Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00630

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00630

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, У овогт К.Ү,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, С овогт С.Б,

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, Т овогт М.Т

Нэхэмжлэгч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Ж.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Д.С,

Хариуцагч: Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суух, А овогт С.Д нарт  холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: 6 машин өвсний үнэ гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д,

Орчуулагч Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нар  нь хариуцагч Д.С, С.Д нарт холбогдуулан “6 машин өвсний үнэ гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Аман, С.Б бид Б аймгийн Н сумын 8 дугаар багт оршин суудаг, мал аж ахуй эрхлэхээс гадна хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг иргэд байгаа юм.

1.2. Мал аж ахуй эрхэлж байгаа учраас тус сумын өвс хадлангийн зориулалттай бүс нутгаас бусад иргэдийн нэгэн адил сумын ИТХ-аас баталж өгсөн хэмжээ, хуваарийн дагуу Н сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хадлангийн талбай ашиглуулах тухай 39 дугаартай захирамж, мөн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хадлангийн газар ашиглуулах тухай А/32 дугаартай захирамжийн хавсралтад зааж баталгаажуулсан хадлангийн талбай болох хар тахар гэх газар байршилтай газраас нэхэмжлэгч М.Тд 1.5 га, С.Бд 1.5 га, К.Үд 1.5 га, Ж.Ад 1.5 га, С.Аманд 1.5 га буюу нийт 7.5 га газрыг тус тус хадлангийн зориулалтаар ашиглуулсан байдаг юм.

1.3. Гэтэл хариуцагч Д.С, С.Д нар нь нэхэмжлэгч М.Т нарын ашиглах эрх бүхий нийт 5 иргэний 7.5 га хадлангийн талбайн 3 иргэнд ногдох 4.5 га газрыг 2023 оны 09 дүгээр сард дур мэдэн хадаж аваад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн гомдлыг шалгасан тэмдэглэл, ажлын хэсгийн шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

1.4.Шүүхээс маргаан бүхий газарт газрын үзлэг хийх үед би бүх асуудлыг тайлбарлаж өгөөд газрыг үзүүлсэн. Хариуцагч тал миний газар руу орсоор байгаад сүүлд өвс хадах газаргүй болсон. Анх 1.5 га газрыг хуваарилж өгсөн байсан. 5 айлд нийтдээ 7.5 га газар өгсөн. Энэ газарт хариуцагч тал орсоор байгаад миний газрын өвсийг хадсаар байгаад сүүлдээ 80 м газар үлдсэн. Жил болгон миний газар руу бага, багаар орсоор байгаад сүүлдээ би газаргүй болсон. Энэ асуудал өнгөрсөн жил хөндөгдсөн.

1.5.Дахин хадлангийн улирал ирсэн учраас энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би 1 машин өвсний үнийг тогтоолгохоор сумын захиргааны байгууллагад хандаж, үнэ тогтоолгох комиссоос 1 машин өвсийг 1.5 сая төгрөг гэж үнэлсэн байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэхүү өвсийг хадаж авсан Д.С, С.Д нараас 6 машин өвсний үнэ болох 9 сая төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч Д.С, С.Д болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нар хариу тайлбартаа:  

2.1.Нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа 6 машин өвсний үнийг хариуцагч талаас зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа Засаг даргын захирамжаар Хар тахрын ганц бургас гэдэг газрын доод талаас газар авсан гэсэн. Маргаан бүхий газарт хэмжилт хийсэн. Хэмжилт хийх үед маргаан бүхий газрын байршил нь Н сумын өвс хадлангийн зориулалттай бэлчээр гэх байршилтай газар байгаа. Гэтэл захирамжид дурдсан газар нь өөр, үзлэг хийсэн газар нь өөр байгаа. Хоорондоо тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл, захирамжаар авсан газрын байршлыг өөрөө тогтоолгож чадаагүй. Кадастр нь буруу байгаа. Захирамжид дурдсан Хар тахар гэх газар хэмжилт хийлгэх болохоос биш, нэхэмжлэгч захирамжийг ашиглаж бусдын газарт хэмжилт хийлгэх үндэслэл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

2.2.Хоёрдугаарт нь, Хар тахрын ганц бургас гэх газарт захирамж гаргуулсан гэдэг. Хар тахрын ганц бургас гэх газар Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны ээлжит 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны хүчин төгөлдөр 67 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авагдсан. Сая миний гаргаж өгсөн 67 дугаар тогтоол болон хавсралтын эх хувиар нотлогдож байгаа. Засаг даргын захирамж гаргуулсан нэхэмжлэгч тус газрыг  УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46 дугаар тогтоолын 2-р хавсралтаар Ачит нуурын Дэвлийн арлын байгалийн цогцолборт газар хилийн хязгаарлалт бүсэд хамаарагдаж, улсын тусгай хамгаалалтад авагдсан байгаа. Гэтэл үндэслэл болгож буй захирамж нь өөрөө хууль бус, хүчингүй захирамж байгаа.

2.3.Харьяаллын хувьд Н сумын нутаг дэвсгэрт Хар тахар гэх газар харьяалагдахгүй, улсын тусгай хамгаалалттай газарт харьяалагдана. Улсын тусгай хамгаалалтад харьяалагдсан газраас хууль бус захирамж гаргах эрх Засаг даргад байхгүй. Захирамж нь өөрөө хүчингүй байгаа учраас газар байхгүй гэсэн үг.

2.4.Тус газраас хариуцагч Д, С нар ямар ч өвс хадаж үзээгүй. Бид нарт хуваарилж өгсөн бэлчээрээс өвс хадаж авсан болохоос бусдын газраас ямар ч өвс хадаж байгаагүй. Энэ газрыг олон жил хадаж ирсэн, хадлангийн талбай байгаа. Түрүүн хэмжилт хийх үед захирамжийг ашиглан санаатайгаар бусдын газарт дур мэдэн хэмжилт хийлгэсэн. Т, А, Б, Ү, А нарын газар хаана байгаа вэ? Эдгээр газарт нэг бүрчлэн хэмжилт хийж чадаагүй байдаг. Кадастрын зураг ч байхгүй. 7 га хавтгай газар гэж бусдын газарт дур мэдэн хэмжилт хийлгэсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

2.5. Хариуцагч Д.С гэдэг хүн толгойдоо гэмтэл авсан хүн байгаа. Тахир дутуугийн группт байдаг. Хадлангийн газарт орж үзээгүй 6-7 жил өнгөрч байна. Үүнийг Н сумын ард түмэн мэдэж байгаа. Гэртээ байгаа хүнд миний хадлангаас өвс хадсан гэж гүтгэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа.

2.6.Хадлангийн талбайд шүүхээс үзлэг хийсэн газар нь бид нарын 20-оод жил гаруй өвс хаддаг газар байгаа. Тухайн газар нь кадастрын зурагтай, Засаг даргын хүчин төгөлдөр захирамж, хурлын шийдвэр гарсан байгаа. Бид нар бусдын газарт өвс хадахгүй, хадаж байгаагүй гэжээ.

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэл, Б аймгийн Н сумын Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай захирамж, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай захирамж, Х.З-тай байгуулсан өмгөөллийн гэрээ, нэхэмжлэгч К.Ү, М.Т, Ж.А нараас С.Б-д олгосон итгэмжлэл, Х.Ж, н.А, М.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, өвсний үнэлгээ тогтоох комиссын акт, Б аймгийн Н сумын Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/120 дугаартай захирамж, хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг 2 ширхэг, Б аймгийн Н сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 8/171 дугаартай тодорхойлолт, Б.Х-ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, С.Б-ы ашиглаж байгаа хадлангийн талбайны кадастр зураг зэргийг,

Хариуцагч нараас  Д.С-ы амбулаториор эмчлүүлэгсдийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.С нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н сумын ИХТ-ын тэргүүлэгчдийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.С-аас Х.Дд олгосон итгэмжлэл, Н сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн комиссын хуралдааны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Н сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, газар ашиглуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Б, Х.М, С.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Н сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2 ширхэг тодорхойлолт, Хадлагийн талбай дахин хуваарилах тухай 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2011 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэсэн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ашиглуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн иргэдэд хадлангийн албай ашиглуулах газрын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны баримтууд, С.Д-аас Х.Д-д олгосон итгэмжлэл, Д.Бейбитын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ххоршооны тодорхойлолт, Е.А-ны нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Н сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/50 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ххоршооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Н сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н сумын 2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ххоршооны 2016 оны улсын тооллогын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хтхоршооны 03089 0501 дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.С-ы эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ххоршооны эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Д-ы эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Б-ын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Р-гийн эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.А-ын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Е.Д-ийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, мессенжер цахим сүлжээний зурвас болон фото зургууд, Монгол Улсын Их хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай тогтоол хавсралтын хамт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ачит нуур-дэвэлийн арал байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2025оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А арлын байгалийн цогцолборт газрын хилийн зааг, газрын зураг,  Б аймгийн Н сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай захирамж, Д.С-ы хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадласан шийдвэрийн хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт,  Б аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай хуралдааны тогтоол хавсралтын хамт, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 110/ШЗ2025/0271 дугаартай захирамж зэргийг тус тус гаргаж өгсөн.

4.Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр М.С, С.Х нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Б аймгийн Н сумын газрын даамлын албан бичиг, газрын үзлэгийн үеийн схем зураг, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, хариуцагч талын хүсэлтээр К.Н, Ө.Б, Т.М, Б.Х, С.Ж нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг тус тус бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

5. Нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын хариуцагч Д.С, С.Д нарт холбогдуулан гаргасан хадлангийн талбайгаас зөвшөөрөлгүй хадаж авсан 6 машин өвсний үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Б нарт Б аймгийн Н сумын Засаг даргын захирамжаар хадлангийн талбайг ашиглуулсан байх ба уг газрыг Д.С, С.Д нар 3 айлын газрыг зөвшөөрөлгүй хадаж авсан тул үндэслэлгүй олж авсан 6 машины өвсний үнэ гаргуулж өгнө үү гэжээ.

7. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нараас гаргаж буй 6 тэвш өвсний үнэ болох 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.С болон С.Д бид нар тухайн нэхэмжлэгч нарын газраас өвс хадаагүй гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Б аймаг Н сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 39 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамж болон захирамжийн хавсралт, мөн сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн газар ашиглуулах тухай” захирамж болон түүний хавсралтаар М овогтой Т, К овогтой Ү,  овогтой А, С овогтой Б нарын тус бүрт Х гэх  газрын доод талаас 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5 /таван/ жилийн хугацаатай ашиглуулсан байна.

8.2. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд тус сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга К.Н, гишүүд багийн засаг дарга Б.Х, цагдаагийн тасгийн цагдаа цагдаагийн дээд ахлагч Ө.Б, цагдаагийн дэд ахлагч С.Ж нарын бүрэлдэхүүнтэйгээр С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т нарын Х гэх газарт байрлалтай хадлангийн талбайг иргэн Д.С, хүргэн ах нь болох С.Д нар зөвшөөрөлгүй хадаж авсан гэх гомдлын дагуу ажлын хэсэг газар дээр нь үзэж танилцаад ... С.Б, К.Ү, С.А, Ж.А, М.Т нарын хадлангийн талбайг иргэн Д.С, С.Д нар зөвшөөрөлгүй 3 өрхийн талбайг хадаж авсан нь тогтоогдсон тул тэмдэглэл үйлдэж сумын холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэхээр болов гэж тэмдэглэлд тусгаж, уг тэмдэглэлд тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

8.3. Гэрч Н сумын Засаг даргын орлогч К.Н  ... хадлангийн талбайд очсон Д.С-тай уулзсан, Д.С нь бид нарт хэлэхдээ саяхан С.Д явчихлаа, би хадах ёстой газраа хадсан гэж хэлсэн. Д.С нь С.Б-ы газрыг нэлээн хадсан нь харагдсан, би тухайн үед та нар заавал шүүхэд хандаад байлгүй хоорондоо эвээ олоорой гэж хэлсэн. Д.С надад ямар нэгэн бичиг баримт байхгүй, би жил бүр дураараа хадаж байгаа гэсэн гэх, гэрч Н сумын 6 дугаар багийн Засаг дарга Б.Х “ .... сумаас комисс байгуулсан. Би хадлангийн газарт өвс хадаж байсан ба багийн засаг даргын хувьд очсон. Бид маргаан бүхий газарт очиж Д.С-тай уулзахад Д.С би мэдэхгүй миний эцэг мэднэ гэж хэлсэн, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын маргаан шийдвэрлэх ажлын хэсгийн ажлын явцын тэмдэглэлд гарын үсэг зурсан миний гарын үсэг мөн байна гэх, гэрч Н сумын хэсгийн цагдаа Ө.Б-ийн “ ... С.Б-ы гаргасан гомдлын дагуу комиссын бүрэлдэхүүнтэй хамт очсон, газрын даамал очоогүй. Миний бие хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс очсон. Иргэн С.Б Х гэх миний хадлангийн газрын өвсийг хурааж авсан гэж мэдүүлж гомдол гаргаснаар мэдсэн” гэх ,

гэрч С.Ж “...Он сарын хувьд санахгүй байна С.Б гэх хүн гомдол гаргаад ажлын комиссын дагуу тухайн маргаан бүхий хадлангийн талбайд очсон. Тухайн үед маргаан бүхий хадлангийн талбайд С байсан. Өөр хүн байгаагүй. Маргаан бүхий хадлангийн талбайд очиход талууд миний газар гэж маргалдаж байсан. ... С бол би өөрийн талбайг хадсан. Бусад хүний хадлангийн талбайг хадаагүй гэж хэлсэн. Бид нар маргаан бүхий хадлангийн талбайд очиход Д байгаагүй, зөвхөн С байсан”  гэх, гэрч С.Х “Н сумын Хартахарын Ганц бургас гэх газар байгаа газрыг 2010 оноос хойш С.Б хадддаг байсан. ... Энэ жил тухайн газрыг Д.С, С.Д нар хадаж авсан ...” гэж  тус тус мэдүүлсэн байна.

8.4.Шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр                                                                                                        маргаан бүхий Б аймгийн аймгийн Н сумын Хар тахар гэх газарт байршилтай хадлангийн талбайд үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгээр нэхэмжлэгч нарын төлөөлөгч С.Б-ы заасны дагуу, мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д-ы заасны дагуу тус Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Е-ын Н сумын Х гэх газарт байршилтай нэхэмжлэгч нарын болон хариуцагч талын хадлангийн талбайд GPS төхөөрөмжөөр үзлэг, хэмжилт хийв. Үүнд: 1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ы хэмжилт хийлгэсэн талбайн хэмжээ нь нийтдээ 6.7 га газар байв.  2.Хариуцагч “Хос харагай” хоршооны хадлангийн талбайн хэмжээ 9.3 га газар байв.  3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ды хэмжилт хийлгэсэн хадлангийн талбайн хэмжээ 1.5 га газар байв.  4.Иргэн Д.Б-ийн хадлангийн талбайн хэмжээ 1.7 га газар байв. Үзлэгийн үйл явцыг фото зургаар бэхжүүлсэн ба Газрын үзлэгийн үеийн схем зургаар талуудын зааж өгсөн газрын хэмжээ байршил, “З” ХХК-д хийлгэсэн кадастрын зургуудад харьцуулсан байдал зэргийг харуулсан байна.

8.5.Тус аймгийн Н сумын Засаг даргын Үнэлгээ тогтоох ажлын хэсэг байгуулах тухай А/120 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Өвсний үнэлгээ тогтоох комиссын актаар” нэг иргэнд ашиглуулах 1.5 га газраас жилд 2 машин өвс буюу 300 ш боодол өвс гарах нормтой. 2023 оны намрын улиралд 1 ш боодол өвс 11,000 төгрөг, нэг машин өвс 1,500,000 төгрөгийн үнэтэй болно” гэж тодорхойлжээ.

9.Нэхэмжлэгч М.Т, К.Ү, Ж.А, С.Б нар нь Б аймгийн Н сумын Засаг даргын захирамжаар хадлангийн талбайг ашиглуулсан уг хадлангийн газраас хариуцагч Д.С, С.Д нар 3 айлын газрыг зөвшөөрөлгүй хадаж авсан тул үндэслэлгүй олж авсан 6 машины өвсний үнэ болох 9,000,000 /есөн сая/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан байна.

10. Газрын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт Сум, дүүргийн Засаг дарга хадлан авах бололцоотой талбайг жил бүр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахаар баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн хуваарилж, түүний хэрэгжилтийг зохион байгуулна гэж заажээ. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Б аймаг Н сумын Засаг дарга 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/32 дугаартай “Хадлангийн газар ашиглуулах тухай” захирамжаар М овогтой Т,  овогтой Ү, Ж овогтой А, С овогтой Б нарын тус бүрт Х гэх газрын доод талаас 1,5 га газрыг хадлан бэлтгэх зориулалтаар 5/таван/ жилийн хугацаатай ашиглуулсан байна.

11.Уг Засаг даргын шийдвэрээр ашиглуулахаар олгосон хадлангийн газрыг Д.С, С.Д нар хадаж өвс авсан тухай нэхэмжлэгч нарын тайлбар болон  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эрх бүхий этгээдээс ашиглуулахаар олгосон бусдын газраас Д.С, С.Д нар хадлан бэлтгэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

12. Хариуцагч С.Д, Д.С нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Н сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 39 дугаартай Хадлангийн талбай хуваарилах тухай тогтоол, Н сумын засаг даргын 2010 /засвартай/ оны 05 дугаар сарын 28-ний өдрийн 55 дугаартай “Хадлангийн талбай ашиглуулах тухай” захирамж, 2010 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн Комиссын хуралдааны тэмдэглэл, Н сумын засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/88 дугаартай Хадлангийн талбай ашиглуулах тухай захирамж, мөн сумын ИТХ-ын ээлжит 8 хуралдааны 08 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт гэрээгээр эзэмшүүлэх, ашиглуулах хадлангийн талбай /тогтоол байхгүй/, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн иргэдэд хадлангийн талбай ашиглуулах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ашиглуулах гэрээ, 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн газар ашиглуулах тухай, 2017 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн газар ашиглуулах гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн газар ашиглуулах гэрээ, татвар төлж байсан баримтууд, тухайн газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарсан тухай баримтууд, иргэдийн тодорхойлолтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах баримтууд биш болно.

13. Хариуцагч талаас “З” ХХК-аар хийлгэсэн Б аймгийн Н сумын 7-р баг, Бэлчээрийн эх гэдэг газар байршилтай “Х” хоршоо, иргэн Д.С, Д.Б, Х.Р нарын ашиглаж, эзэмшиж буй гэх газрын кадастрын зургийг гаргаж өгсөн боловч энэхүү кадастрын зураг нь газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд ороогүй, нэгж талбарын дугааргүй, ямар эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэж хэний зөвшөөрлөөр хийгдсэн нь тодорхой бус байх тул тухайн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

14.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нар Хадлангийн газар ашиглуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэрээр ашиглуулсан газраас авах байсан хадлангаа авч чадаагүй бөгөөд хариуцагч нар нь бусдад ашиглуулахаар олгосон газраас хадлан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нар тухайн газраас авах байсан өвсний үнийг буцаан шаардах эрхтэй байна. 

15.Иймд  2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Өвсний үнэлгээ тогтоох комиссын актыг үндэслэн  нэг машин өвсийг 1,500,000 төгрөг тооцож, 6  машин өвсний үнэ 9,000,000 төгрөгийг хариуцагч Д.С, С.Д нараас гаргуулан нэхэмжлэгч С.Б, Ж.А, К.Ү, М.Т нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 88,750 төгрөгийг гаргуулан нөхөн төлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлага хангагдсан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэж зааснаар хариуцагч С.Д, Д.С нараас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.С, С.Д нараас хадлангийн талбайгаас хууль бус хадаж авсан өвсний үнэ 9,000,000 (есөн сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянган хоёр зуун) төгрөг төлснийг, мөн нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарын дутуу төлсөн 88,750 (наян найман мянган долоон зуун тавин) төгрөгийг нөхөн төлүүлж тус тус улсын орлого болгож, хариуцагч Д.С, С.Д нараас 158,950 (нэг зуун тавин найман мянган есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Ү, С.Б, М.Т, Ж.А нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК