| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0233/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Батхуяг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Ж.Батхуяг, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Э.Энххэрлэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802001260114 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Д.Х-ыг
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Тагнуулын 25 дугаар байрны гадаа 30-03 УНЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 1.8 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Х: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Г.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х машинтай ирээд бид хоёр уулзсан. Машинд суухад урд талын ундааны тавиур дээр байсан кока кола ундааны сав харуулсан. Тэрийг нь сайн харахад хажуу хэсгээр нь жижиг шавар шиг зүйл байсан. Ингээд Х бид хоёр тэр шавар шиг зүйлээс нэг цэгийг тасдаж авч мөнгөлөг цаасан дээр тавьж доороос нь галаар халааж, гарсан утааг нь соруулаар сорж хэрэглэсэн. ...Тухайн бодисыг Х олж ирсэн, би хаанаас олсныг нь мэдэхгүй...” /хх-ийн 27-29/ гэсэн,
Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасагт үйлдвэрлэлийн дадлага хийж эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр энгийн хувцастай Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрээр гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй сэжигтэй этгээдүүдийг ажиглахаар сонсогч Энхээ, Баасанбат нарын хамт Жэтро худалдааны төв орчмоор эргүүл хийсэн. Баасанбат бид хоёр Жэтро дэлгүүрээс уух юм аваад зогсож байхад Энхээ залгаад Тагнуулын 25 дугаар байрны урд зогсоол дээр машин дотор хоёр залуу хар тамхи хэрэглэсэн шинжтэй байна...” /хх-ийн 36/ гэсэн,
Гэрч Т.Энхээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний орой ...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Тагнуулын 25 дугаар байрны үүдэнд 30-03 УНЕ улсын дугаартай Тоёото Кроун маркийн машин дотор хоёр залуу сэжиг бүхий байдалтай байсан. Тэгээд машин руу дөхөж очиход шарилж шатаахад гардаг үнэр шиг эвгүй үнэр ханхалж байхаар нь ажиглаж зогстол жолооны ард байсан залуу буугаад бие зассан. Тухайн залуу манарсан шинжтэй харагдахаар нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү залгаад жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан...” /хх-ийн 37/ гэсэн,
Гэрч Н.Баасанбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...Энхээ залгаад энд хоёр залуу хар тамхи хэрэглээд байх шиг байна, хүрээд ир гэхээр нь очиход цагаан өнгийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлд хоёр залуу хар тамхи хэрэглэж байхаар нь дуудлага өгсөн...” /хх-ийн 38/ гэсэн,
Шүүгдэгч Д.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орцныхоо тамхины өрөө рүү орох гээд шатаар доошоо буухад 8-9 давхарын голд, хананы буланд тамхины өрөөний хажууд кока кола ундааны сав, талаар нь ундаатай, хальт харахад ундаанаас бага зэрэг дээшээ нарийнхан, хар өнгийн зүйлүүд байхаар дөхөж харахад интернетээс харж байсан шавар гэх нэршилтэй хар тамхи юм шиг харагдахаар нь сонирхоод авсан. Би ундааны саваа машиндаа хийчихээд найз Энхтүвшин рүү залгаад хүмүүсийн яриад байдаг цэгийг оллоо, хоёулаа орой хэрэглэж үзэх үү гэхэд зөвшөөрөөд орой 20 цагийн үед Тагнуулын 25 дугаар байрны гадаа уулзахаар болоод бид хоёр машин дотор цэг буюу шавар гэх зүйлийг анх удаа хэрэглэж үзсэн...” /хх-ийн 94-95/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №2324 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн “Coca Cola” гэсэн улаан шошготой ундааны саван дээр наасан хар өнгөтэй шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
...5. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” /хх-ийн 40/ гэсэн дүгнэлт,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-12/,
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/,
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 18/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22-23/,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 51/,
- Автомашины техникийн үнэлгээ /хх-ийн 54-55/,
- Шүүгдэгч Д.Х-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63-74, 76-80/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 98-100/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Тагнуулын 25 дугаар байрны гадаа 30-03 УНЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 1.8 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Г.Энхтүвшингийн “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х машинтай ирээд бид хоёр уулзсан. Машинд суухад урд талын ундааны тавиур дээр байсан кока кола ундааны сав харуулсан. ...Тухайн бодисыг Х олж ирсэн, би хаанаас олсныг нь мэдэхгүй...” /хх-ийн 27-29/ гэсэн,
Гэрч Б.Бат-Эрдэнийн “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр энгийн хувцастай Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрээр гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй сэжигтэй этгээдүүдийг ажиглахаар сонсогч Энхээ, Баасанбат нарын хамт Жэтро худалдааны төв орчмоор эргүүл хийсэн. Баасанбат бид хоёр Жэтро дэлгүүрээс уух юм аваад зогсож байхад Энхээ залгаад Тагнуулын 25 дугаар байрны урд зогсоол дээр машин дотор хоёр залуу хар тамхи хэрэглэсэн шинжтэй байна...” /хх-ийн 36/ гэсэн,
Гэрч Т.Энхээгийн “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Тагнуулын 25 дугаар байрны үүдэнд 30-03 УНЕ улсын дугаартай Тоёото Кроун маркийн машин дотор хоёр залуу сэжиг бүхий байдалтай байсан. Тэгээд машин руу дөхөж очиход шарилж шатаахад гардаг үнэр шиг эвгүй үнэр ханхалж байхаар нь ажиглаж зогстол жолооны ард байсан залуу буугаад бие зассан. Тухайн залуу манарсан шинжтэй харагдахаар нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс рүү залгаад жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан...” /хх-ийн 37/ гэсэн,
Гэрч Н.Баасанбатын “...Энхээ залгаад энд хоёр залуу хар тамхи хэргэлээд байх шиг байна, хүрээд ир гэхээр нь очиход цагаан өнгийн Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэд хоёр залуу хар тамхи хэрэглэж байхаар нь дуудлага өгсөн...” /хх-ийн 38/ гэсэн,
Шүүгдэгч Д.Х-ын “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орцныхоо тамхины өрөө рүү орох гээд шатаар доошоо буухад 8-9 давхарын голд, хананы буланд тамхины өрөөний хажууд кока кола ундааны сав, талаар нь ундаатай, хальт харахад ундаанаас бага зэрэг дээшээ нарийнхан, хар өнгийн зүйлүүд байхаар дөхөж харахад интернетээс харж байсан шавар гэх нэршилтэй хар тамхи юм шиг харагдахаар нь сонирхоод авсан...” /хх-ийн 94-95/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №2324 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн “Coca Cola” гэсэн улаан шошготой ундааны саван дээр наасан хар өнгөтэй шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.
...5. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д багтдаг болно...” /хх-ийн 40/ гэсэн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-12/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхний хуулбар /хх-ийн 18/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22-23/, өвтомашины техникийн үнэлгээ /хх-ийн 54-55/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 98-100/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Д.Х нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, ар гэрийн байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 500 мл хэмжээтэй Coca Cola гэсэн бичигтэй хоосон, хуванцар сав, 1,8 грамм жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст” даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Х-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаанд шүүгдэгч Д.Х-т зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Д.Х-т анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн 500 мл хэмжээтэй Coca Cola гэсэн бичигтэй хоосон, хуванцар сав, 1,8 грамм жинтэй шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 1802001260114 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР