| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2021/03517/и |
| Дугаар | 210/МА2022/00570 |
| Огноо | 2022-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/00570
Ж.Б-гийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03420 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч О.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагч О.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр О.Б-н 5099879989 дансанд шилжүүлсэн зээл 3,000,000 төгрөгийг гаргуулна.
Ж.Б- 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр О.Б-д 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгийг Хаан банк дахь О.Б-гийн дансанд шилжүүлсэн. О.Б- өнөөдрийг хүртэл төлөөгүй. Өмнө нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэхэд тухайн зээлийн төлбөрөөс 3,000,000 төгрөгийг хасуулахыг хүссэн. Гэвч үүнийг шүүх сөрөг нэхэмжлэл гаргаж шаардаагүй гээд хасаагүй тул одоо жич нэхэмжилж байна.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Өмнө нь Баянгол дүүргийн шүүхэд 14,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжилж, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/01868 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1502 дугаар магадлалаар Ж.Б- нь 14,500,000 төгрөгийг О.Б-д төлөхөөр шийдвэрлэсэн. Ж.Б-гаас хэзээ ч ямар ч тохиолдолд зээл авч байгаагүй. Харин Ж.Б-д 10 гаруй жилийн хугацаанд нийт дүнгээр хамгийн багадаа 200,000,000 гаруй төгрөгийг хүсэлт гаргасан тохиолдол бүрт зээлдүүлж байсан.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Х-гаас зээлийн гэрээний үүрэгт 4,008,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдсэн болохыг нэхэмжпэгч нотлоогүй гэж буруу дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг буруу тайлбарласан.
Ж.Б- 2018 оны 12 дугаар сарын 16 ны өдөр О.Б-гийн ХААН банк дахь 5099789989 дугаар данс руу 3,000,00 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч 3,000,00 төгрөг хүлээн авсан болохоо зөвшөөрч байгаа боловч зээлж аваагүй гэж маргадаг, хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх үндэслэл бүхий нотлох баримтаа гарган өгч, мэтгэлцээгүй.
4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/01868 дугаар шийдвэр, хэргээс нотлох баримтыг харвал:
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг О.Б-гаас гэсэн утгатайгаар шилжүүлснийг Ж.Б- 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 11,000,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл болох 14,500,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг хэрэгт нэхэмжилж буй 3,000,000 төгрөг тус хэрэгт хамааралгүй болох талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/01868 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэвч хариуцагч зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул 3,000,000 төгрөгийг харилцан тооцох үндэслэлгүй” гэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1502 дугаар магадлалын хянавал хэсэгт “... Учир нь, хариуцагчийн маргаж буй илүү төлсөн гэх 3,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө буюу мөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр байх тул үүнийг нэхэмжлэлд хамааруулан хасч тооцох боломжгүй юм” гэж дүгнэснийг буруу тайлбарлаж, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Бид маш олон жилийн найз нөхөрлөлийн холбоотой. Сүүлийн 10 гаруй жил давтагдсан байдлаар надаас 200,000,000 гаруй төгрөг зээлсэн байдаг. Харин энэхүү маргаан нь 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш 40,000,000 төгрөг надаас аваад 26,500,000 төгрөг өгөөд 14,500,000 төгрөг үлдсэн би энэ мөнгөө л ямар нэгэн алдангигүй нэхэмжилж байгаа асуудал. 3,000,000 төгрөгийн асуудал нь 12 дугаар сарын 21-ний өдрөөс өмнөх зээлийн үлдэгдэл юм. Бидний хооронд итгэлцэл байсан болохоор би олон удаа энэ хүнд мөнгө зээлүүлдэг байсан.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
2. Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч О.Б-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр түүний 5099879989 дансанд 3,000,000 төгрөг шилжүүлж зээлдүүлсэн тул гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ.
3.а. О.Б- өмнө нь Ж.Б-д холбогдуулан 14,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжилж Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Уг нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/01868 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1502 дугаар магадлалаар Ж.Б-гаас 14,500,000 төгрөгийг гаргуулж О.Б-д олгохоор шийдвэрлэжээ. /хх 12-15/
3.б. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс үзэхэд Ж.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлсэн 30,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 14,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
3.в. Нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан Ж.Б-гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг 5099789989 дугаарын дансанд “Буянгаас” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байх ба уг 5099789989 дугаарын данс нь О.Б-гийн данс болох тухайд талууд маргаангүй. /хх4/
4. Зохигчид дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:
4.а. Нэхэмжлэгчийн “О.Б-д 3,000,000 төгрөг зээлдүүлсэн” гэх байр суурийг хариуцагч няцааж “3,000,000 төгрөг нь зээл биш, өмнө нь О.Б-гаас зээлсэн мөнгөө Ж.Б- буцаан төлсөн” гэж маргажээ.
4.б. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 3,000,000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарлаж байгаа бол талуудын хүсэл зориг нэгдэж, буцаан төлөх үүрэгтэйгээр 3,000,000 төгрөгийг О.Б-гийн өмчлөлд шилжүүлснээ нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн 5099789989 тоот О.Б-гийн дансанд 3,000,000 төгрөгийг “Буянгаас” гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнийг эргэлзээгүй нотлохгүй юм.
Тэр дундаа хариуцагчийн “...Ж.Б-д 10 гаруй жилийн хугацаанд 200,000,000 төгрөг зээлдүүлсэн. Түүнтэй маргаж шүүхийн шийдвэр гаргуулж байсан” гэх тайлбар, тэдний хоорондын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг шүүхээс шийдвэрлэсэн байдал, уг шүүхээр шийдвэрлэгдсэн зээлийн гэрээнээс өмнөх өөр нэг зээлийн гэрээг нотлох баримтаар бичгээр гаргаж өгсөн зэрэг баримтыг нэхэмжлэгч няцааж чадаагүй.
Нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан буюу буцаан төлөх нөхцөлтэйгээр мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх байдлаа нотлох үүрэгтэй. Шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө нь зээл биш, харин өмнөх зээлийн харилцаанаас үүссэн үүргээ биелүүлсэн гэж хариуцагч баталж, зээлийн гэрээг нотлох баримтаар гаргасан нөхцөлд уг зээл төлөгдөөд дууссан гэдгийг баталж няцаах үүрэг нэхэмжлэгчид ногдох юм.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт агуулгын хувьд зөв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгсэл юм.
Хэргийн 24 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээл 3,000,000 төгрөгийг гаргуулах Ж.Б-гийн О.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” талаар тэмдэглэсэн. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч Э.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 4,008,452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон” нь техник алдаа байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг харьцуулан дүгнэж, дээрх алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоос 4.1 буюу зээлийн гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдсэн, хариуцагч мөнгө шилжүүлсэн баримтыг няцааж чадаагүй, 4.2 буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөв үнэлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2021/03420 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч О.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
Ш.ОЮУНХАНД