Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00556

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00556

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б-аймгийн Д сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт М-ы Р.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Т-ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газар болон холбоо барих утасны дугаар тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

(Нэхэмжлэгч М.Р-д шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч М.Р шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Р нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Т-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж, оршин суугаа газар болон холбоо барих утасны дугаар тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн маргаантай асуудлаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргатал Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3427 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

1.2.Шүүхийн шийдвэрийн агуулгаас үзвэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Т нь тус аймгийн Д сумын 5 дугаар багт оршин суух хаягт бүртгэлтэй хэдий боловч шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулах үед энэхүү хаягт байхгүй, хаана байгаа нь мэдэхгүй байгаа нь тогтоогдсон гэжээ.

1.3.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ургийн овогт Ж. Т /рд:00000000/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар болон холбоо барих утасны дугаарыг нь тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б-аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Б-аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШЗ2024/03427 дугаартай шүүгчийн захирамж, Ж.Т, М.Р нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Г, Т.К нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.Р-ы өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Б-аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 302/ШЗ2025/01366д дугаартай шүүгчийн захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 696 дугаартай албан бичгийн дагуу Баймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/607 дугаар албан бичгээр ирүүлсэн Ж.Т-ий оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч М.Р-ы хүсэлтээр хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Т-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах, оршин суугаа газар болон холбоо барих утасны дугаар тогтоолгох тухай хүсэлт нь үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүлийн маргаантай асуудлаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3427 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ургийн овогт Ж.Т /рд:00000000/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар болон холбоо барих утасны дугаарыг нь тогтоож өгнө үү гэжээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч М.Р-аас  Б-аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчаар Б-аймаг Ө сумын 6 дугаар баг Бугат, 00/00 тоот оршин суух Харахас назар овгийн Ж-гийн Тийг тодорхойлж, Гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй хүүхдэдээ асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

5.2.Харахас назар овгийн Ж-гийн Т, Ж-овгийн М-ы Р нар 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 8322000063 дугаарт бүртгэсэн болох нь тус аймгийн Д сумын бүртгэлийн ажилтнаас олгосон тэдний гэрлэлтийн гэрчилгээгээр, тэдний дундаас 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Т.Г, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Т.К нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

5.3 Б-аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/607 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж.Т-ий оршин суугаа газрын хаягийн бүртгэлд ... байнга оршин суугаа газрын хаяг: БД 5-р баг Р гэж  бүртгэгдсэн байна.

5.4. Нэхэмжлэгч М.Р-аас  Б-аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчаар Б-аймаг Д сумын 5 дугаар багт оршин суух Харахас назар овогийн Ж-гийн Т-ийг тодорхойлж, Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

5.5.Б-аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 302/ШЗ2025/01366 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар ... Ж.Т нь  нэхэмжлэгчийн заасан хаяг болох Б-аймгийн Д сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч тус хаягтаа оршин суудаггүй, хаягтаа амьдардаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь Б-аймгийн  Д сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

6.Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Ж овогтой Т /рд:00000000/ нь тус аймгийн  Д сумын 5 дугаар багт бүртгэлтэй боловч одоо тус хаягтаа амьдардаггүй болох нь тогтоогдож байна.

7.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Т-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулж оршин суугаа газрыг олж тогтоолгох тухай хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Т-ийг шүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний байгаа газрыг олж тогтоох ажиллагааг явуулахыг Б-аймаг дахь Ц-ийн газарт даалгах нь зүйтэй байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Р-ы хүсэлтээр Б-аймаг, Д сум, 5 дугаар баг Р оршин суух хаягтай Х овогт Ж-гийн Т (РД:00000000)-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Баймаг, Д сум, 5 дугаар баг Р оршин суух хаягтай Х овогт Ж-гийн Т (РД:00000000)-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа хаяг болон утасны дугаарыг тогтоохыг Б-аймаг дахь Ц-гийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч М.Р-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б-аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК