| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00486/И |
| Дугаар | 302/ШШ2025/00628 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00628
| 2025 оны 07 сарын 24 өдөр | Дугаар 302/ШШ2025/00628 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт Х.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төв (дарга Т.Б)-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Ө,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,
Гэрч Ө.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Ө нь хариуцагч Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвд холбогдуулан Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Хын Ө, дээд боловсролтой, нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй, Б аймгийн Ө сумын 2 дугаар баг, 8-4 тоотод нөхөр болон хадам ээж, 2 хүүхдийн хамт амьдардаг.
1.2. 2011 онд Ховд их сургуулиас дээд боловсрол эзэмшиж төгссөний дараа 2012 оны 12 дугаар сараас эхлэн Капитал банкны Б аймаг дахь салбарт ахлах теллер болон нягтлан бодогчийн ажлыг хавсарган хийж эхэлсэн бөгөөд тус банк нь 2019 оны 8 дугаар сард татан буугдсан тул ажлаас чөлөөлөгдсөн юм. 2020 оны 9 дүгээр сарын 10-аас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Төрийн банкны Б аймаг дахь салбарт теллерээр ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл СЭНДЛИ ББСБ-д эдийн засагчаар ажилласан. 2024 оны 3 дугаар сарын 20-оос эхлэн Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жил 1 сар болсон байхад намайг хугацаатай гэрээний хугацаа дууссан, “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-д заасан шаардлагыг хангахгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.3. 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Б аймгийн Н сумын Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор намайг томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2 дахь хэсгийг үндэслэн туршилтын хугацаагаар томилж байсан. Би туршилтын хугацаагаар томилогдсоноос хойш 12 сар өнгөрсөн. Хуульд зааснаар туршилтын хугацааг 3 сараар тогтоох ёстой байсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл дахин 3 сараар сунгаж болдог. Нийтдээ 8 сараас хэтрэх ёсгүй юм. Туршилтын хугацаанд ажилтан хийж байгаа ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн нөхцөлд түүнийг тухайн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг ажил олгогч хүлээдэг юм. Би өөрийгөө хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа хэмээн ойлгодог юм. Иймээс намайг гэрээний хугацаа дууссан гэдгээр нь чөлөөлж байгаа нь хууль бус байна.
1.4.“Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-д заасан шаардлагыг хангахгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь би мэргэжлээрээ 12 жил ажилласан. 2012 оны 12 дугаар сараас эхлэн Капитал банкны Б аймаг дахь салбарт, ахлах теллер болон нягтлан бодогчийн ажлыг хавсаран хийж эхэлсэн бөгөөд тус банк нь 2019 оны 6 дугаар сард татан буугдсан тул ажлаас чөлөөлөгдсөн юм. 2020 оны 9 дүгээр сарын 10-аас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Төрийн банкны Б аймаг дахь салбарт теллерээр ажилласан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл СЭНДЛИ ББСБ-д эдийн засагчаар ажилласан. 2024 оны 3 дугаар сарын 20-оос эхлэн Б аймгийн Н сумын Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус тус ажилласан туршлагатай.
1.5. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй. Б аймгийн Н сумын Ц тосгоны эрүүл мэндийн төвд анх ажилд орохдоо өмнөх жилүүдийн буюу 2021, 2022 оны санхүүгийн анхан шатны баримтууд дутуу, Аудитын албан шаардлага тавигдсан байсныг миний бие ур чадвараа гаргаж бүгдийг арилгаж ажиллаж байсан. Өөрийнхөө ажилласан нэг жил гаруй хугацаанд ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаагүй. Хэрэв би “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-д заасан шаардлагыг хангахгүй байсан бол намайг анх ажилд томилохгүй байх байсан.
1.5.Иймд Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Т.Багилан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бакений хариу тайлбар, татгалзал: Тус аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Т.Багилан би тус төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн Х.Өийн шүүхэд гаргасан гомдлын хувийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг хүргэж байна.
2.1.Миний бие Х.Өийг Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 907 тоот албан бичгийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 тоот тушаалаар нягтлан бодогчоор түр томилж ажиллуулсан.
2.2. Үүний дараа Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалтыг үндэслэн түүнийг нягтлан бодогчоор томилж ажиллуулахаар зөвшилцөхөөр 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44 тоот албан бичгээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хандсан. Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга 2024 оны 10 дугаар сарын 30- ны өдрийн 03/8973 тоот албан бичгээр Х.Ө нь Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5-д заасан шаардлагыг хангахгүй байх тул Х.Өийг нягтлан бодогчоор зөвшилцөх боломжгүй гэсэн хариу өгсөн.
2.3. Х.Өтэй анх 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тухайн өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээний хугацаа дуусах үед Сангийн яам руу явуулсан албан бичгийн хариу ирээгүй учир өөртэй нь харилцан тохиролцож 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тухайн өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дахин хугацаатай гэрээ байгуулсан. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусах үед жилийн эцсийн тайлан гаргах, санхүүгийн тайлан тушаах, аудитын дүгнэлт гаргуулах зэрэг нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ажлуудыг өөрөөр нь хийж гүйцэтгүүлэх шаардлагатай болсон тул 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулсан.
2.4. Энэ гэрээний хугацаа дуусах үед аудитын дүгнэлт гарч дуусаагүй байсан учир төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар гэрээний хугацааг 1 сараар сунгаж ажиллуулж байгаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Дээр дурдсан хугацаатай хөдөлмөрийн гэрээнүүдийг Х.Ө өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж байсан.
2.5.Сангийн яам руу явуулахдаа Х.Өийн өргөдөлд хавсаргаж өгсөн холбогдох тушаал, шийдвэрүүдийг бүрэн өгч явуулсан. Сангийн яамнаас хянаж, Капитал банк ХХК-д ахлах теллерээр ажилласныг нягтлан бодогчоор ажилд орох боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч буцаасан байгаа. Капитал ХХК-д нягтлан бодогчийн ажлыг хавсаргаж хийж байсан бол тэр талаарх холбогдох нотлох баримтыг ажилтан өөрөө бүрдүүлж өгөх ёстой. Үүнийг ажил олгогч урьдчилан мэдэгдэх боломж байхгүй байгаа. Надад нэг удаа гэрээ байгуулсан, өөр гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна. 3 гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд нэхэмжлэгчийн гарын үсэг байгаа. Нотариатаар гэрчлүүлсэн гэрээний хувийг гаргаж өгсөн байгаа. Хэрвээ тус гэрээнүүдэд гарын үсэг байхгүй бол хэргийн материалтай танилцах үед холбогдох гомдлыг гаргах боломжтой байсан. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох эрх нь байгаа. Энэ хүрээнд шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаас төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуурын 2.1.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангах боломжгүй гэсэн хариу ирсэн учраас цаашид нэхэмжлэгчийг ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг сунгах нөхцөл бүрдээгүй учраас ажлаас чөлөөлсөн байгаа.
2.6.Нэгэнт эрх бүхий байгууллагаас түүнийг Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5-д заасан шаардлагыг хангахгүй байх тул нягтлан бодогчоор зөвшилцөх боломжгүй гэсэн хариу өгсөн учир цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон учир ажлаас чөлөөлсөн. Түүний шүүхэд гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/5 дугаартай тушаал хавсралтын хамт, 2025оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б-194 дугаар тушаалын хуулбар, Капитал банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 972 дугаартай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн 2012-2025 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, тус Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай албан бичгээр Х.Бакенд олгосон итгэмжлэл, Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/8973 дугаартай албан бичиг, Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр тушаал, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд оруулсан өөрчлөлт зэргийг тус тус гаргаж өгсөн болно.
Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Ө.Маратыг гэрчээр асууж мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч Х.Өийн Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн Ц тосгоны эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор туршилтын хугацаагаар томилогдож ажилласан. Туршилтын хугацаагаар томилогдсоноос хош 12 сар өнгөрсөн тул миний бие хугацаагүй гэрээгээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. Иймээс гэрээний хугацаа дууссан гэдгээр чөлөөлж байгаа нь хууль бус байна. Мөн Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа гэдэг нь үндэслэлгүй. Миний бие мэргэжлээрээ 12 жил ажилласан, Капитал банканд ахлах теллерээр ажиллахдаа нягтлан бодогчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан тул учир уг шаардлагыг хангаж байгаа тул ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Х.Ө-ийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар нягтлан бодогчоор түр томилж ажиллуулсан. Үүний дараа Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т заасныг үндэслэн түүнийг нягтлан бодогчоор томилж ажиллуулахаар зөвшилцөхөөр 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44 тоот албан бичгээр Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хандахад 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/8973 тоот албан бичгээр Х.Ө нь Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.5-д заасан шаардлагыг хангахгүй байх тул зөвшилцөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Х.Өтэй анх 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба уг гэрээний хугацаа дуусах үед Сангийн яам руу явуулсан албан бичгийн хариу ирээгүй учир өөртэй нь тохиролцож 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дахин хугацаатай гэрээ байгуулсан. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дуусах үед жилийн эцсийн тайлан гаргах, санхүүгийн тайлан тушаах, аудитын дүгнэлт гаргуулах зэрэг нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ажлуудыг өөрөөр нь хийлгүүлэх шаардлагатай болсон тул 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулсан. Энэ гэрээний хугацаа дуусах үед аудитын дүгнэлт гарч дуусаагүй байсан учир 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар гэрээний хугацааг 1 сараар сунгаж ажиллуулж байгаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Нэгэнт эрх бүхий байгууллагаас зөвшилцөх боломжгүй гэж хариу ирүүлсэн учир ажлаас чөлөөлсөн гэжээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1.Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасныг үндэслэн “Нягтлан бодогч мэргэжилтэй Хын Өийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажлыг түр хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан байна.
7.2. 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогч Т.Баглан нөгөө талаас нягтлан бодогч Х.Ө нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 20-ноос 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байхаар тусгажээ. Дараа нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талууд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2024 оны 09 дугаар сарын 20-ноос 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл байхаар тусгасан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил олгогч болон ажилтан Х.Ө нар хэлэлцэн тохиролцож дахин гэрээ байгуулж хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээний хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.
7.3.Хариуцагчаас Хөдөлмөрийн гэрээнд оруулсан өөрчлөлт гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг баримтад “Захирлын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04-р тушаалыг үндэслэн энэхүү гэрээнд дараах өөрчлөлт оруулав. 9.1.1. Байгууллагын нэр: Ц ЭМТөв. 9.1.2. Ажиллах нэгжийн нэр: ЭМТөв. 9.1.3. Ажлын байрны нэр: нягтлан бодогч 9.1.4. Хийх ажлууд: Ажлын байрны тодорхойлолтоор 9.1.5. Ажил гүйцэтгэж эхлэх хугацаа: 2025.04.01...” гэж бичигдэж, талууд гарын үсэг зуржээ.
7.4. Тус аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах тухай тушаалын 1 дэх заалтад “Х.Өийг Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 тоот тушаалаар тус төвийн нягтлан бодогчоор түр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусаж байгаа тул 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгаж ажиллуулсугай” гэжээ.
7.5.Монгол улсын Сангийн Яамны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03/8973 дугаартай албан бичгээр Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Т.Багилан танаа гэж хаяглаж ирүүлсэн албан бичигт “Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5-д заасан шаардлагыг хангахгүй байгаа тул Х.Өийг нягтлан бодогчоор зөвшилцөх боломжгүй байна” гэжээ.
7.6. Тус аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаартай Х.Өийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Х.Өийг Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор түр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.1-д зааснаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөх санал хүргүүлэхэд Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам”-ын 2.1.5-д заасан шаардлагыг хангахгүй тул төсвийн нягтлан бодогчоор ажиллуулах боломжгүй талаар хариу ирүүлсэн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул Х.Өийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.
7.7.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод даатгуулагч Хайрлатын Өийн 2012 оны 12 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэлх цалин, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн талаар тусгагджээ.
8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
9. Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаартай Х.Өийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалын агуулгаас үзэхэд ажилтан Х.Өийг Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.1-д зааснаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас нягтлан бодогчоор зөвшилцөх боломжгүй гэж хариу ирүүлсэн, мөн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлүүдээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна гэж үзлээ.
10.Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6, 19.6.1 дэх хэсэгт улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт харьяалагдах төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө гэж заасны дагуу ажил олгогчоос санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай зөвшилцөх санал хүргүүлэхэд зөвшилцөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна.
11. Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 216 дугаар тогтоолын 1-т Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурал буюу Ерөнхий сайд тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр, авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно гэж заасан байна.
12.Хэдийгээр уг тогтоол нь өөр хуулийг тайлбарласан боловч Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт заасан зөвшилцөх саналын тухайд шүүхээс уг тогтоолд заасан тайлбартай адилтгаж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргахдаа зөвшилцөх албан тушаалтанд саналаа мэдэгдэхийг ойлгох бөгөөд заавал хариу ирүүлэн, татгалзсан зөвшөөрсөн эсэхийг харгалзах шаардлагагүй гэж дүгнэлээ.
13. Ажилтан Х.Ө-ийн хувьд мэргэжил, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй талаар нотлох баримт байхгүй байна.
14. Х.Ө-ийг анх ажилд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т зааснаар буюу туршилтын хугацаагаар түр томилж ажиллуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно”, 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илү******* байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илү******* хугацаагаар сунгаж болно” гэж тус ус заасан байх ба 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажил олгогч Т.Б, нягтлан бодогч Х.Ө нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2024 оны 03 дугаар сарын 20-ноос 2024 оны 09 дүгээр сарын 20-ны хүртэл байгуулж ажиллуулснаар туршилтаар ажиллуулах хуульд заасан нийт зургаан сарын хугацаа дуусжээ. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр талууд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж энэхүү гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2024 оны 09 дугаар сарын 20-ноос 2024 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл, мөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус гэрээ байгуулан сунгасан байна.
15.Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээнд оруулсан өөрчлөлт гэх баримтыг гаргаж өгсөн байх ба уг баримтад хэзээ байгуулсан ямар гэрээнд өөрчлөлт оруулсан талаар дурдаагүй, уг баримтад ажил гүйцэтгэж эхлэх хугацааг 2025.04.01 гэж тусгасан боловч дуусгавар болох хугацааны талаар тодорхой тусгаагүй, өөрчлөлт орсон гэх 9.1.1... заалтууд нь ямар гэрээний заалтууд болох нь ойлгомжгүй байх тул энэхүү баримтаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй байна.
16.Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг дагалднаар ажиллуулах, туршилтын хугацаагаар ажиллуулах; улирлын шинжтэй ажил гүйцэтгүүлэх; ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулах; түр ажлын байранд ажиллуулах; санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж заасан байх ба ажилтан Х.Өтэй байгуулсан туршилтын хугацаагаар ажиллуулсан хугацаа дууссан, уг ажлын байр нь байнгын ажлын байр байхад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байсан үндэслэл нь тодорхойгүй байна.
17.Тус аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгах тухай тушаалаар “Х.Өийг Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 тоот тушаалаар тус төвийн нягтлан бодогчоор түр томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дуусаж байгаа тул 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгаж ажиллуулсугай” гэсэн боловч "хөдөлмөрийн гэрээ" нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоо тул ажил олгогчийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй болно.
18.Иймд Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Ө-ийг урьд эрхэлж байсан Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
19.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.Ө-ийг урьд эрхэлж байсан Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Ц тосгоны Эрүүл мэндийн төвөөс 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМ