Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00632

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 302/ШШ2025/00632

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Кербез овогт Кын Б.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч К.Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч К.Б нь Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Би 1988-1991 онуудад Ц сумын “А” нэгдэлд УАЗ-469 маркийн автомашины жолоочоор ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдахад ажлаас чөлөөлөгдөж байсан.

1.2.Би энэ жил 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт хандахад Ц сумын “А” нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтаас миний 1988-1991 онуудын баримт гарч ирсэн.

1.3.Би эдгээр материалуудаар тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын газрын холбогдох хүмүүст материалаа хянуулахад ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох чиглэл өгсөн учир шүүхэд хандаж байна.

1.4.Иймд миний хүсэлтийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б аймгийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанерке шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбогдуулан ажилд орсон, гарсан тушаал нь байхгүй. Шүүхэд хүсэлт гаргахдаа хүсэлт гаргагч 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан гэсэн байна. Цалин хөлсний баримтад 1988 оны 08 дугаар сараас эхлэн гэж бичигдсэн байна. Тийм учраас хүсэлт гаргагч А нэгдэлд 01 дүгээр сарын 01-ний өдрөөс биш, 08 дугаар сараас эхлэн ажилд орсон байх гэж бодож байна. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Бын 1988,1989, 1990, 1991 онуудын цалин хөлсний баримтууд, Т.Халифа, К.Төкен нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 795, 796 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  12/749 дугаар албан бичгээр ирүүлсэн К.Б болон түүний 1991 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Ц сумын “А” нэгдлийн 1988-1991 онуудын цалин хөлсний баримтууд, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 567 дугаар албан бичгээр Б.Ж-д олгосон итгэмжлэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Тус нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал архивын газраас гарч ирэхгүй байгаа учраас ажилласан жилээ шүүхэд тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан байгаа гэжээ.

6.Хүсэлт гаргагч К.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

7.Хүсэлт гаргагч К.Б нь Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

7.1.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болон Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Ц сумын “А” нэгдлийн  цалин хөлсний 1988 оны баримтад 8, 9  дүгээр сард 539 төгрөг 18 мөнгө, 12 дугаар сард 133 төгрөг 92 мөнгө, 10 дугаар сард 149 төгрөг 11 мөнгө, 11 дүгээр сард 151 төгрөг 16 мөнгө,

1989 оны баримтад 1 дүгээр сард хоног 13, бүгд 137 төгрөг 79 мөнгө, 3 дугаар сард хоног 26, бүгд 420 төгрөг, 4 дүгээр сард хоног 25, бүгд 420 төгрөг, 5, 6 дугаар сард хоног 51, бүгд 840 төгрөг, 7, 8 дугаар сард хоног 51,  бүгд 840 төгрөг, 9, 10 дугаар сард хоног 51, бүгд 840 төгрөг, 11, 12 дугаар сард хоног 60, бүгд 840 төгрөг,

1990 оны баримтад 1 дүгээр сард хоног 26, бүгд 420 төгрөг, 2 дугаар сард хоног 23, бүгд 420 төгрөг, 3 дугаар сард хоног 25, бүгд 420 төгрөг, 4 дүгээр сард хоног 25, бүгд 420 төгрөг, 5 дугаар сард хоног 25, бүгд 420 төгрөг, 6 дугаар сард хоног 26, бүгд 420 төгрөг, 7 дугаар сард хоног 24, бүгд 420 төгрөг, 8 дугаар сард хоног 27, бүгд 420 төгрөг, 9 дүгээр сард амралт 18 хоног, бүгд 302 төгрөг 40 мөнгө, 10 дугаар сард хоног 27, бүгд 538 төгрөг, 11, 12 дугаар сард хоног 49, бүгд 840 төгрөг гэж тус тус ажилласан хоног, авсан хөлс бичигдсэн байдал,

7.2.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12/749 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч К.Бын БНМАУ-ын Хүн амын регистрийн картад ... 4.регистрийн дугаар: БЛ65090672, 5.овог: К, 6.нэр: Б, ... 8.нийгмийн бүлэг: ажилчин, ... 14.ажилладаг байгууллага: А нэгдэл, ажилд орсон он: 1988, эрхэлдэг ажил: автын жолооч, эрхэлж эхэлсэн он: 1988 ... гэж,

Мөн албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүүхэд нь болох Б.Сапарбекийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтад ... 11.эцгийн овог нэр: Хызыл Бертолет, регистрийн дугаар: БЛ65090672, нийгмийн бүлэг: ажилчин, ажилладаг байгууллага: А нэгдэл, эрхэлдэг ажил: жолооч, 12.Байнга оршин суугаа аймаг, сум: Б, Ц сум ... гэж тус тус бүртгэгдсэн байдал,

7.3. Хамт ажилласан гэх гэрч Б аймгийн Ө сумын 5 дугаар багийн иргэн Т.Х-ийн ... К овогтой Б 1988 оны 08 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Ц сумын Намын хорооны даргын машиныг барьж байсан бөгөөд “А” нэгдлээс цалин авч байсан болно. Тухайн үед сумын намын хорооны унааны зардлыг сумын хөдөө аж ахуйн  нэгдэл хариуцдаг байсан гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт,

Мөн хамт ажилласан гэх гэрч Б аймгийн Ц сумын 9 дүгээр багийн иргэн К.Т-ний ... Х овогт Б нь 1988 оноос 1991 он хүртэл Ц сумын “А” нэгдэлд мөн сумын Намын хорооны хөнгөн тэрэгний жолоочоор ажиллаж байсан нь үнэн болно. Тэр үед миний бие К.Т “А” нэгдлийн ерөнхий ня-бо-оор ажилла байсан болно гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

8.Хүсэлт гаргагчаас Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн боловч К.Б нь дээрх хугацаанд жолоочоор ажилласан талаар шууд нотлох баримтгүй байх тул хүсэлтийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, К.Б нь Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Кербез овогт Кын Б нь Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, Б аймгийн Ц сумын “А” нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК