Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00600

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ц-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00143 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Б.О-, хариуцагчийн өмгөөлөгч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,

Б.О-тэй 2008 онд танилцаж, улмаар 2014 оноос хамтран амьдарсан. Бидний дундаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин О.А- төрсөн. Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг авч охин маань эцгээрээ овоглосон. Эцэг Б.О- нь зөвшөөрсөн учир 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охиноо би өөрийн нэрээр овоглон сольсон. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Б.О-д гэртээ хүүхдийнхээ дэргэд зодуулж, Цагдаагийн байгууллагад хандаж, шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулан шүүхээр орж Б.О-д торгуулийн арга хэмжээ авч байсан. Хамт амьдрах хугацаанд удаа дараа зодож хүнд болон хөнгөн гэмтээж байсан. Б.О-гийн гэр бүлээс гадуурх харилцаанаас болж бид 2019 оны 02 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Ц.А- нь энэ жил 1 дүгээр ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг миний бие ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.А-д эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Бид хоёр 2008 онд танилцаад хамт амьдарсан нь үнэн. Би дахин дахин зодсон зүйл байхгүй. Нэг удаа тийм байдал гаргаад буруу зүйл хийснээ ухаарч ойлгосон. Би 70 настай ээжтэйгээ цуг хөдөө байдаг. Бүх буруугаа өөрөө хүлээж байгаа. Хүүхдийн тэтгэлэг төлөөд явахад татгалзах зүйлгүй. Энэ хугацаанд хөдөө ээжийгээ асарч байсан.

 

3. Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.А-г эх Б.Ц-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ц.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.О- нь тэжээн тэтгэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 37,779 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-эд олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Б.Ц- нь банкнаас зээл хөөцөлдөхийн тулд хүүхдээ өөрийнхөө нэр дээр шилжүүлэх шаардлагатай гэж хариуцагчийг хуурч мэхлэн, хүүхдийг овгийг өөрчлүүлсэнд гомдолтой.

Миний бие Б.Ц-ийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч Б.Ц- нь намайг хуурч мэхлэн банкнаас зээл хөөцөлдөж байгаа, хүүхдээ өөрийнхөө нэр дээр шилжүүлбэл болно гэсэн гэж хэлсэн. Түүнд нь итгэн охиныхоо овгийг шүүх хурлаас өмнө өөрчлөн эх Б.Ц-ийн нэрээр овоглуулсан. Гэтэл охиноо өөрөөрөө овоглосноос хойш Б.Ц- Чех улс руу гарч явсан гэж сонссон. Би эхнэрээсээ уучлалт гуйж байсан болохоор цаашид амьдарна гэж бодож байсан. Охиноо өнчрүүлэхийг огт бодохгүй байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.  

 

1. Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч Б.О-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.      

 

2. Б.Ц-, Б.О- нар нь 2008 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдрах болсон. Зохигчид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд тэдний дундаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Ц.А- төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдсон. Б.О- нь охин Ц.А-гийн эцэг мөн болох тухайд маргаангүй. /хх6-7/

 

3. Талууд хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2019 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Ц.А- эх Б.Ц-ийн асрамжид өсч, хүмүүжиж байгаа үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн                                  “... хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад хэрэглээний зардлуудыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байгаа тул эцэг Б.О-гээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно” гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрчээ. /хх1,14/

 

4. Анхан шатны шүүх эцэг Б.О-гээс охин Ц.А-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцжээ.

 

5. Хэдийгээр зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх боловч анхан шатны шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.А-г эх Б.Ц-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь хүүхдийн эрх ашиг болон Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

6. Иймд хариуцагчийн “эвлэрэх боломжтой, цаашид хамтран амьдарна”, “хуурч мэхлэн хүүхдийн овгийг солиулсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Ш.ОЮУНХАНД