Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 475

 

 

 

 

                          

 

 

 

2018          06             06                                           475

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дардга Х.Лхагвахүү,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Б.Э-,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726011224 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт Б-ийн Э .

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Э- нь 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 34 задгай тоотод иргэн Д.А-ын эрүүн тус газар төмрөөр цохиж, “эрүүний ясны баруун булан, оочны хэсгийн далд хугарал” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

Эрүүгийн 201726011224 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.А-ын: “...2017 оны 6 дугаар сарын 03-ны орой ...зүс таних Э- 0.5 литрийн 1 шил архи барьчихсан ирсэн. Э- бид хоёр хажуу талын овоон дээр гарч хувааж уусан. ...Би алхаад гэрийнхээ гадаа иртэл Э- над руу уурлаад бид хоёр хальт ам муруйгаад “орлоо” гээд би байшингийнхаа хаалгыг онгойлготол Э- газраас урт нарийн төмөр аваад шууд миний баруун талын шанаа буюу эрүү хэсэг рүү 1 удаа цохисон. Э- тэгээд шууд яваад өгсөн. Би согтуу байсан, эрүү хугарсныг мэдэлгүй унтаад өгсөн. Маргааш нь Э- 60.000 төгрөг өгсөн. Би эгчтэйгээ эмнэлэгт үзүүлтэл эрүү хугарчихсан байсан. Одоо бол миний эрүү эдгэчихсэн ямар нэгэн гэмтэл байхгүй. Би Э-д гомдол санал байхгүй. Надад Б.Э-гээс нэхэмжлэх зардал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-92/,

Гэрч Д.Б-ы: “2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ...зүс таних Э- байшинд орж ирсэн. ...2017 оны 6 дугаар сарын 04-ний өглөө А-ын эрүү хавдчихсан байсан. Юу болсон талаар асуутал А- “би өчигдөр Э-г дуудахаар нь хамт гараад архи хувааж уусан. Архиа уусны дараа гэр рүү би орох гээд явж байтал хойноос Э- дуудаад эргээд хартал төмрөөр эрүү рүү баруун талаас цохичихоод яваад өгсөн” гэж надад хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-95-96/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.09-ний өдрийн 7660 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.А-ын биед эрүүний ясны баруун булан, оочны хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-68/,

Шүүгдэгч Б.Э-гийн яллагдагчаар өгсөн: “...Манай гэрийн баруун талд байдаг саарал өнгийн хашаагүй байшинд амьдардаг А- нь сүүлийн 2-3 хоног архи ууж орилж чарлаж хүн амраахгүй байсан. А- ерөнхийдөө байнга л архи ууж явдаг хүн. 2017 оны 6 дугаар сарын 02-ны орой буюу хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр нь А-той гадаа байхдаа тааралдаад “хөгшөөн шөнө оройгоор унтаж амармаар байна, хүүхдүүд хүртэл унтахгүй байна шүү” гэж хэлээд өнгөрсөн. Тэр орой бас архидаад байсан. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ ганцаараа пиво уусан. А- бид хоёр хажуу талын уулан дээр гарч архи уусан. Ууж дуусчихаад би А-од хандаж “одоо чи наад архи ууж орилохоо боль, манайх нялх хүүхэдтэй” гэж хэлтэл А- “би гэртээ архи уудаг, чамд хамаагүй” гэж хэлээд урд гараад алхсан. ...Намайг А- заамдахаар нь би газар тохой орчим урттай, төмөр байхаар нь шүүрч аваад баруун талынх нь шанаа хавь руу нэг удаа цохичихоод явсан. Тэгээд А-од унааны мөнгө байхгүй гэхээр нь 5000 төгрөг, би А-ыг эмнэлэгт үзүүлж нийтдээ 60000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. “Дахиад эмчилгээ хийлгэхээр бол надад хэлээрэй” гэж хэлээд салсан. Тэр өдрөөс хойш дахиж над дээр ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-122-123/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-11/, хохирогчийн өргөдөл /хх-14/, гэрч Д.Отгонтуяагийн мэдүүлэг /хх-64-65/, гэрч Ц.Янжинхоролын мэдүүлэг /хх-99/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-107/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-109-110/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-115/, хохирогчийн хүсэлт /хх-116/, эвлэрлийн гэрээ /хх-134/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э- согтуурсан үедээ 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 34 дүгээр гудамжны задгайд иргэн Д.А-ын эрүүн тус газар төмрөөр цохиж эрүүний ясны баруун булан, оочны хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Д.А-ын “...Бид хоёр хальт ам муруйгаад “орлоо” гээд би байшингийнхаа хаалгыг татаад онгойлготол Э- газраас урт нарийн төмөр барьж аваад миний баруун талын шанаа буюу эрүү хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-92/, гэрч Д.О-н “...2017 оны 6 дугаар сарын 04-ний өглөө дүү А-ын баруун талын хацар хавдчихсан байсан. А- “Э- гэх залуу хамт архи ууж байгаад цохисон” тухай ярьснаас өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-64-65/, гэрч Д.Б-ы “...А- надад “Хойноос Э- дуудаад эргээд хартал төмрөөр эрүү рүү баруун талаас цохичихоод яваад өгсөн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-95-96/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.06.09-ний өдрийн 7660 дугаар “1.Д.А-ын биед эрүүний ясны баруун булан, оочны хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-68/ болон мөрдөн байцаалтад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний “Э- 60.000 төгрөг өгсөн. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-92/, “Б.Э-д гомдол санал, нэхэмжлэх эмчилгээний зардал байхгүй...” гэх хүсэлт /хх-116/ зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байгаа тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй. Хохирлоо төлсөн, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.Э- нь дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш 01 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э- урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б-ийн Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Э- урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                        Л.БААТАР