| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0470/Э |
| Дугаар | 481 |
| Огноо | 2018-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 481
2018 06 07 481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Б.Энэрэл,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар,
шүүгдэгч Н.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Э-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808001540461 дүгээр хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Н-ийн Э.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Н.Э-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8-315а тоотод “өөрийнх нь үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар 8 настай буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, төрсөн хүү Э.С-ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Э-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд дурдагдсан зүйл үнэн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808001540461 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч Э.С-ын: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байхад аав гэртээ 1 шил пиво уусан. Намайг үймүүлээд байсан болохоор тэлээгээр 2 удаа цохисон. Тэгсэн гаднаас цагдаа орж ирээд аавыг аваад явсан. Урьд нь гар хүрч зодож байгаагүй. Аав бага зэрэг согтолттой байсан. Ээжийг зодоогүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-11-13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.12.28-ны өдрийн 721 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.С-ын биед баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-27/,
Шүүгдэгч Н.Э-ын яллагдагчаар өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн үед найз Алтанхуягтай нэг литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Гэрт ороод хоол идээд дахиад 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво хувааж ууж байгаад манай найз гэртээ харих гээд явсан. Би үлдсэн пивоо ганцаараа ууж байгаад эхнэртэйгээ маргасан, юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Би гэрээс гараад зогсож байтал гадаа хоёр залуу зогсож байхаар нь “юун хүмүүс вэ” гэтэл зугтаагаад явчихсан. Гэртээ ороод эхнэртээ “чи юун хүмүүс дуудсан юм бэ” гээд эхнэрийнхээ нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгсэн манай гурван хүүхэд надаас айгаад хадам ээжийнд орчихсон байсныг буцааж авчирсан. Том хүү Сумъяабазарыг ааваасаа зугтаалаа гээд өмдний суран тэлээгээр нуруун тус газар нь 4-5 удаа цохисон. Энэ үед эхнэр намайг “боль” гээд гэрээсээ гараад явчихсан. Удалгүй гаднаас цагдаа ирээд намайг аваад явсан. Би эхнэртэйгээ 2004 онд анх танилцаж, 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй” гэх мэдүүлэг /хх-35-38/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-39-42/, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолт /хх-43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-50, 71/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-51-52/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-53-60/, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-64/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын албан бичиг /хх-67/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн “Гомдол санал байхгүйг уламжилж өгнө үү” гэх хүсэлтийг уншиж шинжлэн судлав.
Харин хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг буюу мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлаж өгөөгүй хууль зөрчсөн байх тул уг мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Э-согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамж, 315а тоот гэртээ “өөрийнх нь үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар 8 настай буюу бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хүү Э.С-ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Э-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох нь хэрэгт авагдсан Э.С-ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-64/-аар тогтоогдож байхад улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг орхигдуулсан нь буруу байна. Гэвч хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-13/, хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Э-тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн гэм буруутай нь тогтоогдсон. Эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх хохирогчийн эрхтэй хамааралтай байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж,
шүүгдэгч Н.Э-“Хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж, уг ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, 8 нас 1 сар 19 хоногтой хүүхдийг зодсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж шүүгдэгч Н.Э-ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Э-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Н-н Э-тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э-торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Э-бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР