| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00226/И |
| Дугаар | 302/ШШ2025/00560 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 302/ШШ2025/00560
| 2025 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 302/ШШ2025/00560 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, С овогт М-ийн А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Нэгдсэн эмнэлэг (даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Е)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А-г тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Баймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Баймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А-г тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч М.А нь 2007-2012 онд У хотын Э АУИСургуулийг "Био-анагаах судлаач мэргэжлээр" бакалаврын зэрэг эзэмшиж, 2015 онд А Сургуулийг "Эмнэлзүйн лаборатори судлал" мэргэжлээр, 2021 онд Э их сургуулийг Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан- Хүний их эмч мэргэжлээр тус тус төгссөн. Мөн нэхэмжлэгч нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн "Нян судлалын лаборатори"-н тасагт 60 хоногийн шавилан сургалтад хамрагдсан.
1.2. М.А нь 2013-2021 онд Р эмнэлэгт нян судлаачаар, 2019-2022 онд Р эмнэлэгт, 2022-2023 онд Сэргээн засах клиник эмнэлэгт лабораторийн эмчээр, 2023 онд Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт лаборантаар тус ажиллаж байсан ба 2024 оноос эхлэн Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт нян судлаачаар ажиллаж байгаа буюу нийтдээ мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
1.3.Нэхэмжлэгч нь 2020 оноос эхлэн Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилд орох тухай хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч нь Б аймгийн Засаг даргын тамгын газраас Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасагт тасгийн эрхлэгчийн орон тоо нь сул орон тоо эсэх талаар тодруулсан бөгөөд тухайн орон тоо нь одоогоор сул орон тоо мөн гэсэн хариуг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Гэвч Б аймгийн Нэгдсэн эмнэлэгт дээрх орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай хүсэлтийг амаар гаргасан боловч хариуцагч байгууллагаас татгалзсан хариу өгсөн тул ийнхүү шүүхэд хандаж байгаа болно.
1.5. Угтаа бол Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасгийн эрхлэгчийн орон тоо нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2-р хавсралтын 4 дэх хэсэгт заасны дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд хамаарах бөгөөд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 10-р хавсралтад ХАСХОМ хөтөлдөг албан тушаалын жагсаалтыг баталсан ба тус жагсаалын 1 дүгээр зүйлийн 5.4 дэх хэсэгт ТҮМ 6, ТҮМ 9-т хамаарах эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтанд түүнтэй дүйцүүлэх албан тушаалтныг журамлаж өгсөн байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардах эрхийн нэг үндэслэл болж байгаа ба хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийн хүсэлтийг гаргуулсан албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын ангилал зэрэг болох ТҮМ 6 гэсэн ангилалд хамаарч байна гэж үзэж байгаа. Тухайн маргаан бүхий лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал болохын тулд заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан ил тод байх зарчим болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчлэлийн адил тэгш, нээлттэй ил тод байх зарчимд тус тус нийцсэн гэж үзэж байгаа.
1.6. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу зөвхөн нэгдсэн эмнэлэг эсхүл эмнэлгийн захирал эрхлэгчийн буюу эрх баригчийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зохион байгуулахаар журамласан байгаа. Энэхүү албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх нь ажил олгогч буюу нэгдсэн эмнэлэгт хамаарна гэж ажил олгогчийн зүгээс үзэж, нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа.
1.7.Нэхэмжлэгчийн хувьд тухайн эрхлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил туршлагын зэрэг шаардлагуудыг бүрэн хангах бөгөөд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөх болон цаашид томилогдон ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Мөн шүүхэд хандаж байгаа өөр нэг шалтгаан нь зөвхөн энэхүү маргаантай холбоотой биш бөгөөд цаашид аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч нарын албан тушаал сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан учраас томилогдох ёстой гэсэн санаа давхар явж байгаа. Мөн нэхэмжлэгчийн шаардах эрхийн өөр нэг үндэслэл нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулахыг болон нэхэмжлэгчийг тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг тус тус даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Е болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И нарын хариу тайлбар, татгалзал:
2.1. Тус эмнэлэгт лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоо гарсан. Гэхдээ уг орон тоонд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажлыг сонгон шалгах журмын 1.1 дэх хэсэгт төсвийн байгууллагын шууд захирагч болох захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний удирдах ажилд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө гээд хуульчилсан байгаа.
2.2. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулалт журам, загвар батлах тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулалт журмын 1-т төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна. Мөн журмын 2.1.3 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг 2.1.3.2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг хийхээр зохицуулсан ба зөвхөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч гээд тодорхой хуульчилсан байгаа.
Мөн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь хэсэгт төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд тайлагнах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна. Дээрх хууль тогтоомжид Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч байгууллагын төсөв санхүүд ямар нэгэн байдлаар оролцох, захиран зарцуулах эрх хэмжээг хуулиар олгогдоогүй. Нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60, 2022 оны 25 дугаар тогтоолуудаар зөвхөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нарын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах ёстой гээд тодорхой зааж өгсөн ба Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар ямар нэгэн заалт тусгагдаагүй байна. Ингээд лабораторийн тасгийн эрхлэгч орон тооны тодорхойлолтод төсвийг захиран зарцуулах талаар ямар нэгэн заалт байхгүй. Мөн хуулийн 16.4.11 дэх хэсэгт төсвийн бусад байгууллага дарга, захирал, эрхлэгч тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна гэдгийг тодорхой хуульчилсан байгаа. Тухайн албан тушаалын тодорхойлолтын зорилт үндсэн мэргэшил болох лабораторийн үндсэн ажил, лабораторийн эмч үндсэн ажлаа давхар гүйцэтгэж тухайн тасгийн өдөр тутмын үйл ажиллагаа цаг ашиглалтад хяналт тавих албан тушаалтан байгаа. Тасгийн эрхлэгч гээд нэршил болохоос биш, төсвийн байгууллагын төсвийг захиран зарцуулах эрх хэмжээтэй албан тушаал биш юм. Тасгийн эрхлэгч гэдэгт өөрийн эзэмшсэн үндсэн мэргэжлээр ажиллаж байгаа ажилтанд хариуцлагыг нь нэмж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно.
2.3. Хоёрдугаарт нь, Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт ажилд авах, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө тус журмын 8.1.2.1 дэх хэсэгт тухайн ажил үүргийг одоо ажиллаж байгаа бусад туршлагатай ажилтанд шилжүүлж болох эсэхийг судлах талаар заалт байгаа. Энэ журмын дагуу Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс үүрэг даалгаврын дагуу хүний нөөцийн алба тухайн тасагт буюу лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшиж ажиллах боломжтой ажилтнуудыг судалсан. Нэгдсэн удирдлагын зөвлөлийн хуралд 2 хүний нэрийг нь тухайн тасагт ажиллаж байсан лабораторийн хоёр эмчийг санал болгож, оруулсан. Одоо Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөл 9 гишүүнтэй байгаа. Тэрний зарим гишүүд нь гадаад болон дотоодод сургалттай байгаа учраас одоогоор хурал хийгдээгүй байгаа.
2.4. Урьд нь Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00279 дугаар шийдвэр нэгдсэн эмнэлгийн захиалгаар лабораторийн эмчийн нарийн мэргэжлийн сургалтад хамрагдан төгсөж ирсэн лабораторийн эмч Ш А-ыг гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, лабораторийн эмчээр ажиллуулахаар үүрэг болгож шийдвэр гаргасан тул нэгдсэн эмнэлгийн одоогийн бүтэц орон тоонд лабораторийн эмчийн сул орон тоо байхгүй учраас тухайн тасагт ажиллаж байгаа лабораторийн эмчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тухайн тасгийн лабораторийн тасгийн эрхлэгчийг шатлан дэвшүүлж, лабораторийн эмчийн сул орон тоонд лабораторийн их эмч Ш.А-ыг томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байгаа.
2.5.Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/6 дугаар Нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоо ажил албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал дээр лабораторийн хэсэгт 13 хүн ажиллахаар баталсан байгаа. Одоо шүүхийн шийдвэрийг биелүүлж, бид нарт 17 хүн ажиллаж байгаа. Одоо гаднаас хүн сонгон шалгаруулж авах боломжгүй. Дээрээс нь Эрүүл мэндийн яамнаас нийт ажилтнуудын 9 хувийг цомхотголд оруулж, ажиллаарай гэсэн. Өнөөдрийн дотор бид нар шийдвэрийг явуулах гэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 31 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага иргэний оролцоо, эрх үүрэг, 33.3 дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага болон хөдөлмөрийн биржээс санал болгосон иргэнийг ажлын байрны шаардлагад нийцүүлэн сонгож, ажилд авах хөдөлмөр эрхлэлт нийтлэг үйлчилгээ арга хэмжээнд өөрийн сонголтын дагуу оролцох эрхтэй гэж заасан байгаа. Хуульд сонгон шалгаруулалт гэж заагаагүй. Зөвхөн сонгон ажилд авна гэж хуульд заасан байгаа.
2.6.Нөгөө талаар Нэгдсэн эмнэлэг төрийн албаны салбар зөвлөл биш. Шалгалт авах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Бид нар шалгалт авах эрх хэмжээтэй байгууллага биш байна. Дээрээс нь бид нарт гаднаас хүн авах ямар нэгэн эрсдэл үүсээгүй. Дотроосоо ажилтнуудыг сонгож авах нөөц бололцоо байгаа. Тийм учраас бид нар дотооддоо тухайн тасагтаа ажиллаж байгаа эмч нараас сонгон авах эрх хуулиараа байгаа гэж үзэж байгаа. Дээрээс нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага сонгон шалгаруулалт бүртгэх гээд шаардлага гаргасан. Гэтэл ажилд томилсон тушаалыг гаргаж өгөөгүй байгаа. Энэ дээр бас эргэлзээтэй байгаа. Био анагаахын лабораторийн мэргэжилтнээр ажилласан ажилд томилсон тушаал нь байхгүй учраас энэ дээр төгссөн мэргэжлээр ажилласан эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. Ийм учраас Нэгдсэн эмнэлэг өөрсдөө дотооддоо сонгох боломж хуулиар байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Е.М-т олгосон итгэмжлэл, Б аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1112 дугаартай захирамж, М.А-гийн 94028 дугаартай Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ, 00000000 дугаартай Бакалаврын диплом хавсралтын хамт, 1150286 дугаартай Мэргэжлийн диплом хавсралтын хамт, 00000000 дугаартай Бакалаврын диплом хавсралтын хамт, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон Гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А-гийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 6-03/138 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн албаны зөвлөлийн Б аймаг дахь салбарын зөвлөлийн нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай албан бичиг, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1а/3266 дугаартай албан бичиг зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар албан бичгээр Е.И олгосон итгэмжлэл, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/06 дугаар тушаал хавсралтын хамт, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/07 дугаар тушаал хавсралтын хамт, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/05 дугаар тушаал хавсралтын хамт, Б-аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00279 дугаартай шийдвэр, 2025 оны 04 дүгээр сарын 21-ий өдөр нэгдсэн эмнэлгийн албаны дарга нарт өгөгдсөн үүрэг даалгавар, Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албаны 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн илтгэх хуудас, Баймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 107 дугаартай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 200 дугаартай тушаал, Баймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/106 дугаартай тушаал зэргийг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 70 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М.А-гийн 0000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “О” эмнэлгийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай тушаал, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/153 дугаартай тушаал, Нийслэлийн өргөө амаржих газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/155 дугаартай тушаал, “Рэндэжиүтай очирваань” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай тодорхойлолт зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М.А-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч М.А-гийн хариуцагч Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А-г тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2007-2012 онд Э АУИСургуулийг “Био анагаах судлаач” мэргэжлээр, бакалаврын зэрэг эзэмшиж, 2015 онд АШУҮИСургуулийг “Эмнэлзүйн лаборатори судлал” мэргэжлээр, 2021 онд Э их сургуулийг Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан -Хүний их эмч мэргэжлээр тус тус төгсөж, мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. 2020 оноос эхлэн Б-аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилд орох тухай хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай хүсэлтийг амаар гаргасан боловч хариуцагч байгууллагаас татгалзсан хариу өгсөн тул Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А-г тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж өнө үү гэжээ.
6.Хариуцагч Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Е нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Аймгийн нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасгийн эрхлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаартай тушаалаар чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулах журамд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нарын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар заасан байх бөгөөд нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь уг журамд заасан албан тушаалд хамаарахгүй тул “чадахуйн зарчим” буюу шатлан дэвшүүлэх зарчмыг үндэслэн сонгон ажиллуулах боломжтой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд.:
7.1.Э дээд сургуулийн бакалаврын дипломоор М.А нь 2012 онд “Био-Анагаах” мэргэжлээр, 2021 онд “Ерөнхий мэргэжлийн анагаах ухаан-Хүний их эмч” мэргэжлээр тус тус төгссөн болох нь тогтоогджээ.
7.2.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас олгосон даатгуулагч М.А-гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.А-гийн 0742869 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “Рендэжиүтай очирваань” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн б/24 дугаартай тодорхойлолт, “О” эмнэлгийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлын 2024 оны 09 үгээр сарын 10-ны өдрийн Б/153 дугаартай тушаал зэргээр М.А нь 2013 оноос эзэмшсэн мэргэжлийн дагуу хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь нотлогдож байна.
7.3. Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба уг тодорхойлолтод тухайн албан тушаалын ерөнхий мэдээлэл, зорилго, зорилт чиг үүрэг, албан тушаалд тавигдах тусгай шаардлага, албан тушаалын харилцах субъект зэргийг тусгажээ.
7.4. Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байх ба уг тушаалын хавсралтаас үзэхэд Баймгийн Нэгдсэн эмнэлэг нь нийт 506 орон тоотой байх бөгөөд Лабораторийн тасаг нь тасгийн эрхлэгч 1, лабораторийн эмч 1, Био-анагаахын мэргэжилтэн 3, ахлах лаборант 1, лаборант 10, үйлчлэгч 1, нийт 17 байхаар баталжээ.
7.5. Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/05 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх ба уг журмын наймдугаар зүйлээр Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын талаар зохицуулжээ.
7.6. Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/106 дугаартай “Ажилд томилох” тухай тушаалаар Баймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00279 дугаартай шийдвэрийг үндэслэн Ш.А-ыг лабораторийн тасгийн лабораторийн эмчээр томилон ажиллуулсан байна.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасгийн эрхлэгчийн орон тоо нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж маргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч маргажээ.
9.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасгийн эрхлэгчийн орон тоо нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан ил тод байх зарчим болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчлэлийн адил тэгш, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлан ажил олгогч нь сонгон шалгаруулалт явуулах үүрэгтэй тул Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг, мөн М.А-г тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.
10.Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг зохицуулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан буюу төрийн захиргааны болон төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэнэ.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар маргаан бүхий Баймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь албан тушаалын ангиллын хувьд төрийн үйлчилгээний албан тушаал болох нь тогтоогджээ.
12.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ.
13.Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулиар хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Баймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд хүн авч ажиллуулах нь ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэгдэх харилцаа гэж үзэхээр байна.
14.Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, мөн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам"-д заасан төрийн жинхэнэ албан тушаал болон удирдах албан тушаалд хамаарахгүй тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно.
15.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Төрийн үйлчилгээний албан хаагчийг сонгон шалгаруулах талаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр байхгүй байх тул сонгон шалгаруулах журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
16.Иймд нэхэмжлэгч М.А-гийн Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг, мөн М.А-г тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
17.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-гийн Б-аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг, мөн М.А-г тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б-аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК