Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/79

 

                                      *******д  холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Р.Мягмардорж

Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх

Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Амаргэрэл шийдвэрлэсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/263 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн яллагдагчийн өмгөөлөгчийн гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, ********  индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ургийн овогт гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, **** настай, эрэгтэй, ****** боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, **** дугаар баг, ****дугаар хэсэг, ***** дугаар байрны **** тоотод оршин суух хаягтай, /РД********/ урьд

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн албадан ажил хийлгэх ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 28,080,000 төгрөгийн торгох ял,

Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт цогцолборын машины зогсоолд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч О.*******тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан толгойн үс хэсгээс нь зулгааж доош нь даран бие хэсэгт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “хэвлий, зүүн гуя, зүүн өвдөг, баруун шилбэ цус хуралт, баруун шилбэ, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 04 цагийн үед согтуурсан үедээ Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Rich” нэртэй зочид буудалд С.*******ыг “өөрийн хамтран амьдрагчтай хамт буудалд орсон, явалдсан” гэх шалтгаанаар түүний өгзөгний зүүн доод хэсэгт хутгаар нэг удаа хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.12, 6.13, 6.15 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч С.*******ын өмгөөлөгч М.Гансүхээс гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийн зарим хэсгийг нь хүлээн авч,

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,

        Яллагдагч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

2024 оны 06 сарын 18-ны өдрийн 263 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1, 2 дах заалтуудыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Гомдол гаргах үндэслэл нь:

1.Захирамжийн тодорхойлох хэсэгт ....мөн хуулийн 6.13 дах хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хууль заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол үндэслэл бүхий байна. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй тул хэргийг буцааж, дээрхи ажиллагааг хийгдсэний эцэст дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлбэл зохино гэжээ.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдэх ёстой. Захирамжийнхаа 1-р заалтаар ямар нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх явцдаа энэ хуулийн ямар заалтыг хэрхэн ямар байдлаар зөрчсөн талаар тодорхой бичигдээгүй учраас түүнд тайлбар өгөх боломжгүй байдал үүсч байна. Тиймээс үндэслэлгүй заалт бичиж хэргийг үндэслэлгүй прокурорт буцааж шийдвэрлэлээ гэж гомдол бичиж байна.

Захирамжинд хохирогчийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авахаар шийдвэрлэв гэжээ. М.Гансүх өмгөөлөгчийн хүсэлтээс О.*******тай холбоотой бичигдсэн асуудлуудыг хангаагүй орхисон гэж ойлгож байгаа учир нь түүний өмгөөлөгчөөр оролцоогүй тэр хүний санаа бодлыг илэрхийлэх эрхгүй гэж үзэж байна.

Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчмыг удирдлага болгох ёстой.

Хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн хэд хэдэн заалтын аль заалтыг хүсэлтийг хүлээн авч нэмэлт ажиллагааг хийлгүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтэд хэрэгт авагдсан нотлох баримтанд үнэлэлт өгч хэргийн зүйлчлэлийг дутуу явуулсан, зориуд бэлтгэсэн хутгыг биедээ авч явсан гэх мэтээр өөрөө харж үзсэн мэтээр дүрсэлж зүйлчлэлийг өөрчлүүлэх санал тавьсаныг шүүх хүлээн авсан нь боломжгүй асуудал юм.

Хэн *******ийг урьдаас хутга мэс бэлдэж хүнийг алах гэж буудалд очсон гэдгийг гэрчилж байгаа юм бэ. Ийм үйлдэл огтоос байхгүй. Тиймээс тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар бичигдсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 18-ны өдрийн 263 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 19 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ:

...Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2024 оны 06 сарын 18-ний өдрийн 2024/ШЗ/263 захирамжаар энэхүү хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдоогүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2024 оны 06 сарын 25-ний өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Шүүгч прокурорт хэргийг буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байхыг хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхдээ “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлаагүй байна.

Түүнчлэн ******* нь хамтран амьдрагч О.*******ыг хардан хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч О.*******ын “.......Тус өдрийн 23 цагийн үед би өөрийн найз  ын хамт миний ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар сум 2 дугаар баг Гэрэлт хөшөөний машин зогсоол дээр нэг нэг алтан говь нэртэй лаазтай пиво уугаад сууж байтал миний салсан хамтран амьдрагч ******* машины арын зорчигчийн суудалд хэлж чимээгүй орж ирээд суусан. Тухайн үед жолооны хүрдэн дээр би урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан юм. ******* тухайн үед хэл ам нь ээдрээд согтуу байсан..... Тэгсэн ******* уурлаад ыг зайл, миний машинаас гар гэж хөөж байгаад нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад 3 удаа цохиод авсан тэгэхээр нь би ыг өмөөрөөд *******д хандан чи одоо болиоч гэтэл үргэлжлүүлээд миний нүүр рүү 3-4 удаа гараа атгаж байгаа цохисон тэгэхээр нь ын хамт машинаас буугаад би *******ийн машинаасаа буулгах гэтэл тэрээр машинаас бууж ирээд намайг үстэж дараад хэвлий гэдэс хэсэг рүү 1, гуяа хөл хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Намайг ******* зодож байхад түүний найз Н.******* ирээд *******ийг надаас салгасан Тэгээд удалгүй цагдаа нар ирээд *******ийг надаас салгасан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч С.*******ын “......би гадуур явж байгаад 03 цаг 40 минутын орчим буцаж Коллектив нэртэй бааранд очтол тухайн эмэгтэй баарнаас гарч ирээд манай машинд суусан. Ингээд бид “Rich" нэртэй буудалд очиж тухайн эмэгтэй бид 2 буудал руу орсон. Бид тухайн буудалд ороод жаахан юм яриад сууж байсан бөгөөд бид тус тусдаа орон дээр суугаад юм яриад сууж байтал 10 орчим минутын дараа байх гаднаас манай өрөө рүү хутга барьсан хүн орж ирсэн. Тухайн хүн орж ирээд шууд л над руу ална гэж хэлээд дайрсан...гэх мэдүүлэг болон гэрч *******ын мэдүүлэг шинжээч дүгнэлт зэргээр хангалттай нотлогдсон байна.

Гэтэл шүүх хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хутгыг олж авмаар байна, хуульд заасан журмын дагуу тодорхой ажиллагаа хийж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан үүргээ хангалттай биелүүлээгүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буруу хэрэглэсэн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.13 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол үндэслэл бүхий байна гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 6.13 гэх заалт хуульчлагдаагүй байх бөгөөд нотлох баримтын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт тодорхойлон заасан байна.

Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт, гомдол гаргаагүй байхад гаргасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12-т заасан “Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлт” мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-т заасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан байна.

Шүүгч санал хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэхдээ зарим хэсгийг хүлээн авч тухайлбал яллагдагч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүсэлтийг хангаж захирамжийн 3 дахь заалтаар шийдвэрлэсэн байна.

Гэтэл хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг хангаагүй атлаа хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг огт дурдаагүй чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус түүний үндэслэл агуулгыг нягтлан шалгах бололцоогүй байна.

Шүүгч захирамждаа мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг хэрхэн тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулах, өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, хийгдэх ажиллагаа нь шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн талаар тодорхой үндэслэл, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичээгүй байна.

Иймд *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 18-ний өдрийн 2024/ШЗ/263 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Прокурорын зүгээс яллагдагч *******ийг 2024 ны 1 сар болон 2024 оны 04 сард 2 хүний хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн өмгөөлөгчид урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж хэд хэдэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор хүсэлтүүдийг гаргасан. Уг хүсэлтийн агуулгад яллагдагч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохируулж, хутгыг олж тогтоогоогүй гэх асуудал ярьсан байдаг. Хохирогч *******ын гомдол мэдээлэл гаргасан өдөр буюу 04 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн байгууллагаас яллагдагч *******ийг эрэн сурвалжилж үүрийн 6 цагт олж тогтоон, биед нь үзлэг хийсэн байдаг. Уг үзлэгээр хутга гарч ирээгүй аптерк гарч ирсэн нөхцөл байдал тогтоогддог. Үүний дагуу тухайн хохирогчид учирсан гэмтлийг тухайн тухайн аптерктай харьцуулсан шинжилгээгээр тогтооход уг аптеркаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг учруулаагүй байна гэх шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Хохирогч намайг хутгалсан, тэгэхдээ ямар хутга байсныг нь хараагүй. Мөн гэрч ******* мэдүүлэхдээ хутгыг хараагүй гэдэг. Үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн гэмтэл учирсан гэдэг утгаараа бусдын эрүүл мэндэд хутга хэрэглэж хөнгөн хохирол учруулсан гэж хэргийг зүйлчилж явуулсан байдаг. Харин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүгчийн тодорхойлох хэсэгт тухайн хутгыг олж тогтоох агуулга бүхий тусгасан байдаг. Хэргийг харвал тухайн хэргийг хүндрүүлэн зүйлчлэх бол зэвсэг зэвсгийн шинжтэй зүйлийг хэрэглэсэн гэж хүндрүүлэх шинжийг хуульчлаагүй байдаг. Тэгэхээр шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлгээр тодорхойлох хэсэгт тусгасан агуулга үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна.  Мөн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан тухайн үед хэрэгт Өлзий гэх хүнийг гэрчээр асуух тухай хүсэлт гаргасан байдаг. Тухайн үйл баримтыг харвал гэрч ******* нь эцэг эхчүүдтэй утсаар ярьж байсан. Өлзий гэх хүн нүдээрээ хараагүй, сонсоогүй хүнийг гэрчээр асуух нь үндэслэлгүй байна гэдэг утгаар улсын яллагчийн зүгээс тайлбарыг урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр тавьсан байдаг. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангасугай гэж заасан байдаг. Гэвч 3 дахь заалт дээр тухайн өмгөөлөгчөөс гаргасан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг хүлээж авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Гэсэн хэдий ч урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүхийн шатанд гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэе гэж буцаасан байдаг. Гэвч захирамжлах хэсэгт ямар агуулга бүхий ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх гээд байгаа нь байхгүй тусгагдаагүй байдаг. Шүүхийн шийдвэр нь биелүүлэхэд эргэлзээгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна гэх агуулгаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд хэргийн оролцогч болон шүүгчид өөрөө урьдчилсан хэлэлцүүлгээр тодорхой асуудлыг шийдвэрлэх, буцаах эрх хэмжээ олгогдсон байна. Шүүгч өөрөө хүсэлт гаргаагүй байж, урьдчилсан хэлэлцүүлэг дээр асуудлыг шийдвэрлэж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй гэж тайлбарлаж байгаа Р.Атарцэцэг өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн хүрээнд, яллах дүгнэлтийн хүрээнд урьдчилсан хэлэлцүүлгийн агуулгыг зарлана. ...Миний үйлчлүүлэгч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэж очихдоо зөрчлийн юм уу, гэмт хэргийн юм уу хэд хэдэн зүйлийг хэргээс харвал үйлдсэн. Хутга бусдын хоолой руу тулгасан, авч явсан, мөрдөн мөшгөсөн, далайлган сүрдүүлсэн айлгасан. Нэг ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Энэ яг ямар үйлдэл вэ?. Үүнийг хүн хараагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих заалтууд байгаа. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т ямар зорилготой очсон бэ? сэдэл нь юу байсан бэ? энэ гэмт хэргийг үйлдэж байхдаа зөрчлийн юм уу, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд хийгээд яваад байгаа. Хутгалсан байна. Түүний дараа ямар хор уршиг учирсан байна. Утсаа алга болгосон байна. Энэ дээр нэг ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Үүнийг яаж шүүх хуралдаанаар нөхөн гүйцээж болох вэ?. Прокурорын байгууллага, мөрдөх байгууллага хуульд заасан журмаар ажлаа хийхгүй, зохих ёсоор хяналтаа тавиагүйн улмаас энэ хүн ял завших гээд байна. Үүнийг шалгаад өг гэсэн асуудлыг удаа дараа тавьсан. Огт шалгаагүй. Хэд хэдэн хүмүүсийн нэр ус дурдагддаг. Бас нэг хүний нэр дурдагддаг. ******* гэх хүнийг найз нь ирж авч явсан. Ямар байдалтай байсан бэ? гэх мэтчилэн бүх зүйлийг бүрхэг оруулж ирээд энэ шалгагдаж ирсэн хүрээндээ шийдэх ёстой, тийм учраас яллагдагчид ашигтайгаар шийдэгдэж яллагдагч ял завшиж өнгөрөх юм байна гэж харагдаж байгаа юм. Энэ агуулгаар урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг гаргасан. Яагаад гэх асуултад хариулах боломжгүй. Гэм буруугийн шатанд очвол мэтгэлцэх боломжгүй. Бүгдийг шалгахгүй оруулж байгаа учир яаж мэтгэлцэх вэ?. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан учраас уг асуудлуудыг нэг мөр шалгаж тогтооно уу гэх агуулгаар анхан шатны шүүх хэргийг буцаасан гэж харж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

3.Яллагдагч *******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж талуудад танилцуулан шүүх хуралдааныг явуулж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

5.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

6.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/263 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж ямар ажиллагаа хийлгэх шаардлагатай байгаа нь шүүгчийн захирамжинд тусгагдаагүй тул захирамжийн Тодорхойлох хэсгийн агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй, өгөхгүй боломжгүй байгааг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-д  “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан тул тус шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй шүүгчийн захирамж  нь “Үндэслэх” хэсгээс бүрдсэн байгааг анхаарч энэ төрлийн алдааг цаашид давтахгүй байхыг анхааруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/263 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ