Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 244

 

                   

 

 

                  

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Буяндэлгэрийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810007020247 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцатын 3-111 тоотод үйл ажиллагаа явуулдаг Ж.Ггийн 6 нэрийн хүнсний дэлгүүрийн агуулахын цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тамхи, ундаа, бэлэн гоймон, флаш, 5-тын 3 ширхэг Хятад юань зэрэг эд зүйл, бэлнээр 180,000 төгрөг хулгайлан авч бусдад 541,583.35 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.А: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны ...шөнө 03 цагийн үед гэрээсээ гараад тамхи хайгаад явж байтал хашааны завсраар дэлгүүрийн цонх торгүй байгаа нь харагдсан. Тэгээд хашааны хаалгаар орж, цонхыг хөөсөөр дарсан байсныг түлхэж орсон. Дэлгүүр рүү ороод камерийг өөр тийш нь эргүүлээд бэлэн гоймон, флаш, хайрцагт байсан бэлэн мөнгөнөөс авсан. Хайрцагт хоёр боодол арван төгрөг, нэг боодол тавин төгрөг, зуун ширхэг зуутын дэвсгэрт, таван юань байсан. Мөн үсний гель, тамхи, панч /жижиг/ ундаа авч торонд хийгээд орж ирсэн цонхоороо буцаж гарсан. Тэгээд гэртээ очоод нэг бэлэн гоймонг нь идэж, нэг тамхийг нь задалж татаад бусад зүйлийг нь нуусан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны ...орой 20 цагт дэлгүүрээ хаагаад явсан. Дэлгүүрээсээ гарахдаа хаалгануудаа цоожлоод цонхоо төмөр хаалгаар давхар хаасан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед дэлгүүрээ нээхээр ирэхэд хаалга, цонхонд эвдрэл гэмтэл байгаагүй, харин агуулахын өрөөний жижиг цонхны хөөсөнцөр дотогшоо унаад дэлгүүр доторх эд зүйлүүд эмх замбараагүй байсан. ...Тэгээд дэлгүүрийн доторх эд зүйлүүдээ харахад тамхинууд алга болсон байхаар нь хулгай орсон юм шиг байна гээд цагдаад хандсан. Манай дэлгүүр дотор талдаа хоёр камертай бөгөөд доошоо унжуулаад тавьсан байсан. ...Манай дэлгүүрээс энгийн эссэ тамхи 8 ширхэг нийт 26,400 төгрөг, чэнж эссэ тамхи 7 ширхэг нийт 24,500 төгрөг, хар эссэ тамхи 9 ширхэг нийт 29,700 төгрөг, жэйди нэртэй тамхи 8 ширхэг нийт 19,200 төгрөг, райсон нэртэй тамхи 10 ширхэг нийт 33,000 төгрөг, павидоф нэртэй тамхи нарийн 4 ширхэг нийт 17,200 төгрөг, давидоф нэртэй тамхи бүдүүн 8 ширхэг нийт 24,000 төгрөг, биохем нэртэй тамхи 8 ширхэг  нийт 24,000 төгрөг, саарал өнгийн вест нэртэй тамхи 7 ширхэг нийт 17,500 төгрөг, цэнхэр өнгийн вест нэртэй тамхи 5 ширхэг нийт 13,000 төгрөг, улаан өнгийн вест тамхи 30 ширхэг 75,000 төгрөг, халласан нэртэй тамхи 7 ширхэг нийт 14,000 төгрөг, парламент нэртэй тамхи 5 ширхэг нийт 22,500 төгрөг, бэлэн гоймон 5 ширхэг нийт 7500 төгрөг, 4GB улаан өнгийн флаш 2 ширхэг нийт 20,000 төгрөг,  үсний гель 1 ширхэг 1200 төгрөг, даавуун оймс 3 ширхэг нийт 6000 төгрөг, ундаа 1 ширхэг 2000 төгрөг, БНХАУ-ын 5-тын юань 3 ширхэг зэрэг эд зүйлс, бэлэн 180,000 төгрөг алга болсон. ...Барааны 376,700 төгрөг, бэлэн 180,000 төгрөг нийт 556,700 төгрөгийн хохирол учруулсан. ...Надад 74,400 төгрөгний бараа, бэлэн 11,820 төгрөг, БНХАУ-ын 5-тын юань 3 ширхэг зэрэг нийт 86,220 төгрөгийн эд зүйл буцаж ирсэн үлдэгдэл 470,480 төгрөгийг нэхэмжилнэ. ...Бэлэн мөнгийг төмөр лангууны доод талын тавиур дээр байдаг скочтой цаасан хайрцагт хадгалдаг. ...Хамгийн багаар бодож л 180,000 төгрөг нэхэмжилж байгаа, яг тоолж үзээгүй байсан...” /хх-ийн 25/ гэсэн,

 

Гэрч О.Маргазана мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай эхнэр орлого сайн үедээ өдөрт 20,000 төгрөг хуримтлал болгож хийдэг байсан, цагаан сараас хойш орлого муудаад өдөрт бага багаар хуримтлуулсан мөнгө буюу баримжаагаар 180,000 орчим төгрөг бэлнээр, бас тамхи зэрэг зүйлс алга болсон...” /хх-ийн 29-30/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны ...шөнө 03 цагийн орчим тамхины иш түүж татахаар гэрээсээ гарсан. Тэгээд хашааны булангаар тамхины иш түүгээд явж байхад хашааны завсраар дэлгүүрийн жижиг цонх нь торон хаалтгүй харагдсан. Тэгэхээр нь би хашаа руу орж торгүй цонхыг гараараа онгойлгож харахад дотор талыг нь цагаан өнгийн хөөсөөр тагласан байхаар нь хөөсийг түлхээд тэр жижиг цонхоор жижиг өрөө рүү нь ороод цааш дамжиж дэлгүүр рүү орсон. Тэгээд дэлгүүрийн доторхийг харахад дэлгүүр камертай байхаар нь камерыг эргүүлж чиглэлийг өөрчилсөн. Би дэлгүүрээс тамхи, ундаа, флаш, бэлэн гоймон, үсний гель, оймс, БНХАУ-ын мөнгө тэмдэгт, бэлэн мөнгө аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан. ...Гэртээ орж ирэхэд ээж унтаж байхаар нь нууцаар хувцасны шүүгэн дотор хулгайлсан зүйлүүдээ хийсэн. ...Би тухайн үед согтуу байсан боловч хулгай хийж байснаа санаж байна. ...Дэлгүүрээс яг хэдэн төгрөг авснаа мэдэхгүй байна, маргааш нь цагдаа ирээд гэрт байсан зүйлүүдийг авахад 180,000 төгрөг байгаагүй, задгай мөнгөнүүд гарч ирсэн...” /хх-ийн 41-43/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11/,

- Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12-13/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/,

- Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37/,

- Шүүгдэгч Б.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 49-62/,

- Б.Аын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 45-48/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцатын 3-111 тоотод үйл ажиллагаа явуулдаг Ж.Ггийн 6 нэрийн хүнсний дэлгүүрийн агуулахын цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тамхи, ундаа, бэлэн гоймон, флаш, 5-тын 3 ширхэг БНХАУ-ын юань зэрэг эд зүйл, бэлэн 180,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 541,583.35 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Ггийн “...2018 оны 03 дугаар сарын 18-ны ...орой 20 цагт дэлгүүрээ хаагаад явсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед дэлгүүрээ нээхэд хаалга, цонхонд эвдрэл гэмтэл байгаагүй, харин агуулахын өрөөний жижиг цонхны хөөсөнцөр дотогшоо унаад дэлгүүр доторх эд зүйлүүд эмх замбараагүй байсан. ...хулгай орсон юм шиг байна гээд цагдаад хандсан. Манай дэлгүүр дотор талдаа хоёр камертай бөгөөд доошоо унжуулаад тавьсан байсан. ...Манай дэлгүүрээс нийтдээ 376.700 төгрөгийн эд зүйл болон бэлэн 180.000 төгрөг алдагдсан, надад 74.400 төгрөгийн бараа, 11.820 төгрөг, юань зэргийг буцааж өгсөн...” /хх-ийн 25/ гэсэн,

Гэрч О.Маргазаны “...Манай эхнэр орлого сайн үедээ өдөрт 20,000 төгрөг хуримтлал болгож хийдэг байсан, цагаан сараас хойш орлого муудаад өдөрт бага багаар хуримтлуулсан мөнгө буюу баримжаагаар 180,000 орчим төгрөг бэлнээр, бас тамхи, гоймон зэрэг зүйлс алга болсон...” /хх-ийн 29-30/ гэсэн,

Шүүгдэгч Б.Аын “...2018 оны 03 дугаар сарын 18-ны ...шөнө 03 цагийн орчим тамхины иш түүж татахаар гэрээсээ гарсан. ...Би хашаа руу орж торгүй цонхыг гараараа онгойлгож ...жижиг цонхоор ороод цааш дамжиж дэлгүүр рүү орсон. Тэгээд дэлгүүрийн доторхийг харахад дэлгүүр камертай байхаар нь камерыг эргүүлж чиглэлийг өөрчилсөн. Би дэлгүүрээс тамхи, ундаа, флаш, бэлэн гоймон, үсний гель, оймс, БНХАУ-ын мөнгө тэмдэгт, бэлэн мөнгө зэргийг аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан...” /хх-ийн 41-43/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 12-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-37/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хулгайлах гэмт хэрэг гэх бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох юм.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гд нийтдээ 541,592.35 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 35-37/ бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогчид шүүгдэгчийн зүгээс нийтдээ 87,598.89 төгрөгийн эд зүйл, бэлэн мөнгийг төлж барагдуулсан /хх-ийн 15/ байх тул үлдэх 453,984.46 төгрөгийг шүүгдэгч Б.Ааас гаргуулж, хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “...Бэлэн мөнгө авсан, гэхдээ 180.000 төгрөг байгаагүй, тийм их хэмжээний бэлэн мөнгө байгаагүй...” гэж мэдүүлэх бөгөөд түүний өмгөөлөгч Д.Ганхуяг шүүх хуралдаанд “...их хэмжээний мөнгө байсан гэдгийг нотлосон гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй, нотлж чадаагүй учир хохирлоос хасаж тооцож өгнө үү...” гэж тус тус мэдүүлж, санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв. Учир нь: хохирогч Ж.Ггийн “...Хамгийн багаар бодоход 180,000 төгрөг байсан, тоолж үзээгүй, өдөр бүр мөнгө цуглуулсаар байгаад хуримтлуулсан мөнгө...” /хх-ийн 23/, гэрч О.Маргазаны “...Манай эхнэр орлого сайн үедээ өдөрт 20,000 төгрөг хуримтлал болгож хийдэг байсан, цагаан сараас хойш орлого муудаад өдөрт бага багаар хуримтлуулсан мөнгө буюу баримжаагаар 180,000 орчим төгрөг бэлнээр, бас тамхи, гоймон зэрэг зүйлс алга болсон...” /хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлгүүдээр тус тус няцаагдах бөгөөд шүүгдэгчийн бэлэн 180,000 төгрөг байгаагүй, аваагүй гэж мэдүүлснийг няцаасан бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Б.Аын үйлдэлд тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810007020247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.А-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 453,598.89 /дөрвөн зуун тавин гурван мянга таван зуун ерөн найман төгрөг наян ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Г /РД: ЕЙ71041802, Хан-Уул дүүргийн 05 дугаар хороо, Яармагийн 21-602 тоотод оршин суух/-д олгосугай.

 

5. Эрүүгийн 1810007020247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР