Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 119/ШШ2026/0029

 

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн ** овогтой **,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурал /дарга **/,

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /**/,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн **,

            Гуравдагч этгээд: **,

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”,

“Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Говил багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга **, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахнэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан. Уг нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны актын дугаарыг “2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай тогтоол” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Говил багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул шүүгчийн  2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 119/ШЗ2026/0142 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд Говил багийн Засаг даргад **, ** нар нэр дэвшжээ.

4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Засаг даргыг сонгох санал хураалтаар ** сонгогчдын олонхын буюу 48.4 хувийн санал авч, багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, “Говил багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаартай тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан байна.

5. Нэхэмжлэгч ** нь 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6. Говил багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргыг томилуулахаар уламжилж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Говил багийн Засаг даргаар **ийг томилжээ.

7. Нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2026 оны 01 дүгээр сарын 31-нд Говил багийн Засаг даргыг сонгох сонгуульд нэр дэвшиж оролцсон. 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Нэгдүгээрт ашиг сонирхлын зөрчил гарсан. Нэр дэвшигч **ийн төрсөн эгч нь тооллогын комиссын даргаар ажиллахдаа зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Ирцийг бүртгэхдээ багийн хэсгийн ахлагчид болон **ийн найз **гийн хамаатныг өөрөө ирээгүй байхад нь урьдчилан бүртгэсэн гэж гомдол гаргасан байгаа. Жишээлбэл хэсгийн ахлагч гэдэгт **, бэр ** гэж байна. **гийн хувьд ** гэдэг хүнийг өөрөө ирээгүй байхад нь бүртгэсэн. Гэхдээ ** өөрөө ирээгүй учраас тухайн хэсгийн ахлагч зурсан байна гэж харж байгаа. Гуравдугаарт санал хураалтын үеэр зарим иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтуу иргэн санал өгсөн. Санал хураалтын үеэр тооллогын комиссын гишүүн **ы дэлгүүрийн үйлчлэгч ** гэдэг хүн 3 удаа босож гарсан. Иргэд бухимдаж “** хор хутгалаа, босож болохгүй” гэж хэлсэн боловч тооллогын комиссын дарга болон хурлын дарга ** үүнд шаардлага тавиагүй. Ингэж гарч явж байснаараа мэдээлэл өгч байсан. Тэр үүднээс зарим нэг хүмүүсийг оруулж санал өгүүлсэн гэж үзэж байгаа. Дөрөвдүгээрт тооллогын комиссын дарга ** тоолж дууссаныхаа дараа ** 148, ** 153 санал авсан, хүчингүй 16 гэж хэлээд өөр юу ч хэлээгүй суусан. Гэхдээ энэ тоог зарлаад өөр юм хэлээгүй маш ууртай суусан. Ганцаараа ширээнд сууж байсан. Миний хувьд иргэд баяр хүргээд гар бариад шалгах боломж байгаагүй. Гэтэл хэдхэн минутын дараа хурлын дарга ** микрофон аваад “** дээр хүчингүй 8 санал гараад ирлээ, буруу бодчихлоо” гэж хэлээд “** 153, ** 150, хүчингүй 14” гэж хэлсэн. Иргэд бухимдаж “луйвар хийчихлээ” гэж хашхираад, хурлыг хаяж явна гэж маргаан үүсгэж, батлуулахгүй гэж гарч явсан. Хурлын дарга ** “Та нар гарч яваад нэмэргүй, тооллогын комисс гарын үсэг зураад баталсан байгаа” гэж хэлээд үлдсэн. Иргэд маш их бухимдалтай байсан. Би дөнгөж гараад буцаж орж ирэхэд ** дарга тогтоол уншиж байсан. Тогтоол дээр **гийн хэлснийг засаад өөрийнхөөрөө “** 153, ** 150, ** олонхын санал авсныг уламжилъя” гэсэн. Араас нь иргэдийн Нийтийн Хурлын дарга өөрийнхөө тогтоолыг уншсан. Хурлын дарга ** гээд суусан. Үүн дээр иргэдээс батлуулах уу? зөвшөөрч байна уу гэдэг асуудал яригдаагүй. Яагаад гэвэл иргэд бухимдаад 70 гаруй хувь нь гараад явчихсан, 20 гаруй хувь иргэд үлдсэн байсан. Тэнд **ийн төрсөн ах дүү нар, төрсөн эгч нь, миний ард хэсгийн ахлагч, дэмжигчид нь зогсож байсан. Тооллогын комисс **ыг тогтоол уншихад баярлаж хашхиралдаж байсан. Ингээд энэ хурал шууд тарсан. Хурал тараад хүмүүс гарахад манай бухимдаж байсан иргэдээс энэ “хэсгийн ахлагч **ийг шалгуулъя, яагаад гэвэл 6 дугаар микрт амьдардаг хүн. Тиймээс гадны хүмүүс их санал өгсөн байна. Олон хүн харагдаад байсан. Ядаж **ийг шалгая” гэсэн. Би цүнхээ мартсан байсан. Буцаж ороод цүнхээ авахдаа ** эгчийг “И-монголиа” руугаа ороод шалгаад өгөөч. Тэртээ тэргүй сонгууль болоод дууссан” гээд шалгаж харахад тухайн үед Булагт багийн харьяалалтай байсан. ** ялалт байгуулсан гээд зургаа авхуулж байсан. Би хамт зургаа даруулсан. Би урьд өдөр нь буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Миний бие Засаг даргад нэр дэвшиж оролцохоор боллоо. Айл хэсэж, хүнтэй утсаар ярьж амжихгүй байгаа учраас иргэд маань дэмжиж ирж идэвхтэй оролцоорой” гэж пост оруулсан. Өмнөх 2021 оны Говил багийн сонгуулиар 3 хүн нэр дэвшиж байсан. Цөөн тооны зөрүүтэй нэг нь ялаад бөөн маргаан үүсэж байсан. Дараа нь Говил багийн группээр ч бас маргаан үүсэж байсан учраас иргэдэд шударга, ирж санал өгөх байдал бий болгоё, иргэддээ урам зориг өгье гэдэг үүднээс би тэр дор нь “Надад 8 хүчингүй санал тооцогдсоноор би гурван хүний саналаар уналаа. **дээ ажлын амжилт хүсье. Эв эеийг нэгтгэж сайн ажиллаарай” гэж пост оруулсан. Пост оруулсны дараа 4-5 хоногийн дараа Орхон аймгийн 26 багийн хэмжээнд хэвлэлийн бага хурал зарласан. Тэнд миний бие өөрөө очсон. Очихдоо хурлын дарга **аас 2 асуулт асуусан. Тооллогын комисс нэр дэвшиж оролцсон 357 иргэдийн дугаар болон тэр дунд тэмдэглэгээ хийж штрик хэрэглэсэн байсан нь зөв үү? Хүчингүй 8 санал тооцогдсон гэж ярьж байна, энэ саналууд миний авсан саналаас хасагдсан юм уу гэж ойлгож байсан. Ингэж маргаан болоод хэвлэлийн бага хуралд оролцсоны ачаар би ажлын хэсэгт орсон. 4-5 хоногийн дараа ** бид хоёр өөд өөдөөсөө харж сууж байгаад Хурлын даргын өрөөнд саналын хуудастайгаа танилцах боломж олдсон. Тэр саналын хуудастай танилцахад хүчингүй 13 хуудас байсан. Түүний нэг нь бол огт санал өгөөгүй хуудас, 5 нь ** дээр 7 нь, ** дээр байсан. Тэнд ** дээр авсан хүчинтэй 150 ширхэг саналын хуудас байсан. ** дээр 153 саналын хуудас байсан. Гэхдээ **ийн 153 саналын хуудас дотор 3 ширхэг хүчингүй хуудас орсон байсан. Би тухайн үед тэрийг хараад **ийнхийг хажуудаа ялгаж тавиад 3 ширхгийг нь тусад нь барьж байгаад нэр дэвшигч ** рүү өөр лүү нь харуулж байгаад энэ эхний хуудсыг харуулаад энэ хүчинтэй юу хүчингүй юу? гэж асуухад ** өөрөө хүчингүй гэж хэлсэн. Хажууд тооллогын ** даргын нарийн бичиг юм уу гэж ойлгосон ** гэж эмэгтэй байсан. **г “За миний дүү протокол ч юм уу чи дэвтэр дээрээ бич” гэж хэлж байгаад “**ийн авсан 153-аас хасах нь 1 тэнцүү 152” гэж тэмдэглээд явж байтал тэндээс хурлын дарга ** “Та нар юу үндэслэж наадхаа хүчингүй болгоод байгаа юм бэ? Одоо Говил багийн хурлын даргынхаа тогтоолыг барьж л бид нар ажиллана, яагаад наанаа хүчингүй болгоод байгаа юм” гэдэг үг хэлсэн. Тэгээд би бодохдоо за тийм дээ, тэртээ тэргүй энд шийдэгдэх асуудал биш юм байна гээд нөгөө 2 хуудсыг нь адилхан тавиад, ** гэдэг эмэгтэй ** бид 2-оор гарын үсэг зуруулсан. Тэр нь ** 150, ** 152 гэдэг хуудсан дээр гарын үсэг зурсан. Үлдэгдэл 2 хуудсыг нь би дэлгэж харуулах боломжгүй байсан. Тэрний нэг хуудас нь **, ** хоёр 1, 1 гэсэн тэмдэглэгээтэй байсан. Гэтэл **ийг дугуйлсан мөртөө дундуур нь “х” гээд энэ чагтны нэг ширхэг зураас нь орчихсон байсан. Нөгөө нэг хүчингүй хуудас нь **ийг дугуйлсан мөртөө **ийг тэр чигт нь балаараа дараад зурчихсан ийм 2 хуудас тэнд үлдсэн. Тэндээс өөр цагаан хуудас тэнд харагдаагүй нэг ширхэг хүчингүй цагаан хуудастай л гэсэн. Ингээд би энэ бол ерөөсөө шударга бус юм байна, төрсөн эгч нь тооллогын комиссын даргаар орчихсон гэж бодсон. Тухайн үед ** дарга “Та 2 эндээс эвлэрээд гар. Цаашдаа хамтарч ажиллаж байгаарай. Нэг сайхан гар барьчхаад гарчих” гэсэн. Миний хувьд гар барих ямар ч шаардлага байгаагүй. Тэр дутагдлыг өөрийнхөө нүдээр харчхаад, 3 хүчингүй хуудас **ийн хүчинтэй 153 дотор ороод тоологдчихсон байж байхад хүлээн зөвшөөрч гар барих ямар ч шаардлага надад байгаагүй. Шүүхэд өгөөд яршиг даа, ер нь бол ийм булхай, луйвар байдаг юм байна гэдгийг харчхаад яршиг гээд бодож байсан боловч иргэдийн маань хүсэлт маш их байсан. 37 иргэн гэрчээр орж өгье гэж над дээр ирж уулзсаны 6 нь “зургаан өөр асуудал дээр бид нар гэрч болж өгье” гэж ярьсан. Тэгээд хүмүүст төвөг удаад, өчнөөн ажил болж гэрч гэх шаардлага байхгүй. Би яг энэ маргаанаа бариад ямар ч байсан би өөрөө шударга шүүхэд итгэж байна гээд би гомдол гаргаж явсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Би 02 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өндөр сумын Засаг дарга **т “Би Орхон аймгийн Говил багийн Засаг даргад одоо нэр дэвшиж олонхын санал авч сонгогдсон гэх **ийг батламжлахгүй байхыг хүсье. Учир нь одоо шүүхээр явж байгаа, шүүхийн маргаантай байгаа, маргаан дуустал батлахгүй байхыг хүсье” гэсэн хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу 02 дугаар сарын 27-ны өдөр 70351840 дугаараас энэ хүн над руу залгаж 3 минут ярьсан. “Бид нар ** гэдэг хүнийг батламжлахгүй” гэж, өөрөөр хэлбэл шүүхийн маргаан дуустал энэ хүнийг батламжлахгүй гэж 14 цаг 58 минутад над руу ярьсан байдаг юм. Тэр өдөр 5 дахь өдөр байсан. Дөнгөж амралтын өдрөө дуусгаад нэг дэх өдөр нь буюу 03 дугаар сарын 02-ны өдөр Засаг дарга нь яаравчлан өглөө эрт баталсан тийм батламжийг би фейсбүүк орчноос олж харсан. Энэ талаар хэлэлцүүлгийнхээ үед асууя гэж бодож байна. Иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийн **ийг Говил багийн Засаг даргаар томилсон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасангэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудад зааснаар тухайн хурал явагдсан өдөр буюу 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тухайн багийн харьяалалгүй, өөр хотын болон өөр аймаг, сум, багийн харьяалалтай нийт 13 иргэн тухайн хуралд оролцож санал өгсөн асуудал яригддаг. Үүнтэй холбоотойгоор маргаж байгаа акт буюу багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоол 3 хүний саналын зөрүүтэй гарсан байдаг. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэвэл энэ 13 харьяалалгүй иргэн оролцсон нь багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үр дүнд ноцтойгоор нөлөөлсөн асуудал байгаа. Нэхэмжлэгчийн хувьд шүүхэд сонгогдох эрх зөрчигдлөө гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үед багийн иргэн биш хүмүүс оролцсон эсэх асуудал эргэлзээтэй байсан учраас энэ үндэслэлийг нэхэмжлэлдээ тусгаагүй. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт маргаж байгаа акттай холбоотой эрх зүйн ноцтой зөрчил илэрсэн энэ актын хууль зүйн үндэслэлийг хянахад саналын зөрүүнд нөлөөлөхүйц хэмжээний иргэд сонгуульд оролцсон.  Хэнд санал өгснийг тогтоох боломжгүй учраас акт үндэслэл бүхий гарч чадаагүй гэх үндэслэл байгаа юм. Миний ойлгож байгаагаар багийн иргэдийн бүртгэлийн дэс дугаарын урд зөв гэсэн тэмдэг тавьсан байгаа. Үүнийг би саналын хуудас авсан иргэдийн нэрийн өмнө ийм тэмдэглэгээ хийсэн гэж ойлгож байна. Одоо энэ санал өгөх эрхгүй 13 иргэн хэнд санал өгснийг шүүхээс болон нэхэмжлэгчээс тогтоох боломжгүй. Ийм боломжгүй байгаа нь тухайн актыг үндэслэлгүй болохыг харуулдаг.

Нэхэмжлэгч 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэгдүгээрт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох, мөн энэ тогтоолд үндэслэж гараад байгаа. Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай захирамжийг Говил багийн Засаг дарга **ийг Говил багийн Засаг даргаар томилсон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан. Эдгээр үйл баримтаар хэрэгт авагдсан нотлох баримт дээр талууд зарим зүйл дээр маргахгүй байна. Өөрөөр хэлбэл 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говил багийн иргэдийн Нийтийн Хурал явагдаж, тухайн хуралд багийн Засаг даргад нэхэмжлэгч **, гуравдагч этгээд ** нарын нэрийг дэвшүүлж, нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээд нар өрсөлдсөн талаар маргахгүй байна. Сонгуульд өрсөлдөх эрх нь **ийн хувьд хуулийн дагуу үүссэн байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа дээрх нөхцөл байдал буюу нэхэмжлэлийн шаардлагад холбогдох багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр өөрөө хуульд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Үүний үндэслэл нь Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж заасан. 32.2-т “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно” гэж заасан. Иргэдийн Нийтийн Хурлын оролцогчийн эрх үүргийг 32 дугаар зүйлийн 32.5-д асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцохоор заасан байна. Үүнээс үзэхэд багийн иргэдийн Нийтийн Хурал гэдэг бол шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хамтын ажиллагааны зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага юм байна. Энэ байгууллагаар гаргаж байгаа шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага тавигдсан байна. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр явагдсан багийн иргэдийн Нийтийн Хуралд харьяалалгүй нэр бүхий иргэд оролцсон байгаа. Ирцийн бүртгэл, саналын хуудас, талуудын тайлбараар харьяалалгүй иргэд оролцсон болох нь тогтоогдож байгаа. Гуравдагч этгээдийн гаргаж өгөөд байгаа багийн бүртгэл гэсэн баримт бол хуульд үндэслэсэн баримт биш. Өөрөөр хэлбэл Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан баримт биш байна. Иймд уг баримт нь хуульд заасан баримт биш учраас үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Багийн харьяалалгүй иргэд оролцсонтой холбоотойгоор Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар олонхын санал авсан иргэнийг Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх эрхтэй ба **, гуравдагч этгээд ** нар нь тооллогын комиссын  тогтоол актад дурдсанаар 3 хүний саналын зөрүүтэйгээр **ийг олонхын санал авсанд тооцоод, нэр бүхий харьяалалгүй иргэд хэнд санал өгсөн болохыг тогтоох боломжгүй. Яагаад гэвэл санал хураалт нууцаар явагдах учраас мөрдөж шалгах боломжгүй. Багийн Засаг даргын сонгуульд шууд ноцтойгоор нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ нь илт хууль бус захиргааны акт гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байна. Харин Засаг даргын захирамжийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар эрх зүйн үйлчлэлгүй байна. Иймд Засаг даргын захирамж хүчингүй болох үр дагавар үүснэ. Б/05 дугаартай захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

9. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говил багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох иргэдийн бүртгэлийг өглөөний 07:00 цагт эхлүүлж, 08:40 цагт иргэдийн бүртгэлийг тасалсан. Ирцийн бүртгэлийг Говил багийн ажлын албаны 4 бүртгэгч бүртгэсэн. 2 бүртгэгч нь өөрсдийн бүртгэлийн хуудсыг 1-ээс 25 хүртэл 5 хуудсыг дугаарласан байсан. Хурлаа эхлэхийн тулд ирсэн иргэдийн ирцийг эцэслэн гаргах шаардлагатай байсан учир 1-ээс 25 хүртэл дугаарласан 5 хуудасны дэс дугаарыг штрикээр дарж бүртгэлийн хуудаснуудыг 1-ээс 357 хүртэл дугаарласан болно.

Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурал 2026.01.31-ний өглөөний 8:40 минутад 357 иргэний ирцийн бүртгэлтэйгээр 2-р сургуулийн спорт зааланд хурлаа эхэлсэн. Хурлын процессын хувьд: ** миний бие Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшиж оролцсон тул хурлыг нээж үг хэлж тухайн хурлыг даргалагч хүнийг сонгоод тамгаа хүлээлгэн өгөөд суудалдаа суусан. Иргэдийн олонхын саналаар хурал даргалагчаар ** сонгогдож хурлаа даргалан явсан. Хурал даргалагч ** хурлын дэгийг иргэдэд танилцуулан баталсан. Редакцын комиссыг иргэдийн олонхын саналаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Редакцын комиссын 5 гишүүн дотроо хуралдаж редакцын комиссын дарга, нарийн бичгийн даргаа сонгосон. Үүнд: 1. Редакцын комиссын даргаар **, нарийн бичгийн даргаар **, гишүүнээр **, **, **, ** нарыг сонгосон. Тооллогын комиссыг иргэдийн олонхын саналаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Тооллогын комиссын 9 гишүүн дотроо хуралдаж тооллогын комиссын дарга, нарийн бичгээ сонгосон. Үүнд: Тооллогын комиссын даргаар **, нарийн бичгийн даргаар **, гишүүнээр **, **, **, **, **, **, ** нарыг сонгосон.

Иргэдийн Нийтийн Хурлын даргад **, **, ** нар нэр дэвшиж иргэдийн асуулт хариултад хариулж санал хураалтад оров. Санал авах хайрцгийг иргэдэд шалгуулж, хайрцгийг лацдаж 10 цаг 04 минутад иргэдээс санал хураалт авч эхэлсэн. 11 цаг 40 минутад нийт саналаа дуусгаж лацтай саналын хайрцгийг нээж тооллогын комисс тоолж дүнгээ нэгтгэн нэгдсэн тоон мэдээг тооллогын комиссын дарга танилцуулав. Иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигч ** 185 иргэний санал, ** 68 иргэний санал, ** 71 иргэний санал тус тус авч, олонхын санал авсан ** миний бие иргэдийн Нийтийн Хурлын даргаар улиран сонгогдсон. Хурал даргалагч ** саналын дүнг хэлж иргэдийн Нийтийн Хурлын даргын тогтоолыг уншиж танилцуулан иргэдийн Нийтийн Хурлын дарга **ыг иргэд батлав. Хурал даргалагч ** хурлын дэд дарга болж иргэдийн Нийтийн Хурлын дарга ** миний бие цааш хурлыг удирдаж явуулж, багийн Засаг даргын сонгуулийг эхлүүлсэн.

Багийн засаг даргад нэр дэвшилт явагдаж иргэд багийн Засаг даргад 2 хүнийг нэр дэвшүүлсэн. Үүнд: иргэн ** багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа **ий нэрийг дэвшүүлсэн. Иргэн ** нь **ийг нэрийг нь дэвшүүлсэн. Засаг даргад нэр дэвшиж буй **, ** нар өөрсдийгөө танилцуулсан бөгөөд нэр дэвшигчдээс иргэд асуулт асууж нэр дэвшигчид хариулж дуусаад багийн Засаг даргын сонгуулийн санал авах хайрцгийг иргэдэд шалгуулж, хайрцгийг лацдаж санал авах үйл ажиллагаа 11 цаг 55 минутаас эхэлсэн.

Багийн Засаг даргын санал хураалт дуусаж лацтай саналын хайрцгийг нээхэд 316 хуудас бүрэн гарч ирсэн. Гарч ирсэн хуудсыг тооллогын комисс тоолж, дүнгээ нэгтгэн тооллогын комиссын дарга тооллогын комиссын тогтоолоо танилцуулсан. Тэрээр нийт 316 саналын хуудаснаас 13 хуудас хүчингүйд тооцогдсон. ** 153 иргэний санал, ** 150 иргэний санал авсныг танилцуулсан. Гэвч зааланд байсан зарим нэг иргэн тооллогын комиссын даргын тогтоолыг ойлгоогүй орилсон тул ** миний бие тооллогын комиссын тогтоолыг дахин уншиж танилцуулсан. Иргэдийн Нийтийн Хурлын дарга ** нь багийн Засаг даргыг батламжлах тухай тогтоолыг иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлж, олонхын саналаар батлуулсан болно. Санал хураалтын дүнгээр олонхын санал авсан **ийг багийн Засаг даргад ялсанд тооцож, холбогдох журмын дагуу Сумын Засаг даргад уламжилсан. Дээрх үйл ажиллагаа нь холбогдох хууль, журамд нийцсэн бөгөөд аливаа зөрчил, хууль бус үйлдэл гараагүй болно.” гэв.

10. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/34 дүгээр албан бичгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн иргэдийн тогтоолыг ирүүлсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдэг бүхий захиргааны актыг үндэслэн багийн Засаг даргыг батламжлах асуудлыг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхийн тулд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/221 дүгээр албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.

Авлигатай тэмцэх газраас 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/2877 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Үүний дагуу төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар багийн Засаг дарга нарыг батламжилсан болно.

Бид хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар иргэдийнхээ мэдээллийг шалгуулаад, түүний дараа батламжлах асуудлыг шийдвэрлэсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас зөвхөн нэр дэвшүүлсэн тогтоол ирдэг. Батламжлах эсэх асуудал нь хуулиар олгогдсон сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал байдаг. Багийн Засаг дарга гэдэг бол төрийн анхан шатын нэгж ба төрийн үйл ажиллагааг тасралтгүй иргэдэд хүргэх ёстой. Багаас өдөр тутамдаа иргэдийн ашиг сонирхол болон иргэдийн амьдралд хэрэгтэй мэдээлэл лавлагаануудыг байнга гаргаж ажилладаг. Тийм учраас бид хуулийн дагуу батламжилсан.

Хууль бус захиргааны актыг үндэслэж захиргааны акт гаргасан байна гэж өмгөөлөгч тайлбарлаж байгаа. Би өмнө нь ч бас хэлсэн. Иргэдийн Нийтийн Хурлаас зөвхөн Засаг даргад нэр дэвшүүлдэг. Нэр дэвшүүлсэн иргэнийг батламжлах эсэх асуудал нь сумын Засаг даргын бүрэн эрхийн асуудал байдаг юм. Мөн өмгөөлөгчийн яриад байгаа Хүн амын өрхийн мэдээллийн сангийн программтай холбоотой асуудал нь манай үйл ажиллагаатай холбоотой учраас үүн дээр бас нэг тайлбар хэлье. Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд оршин суугаа хаягаа хаана бүртгүүлэх нь тухайн иргэний үүрэг байдаг. Тэр газраа оршин сууж байгаа бол иргэн Улсын бүртгэлийн газартаа очиж бүртгүүлэх ёстой. Хүн амын өрхийн мэдээллийн сангийн программ нь Статистикийн тухай хуульд зааснаар өмнө гар дэвтэр хөтөлдөг байсныг цахимжуулсан нэг хэлбэр байгаа юм. Тухайн иргэн өөрөө л би энэ хаяг дээр очиж оршин сууж байгаа юм гэдэг зүйлээ улсын бүртгэл дээр очиж бүртгүүлэхгүй л бол Хүн амын өрхийн мэдээллийн сангийн программ дээр тухайн иргэн тэр хаяг дээр оршин сууж байгаа бол тэр хаягаараа л гардаг байгаа” гэв.

11. Гуравдагч этгээд ** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говил багийн Засаг даргад нэр дэвшсэн. **  гэдэг хүнтэй өрсөлдөөд 3 хүний саналаар ялалт байгуулсан. ** гэдэг хүн одоо тооллогын комисст орсон, тэр байтугай тооллогын комиссын даргаар томилогдсон гэж ** эгч хэлж байна. Тооллогын комиссын бүрэлдэхүүнийг иргэдээс баталж тэнд оруулдаг. Манай эгчийг оруулахгүй байх боломж иргэдэд бүрэн нээлттэй байгаа. Тэр хүмүүсийг нэр дэвшүүлээд гаргаж ирээд, дараа нь 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан байгаа. Үүн дээр манай эгч бол орсон нь үнэн. Хоёрдугаарт тооллогын комиссын 9 хүний бүрэлдэхүүн хуралдаж байж тэр дотроос даргаа томилдог. Миний эгч одоо Говил багт маш олон жил, 40 гаруй жил амьдарч байгаа. Би өөрөө Говил багийн унаган хүүхэд. Миний аав одоо Говил багийн төдийгүй Орхон аймгийг үүсгэн байгуулсан илгээлтийн анхдагч хүн байсан. Би Говилдоо өөрөө төрж өссөн учраас бас энэ багаа хөгжүүлье гэдэг хүсэл эрмэлзэл надад байдаг. Мөн өмнө нь Говил багийн Засаг даргаар би 3 жил ажилласан. Тийм учраас би өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг иргэддээ үнэлүүлэх гэж энэ сонгуульд оролцсон байгаа. Энэ үр дүнгээрээ би 3 хүний саналаар ялалт байгуулж гарч ирсэн. Ямар ч луйвар хийх бодол надад байгаагүй. Мөн хүчингүй санал гээд яриад байна. Хүчингүй саналын тоог ** дээр тэд ** дээр тэд гэж хэн ч уншаагүй. Хувиар илэрхийлж уншсан. Тооллогын комиссын тогтоолыг зассан байна гэдэг зүйл яриад байна. Тооллогын комисст орж байгаа, хяналтын хороонд орж байгаа хүмүүс бол байнгын сонгуульд ордог хүмүүс биш. Иргэдээс сонгогддог. Мэдээж янз бүрийн боловсролтой хүмүүс сонгогдож оролцож байгаа учраас алдаа дутагдал гаргасан байхыг үгүйсгэхгүй. Мөн бид Хүн ам өрхийн мэдээллийн санг ашиглаж иргэдээ тэнд бүртгэдэг. Тэр бүртгэлийн дагуу иргэдээ бүртгэж оруулсан байгаа. Мөн хаалга барьсан гэдэг асуудал бичигдсэн байсан. Тийм зүйл болоогүй. 2 дугаар сургууль шилэн хаалгатай учраас хаалга барих боломжгүй гээд ** эгчтэй ярьж байгаад ирцийг бүртгэхгүйгээр байгаа хүмүүсээ оролцуулна гээд 357 хүнийг бүртгэж оролцуулсан. Гаднаас орсон хүмүүс гэдгийг би өөрөө бүртгэлд оролцоогүй учраас сайн мэдэхгүй байна. Хэсгийн ахлагчаас асуухад 100 айлын А-5-д байдаг цэргийн ангид ажилладаг залуус байдаг гэж хэлсэн. Мөн таныг таньдаг гэж хэсгийн ахлагч хэлсэн. “** эгч өөрөө дагуулж орж ирсэн” гэж манай хэсгийн ахлагч хэлсэн.

Баян-Өндөр суман дээр очиж саналын хуудастай танилцахад 316 хуудас шалгаж үзсэн. Яг 316 хуудас гарч ирсэн. Эндээс 303 хуудас хүчинтэй, 13 хуудас нь хүчингүй тусдаа байсан. Бид хоёрын хажууд лац ломбыг нь задлаад шалгасан байгаа. Шалгаж үзээд тэр хүн протокол үйлдэхэд нэг хуудас миний нэр дээр 2 бөөрөнхийлсөн байсан. Нэрийн урд талын тоог бөглөөд ** гэдгийн “Н” үсгийг давхар бөглөсөн байсан. Ер нь бол тэр хүн намайг сонгосон байсан учраас хүчинтэй гэж үзэж байгаа. Хэнийг ч дугуйлаагүй, эсвэл бид хоёрыг хоёуланг нь дугуйлсан бол хүчингүй гэж үзэж байна гэсэн юм. Протокол дээр нэг хуудсыг нь яах аргагүй хүчин төгөлдөр биш юм байна гээд хоёулаа гараад явсан. Гарч яваад “Яах аргагүй чи ялсан юм байна. Эгч нь шүүхээр ороод хувийн ч, хувьсгалын ч ялалт байгуулж үзээгүй. Чи ялсан юм байна” гэж надад хэлсэн. Би машингүй байсан учраас ** эгчийн машинд нь суугаад явсан. Буухдаа “Цаашлаа хамтарч ажиллая” гэж ярилцаад явсан боловч цагаан сарын өмнө шүүхэд хандсан байсан” гэв.

11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд дурдагдсан асуудлаар, нэхэмжлэлд дурдагдсан үндэслэлээр маргаан бүхий 2 захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлд хэд хэдэн үндэслэлүүд дурдагдсан. Жишээлбэл ** бол **ийн төрсөн эгч учраас энэ ашиг сонирхлын зөрчил гаргасан. Тийм учраас энэ акт хууль бус гэж нэг юм гаргаж байгаа. Тэгэхээр ** гэдэг хүн тухайн багийн иргэн мөн л бол тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох эрхтэй. Мөн тооллогын комисст орж ажиллах эсэх асуудал нь тухайн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрээр шийдвэрлэгддэг. Хэрэгт тооллогын комисс байгуулах тухай иргэдийн Нийтийн Хурлын тогтоол байгаа учраас багийн иргэд энэ хүнийг тооллогын комисст оруулаад, тооллогын комисс дотроосоо тооллогын комиссын даргаар сонгосон. Энэ үйл баримтын хувьд хууль зөрчсөн ямар нэгэн зүйл байхгүй. Үүн дээр бол ашиг сонирхлын зөрчлийн талаарх хууль үйлчлэхгүй, үйлчлэх боломжгүй. Ирээгүй иргэдийг ирцэд бүртгэсэн гэж байна. Жишээлбэл яг хэн гэж хүнийг ирцэд бүртгэсэн юм, санал өгсөн юм уу, өгөөгүй юм уу гэдэг асуудлууд яригдах ёстой. Тэгэхээр санал өгсөн иргэдийн тухай асуудал өнөөдөр бүгдээрээ яригдаад тодорхой болчихсон учраас үүн дээр үндэслэл байхгүй. Зарим иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж байна. Согтууруулах ундаа тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан гэсэн баримт хэрэгт байхгүй. Хэрэглэсэн байлаа гэхэд энэ нь тэр хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах хуулийн үндэслэл байхгүй болохыг дурдаж хэлье. Мөн үүн дээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхойгүй байдал үүсэж байна гэж үзэж байна. Шүүх хөндлөнгийн байр сууринаас, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх зарчим Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчлагдсан. 47.1.6 буюу илт хууль бус болохыг тогтоох энэ асуудал бол тусдаа үр дагавартай, тусдаа үндэслэлтэй асуудал байдаг. Тэгэхээр илт хууль бус болохыг одоо тогтоох хуулийн үндэслэл байхгүй. Анхнаасаа энэ акт гарах ёсгүй байсан, өөрөөр хэлбэл тэнд хурал болох ёсгүй байсан, тэр хурлаас ямар нэгэн тогтоол гарах ёсгүй байсан бол энэ нь илт хууль бус гэж тооцогддог. Магадгүй саналын зөрөөтэй холбоотой асуудал яригдаж байгаа энэ үед илт хууль бус акт гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй. Хүн амын өрхийн мэдээллийн сангийн программтай холбоотой бас асуудлууд яригдаж байгаа. Тэгэхээр хүн ам, өрхийн мэдээллийн сан гэдэг бол ганцхан ** гэдэг хүн өөрөө зохиочихсон зүйл биш. Энэ бол төрийн эрх бүхий байгууллага буюу Үндэсний статистикийн газраас улс орон даяар ажиллуулдаг программ байгаа. Энэ программын танилцуулгаас үзэх юм Хүн амын өрхийн мэдээллийн сан нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн системтэй холбогдсон тусдаа өөр систем гэж танилцуулагдсан байна. Улсын бүртгэлээс огт өөр зүйл биш. Энэ улсын бүртгэлийн одоо системтэй холбогдсон программ байдаг юм байна гэж ойлгох нь зүйтэй. Тийм учраас баг өөрийнхөө хэмжээнд тэр хүмүүсийг өөрт байгаа мэдээлэлдээ үндэслээд бүртгээд хурлаа зохион байгуулсныг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Хоёрдугаарт 13 хүний асуудал яригдаж байна. Энэ 13 хүн өнөөдөр хэнд саналаа өгснийг шүүх тогтоох боломжгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй учраас тэр 13 хүн хаягийн зөрчилтэй гэдэг ганцхан шалтгаанаар энэ бүхий захиргааны актыг хүчингүй болгох хуулийн үндэслэл байхгүй. Үүний цаана нь төрийн анхан шатны үйлчилгээ явагдаж байгаа. Магадгүй дахиад сонгууль явах гэх зэрэг дараагийн процессууд маш хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэх болно. Иргэдийн Нийтийн Хурлын даргын асуудал яригдаж байна. Иргэдийн Нийтийн Хурлын дарга бол энэ хурлаас даргаар сонгогдож байгаа хүн шүү дээ. Түүнээс энэ хурлыг зохион байгуулсан хүн биш. Энэ хурал дээр энэ хүн өөрөө нэр дэвшээд, өөрөө нэр дэвшигчийнхээ хувиар сонгогдож байгаа. Түүнээс энэ хүн яг энэ хурлыг гардаж зохион байгуулсан, хуралд хэнийг оруулах, хэнийг оруулахгүй вэ гэдгийг шийдсэн хүн биш. Энэ хурлаас сонгогдсоноосоо эхлээд даргалах ажиллагаагаа хийгээд Засаг даргын сонгуулийн дүнг л танилцуулсан. Тооллогын комисс нь ажиллаад, дүн ийм гарлаа гэдгийг танилцуулаад, тэр хурлын тогтоолын төслийг хуралд танилцуулж, иргэдээр батлуулсан ийм үйл баримт хэрэгт авагдсан бичлэг, одоо хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Мөн хувь хэмжээтэй холбоотой асуудал хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа учраас ярихаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл тогтоол дээрээ 48.4%, 47.4% гээд энэ 2 хүний саналын тоог тавьчихсан. Тэгэхээр энэ хувь хаанаас гарч ирсэн бэ гэвэл нийт саналын хувиас хувилаад тооцчихсон. Гэтэл хүчинтэй буюу 153, 150 саналаас тооцох юм бол ** 50.4% санал, ** 49,5%-ийн саналыг тус тус авсан байна. Тэгэхээр ** нийт одоо хүчинтэй саналын 50,4% буюу олонхын саналыг авч Засаг даргад нэр дэвших хуульд заасан болзол шаардлагуудыг хангасан байгаа учраас энэ тогтоол батлагдах хуулийн үндэслэл болсон байна. Баян-Өндөр сумын Засаг дарга батламжилсан тухай асуудал яригдаж байгаа. Нэгэнтээ иргэдийн Нийтийн Хурлаас энэ хүнийг Засаг даргаар томилъё, Засаг даргад уламжилъя гээд тогтоол нь хүрээд ирчихсэн тохиолдолд сумын Засаг даргад хуульд заасан үндэслэлгүйгээр батламжлахаас татгалзах эрх байхгүй. Баг, хорооны Засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагуудыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан байгаа. Баг хорооны Засаг дарга бол дээд боловсролтой байх, багийн Засаг дарга бол бүрэн дундаас дээш боловсролтой байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй байх, татварын өргүй байх, ялгүй байх зэрэг шаардлагуудыг **ийн хувьд бүрэн хангасан. Дээрээс нь Авлигатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдүүлгийг одоо явуулж хянуулж, бичиг авдаг. Энэ бичгээ аваад хуульд заасан шаардлагаа хангаад томилогдсон. Тэгэхээр шүүхээс нэгэнт захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн ямар нэгэн захирамж, шийдвэр гараагүй тохиолдолд Баян-Өндөр сумын Засаг даргын хувьд батламжлах үүрэгтэй. Түүнээс нэхэмжлэгчийн яриад байгаа шиг утсаар батламжлахгүй гэж хэлчхээд батламжилчихлаа гэдэг зүйл огт байхгүй. Хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзах эрх байхгүй шүү дээ. Магадгүй ** энэ хуулийн 56.4-д заасан хуулийн шаардлага хангахгүй, Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй тухай баримт ирүүлсэн бол, эсвэл шүүхээс батламжлахыг түдгэлзүүлсэн захирамж, шийдвэр гарсан тохиолдолд татгалзахаас биш бусад тохиолдолд татгалзах эрх Засаг даргад байхгүй. Томилох үүрэг хүлээж байгаа этгээд учраас **ийг батламжилсан. Энэ Б/05 дугаартай захирамж хууль зөрчсөн, хууль бус байх шинжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг бас хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Ийм учраас шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:  

1.1 Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолын дугаар өөрчлөгдөж 05 дугаартай гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны актын дугаарыг өөрчилж, “Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. /Хавтаст хэргийн 152 дахь тал/

1.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Говил багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.

2.2. Тус хуралдаанаар Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай “Хуралдааны дэг батлах тухай” тогтоол, 02 дугаартай “Тооллогын комиссын дарга, гишүүд сонгох тухай”, 03 дугаартай “Редакцын комисс сонгох тухай”, 04 дугаартай “Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга сонгох тухай”, 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай”, 06 дугаартай “Хурлын зөвлөл байгуулах тухай” тогтоолуудыг баталсан. /Хавтаст хэргийн 21-28 дахь тал/

2.3. Нэхэмжлэгч ** нь Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолоос бусад тогтоолуудтай маргаагүй.

2.4. Тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 цаг 40 минутад 357 иргэний ирцтэй эхэлсэн байх бөгөөд багийн Засаг даргын сонгох санал хураалтад 316 иргэн оролцож санал өгсөн болох нь тус хуралдааны тэмдэглэл, иргэдийн ирцийн бүртгэл, Тооллогын комиссын 01, 02 дугаартай тогтоолуудаар нотлогдож байна. /Хавтаст хэргийн 29-50 дэх тал/

2.5. Багийн Засаг даргад **, ** нарын нэрийг дэвшүүлж, санал хураалтад 316 иргэн саналын хуудас авч оролцсон байх бөгөөд ** 153 хүний санал, ** 150 хүний санал авч 13 хүчингүй саналын хуудас /өөр тэмдэглэгээ бүхий/ гарсан. Үүнийг тооллогын комиссын 02 дугаартай тогтоолоор баталгаажуулсан. /Хавтаст хэргийн 33 дахь тал/

2.6. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас иргэдийн олонхын санал авсан гэж үзэж **ийг Говил багийн Засаг даргаар томилуулахаар 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг баталж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн.

2.7. Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжаар багийн Засаг дарга нарыг томилсон байх бөгөөд тус захирамжийн 1 дүгээр хавсралтаар Говил багийн Засаг даргаар **ийг томилсон үйл баримтууд тогтоогдсон. /Хавтаст хэргийн 68-71 дэх тал/

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:

3.1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08 цаг 40 минутад 357 иргэний ирцтэй эхэлсэн байх бөгөөд багийн Засаг даргын сонгох санал хураалтад 316 иргэн оролцож санал өгсөн нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.6-д "Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн... төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд ... аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж зааснаар ирцийн хувьд хүчинтэйд тооцогдоно.

3.3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд анх 357 хүний ирцтэй эхэлсэн боловч багийн Засаг даргын сонгох санал хураалтад 316 иргэн оролцож, санал хуудас авч, санал өгсөн үйл баримт тогтоогдож байх тул багийн Засаг даргыг сонгох хуралдааны ирцийг 316 хүнээс тооцсон нь үндэслэлтэй байна.

3.4. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад **, ** нарын нэрийг дэвшүүлж, тухайн хоёр нэр дэвшигч дээр санал хураалт явуулсан байх бөгөөд Тооллогын комисс 13 саналын хуудсыг хүчингүйд тооцож, ** 153 буюу 48.4 хувь, ** 150 буюу 47.4 хувийн саналыг тус тус авсан гэж Тооллогын комиссын тогтоол гарч дүнг баталгаажуулсан. Энэхүү тооллогын комиссын тогтоол, саналын дүнтэй хэргийн оролцогчид маргаагүй.

            3.5. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар багийн Засаг даргад нэр дэвшигч **, ** нарын хэн аль нь хуралд оролцсон иргэдийн олонхын саналыг аваагүй байна.

            3.6. Тодруулбал, Говил багийн Засаг даргад нэр дэвшигч нар нь санал хураалтад оролцсон 316 иргэдийн олонх буюу 50+1 хувь /58+1 хүний санал/-ийн санал авсан тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан “...Хуралд оролцсон иргэдийн...олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэсэн шаардлагыг хангах юм.

            3.7. “Олонх” гэх үгний утга агуулгыг “Монгол хэлний их тайлбар толь”-цахим хувилбар болон **ийн “Монгол хэлний тайлбар толь”-д “Ямар нэгэн зүйлийн хагасаас илүү хувийг эзэлж байгаа”-г хэлнэ гэж тайлбарласан бөгөөд хуульд заасан “олонхын санал” гэдгийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн талаас илүү буюу “50+1” саналыг ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргад нэр дэвшигч нь нийт санал өгсөн иргэдийн талаас илүү хүний саналыг авсан байхыг хуулийн дээрх заалтаар шаарджээ.

            3.8. Гэтэл Говил багийн Засаг даргад нэр дэвшигч ** нь хуралд оролцсон 316 иргэний олонхын санал аваагүй байхад багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан нь буруу байх бөгөөд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар дахин санал хураалт явуулах ажиллагааг явуулаагүй нь хууль бус болжээ.

            3.9 Мөн нэхэмжлэгчээс “Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд өөр багийн нийт 19 иргэн оролцсон гэж шалгуулсан бөгөөд нийт 14 хүний бүртгэл тухайн багт харьяалалгүй байгаа нь Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд энэ нь мөн саналын дүнд нөлөөлсөн” гэж,

            Хариуцагч, гуравдагч этгээд нараас “Үндэсний статистикийн хорооны Хүн амын өрхийн мэдээллийн сангийн программаас шалгаж багийн иргэдийг бүртгэж оруулсан тул эдгээр хүмүүс нь манай багт бүртгэлтэй. Тийм учраас өөр багийн иргэн оруулсан гэж үзэхгүй байна” тус тус маргав.

            3.10. Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон тухайн багт харьяалалгүй гэх нэр бүхий 14 иргэнээс 13 иргэн нь Говил багийн харьяалалгүй болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 20/392, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20/461 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. /Хавтаст хэргийн 133-148 дахь тал/

            3.11. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Эдгээр 13 иргэн нь багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон, саналын хуудас авсан иргэний нэрийн урд зөвлөсөн байгаа” гэж,

            Хариуцагчаас “Багийн Засаг даргын санал хураалтад оролцсон иргэний нэрийн урд зөвлөсөн бол саналын хуудас авч санал өгсөн” гэж тус тус тайлбарласан бөгөөд дээрх нэр бүхий 13 иргэн нь бүгд багийн Засаг даргын сонгох санал хураалтад оролцсон саналын хуудас авсан тэмдэглэгээ хийлгэсэн байгаа нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 6.1.12.оршин суугаа газрын хаягийн” гэж зааснаар Улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар оршин суугаа хаягийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв.

            3.12. Багийн Засаг даргад нэр дэвшигч нарын саналын дүн 3 хүний саналаар зөрүүтэй байгаа энэ нөхцөлд тухайн багт харьяалалгүй 13 иргэн хуралд оролцож санал өгсөн нь санал хураалтын дүнд ч нөлөө үзүүлэхээр байна. Тодруулбал, тухайн багт харьяалалгүй 13 иргэн тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож санал өгсөн нь хоёр нэр дэвшигчийн саналын зөрүүгээс илүү байх тул саналын дүнд нөлөөлнө гэж үзнэ.

3.13. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална: 12.1.6.нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх” гэж заасан тул тухайн багийн нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчимд  нийцэх нь зүйтэйг анхаарах шаардлагатай.

            3.14. Иймд дээрх үндэслэлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол нь хууль бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн багийн Засаг даргад нэр дэвшиж, өрсөлдөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэв.  

            3.15. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжаар Говил багийн Засаг даргаар **ийг томилсон нь хууль бус болно.

            3.16. Тодруулбал, Багийн Засаг даргыг томилох үндэслэл болсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол хууль бус болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байх тул хууль бус захиргааны актыг үндэслэн гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Говил багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй.

            3.17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “тогтоох хэсэгт ...нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх, үүрэг хүлээхийг тусгана” гэж зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Говил багийн Засаг дарга **ийн бүрэн эрх дуусгавар болох, тухайн багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин зохион байгуулах талаар тусгах нь зүйтэй.

            4. Нотлох баримт хасах, буцаах тухайд:

            4.1. Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар **ыг сонгосон бөгөөд энэхүү шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй тул нотлох баримтаар ирүүлсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгосон саналын хуудсыг хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр нотлох баримтаас хасав.

            4.2. Мөн Говил багийн Засаг даргыг сонгох санал хураалтын хуудсыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, хүчинтэй саналын хуудаснаас **т санал өгсөн 3 хуудас өөр тэмдэглэгээтэй гэж, **д санал өгсөн 5 хуудас өөр тэмдэглэгээтэй гэж маргасан тул эдгээр саналын хуудас болон, хүчингүй 13 саналын хуудсыг хуулбарлан хэрэгт хавсаргаж, бусад саналын хуудсыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд буцаан хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.6, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.5.3, 56.6 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч **ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Говил багийн Засаг дарга **д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор Говил багийн Засаг дарга **ийн бүрэн эрх дуусгавар болох тул тухайн багийн Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг дахин зохион байгуулах нь зүйтэй болохыг Говил багийн иргэдийн Нийтийн Хурал /дарга **/-д мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /**/-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, Говил багийн иргэдийн Нийтийн Хурал /**/-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ