Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 119/ШШ2026/0030

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “**” ХХК /Гүйцэтгэх захирал **/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **, **

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **, **

Гуравдагч этгээд: “**” ХХК /Гүйцэтгэх захирал **/

Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерийн Багц 5-д “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** /цахим/, ** /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, **, гуравдагч этгээд ** /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “**” ХХК нь ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерийн Багц 5-д “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгч “**” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдын цэвэр ус” нийлүүлэгчийг шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй” гэж татгалзсан.     

“**” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх ба Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/1547 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан  тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

3. Нэхэмжлэгч “**” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч ** ХХК нь цэвэр ус үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм. Манай компани нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ- аас 2025 оны 11 сарын 7-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдын цэвэр ус” нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер сонгон шалгаруулалтын Багц 5 буюу “Энгийн цэвэршүүлсэн ус" гэсэн ангилалд өөрийн үйлдвэрлэдэг цэвэр усаар оролцсон. Хариуцагчийн 2026 оны 1 сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/491 дугаар албан бичгээр **” ХХК-д гэрээ байгуулах эрх олгогдоод байсан юм. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2026 оны 2 сарын 4-ний өдөр “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн тухай” албан бичгийг ирүүлсэн. Үүний дараа 2026 оны 2 сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай компанийг шаардлага хангаагүй болохыг мэдэгдэж ** ХХК-д гэрээ байгуулах эрх олгогдсон тухай дурдсан.

** ХХК-ийг шаардлага хангаагүй гэж үзсэн үндэслэлээ “Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй цэвэр усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0 багагүй гэж ирүүлсэн байх боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буй нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээрх эрдсийн агууламж нь рН>7.5 болон рН>7.0 гэж заасан нь техникийн тодорхойлолтод pH 8.0-д хүрэх эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байх тул шаардлага хангаагүй байна” гэж хариуцагч тодорхойлсон. Дээрх албан бичгээс үзэхэд техникийн тодорхойлолтод заасан цэвэр усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0-д хүрэх эсэх талаар “мэдээлэл тодорхойгүй” гэх шалтгаанаар манай компанийг сонгон шалгаруулаагүй гэж ойлгогдож байна. Мэдээлэл тодорхойгүй гэдэг нь энэ талаарх мэдээлэл тендерийн баримт бичигт байхгүй гэсэнтэй нэгэн агуулгатай ойлголт юм. Гэтэл ** ХХК нь тус тендерт оролцохдоо Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лаборатороор шинжилгээ хийлгэсэн бөгөөд цэвэр усанд агуулагдах рН-ийн хэмжээ 8.3 болохыг баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтэд хүрч буй эсэх мэдээлэл нь тодорхой байсан болно. Ийнхүү лабораторын шинжилгээний дүнг тендерийн баримт бичигт хавсаргасан байхад цэвэр усны шүлтгэлгийн хэмжээ pH 8.0-д хүрэх эсэх талаар “мэдээлэл тодорхойгүй" гэж татгалзсан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн усны бодит зургийг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буй нотлох баримт хэмээн хариуцагч үзсэн нь үндэслэлгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13.1-т “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно" гэжээ. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг “эрх бүхий бие даасан этгээдийн дүгнэлт” эсхүл “бусад холбогдох мэдээлэл” гэсэн хоёр төрлийн нотлох баримтын аль нэгээр тодорхойлдог байна. Хүнсний бүтээгдэхүүний агууламжийг түүний бодит зургаар бус харин итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн болон хувийн өмчит лаборатори тогтоодог. ** ХХК-ийн оролцсон ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерийн техникийн тодорхойлолтод заасан шүлтлэгийн хэмжээнд ** ХХК-ийн ус чанар хүрч буй эсэхийг тогтоох үндсэн цорын ганц баримт нь итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт юм. Тийм ч учраас техникийн тодорхойлолтын “Нэмэлт шаардлага” гэсэн хэсэгт гэрээний хэрэгжилтийн хугацаанд сард 1 удаа усыг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхийг шаардана  гэсэн. Өөрөөр хэлбэл тендерт оролцоход төдийгүй гэрээ хэрэгжих хугацаанд ч усны шүлтлэгийн хэмжээ тогтоосон түвшинд байгаа эсэхийг лабораторийн шинжилгээний дүнгээр тогтмол шалгуулж байх шаардлагыг захиалагч тавьсан. Харин тэрхүү лабораторийн дүгнэлтэд зааснаас зөрүүгүй, үнэн зөв мэдээллийг нь бүтээгдэхүүний шошгонд тусгах учиртай.

Манай компанийн усны хувьд өмнө дурдсанчлан Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн 2025 оны 12 сарын 5-ны өдрийн шинжилгээний дүнгээр усны шүлтлэгийн хэмжээг “8.3рН” гэж тодорхойлогдсон. Гэрээ байгуулах эрх олгогдсон ** ХХК ч санал болгож буй цэвэр усны лабарторийн шинжилгээний дүнг тендерийн материалд хавсаргасан байдаг. Харин ** ХХК-ийн ирүүлсэн лаборторийн дүгнэлт нь 2025 оны 3 сард буюу тендер нээгдэхээс даруй 6 сарын өмнө хийгдсэн. Тиймээс ** ХХК-ийн лабораторийн дүгнэлт нь харин ч техникийн шаардлагыг нотлох баримт болох эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн зүгээс ийнхүү эргэлзээтэй ** ХХК-ийн лаборторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн атлаа манай компанийн 2025 оны 12 дугаар сард хийгдсэн лабораторийн шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч манай компанид ирүүлсэн албан бичигтээ усны бодит зургийн шошго дээрх эрдсийн агууламж нь рН>7.5 гэж заасан нь тодорхойгүй нөхцөлийг үүсгэж байгаа гэх агуулга тусгасан. Гэвч өмнө дурдсанчлан техникийн нөхцөлийг хангаж буй эсэхийг лабораторийн дүгнэлтээр тогтоох ба усны шошгоор тогтоохгүй юм. Усны шошгыг харгалзан үзсэн ч манай компанийн усын шошгон дээрх шүлтлэгийн хэмжээ 7.5-аас их байна гэж заасан нь лабораторийн дүгнэлтэд заасан 8.3 гэх үзүүлэлттэй зөрөхгүй. Өөрөөр хэлбэл бид усны шошгон дээр ямар нэг худал мэдээлэл оруулаагүй юм.

Дүгнэж үзвэл техникийн тодорхойлолтод заасан усны шүлтлэгийн хэмжээг тодорхойлох цорын ганц арга нь лабораторийн дүгнэлт юм. Тендерийн баримт бичигт усны шүлтлэгийн хэмжээг тогтооход шошгоны мэдээллийг харгалзана гэж огт заагаагүй, заах ч боломжгүй юм. Тиймээс техникийн тодорхойлолтод заасан цэвэр усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0-д хүрэх эсэх талаар “мэдээлэл тодорхойгүй гэх шалтгаанаар манай компанийг шалгаруулалахаас татгалзсан нь үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжгой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, үр ашигтай байх зарчмыг баримтална” гэж заасан. ** ХХК нь дээрх ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендер сонгон шалгаруулалтын Багц-5-д 852,859,700 төгрөг, харин ** ХХК нь 887,670,300 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Өөрөөр хэлбэл техникийн шаардлагыг хангасан бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулаагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох албан бичгийг хариуцагч хүргүүлж, улмаар тус компанитай гэрээ байгуулсан үйл баримт тодорхой болж байна. Хамгийн бага үнийн санал хүргүүлсэн манай компанийг шалгаруулахаас татгалзаж “**” ХХК-ийг шалгаруулсан үйлдэл нь хууль бус байх тул гуравдагч этгээдэд хүргүүлсэн мэдэгдэл болон түүнтэй байгуулсан гэрээ нь мөн адил хүчингүй болох учиртай. Ингэснээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх юм.

Иймд “**” ХХК-д хүргүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нэгдсэн байдлаар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерын Багц 5-д “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” гэжээ.

4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тохирлын гэрчилгээтэй холбоотой тайлбар хэлье. 5007:2022 гэсэн стандартыг барьж ажиллаад тохирлын гэрчилгээ олгож байгаа. Энэ стандартыг мөрдөж байгаа гэдэг нь pH 5.5-9.5 байна гэж заасан байгаа. Тиймээс бид pH 8.0-с дээш гарсан гээд бид дахиад тохирлын гэрчилгээ авна гэж байхгүй. Энэ ус нь Ph 7.5-с дээшээ гэж гэрчилгээ гарсан байгаа бөгөөд стандартаа мөрдөж ажиллаж байгаа. Манайх тохирлын гэрчилгээ аваагүй бол биш шүү. Манайд тохирлын гэрчилгээ байгаа” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарласан тендертэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа. Баримт бичгээ бүрэн өгсөн. Техникийн тодорхойлолт шаардлагыг бүгдийг нь хангасан. Үнийн хувьд хамгийн бага үнэ санал болгосон. Тендерт шалгарах ёстой гэж ойлгож байсан. Харамсалтай нь хариуцагчаас техникийн тодорхойлолт дахь мэдээлэл тодорхойгүй гэдэг үндэслэлээр манай тендерээс татгалзсан. Энэ нь маргаан бүхий 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг байгаа. Үүнийг эс зөвшөөрөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлага ярихаас өмнө маргаан нь юу байгаа вэ гэдгийг нарийн тодорхойлъё. Учир нь хуульд техникийн тодорхойлолт, санхүүгийн шаардлага туршлага гэх мэт олон шалгуурууд байгаа. Маргаан бүхий акт нь зөвхөн техникийн тодорхойлолттой холбоотой. Тийм учраас бид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ингэж гаргаж байгаа. Бусад асуудал дээр бидний шаардлага хангасан эсэх талаар маргаан байдаггүй. Бидний шүүхээс нэхээд байгаа зүйл тодорхой болж байна. “**” ХХК-ийн өгсөн баримтууд техникийн тодорхойлолтыг хангаж байгаа юм уу? Мэдээлэл тодорхойгүй гэдэг нь  үндэслэлтэй юм уу? Шошгын асуудал үндэслэлтэй юм уу? гэдэг асуудал үүссэн юм байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагын 3 үндэслэл байна. Техникийн тодорхойлолтыг яаж тодорхойлох вэ? Хэн нэгэн хүний үзэмжээр, эсвэл энэ дунд байгаа баримтуудыг шүүж байгаад хаа хамаагүй зүйл авч ирж нааж болох юм уу? Бид техникийн тодорхойлолтод заасан хэмжээ лабораторийн дүгнэлтээр тодорхойлогдоно гэж үзэж байгаа. Яагаад гуравдагч этгээд, нэхэмжлэгч аль аль нь лабораторийн дүгнэлт барьж нэхэмжлэл гаргаад байгаа вэ гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан техникийн тодорхойлолттой маргаан байхгүй. Техникийн тодорхойлолтод нийцэж байгаа эсэхийг ямар баримтаар тодорхойлох юм бэ гэвэл мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэж заасан байна. Эрх бүхий этгээд гэдэг бол лабораторийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт. Бусад баримт авч ирнэ гэсэн нарийвчилсан шаардлага тендерийн баримтад байхгүй. PH8.0 хүрч байгаа эсэхийг тогтоож байгаа нь хуулийн дагуу эрх бүхий бие даасан этгээдийн нотлох баримт, эсвэл эрх бүхий этгээдийн баримт эргэлзээтэй юм уу? Хариуцагч үүнийг л баримтлах ёстой. Ингээд үзэхээр манайх Орхон аймгийн лабораторийн дүгнэлтийг өгсөн байгаа. Тендер нээхээс хэдхэн хоногийн өмнө энэ тоонд хүрсэн. Манай усны шүлтлэгийн хэмжээ 8.3 хувь. Захиалагч 8.0 гэдэг тодорхойлолт заасан. Үүнд нь бид хүрсэн байна. Хуульд заасан баримтыг өгсөн. Ингээд тендерийн асуудал хаагдах ёстой юм байна гэж ойлгож байгаа. Бусад шошгын асуудал тендерийн баримт бичигт ч байхгүй, хуульд ч байхгүй. Тэр бол бидний нийлүүлэх гэж байгаа бүтээгдэхүүний зургийн л асуудал. Хоёрдугаарт шошгын асуудал хөндөгдсөн тул яах аргагүй тайлбар өгье. Шошго дээрх PH-н асуудлыг ярьж байгаа бол 2 талыг адилхан авч үзэх ёстой. Яагаад гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан байгаа. Тэгш байх ёстой. Манай зургийг үзэж байгаа бол нөгөө компанийн зургийг ч мөн үзэх ёстой. Гуравдагч этгээдийн шошгыг үзье гэхээр PH-н хэмжээ нь уншигдахгүй байгаа. Гишүүд ч хурлаа хийхдээ “**” ХХК уншигдахгүй байна гэж хэлсэн байсан. Манайх уншигдсан ил тод, гаргацтай баримт ирүүлснээрээ хохироод, нөгөөх нь 5 гэж байгаа юм уу, 6 гэж байгаа юм уу мэдэгдэхгүй байхад манайхыг уншигдахгүй байгаа компаниас доогуур үнэлнэ гэж юу байх вэ? Үнэлгээний хорооны шийдвэр байгаа. Гишүүдийн тайлбарыг уншихаар “Экос гэдэг ус, би гартаа барьж байна” гэсэн байсан. Үнэлгээний хорооны гишүүн бүр гартаа барьж байсан байна. Тендерийг ирүүлсэн баримт бичгийн хүрээнд үнэлнэ гэж байхад дэлгүүрээс ус аваад баримт бичигт байхгүй баримтаар үнэлсэн  байна. Үүнийг би  нотлох баримт судлахад хэлнэ. Уншигдахгүй байхад улаан цайм гуравдагч этгээдийг дэмжиж байна шүү дээ. Мөн өөр нэг гишүүн веб сайт руу нь ороод, хариуцагч нар тендерийн баримт бичигт байхгүй баримтаар  үнэлсэн байна. Нэгэнт шаардлага хангасан болохоор манайхаас татгалзах шалтаг хайгаад нэг юм олсон нь шошго. Ийм аргаа ядсан зүйл хийсэн байна. Энэ нь хуульд нийцэхгүй. Гуравдугаарт PH7.5 гэдэг нь мэдээлэл тодорхойгүй гэдэгт оруулж байгаа юу гэдэгт тайлбар хэлье. Техникийн тодорхойлолтод 8.0 гэсэн тоо байгаа. Шошгыг харахад 7.5-с дээш гэж байгаа. 8.0 гэдэг чинь 7.5-с их тоо мөн биз дээ. Манай шошгод худал мэдээлэл агуулагдаагүй. 7.5-с дээш байдаг нь үнэн. 8.0-аас дээш гэдэг нь лабораторийн дүгнэлтээр тодорхойлогдож байна. Яагаад 7.5 гэж бичсэн бэ гэвэл манай “**” ХХК усаа аваад, шаардлагатай шүүлтүүрээр шүүж савлаад ямар ч нэмэлт бүтээгдэхүүнгүй зардаг. Ингэхэд хамгийн багадаа PH7.5 байдаг. Энэ бол байгалийн экологийн ус юм. Хаанаас ус савлаж байгаа вэ гэдэг байгалийн онцлогоос шалтгаална. Бид ямар нэг шүлтлэг нэмэхгүйгээр байгалиасаа PH7.5 байгаа. Тиймээс бид савлагаа дээрээ тэр тоогоо бичсэн. Энэ нь манай зах зээл дээр худалдаалж байгаа ус мөн. Байгалиасаа PH7.5, PH7.7 гэж гарна. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ заавал PH 8.0 шүлтлэгтэйг авна гэж байгаа. Нэгэнт шаардлагад нийцэж оролцохын тулд бид өөрийнхөө усны шүүлтүүрт нэг дамжлага нэмсэн. Бид нэмэлт дамжлага буюу гантиг чулуун шүүлтүүр хийсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шаардлагад нь нийцүүлээд тендер зарласны дараа шүүлтүүр нэмж байгаа. Бид бусад газар шиг крантны усан дээр хужир хийж хүчээр шүлтлэгийг өсгөөгүй. Ийм учраас манай лабораторийн дүгнэлт гантиг чулуун шүүлтүүр нэмээд PH 8.0 гарсан. 11 дүгээр сард тендер зарлагдаад, 12 дугаар сард тендер нээж байгаа 1 сарын л хугацаа байгаа. Энэ хугацаанд бид шүүлтүүрээ нэмээд PH8.3 гэж гарч байгаа. Бодит байдал ийм л байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шударга байгаасай гэж хүсэж байна. Шаардлагад нийцсэн үнийн дүнг шалгаруулаач ээ, яагаад шалтаг хайгаад байгаа юм бэ? гэж хардаж байна. Тийм учраас хариуцагчийн маргаан бүхий актад дурдсан “мэдээлэл тодорхойгүй” гэдэг нь үндэслэлгүй. Иймд энэ албан бичиг өөрөө үндэслэлгүй байна. Тиймээс “**” ХХК-ийг шалгаруулсан 5 дугаартай тэмдэглэл үндэслэлгүй болж байна. Эдгээрийн үндэслэл дээр гарсан гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг, гэрээ үндэслэлгүй болно. Эдгээр шаардлагыг хангасны үндсэн дээр манай байгууллагын эрх ашиг сэргэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэдэг заалт нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 876 дугаартай “**” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэлд бичигдсэн байгаа. Татгалзахдаа “**” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан шаардлага хангаагүй байна гэж татгалзаад 3 багана байгаагийн хамгийн эхнийх дээр захиалагчаас тавьж байгаа шаардлага байгаа. Ирүүлсэн нотлох баримт нь тендерийн хуулийн 13.1-д заасан баримт бичгийн, эсвэл бусад хэлбэрээр нотолсон бол тендерийн шаардлага хангасан гэж үзнэ гэж бичсэн. Өөрсдөө ингэж бичсэн байна. Хамгийн арын 3 дахь баганад “...шошго дээр PH 7.5 гэж заасан 8.0 эсэх нь тодорхойгүй байна” гэж бичсэн. Хуулийн шаардлага хангасан гэж үзсэн хэр нь тендерийн шаардлагад тавигдаагүй шаардлага бичсэн байна. Хуулийн 13.1-д “...эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэсэнтэй холбоотойгоор “**” ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн лабораторийн дүгнэлтийг ирүүлсэн. Хэрэв энэ шошгыг техникийн тодорхойлолтод заасан нотлох баримт байна гэж үзсэн бол манайх шошгоо ирүүлсэн, “**” ХХК-аас шошго ирүүлээгүй гэж хэрэгт авагдсан баримтаас тэгш бус байдал харагдаж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж байгаа. 13.1-д заагаагүй өөр бусад баримт ирүүлсэн нь татгалзах үндэслэл болохгүй гэж байна. ** өмгөөлөгчийн хэлснээс Үнэлгээний хороо тендерийн баримт бичигт үндэслэж шийдвэр гаргаагүй. Яагаад гэвэл хуралдааны тэмдэглэлийг харахад ** гэдэг хүн “**” ХХК-ийн шошгыг харъя гэхэд ** гэдэг хүн “**ийн шошго гэдэг нь үндсэндээ Экос цэвэр ус байгаа шүү дээ” гэж хэлсэн байна. ** гэдэг хүн “үүн дээр тоо харагдахгүй байна” гэж хэлсэн. Гэтэл ** гэдэг хүн “...харагдахгүй байна...” гэж шийдвэр гаргаж байгаа юм. Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг дагая гэсэн. Гэтэл уг шийдвэр нь 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1039 дугаар гомдол хянасан шийдвэр байна. Үүн дээр 59.10.1-д заасны дагуу хүчингүй болго, 59.10.2-т заасны дагуу хуульд нийцүүлэн дахин хянахыг даалгаж байгаа. Түүнээс биш “**” ХХК-ийг шалгаруул гэдэг шийдвэр гаргаагүй байхад үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн А/57 дугаар тушаалын 187 дугаар хавсралтаар ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдын цэвэр ус” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан. Tуc тендер нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр tender.gov.mn цахим системд зарлагдаж 2025 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 09:40 минутад нээсэн. Нийт 3,137,427,425.40 төгрөгийн төсөвт өртөгтэй 5 багц бүхий төрөл бүрийн цэвэр усыг худалдан авах тендер бөгөөд Багц №5: “Энгийн цэвэршүүлсэн ус” тендерт 6 компани үнийн санал ирүүлсэн. Үүнд:**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК, “**” ХХК нар тендерт оролцсон.

Тус тендерт “**” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/302 дугаартай гомдол хянасан тухай албан мэдэгдэл ирүүлсэн.Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн хүрээнд Үнэлгээний хороо хуралдсан ба "**” ХХК-ийн албан бичигтээ хавсаргасан нотлох баримт болох 25-1481 тоот Стандарт хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторийн шинжилгээний дүгнэлтэд MNS 5547:2005 стандартыг хангаж байгаа талаар тодорхой мэдээлэл байгаагүй. Мөн 25-1480 тоот шинжилгээний дүгнэлт нь “**” ХХК гээд өөр компанийн нэртэй байсан тул “**” ХХК-ийн тендерээс татгалзсан. Гэтэл тус шийдвэрт “**’' ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны “Захиалагчийн тус тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/492 тоот шийдвэрийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэсэн мэдэгдлийн дагуу тендерийн Үнэлгээний хороо хуралдаж, гишүүд хэлэлцэж, дахин үнэлгээ хийсэн бөгөөд “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2026/40-H-153 дугаартай гэрээг байгуулж, гэрээ хэрэгжиж эхэлсэн болно.

Тендерийн Үнэлгээний хороо нь Сангийн яамны дээрх мэдэгдлүүдэд үндэслэж дахин үнэлгээ хийж, Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын  1.3 дахь заалтад “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасны дагуу хэрэгжүүлэн ажилласан.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад оролцогчид шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн ба 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” зааснаар “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, “**” ХХК “Худалдах-худалдан авах тухай” 2026/40-H-153 дугаартай гэрээг байгуулсан.

Үнэлгээний хороо дээрх хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”, 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаануудыг хуульд заасны дагуу хийж, 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадалсан. Үнэлгээний хороо Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичгийг үндэслэн дахин үнэлгээ хийж, “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”- ын1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан.

“**” ХХК-д хүргүүлсэн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг нь эрх зүйн хувьд үйлчлэл нь дуусгавар болж “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, “**” ХХК Худалдах-худалдан авах тухай 2026/40-H-153 дугаартай гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний дагуу нийлүүлэгч тал үйлдвэрийн ажилчдад ундны ус нийлүүлэх ажиллагаа явагдаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг бөгөөд ундны ус нэн шаардлагатай. Иймд “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр’” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал техникийн тодорхойлолтод шошго гэсэн үг байхгүй гэж хэлж байна. Гэхдээ манайх стандарт шаардсан. MNS5547:2005 гэдэг бол хүнсний нийлэг сав баглаа боодлын техникийн ерөнхий шаардлага, MNS6648:2016 гэдэг нь хүнсний сав баглаа боодлын шошгод тавигдах шаардлага юм. Шошго гэдэг үг нь MNS6648:2016 гэсэн стандарт учраас бид энэ стандартаа л баримтална. Хоёрдугаарт техникийн тодорхойлолтод pH 8.0 гэж заасан байхад pH 7.5, pH 7.0 гэж Үнэлгээний хороо ярилаа, нөгөө талд байхгүй байхад ялгамжтай хандлаа гэж тайлбарлаад байна. Энэ нь Сангийн яамны 2026  оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/1039 дугаартай гомдол хянасан тухай албан бичигт дурдсан “**” ХХК-ийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0-с багагүй гэж ирүүлсэн байх боловч техникийн тодорхойлолтын шаардлага хангаж буй нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээр эрдсийн агууламж PH 7.5-с багагүй, pH7.0 гэж заасан нь техникийн тодорхойлолтод заасан pH 8.0-д хүрэх эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байх тул дээрх шаардлага хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж үзсэн тул бид шошгыг MNS6648:2016 стандартын дагуу харж, энэ үнэлгээг дахих хийхэд pH 7.5, pH 7.0 гэсэн байсан. Та бүхний сая асуусан асуулт бол Сангийн яамнаас л асуух асуулт. Бид Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасны дагуу Сангийн яамны шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ биелүүлж үнэлгээ хийсэн. “**” ХХК яагаад байхгүй юм бэ гэвэл веб сайт руу ороод харахад pH 8.5 гэсэн байгаа. Ундны усны гол найрлага шүлтлэгийн хэмжээ нь pH 8.0-с багагүй байх стандартын шаардлага хангасан байх ёстой. Хэрэв үүнээс доош бол манай үйлдвэрийн ажилчдын эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна. Аливаа бүтээгдэхүүний гол агуулга, мэдээлэл бол шошго дээрээ байдаг. Тэр шошгод тавигдах шаардлага бол MNS6648:2016 стандарт байгаа” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хорооны 7 гишүүнээс гадна Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн дүгнэлтийг хяналтын асуудал хариуцсан менежер **, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн ** гэх зэрэг гишүүд бүхий баг 3 удаагийн дүгнэлт гаргасан. Уг 3 удаагийн дүгнэлтээр Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй зөв гэж гарсан. Үнэлгээний хороо давхар хяналт дор үйл ажиллагаа явуулдаг учраас хууль бус зүйл хийх боломж бидэнд байхгүй. Түүнчлэн Сангийн яаманд 2 удаа гомдол гаргаад, журамд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасны дагуу Сангийн яамны шийдвэрийг заавал биелүүлнэ гэж зааснаар бид үнэлгээгээ хийгээд шийдвэр гаргаад явсан байгаа.

Тухайн тендер нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарлагдсан. 11 дүгээр сарын 25-ны өдөр “**” ХХК-иас тодруулга ирүүлсэн. Тэр тодруулга дээрээ “Техникийн ерөнхий шаардлага  MNS5007:2022 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн усны pH хэмжээ нь 5.5-7.5 гэж заасан байдаг ч pH 7.6-9.5 бол шүлтлэг усанд тооцогддог. Иймд цэвэршүүлсэн усанд pH хэмжээг 5.5-7.5 байдаг. Иймд техникийн тодорхойлолтод заасан pH хэмжээг хүснэгтийн дагуу харьцуулахад алдаатай байгаа тул өөрчлүүлэх хүсэлтэй байна” гэсэн байна. Үндсэндээ эднийх 8.0 хэмжээндээ хүрэхгүй байсан. Тэгээд тендер зарласнаас хойш 12 дугаар сарын 04-ний өдөр лабораторийн дүгнэлт авсан. Тендер нээхээс 5 хоногийн өмнө шинжилгээний дүгнэлт ирүүлсэн. Ирүүлсэн материалууд нь огнооны хувьд зөрүүтэй байсан. Хаяг шошгын нийцлэлийн үнэлгээний тайланг хавсаргав гээд техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт ирүүлсэн байсан. Үүндээ 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авсан pH 7.0-оос их гэсэн байсан. Ирүүлсэн лабораторийн дүгнэлт нь 12 дугаар сарын 04-ний өдөр байна. Жишээлбэл хэрэв танайх 8.0 үйлдвэрлэдэг бол бусад баримтууд нь үүнтэйгээ нийцэж байх ёстой. Тэгэхээр үнэлгээ хийхэд шаардлага хангахгүй болоод байгаа юм. ТШЗ 17.5-д “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас, албан бичиг, эсвэл тодорхойлолт байж болно” гэж заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д зааснаар "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан баримт бичгээр эсвэл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ гэж байна. Шошго гэж заагаагүй байж яагаад шошгыг үнэлсэн бэ гэж байна. Бид яг энэ хуулийн заалтуудаа баримтлаад шошгод үнэлгээ хийх болж байна. Техникийн тодорхойлолтод манай авах ёстой ус нь энгийн цэвэршүүлсэн ус, цэвэр ус 500 мл Бонакуа эсвэл түүнтэй дүйцэх гэж байна. Танайх Бонакуа  нийлүүлээгүй дүйцүүлж өөр ус санал болгож байгаа тохиолдолд эдгээр нотлох баримтуудыг зайлшгүй ирүүлэх ёстой. Сангийн яамны гомдол хянасан бичигт “Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод энгийн цэвэршүүлсэн ус, шүлтлэгийн хэмжээ pH 8.0 багагүй байх гэж заасан байна. “**” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй шүлтлэгийн хэмжээг pH 8.0 багагүй гэж ирүүлсэн байх боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангах нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээрх эрдсийн агууламж pH 7.5-с багагүй болон pH 7.0 ихгүй гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхойлолт, эрдсийн агууламж 7.5 багагүй болон 7.0 ихгүй гэж заасан нь техникийн тодорхойлолтод заасан pH 8.0 гэдэг заалтад хүрэх эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж заасан байна. Энэ нь Сангийн яамны шийдвэрээр танайхыг шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Түүнээс биш Үнэлгээний хороо танайхыг шалгаруулаад шаардлага хангасан гэсэн мэдэгдлээ өгсөн байсан шүү дээ. Гэтэл Сангийн яам Үнэлгээний хороо шийдсэн нь буруу байна гэсэн. Бид Сангийн яамны шийдвэрийг дагаад үнэлгээг дахин хийж шийдвэр гаргасан” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны урьдчилсан үзлэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл өндөр гарсан учраас шүлтлэг өндөр ус авах болсон. Тус “**” ХХК-ийн нийлүүлэх ус нь pH7.5 гэдгийг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ баталсан байна. Мөн өмгөөлөгч нь өнөөдөр бас баталж хэллээ. Шаардлага хангаагүй усаар нийт ажилчдыг хангах нь зүй бус тул “**” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Гуравдагч этгээд “**” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай “**” ХХК нь “Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ-аас 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/20250102538 тендерийн багц №5 “Энгийн цэвэршүүлсэн ус" нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад оролцсоны хүрээнд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2026/4-Н- 153 гэрээний дагуу “Цэвэр ус ЭКОС рН8.5” нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус гэрээний 7.1% буюу 63,022,740 төгрөгийн 56,170 ширхэг бүтээгдэхүүн татан авалт хийгдэн хуваарийн дагуу олголт хийгдэж байна. Мөн гэрээний хугацаанд ажиллах бэлтгэл ажил бүрэн хангагдан 4 хүнийг тухайн гэрээнд туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулан гүйцэтгэж байна. Манай компани нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тус “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдын цэвэр ус Багц №5” тендерт Монгол улсын ТОП аж ахуй нэгж компанийн олон улсын SGS компаниар баталгаажуулсан Чанарын удирдлагын тогтолцоо: ISO 9001:2015, Менежментийн удирдлагын тогтолцоо: ISO 14001:2015, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо: FSSC 22000 стандартыг хэрэгжүүлэгч “**” ХКомпанийн “Эрүүл мэндийн ус” болох “Экос” брэндийн 500мл-ийн савлагаатай олон улсын байгууллагын шалгалтаар баталгаажсан бүтээгдэхүүнээр оролцсон билээ. Мөн “**” ХК нь Монгол улсын 2026 оны “**” компани бөгөөд Экос брэндийн ус нь өнөөдрийн байдлаар дотоодын зах зээл дээрх №1 хамгийн нэр хүндтэй, чанартай, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй шингэн хүнсний эрүүл мэндийн үйлдвэр юм.

Манай компани нь тухайн бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын эрүүл мэндийг анхдагч хэрэгцээнд зориулан “**” ХК-д тусгайлан санал тавин хамтран ажилласны үр дүнд зах зээл дээрх хамгийн хямд үнээр буюу 1,122 төгрөгөөр зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдад зориулан нийлүүлж байна. Үндэслэл нь: “**” ХК нь үүсэн байгуулагдсан цагаасаа тогтмол нийгмийн сайн сайхан эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох түүгээр дамжуулан нийгмийн нөлөөллийг олон төсөл хөтөлбөр арга хэмжээг байнга зохион байгуулан идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Үүний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн цахим системд байршсан ДБ-112-12/4595 тоот тодруулгын хариуд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудад жил бүр хийгддэг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хоол боловсруулах системийн өвчлөл болон дотоод шүүрлийн өвчлөл тэргүүлж байна. Иймд нийт ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор РН 8.0 багагүй шүлтлэгийн хэмжээтэй усыг ажилчдын хэрэгцээнд худалдан авах шаардлагатай байгаа тул өөрчлөлт оруулах боломжгүй болно.” гэсний дагуу “**” ХК-ийн зүгээс тус шалгаруулалтад зориулан нийгмийн хариуцлагын хүрээнд зах зээл дээрх хамгийн хямд үнээр өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна. Экос ус нь “Байгалийн хужраар эрдэсжүүлж, зөөлрүүлсэн энэхүү ус нь хүний биед шаардлагатай эрдэс бодисыг нөхөх ба ходоодны хүчил ихтэй хүмүүс хэрэглэвэл ходоодны хүчлийг саармагжуулж, цээж хорсолтыг намдаах үйлчилгээтэй. Иймд бидний санал болгосон бүтээгдэхүүнийг үйлдвэрийн ажилчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн зах зээлд бүрнээ танигдсан нэр хүндтэй бүтээгдэхүүн юм. Мөн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т "Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.” гэж заасны дагуу оролцогч нь тухайн тендерийн баримт бичигт үнэн зөв материал ирүүлэх үүрэгтэй. Гэвч “**” ХХК-ийн тендерийн баримт бичиг санал болгож байгаа бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буй нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээрх үзүүлэлт нь захиалагчийн шаардлагад нийцэхгүй байх бөгөөд оролцогч нь хуулийн 26.3 дахь заалтыг хэрэгжүүлээгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал  ** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **гийн тайлбарт хэд хэдэн зүйл дурдагдаж байна. Нэгдүгээрт тендер зарлагдсанаас хойш шүүлтүүр шинээр суулгасан, энэ нь захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүтээгдэхүүн гаргаж байгаа юм гэж тайлбарлаж байна. Хоёрдугаарт манай компаниас санал болгож байгаа бараа бүтээгдэхүүн бол оюуны өмчөөр баталгаажсан бараа бүтээгдэхүүн. Энэ санал болгож байгааг бүтээгдэхүүнийг крантны усыг савлаад баяжуулаад явж байгаа гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа нь эргээд энэ тайлбараа улсын өмнө хариуцах шаардлага үүсэх байх гэж харж байна. Энэ тендер бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн нийт ажилчдын ус. Тиймээс хэрэгцээ шаардлагад нийцүүлээд шүүлтүүрээ нэмж хасаад, солиод байдаг зүйл биш. Энэ нь нийт ажилчдын эрүүл мэндтэй шууд холбоотой бүтээгдэхүүн. Хоёрдугаарт шинжилгээний бичиг хавсаргасан, pH8.3 гэж байгаа нь зөв үү? Шинжилгээний бичигт агуулагдаж байгаа мэдээлэл бол зөвхөн тухайн бүтээгдэхүүнд хамаарна гэж шинжилгээний бичиг болгоны хамгийн доор нь байгаа. 1 ширхэг бүтээгдэхүүн шинжилгээнд өгчхөөд түүнийгээ pH 8.3 гарсан гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүх ажилчдад санал болгоно гэж байгаа бол энэ нь тохирлын гэрчилгээгээр хамгаалагдаж байгаа. Энэ компани тендер зарлагдсанаас хойш pH 8.0 болон түүнээс дээш шүлтлэгийн хэмжээтэй усыг нийлүүлнэ гэж ойлголоо гэж үзсэн бол, шүүлтүүрээ нэмсэн бол, бараа бүтээгдэхүүний орц найрлага болон технологид өөрчлөлт орсон бол үүнийг эрх бүхий газар буюу Стандарт хэмжил зүйн газарт бүртгүүлээд, бүтээгдэхүүнийхээ тохирлын гэрчилгээг аваад яг энэ тохирлын гэрчилгээний дагуу шалгагдсан бүтээгдэхүүнийг нийлүүлнэ. Тохирлын гэрчилгээ нь тухайн бараа бүтээгдэхүүний хэрэглээнд нийцэж байгаа гэдгийг олон шат дамжлагын судалгаа шинжилгээний дагуу нотлоод, хэрэгжүүлэгч агентлагийн зөвшөөрлийн дагуу гаргаж байгаа баримт бичиг юм. Түүнээс биш нэг шинжилгээний бичиг гаргаад бид үүнийг үйлдвэрлэж өгнө гэж байгаа бол нэг талдаа энэ олон жил тухайн бүтээгдэхүүн нийлүүлсэн компанийн маш хариуцлагагүй үг, үйлдэл гэж харж байна. Тендерийн Үнэлгээний хороо үнэ, бараа бүтээгдэхүүний чанар, тендерийн баримт бичгийн шаардлага хангасан үзүүлэлтүүдийг харж байна. Хямд үнэтэй бүхэн шалгарна гэдэг бол өрөөсгөл гэж үзэж байна. Веб сайтаар ирүүлээгүй, тухайн бараа бүтээгдэхүүний pH тодорхойгүй гэдэг нь өрөөсгөл байна. Манай ирүүлсэн тендерийн баримт бичгийн 38 дугаар хуудасны хамгийн доод буланд үйлдвэрлэгч компанийн веб сайтыг оруулж өгсөн байгаа. Үнэлгээний хороо тухайн бараа бүтээгдэхүүний тодорхойгүй зүйлсийг тухайн веб сайтаас ороод харах боломжтой. ** өмгөөлөгчийн хэлж байгаа технологийн өөрчлөлтийг тендер зарлагдсанаас хойш тавьсан гэдэг бол нэлээд ноцтой асуудал гэж би үзэж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн талаар:

1.1. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерын Багц 5-д “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж маргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153  дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн

1.3. Мөн “ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерын Багц 5-д “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээ “ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерийн Багц 5-д “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэлийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдын цэвэр ус” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороог “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/57 дугаар “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 187 дугаар хавсралтаар байгуулсан. 

2.2.Үнэлгээний хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлүүдээр тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж батлуулсан. /I хавтаст хэргийн 90-188 дахь тал/

2.3.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдын цэвэр ус” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, тендерийг нээхэд тус тендерийн Багц 5 “Энгийн цэвэршүүлсэн ус” багцад нийт 6 компани оролцож, тендер ирүүлсэн байна. /I хавтаст хэргийн 230-231 дэх тал, CD тендерт оролцогч компаниудын ирүүлсэн тендерийн материал/

2.4. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр тендер нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлж, тендерийн Багц 5 “Энгийн цэвэршүүлсэн ус” багцад тендерт оролцогч “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 191-226 дахь тал/

2.5. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж “үндэслэлтэй” гэсэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ХАХМ/202512150 дугаартай дүгнэлтийг гаргаж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 232-234 дэх тал/

2.6. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн М-ДБ-112-12/12453 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М-ДБ-112-12/12456 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн. /I хавтаст хэргийн 236, 239 дэх тал/

2.7. Тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03/302 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн тус тендер шалгаруулалтын Багц 5-д холбогдуулан гаргасан 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн М-ДБ-112-12/12453 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 244-249 дэх тал/

2.8. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин хуралдаж, 04 дугаартай тэмдэглэлээр тендерийг дахин хянан үзсэн байх бөгөөд “**” ХХК, “**” ХХК-ийн тендерийг тус тус шаардлагад нийцсэн тендер гэж хянан үзэж, үнэлгээг хийн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “**” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 01-32 дахь тал/

2.9.  Үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж “үндэслэлтэй” гэсэн 2026 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн ХАХМ/202601094 дугаартай дүгнэлтийг гаргаж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ. / II хавтаст хэргийн 39-40 дэх тал/

2.10. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/491 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/492 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн. /II хавтаст хэргийн 45,48 дахь тал/

2.11. Тендерт оролцогч “**” ХХК нь захиалагчийн тендерээс татгалзсан шийдвэрийг хянуулахаар Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/1039 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн тус тендер шалгаруулалтын Багц 5-д холбогдуулан гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/492 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. /II хавтаст хэргийн 51-54 дэх тал/

2.12. Сангийн яамны 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/1039 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт ““**” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй цэвэр усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0 багагүй гэж ирүүлсэн байх боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буйг нотлох баримт болох усны бодит зургийн шошиг дээрх эрдсийн агууламж  рH>7.5 болон pH>7.0 гэж заасан нь техникийн тодорхойлолтод заасан pH 8.0-д хүрэх эсэх мэдээлэл тодорхойгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гээд Багц 5-д холбогдуулан гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/492 дугаартай “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгосон байна.

2.13. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин хуралдаж, “**” ХХК-ийн тендерийн дээрх үндэслэлийг дахин хянан үзсэн байх бөгөөд 05 дугаартай тэмдэглэлээр тендерийн Багц 5 “Энгийн цэвэршүүлсэн ус” багцад “**” ХХК-ийн тендер техник тодорхойлолтын шаардлага хангаагүй гэж хянан үзэж, өмнө шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн дараагийн компани болох “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн хамгийн сайн” гэж үнэлэн гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэжээ. /II хавтаст хэргийн 55-64 дэх тал/

2.14. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрт захиалагчийн хяналт хэрэгжүүлж, Үнэлгээний хорооны зөвлөмж “үндэслэлтэй” гэсэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХАХМ/202602062 дугаартай дүгнэлтийг гаргаж, Үнэлгээний хорооны зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ. /II хавтаст хэргийн 65-66 дахь тал/

2.15. Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг үндэслэн захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “**” ХХК-д, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 дугаартай тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг “**” ХХК-д тус тус хүргүүлсэн. /II хавтаст хэргийн 72, 75-76 дахь тал/

2.16. “**” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/1547 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. /I хавтаст хэргийн 16 дахь тал/

2.17. Захиалагчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2026/40-Н-153 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан үйл баримтууд тогтоогдсон. /II хавтаст хэргийн 78-85 дахь тал/

3. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:

3.1. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Үнэлгээний хороо болон захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлээ “Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй цэвэр усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0-аас багагүй гэж ирүүлсэн байх боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буйг нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээрх эрдсийн агууламж нь рH>7.5 болон pH>7.0 гэж заасан нь техникийн тодорхойлолтод pH 8.0-д хүрэх эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байх тул шаардлага хангахгүй байна” гэжээ.

3.3. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссанаас хойш нэг цагийн дотор тендерийг нээнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”,  50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 50.2.2.тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх; 50.2.3.захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлжээ.

3.4. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч гэрээний үүрэг гүйцэтгэхэд сонирхогч этгээд болон оролцогчид тавигдах зайлшгүй шаардлагад үндэслэсэн санхүүгийн болон техникийн чадавх, туршлагын талаар хангавал зохих доод шаардлага, шалгуур үзүүлэлтийг тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж тус тус зааснаар тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл, шаардлагын хүрээнд хянан үзсэн байна.

3.5. “**” ХХК-ийн тендерт санал болгож ирүүлсэн “Энгийн цэвэршүүлсэн ус” нь “техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийн шаардлага хангахгүй” гэж тухайн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана” гэж заасныг зөрчөөгүй байна.

3.6. Хариуцагчаас ““**”ХХК-ийн тендерт ирүүлсэн цэвэршүүлсэн ус нь техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийг хангаагүй, техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй цэвэр усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0 багагүй гэж ирүүлсэн боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буйг нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээрх эрдсийн агууламж нь рH>7.5 болон pH>7.0 гэж заасан, лабораторийн шинжилгээгээр рH 8.3 гэсэн боловч усны бодит зургийн шошго дээр “рH>7.5 болон pH>7.0” гэсэн нь мэдээлэл зөрүүтэй, техникийн үзүүлэлтэд хүнсний сав баглаа боодлын шошгололтод тавигдах шаардлага дээр MNS6648:2016 гэсэн шаардлагыг тавьсан” гэж;

нэхэмжлэгчээс “техникийн тодорхойлолтын шаардлагыг ямар баримт ирүүлсэн бол хангах талаар тодорхой заагаагүй, манай компани лабораторийн шинжилгээгээр рH 8.3 гэсэн эрх бүхий байгууллагын дүгнэлт байхад усны бодит зураг дахь шошгын мэдээлэл рH>7.5 болон pH>7.0 гэсэн гэж татгалзсан нь үндэслэлгүй” гэж тус тус маргасан.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д "Тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаардаг.

3.8. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д "техникийн тодорхойлолт" гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг ойлгохоор заасан тул техникийн тодорхойлолтод заасан техникийн үзүүлэлтийг хангасан эсэхийг тендерийн Үнэлгээний хороо үзүүлэлт тус бүрээр хянан үзнэ.

3.9. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэж  тус тус зааснаар хүчин төгөлдөр тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

3.10. Үнэлгээний хороо нь Тендер шалгаруулалтын баримт бичиг, Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, Техникийн тодорхойлолт /техникийн үзүүлэлт/, тавигдах шаардлага, Өгөгдлийн хүснэгт /ӨХ/ зэрэг хүчин төгөлдөр тендер шалгаруулалтын баримт бичгийн хүрээнд түүнд заасан нөхцөл, шаардлагын дагуу тендерийг нээж, хянан үзэх, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлсэн байх бөгөөд тендерийн Багц 5 “Энгийн цэвэршүүлсэн ус”-ны техникийн үзүүлэлтэд заасан 8 үзүүлэлтээр техникийн тодорхойлолт, техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг  хянан үзжээ. /I хавтаст хэргийн 128-188, 168 дахь тал/

3.11. Тодруулбал, тендер шалгаруулалтын баримт бичгийн 17 дугаар зүйл “Санал болгож буй бараа тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотлох баримт бичиг” гэсний 17.3-т “Оролцогчийн санал болгож буй бараа нь III бүлэгт заасан техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлох баримтыг өгөгдлийн хүснэгтэд зааснаар тендерт ирүүлнэ”, 17.5-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна” гэж;

Тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг. “Өгөгдлийн хүснэгт”-ийн ТШЗ 17.5-д “1. Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. 2. Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлнэ. /Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн  албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно./ТБОХӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ/” гэж тус тус заажээ. /I хавтаст хэргийн 128-188 дахь тал/

3.12. Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн III бүлэг. “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д “Тухайн барааны үзүүлэлт тус бүрийг дор жагсааж бичих..., Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх...Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ үү, ...дээрх үзүүлэлтийг нотлох баримт бичиг болон танилцуулгыг хавсаргана” гэсэн шаардлага тавьсан. Мөн тендерийн Багц 5 “Энгийн цэвэршүүлсэн ус” буюу “Цэвэр ус-500 мл /Bonaqua/ (эсхүл түүнтэй дүйцэх)” гэсэн барааны техникийн үзүүлэлтийн 1-д “Техникийн ерөнхий шаардлага MNS 5007:2022”, 3-т “Хүнсний сав баглаа боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016”, 5-д “Шүлтлэгийн хэмжээ pH 8.0 багагүй” гэж тус тус заасан. /I хавтаст хэргийн 148, 168 дахь тал/

3.13. Нэхэмжлэгч “**” ХХК нь “Энгийн цэвэршүүлсэн ус” буюу “Цэвэр ус-500 мл /Bonaqua/ (эсхүл түүнтэй дүйцэх)” гэсэн багцад “500 мл /Bonaqua/” усыг биш түүнтэй дүйцэх өөрийн үйлдвэрлэлийн “Ieco” 500мл цэвэр усыг “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн шаардлагын хүрээнд санал болгосон байна. /CD баримт буюу “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг, “техникийн тодорхойлолт” гэсэн файл 1-3 дахь тал/

3.14. “**” ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийг жагсаан бичиж, техникийн үзүүлэлтийн 3-д “...MNS6648:2016” гэсэн шаардлагад “Хаяг шошгын нийцлийн үнэлгээний тайланг хавсаргав” гэж, 5-д “Шүлтлэгийн хэмжээ pH 8.0-аас багагүй” гэсэн шаардлагад “Санал болгож буй техникийн тодорхойлолт” гэсэн хэсэгт “Шүлтлэгийн хэмжээ pH 8.0-аас багагүй” гэж бичээд итгэмжлэгдсэн лабораторын хими болон хор судлалын 2025 оны сорьцын шинжилгээний дүнг ирүүлэв” гээд тендерт санал болгож буй цэвэр усны бодит зураг, мөн Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний дүн “pH-8.3” гэсэн баримтуудыг ирүүлжээ. /CD баримт буюу “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг, “техникийн тодорхойлолт” гэсэн файл 1-18 дахь тал/

3.15. Үнэлгээний хороо “**” ХХК-ийн тендерээс тендер шалгаруулалтын баримт бичигт заасан “/ТБОХӨХБАҮХАТ хуулийн 12.5-д зааснаар “эсхүл түүнтэй дүйцэх” гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ/” шаардлагыг хангаагүй буюу “Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй цэвэр усны шүлтлэгийн хэмжээ pH 8.0 багагүй гэж ирүүлсэн байх боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буйг нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээрх эрдсийн агууламж нь рH>7.5 болон pH>7.0 гэж заасан нь техникийн тодорхойлолтод pH 8.0-д хүрэх эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байх тул шаардлага хангахгүй байна” гэж татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэв.

3.16. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэж заасан баримт бичгээр, эсхүл эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзэхээр заасан нь “Энгийн цэвэршүүлсэн ус” буюу “Цэвэр ус-500 мл /Bonaqua/ гэсэн бараатай дүйцэх ус болохыг нотлох шаардлагыг зааж байгаа бөгөөд уг дүйцэх бараа нь техникийн үзүүлэлтэд заасан шаардлагыг бүрэн хангасан нөхцөлд шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.17. Гэтэл “**” ХХК нь санал болгож буй усны техникийн тодорхойлолтдоо “pH 8.0-аас багагүй” гэж бичээд Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний “pH-8.3” гэсэн дүгнэлт, тухайн нийлүүлэх цэвэр усны бодит зургийг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг усны бодит зургийн шошгын мэдээлэлд “рH>7.5 болон pH>7.0” гэж тус тус заасан нь дээрх нотлох баримтын мэдээллүүд зөрүүтэй байжээ.

3.18. Тодруулбал, “**” ХХК нь санал болгож буй барааны техникийн тодорхойлолтод “pH 8.0-аас багагүй” гэж техникийн үзүүлэлтийг хуулбарлаж бичих бус өөрийн санал болгож буй бараа буюу усны pH үзүүлэлтийг харьцуулсан хүснэгтэд бичиж, түүнийг нотлох баримтуудыг ирүүлэх шаардлагатай бөгөөд эдгээр баримтууд нь “pH 8.3” гэсэн үзүүлэлтийг зөрүүгүйгээр нотлох нь шаардлагад нийцэх юм.

3.19. Тендерт оролцогч “**” ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд “pH 8.0 багагүй” гэж бичсэн нь өөрийн санал болгож буй усны мэдээллийг биш техникийн тодорхойлолтын мэдээллийг бичсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад “...Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх..., Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ” гэснийг зөрчсөн.

3.20. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 17.5-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбар ирүүлсэн байна” гэж зааснаар “**” ХХК нь ийнхүү зөрүүтэй мэдээллийн талаар ямар нэгэн тайлбар ирүүлээгүй байна.

            3.21. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийн 3-т “Хүнсний сав баглаа боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016” гэж заасан тул шошгын мэдээлэл нь Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний дүн “pH-8.3” гэсэн мэдээлэлтэйгээ тохирохгүй, санал болгож буй усны бодит зураг зөрүүтэй мэдээллийг тендер оролцогч өөрөө бэлтгэн ирүүлсэн.

            3.22. Хүнсний сав баглаа боодлын шошгололтод тавигдах шаардлага MNS 6648:2016 Монгол Улсын стандартын 3.13-т “Шимт бодисын мэдээлэл-хүнсний бүтээгдэхүүний химийн бүрэлдэхүүн бодис /уураг, тос, нүүрс ус, амин дэм, эрдэс/” гэж зааснаар тухайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч шошгын мэдээллээс үнэн зөв, бүрэн авахаар байна.  Мөн тухайн стандартын 4.1-д “Хүнсний бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь буруу ташаа, хууран мэхэлсэн эсхүл хүнсний шинж чанарын талаар төөрөгдөлд хүргэхүйц, буруу ойлголт төрүүлэхүйц байж болохгүй”, 5.11.1-д “Шимт бодисын агууламжийг тоогоор эсхүл хувиар мэдээлнэ” гэж тус тус заажээ.

            3.23. Иймд “**” ХХК-ийн санал болгосон бараа буюу цэвэр ус нь Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний дүн “pH-8.3” гэсэн боловч тухайн нийлүүлэх цэвэр усны бодит зураг шошгын мэдээлэлд “рH>7.5 болон pH>7.0” гэж заасан нь тендерт оролцогч санал болгож буй барааны мэдээллийг зөрүүтэй ирүүлсэн гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

            3.24. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийн “эсхүл дүйцэх бараа”-г санал болгосон болохыг нотлох баримт, техникийн тодорхойлолтын техникийн үзүүлэлтийг нотлох баримтуудыг харьцуулан хянан үзэж зохих шийдвэрийг гаргасан гэж дүгнэв.

3.25. Дээрх үндэслэлээр “**” ХХК-ийн санал болгосон бараа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1.энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх;” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй.

3.26. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, уг шийдвэрийг үндэслэн гаргасан захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг буюу “**” ХХК-ийн тендерээс татгалзсан мэдэгдэл нь хууль зөрчөөгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэлээ.

3.27. Нэхэмжлэгч “**”ХХК-ийн тендерээс татгалзсан дээрх шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй байна.

3.28. Тодруулбал, даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр буюу захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд хангагдах үндэслэлтэй байдаг. Харин нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “даалгах” нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй болно.

3.29. Нэхэмжлэгч нь “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг хүчингүй болгуулах болон уг шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулахаар маргасан.

3.30. Нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж зааснаар “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөхгүй.

3.31. Тодруулбал, нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендер тендерийг хянан үзэх шатанд хууль, тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад нийцээгүй гэж тендерээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзсэн тул тендерийг үнэлэх ажиллагаа болон гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй.   

3.32. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан. Тухайлбал: Хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 27 дугаар зүйлд “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” гэжээ. Уг зохицуулалтын дагуу тухайн тендерийг хянан үзэхэд мөн зүйлийн 26.9-д заасан шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”,  30 дүгээр зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульчлагдсан.

3.33. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.”, 48 дугаар зүйлийн 48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” гэж тус тус зааснаар  захиалагч нь Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, гэрээ байгуулах зэрэг тендер сонгон шалгаруулалтын шат дараалсан ажиллагааны шийдвэрүүдийг гаргасан.

3.34. Захиалагчаас Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хүргүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК нарын хооронд 226/40-Н-153 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул тендер сонгон шалгаруулалтын ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан зарчмууд хангагдсан гэж дүгнэв.

Шүүх хуралдаанд “**” ХХК, “**” ХХК-иудын тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтыг CD dick-ээр ирүүлсэн баримтаас судалсан бөгөөд цаасаар хэвлэн хэрэгт хавсаргав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь заалтуудыг баримтлан “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20250102538 дугаартай тендерийн Багц 5-д “**” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 /Нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

           

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.УУГАНЦЭЦЭГ