хохирогчид болон хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү аргачлалыг харгалзан үзнэ.

Хэдийгээр хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг ИХ-ийн 511.5-д зааснаар олгохоор дурьдсан ч мөн хуулийн 514 дүгээр зүйлд “Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх”

...514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно

... 514.2-д санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн тухайд гэм буруутайгаа маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүрэн хангасан бөгөөд нөхөн төлбөр олгохыг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хэт өндөр тогтоосон гэдэгт гомдол гаргаж байгаа болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Шүүх шийдвэрээ гаргаж уншиж сонсгох үедээ манай үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаатай хасаж, 1 жилийн хугацаатай тэнсэж, гэм хорын хохиролд 75.900.000 төгрөгийн төлбөр төлөх хугацаа тодорхойгүйгээр шийтгэл хүлээлгэж байгаагаа танилцуулсан боловч гардуулсан шийдвэрийн тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаатай хасаж, гэм хорын хохиролд 75.900.000 төгрөгийг 2 жилд төлөх шийтгэл хүлээлгэж байгаагаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих”...

39.8.1-д дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ...

39.8.1 дүгээр зүйлийн 1.8-д шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол гэсэнд хамаарна гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдэд дүгнэлт хийвэл уг хэрэг хүний амь насыг санаатайгаар хохироосон бус гэнэтийн нөхцөл байдлын улмаас үүссэн бөгөөд зам тээврийн осол гарах, хор уршгийг нэмэгдүүлэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байхад түүнд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийлгүй, нөхөн төлбөрийг олгож болох дээд хэмжээгээр тогтоож, төлбөр шаардах болон өөрт нь олгогдох эрх нь эргэлзээтэй этгээдэд нөхөн төлбөр олгохоор тогтоосон, шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр тухайн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэвэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хариу тайлбартаа:

...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлын үндэслэлийн дарааллын дагуу хариу тайлбар хийе.

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон ******* бол амь хохирогч *******ын хамгийн том төрсөн охин нь юм. Амь хохирогчийн эхнэр ******* нь элэгний хорт хавдрын улмаас яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан ба бие, сэтгэл санааны хувьд бусдыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд бүрэн төлөөлөх боломжгүй учир энэ шалтгааныг харгалзан төрсөн охин *******ыг мөрдөгч тогтоол гаргаж томилсон нь хууль зөрчөөгүй бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хохирогч нас барсан үед гэр бүлийн гишүүнд нөхөн олговрыг олгохоор заасныг шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо маш тодорхой бичжээ. Тэгвэл гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, мөн хуулийн 3.1.5-т “төрлийн хүн" гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин. зээ хүү, зээ охин тэдгээрийн хүүхдийг ойлгохоор нэр томъёог хуульчилсан. Иймд төрсөн охин бол гэр бүлийн гишүүн учир сэтгэцэд учирсан хохирлын нөхөн олговрыг авах эрхтэй субъект юм. Үүнийг шүүгдэгчийн өмгөөлөгч маань мэдсээр байж мушгиж өөрт ашигтай байдлаар тайлбарлахыг оролджээ.

2. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн практикт хүний амь нас хохирсон тохиолдолд Иргэний хуулийн 511.5 дугаар зүйл, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар тогтоох эрхийг шүүх хэрэгжүүлдэг. Иймд Мандал сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийг зөв хэрэглэж сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон. Анхан шатны шүүх энэ хэргийг өмнө нь шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргаж байсныг хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хянаад анхан шатанд буцааж шийдвэрлэж байсныг дурьдах нь зүйтэй.

З.Энэ үндэслэлийн тухайд шүүгдэгч үйлдсэн хэргээ өөрөө хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргахгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн зүй бус үйлдлээс болоод зам тээврийн осол гарсан учир гэм буруугаа хүлээхгүй маргаж өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан логик зөрчилтэй үндэслэл болжээ. Энэ хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, яагаад тоормосны мөр байгаагүй, 70 км/ц хурдтай явсан бол яагаад 82.3 метр явсны дараа зогсов, амь хохирогчийн хувцаснаас яагаад олон тооны чирэгдэхэд үүсдэг урагдалт, сэтрэлт, ханзралт, дугуйны хээний ул мөр үүссэн байсан, талийгаачийг автомашинаар чирч явсан байж болох уу зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах байсан ч шүүх хуралдаанд дуудагдсан шинжээч ирээгүй учир дээрх байдлыг тодруулж чадаагүй. Гэхдээ шинжээчийн дүгнэлт болон гэрч Серикгулийн “хашлаганы хажуугаар гарах гэтэл” нэг хар юм гэнэт орж ирсэн гэсэн мэдүүлгээр хохирогч нь хашлаганы хажууд байсан. хэт хурдан явж байснаас болоод жолооч автомашинаа зогсоож ослоос зайлсхийж чадаагүй болох нь тогтоосон байдаг. Иймд хохирогчийн буруу байсан ч жолооч автомашинаа зогсоох үүргээ биелүүлээгүйгээс осол гаргаж бусдын амь насыг хохироосон тохиолдолд Иргэний хуулийн 511.5 дугаар зүйл, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцийн хохирлыг тооцох нь практикт нэгэнт тогтсон шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосноосоо зөрүүтэй байвал Эрүүгийн хэрэг хянанн шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч хүсэлт гаргаж залруулга хийлгэх эрх нь нээлттэй байдаг. Тухайн орон нутагтаа оршин суугаа өмгөөлөгчийн хувьд энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хэргийг буцаах шалтаг хайж техникийн шинжтэй алдааг ноцтой зөрчил мэтээр тайлбарлаж байгаа нь зохисгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд 75.900.000 төгрөгийг 2 жилд хуваан төлөхөөр бичигдэж, шийдвэр уншигдснаасаа зөрүүтэй байгаа шийдвэрээ гардаж аваад мэдсэн ч шүүгдэгчийн санхүүгийн байдлыг бодолцоод залруулга хийлгүй орхисон. Ийм байхад шүүгдэгчийн өмгөөлөгч өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлын эсрэг ажиллахгүй байх ёс зүйн дүрэмтэй байхад шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор улайрч байгаа нь харамсалтай.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангасан, Хүний сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шүүх хуулийн дагуу зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шийдвэр зөрүүтэй бичигдсэн талаар бол техникийн алдаа гарсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2. Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг “Дэрстэй” гэх газар, төв засмал зам дээр 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 цаг 30 минутын орчимд ******* ******* улсын дугаартай Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3, 3.5а зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.*******ыг дайрч, түүний амь насыг хохироосон гэх хэрэгт  холбогдуулж, түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

2.Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаатай хасаж, 1 жилийн хугацаатай тэнсэж, гэм хорын хохиролд 75.900.000 төгрөг гаргуулж,  төлбөр төлөх хугацаа 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заажээ.

Гэтэл хэрэгт авагдсан 2024 оны 05 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгт шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, гэм хорын хохирол төлөх хугацаа тогтоосон талаар шүүхээс тайлбарлаагүй өөрөөр хэлбэл уншиж сонсгосон  шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байдал  тогтоогдож байна.

4. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 1.8-д заасан зөрчлийг шүүх гаргасан ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу болон шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН