Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00557

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 302/ШШ2025/00557

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ж овогт А-ийн Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ж овогт О.С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: 5,230,350 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Хариуцагч О.С, хамтран хариуцагч Б.Б нарт шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч О.С, хамтран хариуцагч Б.Б нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч О.С, хамтран хариуцагч Б.Б нарт холбогдуулан 5,230,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. З гэдэг дэлгүүр надаас тамхийг зээлээр авч, төлбөрийг нь төлөөгүй. Тухайн үед З дэлгүүрийг О.С ажиллуулж байсан.

1.2. Хамгийн анх 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр надаас зээлээр тамхи худалдаж авсан. Сүүлд нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тамхи зээлээр худалдаж авсан байдаг. Нийтдээ 5,230,350 төгрөгийн барааг зээлдэж авсан.

1.3.Тухайн үед О.С-тай тохиролцож, надаас барааг зээлээр худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч О.С-ы хариу тайлбар, татгалзал:

2.1.Нэхэмжлэгч А.Ж-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 5,230,350 төгрөгийн үнэтэй тамхийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “З” нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан. Тус дэлгүүр нь миний эхнэр Бауыржаны Бы нэр дээр бүртгэлтэй дэлгүүр байгаа.

2.2.Дээрх барааг хүлээн авч дэлгүүрт байрлуулсны дараа Б.Б, бид хоёр хоорондоо муудалцаж одоо тусдаа амьдарч байгаа. 2025 оны 03 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо эцэг эхийн гэрт амьдарч байна. Тэрнээс хойш уг дэлгүүрийг Б.Б-ы ээж А.Ш ажиллуулж байгаа.

2.3.Би гэр орноос явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй, дээрх тамхи дэлгүүрт үлдсэн. Уг нь тамхийг борлуулж орлогоос нь үнийг төлөх ёстой боловч Б.Б, түүний ээж А.Ш нар мөнгийг шилжүүлэхгүй байгаагаас дээрх маргаан үүсээд байгаа.

2.4.Өмнө нь дэлгүүрийг миний бие  ажиллуулж орсон орлогоос барааны үнийг тухай бүрт нь төлж явдаг байсан. Би дээр дурдсан шалтгаанаар гэр орноос явснаас хойш дэлгүүрээс нэг ч төгрөг аваагүй.  Анх дээрх тамхийг авахдаа “З” дэлгүүрийн нэрээр авсан, зарлагын баримтад “З” дэлгүүрийн нэр бичигдсэн учир дээрх мөнгийг би төлөх ёсгүй. А.Ж нь “З” дэлгүүрийн нэрээр нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хамтран хариуцагч Б.Б-ы хариу тайлбар, татгалзал:

3.1.Миний бие Б.Б нь Ө сумын 11 дүгээр багт байрлах З дэлгүүрийн эзэн болох нь үнэн болно.

3.2.Надад ирсэн С болон М ХК хэрэгт би холбоогүй, энэ мөнгөний асуудалд холбоогүй. Энэ дэлгүүрийг анх нээсэн цагаас хойш нөхөр болох С бараагаа татах, буцаалт, төлөлт зэргийг 100 хувь хариуцаж ажиллуулдаг байсан. Хаанаас ямар бараа татаж, өгч авч байгааг би мэддэггүй байсан.

3.3. Би өөрөө ажилтай, ажлын 8 цаг тухайн байдлаасаа шалтгаалж илүү цаг, нэмэгдэл цагаар ажилладаг байсан учраас дэлгүүрт хяналт тавих боломжгүй байлаа.

3.4. 2025 оны 02 сарын 27-ны өдөр гэр бүлийн маргаан гарч С намайг зодож биед минь гэмтэл учруулж хаяад явсан. Түүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй. Түүнээс хойш дэлгүүрийн бараа татдаг байгууллагуудаас мөнгө нэхэгдэж ирэх болсон. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сар хүртэл авсан бараа гээд 20,000,000 төгрөг, мөн дээрээс нь миний нэр дээр байсан машиныг банк бусад 10,000,000 төгрөгийн барьцаанд тавиад явсан байсан. Түүнээс хойш машинаа чөлөөлж аваад бас бус бараа авсан байгууллагад руу нийт 4,069,250 төгрөгийг төлөөд байна.

3.5. Тиймээс одоо би энэ хүний нэг ч төгрөгийг хариуцаж төлөлцөхгүй. Тухайн үед өөрөө дэлгүүрээ хариуцаж ажиллуулж байсан бүх асуудлаа өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зарлагын баримт, 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Зарлагын баримт, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Зарлагын барим зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Нэхэмжлэгч А.Ж-ийн хариуцагч О.С-аас барааны үнэ 5,230,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч О.С нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  надаас нийт 5,230,350 төгрөгийн үнэ бүхий тамхийг зээлээр худалдаж авсан. Уг мөнгийг элдэв шалтаг зааж төлөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ. 

7.Хариуцагч О.С нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: А.Ж-ийн нэхэмжлэлд дурдсан 5,230,350 төгрөгийн үнэтэй тамхийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “З” нэртэй хүнсний дэлгүүрийн нэр дээр авсан. Уг дэлгүүр миний эхнэр Б.Б-ы нэр дээр бүтгэлтэй дэлгүүр байгаа. Дээрх барааг авсны дараа Б.Б бид хоёр муудалцаж 2025 оны 3 дугаар сарын эхээр би гэрээсээ явсан ба одоо уг дэлгүүрийг Б.Бы ээж ажиллуулж байгаа.  Би гэрээс явахдаа дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл авч яваагүй. Уг нь авсан тамхийг борлуулж орлогоос нь төлөх ёстой боловч Б.Б, түүний ээж А.Ш нар мөнгийг шилжүүлээгүйгээс энэ маргаан үүсч байна. Иймд уг мөнгийг “З” дэлгүүрээс нэхэмжлэх ёстой гэжээ.

8.Хамтран хариуцагч Б.Б нэхэмжлэлийг болон хариуцагч О.С-ы  тайлбарыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Дэлгүүр нээсэн цагаас хойш нөхөр болох С бараагаа татах, буцаалт, төлөлт зэргийг 100 хувь хариуцаж ажиллуулдаг байсан. 2025  оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс гэр бүлийн маргаанаас болж намайг хаяад явсан ба түүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй. Дэлгүүрийг хариуцаж ажиллуулж байсны хувьд бүх асуудлыг хариуцах ёстой тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд: Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримтаар Ж нь нийт 5,230,350 төгрөгийн барааг О.Сд хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байгаа ба хариуцагчаас уг барааг хүлээж авсан болохоо тайлбарлажээ.

10.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч болон хамтран хариуцагч нараас нэхэмжлэлийг нь эс зөвшөөрч маргажээ.

11.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдагч А.Ж нь худалдах, худалдан авах гэрээний дагуу 5,230,350 төгрөгийн барааг худалдан авагч О.Сы өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгийг хариуцагч О.С хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын  тайлбараар нотлогдож байна.

Худалдан авагч О.С нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн худалдан авсан эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч А.Ж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдсан барааны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуульд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж заажээ. Хариуцагч О.С нь нэхэмжлэгч  А.Ж-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 5,230,350 төгрөгийн барааг хүлээж авсан нь болсон үйл явдал болон бичгийн нотлох баримтын хүрээнд тогтоогдож байх тул О.С, А.Ж нарын хооронд хэлцэл хийгдэж эрх үүрэг үүсэн байна гэж үзлээ. 

12.Нэхэмжлэгч А.Ж нь хамтран хариуцагч Б.Б-тай харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хөрөнгө шилжүүлсэн нь тогтоогдоогүй байгаа ба хариуцагч О.Сы хувьд “З” дэлгүүрийн эзэн Б.Б-ыг төлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

13.Иймд хариуцагч О.С-аас худалдан авсан барааны үнэ 5,230,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-т олгож, хамтран хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч А.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.С-аас 98,636 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-т олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.С-аас худалдан авсан барааны үнэ 5,230,350 (таван сая хоёр зуун гучин мянган гурван зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-т олгосугай.

2.Хамтран хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,636 (ерэн найман мянган зургаан зуун гучин зургаан) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.С-аас 98,636 (ерэн найман мянган зургаан зуун гучин зургаан) төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ж олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК