| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2433000070019 |
| Дугаар | 2024/ДШМ/83 |
| Огноо | 2024-09-17 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2024/ДШМ/83
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Н.Бадам /цахим/
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү
Яллагдагч ******* /цахим/
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Галтаа /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж шийдвэрлэн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 208/2024/0068 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, *** настай, ****эгтэй, **** боловсролтой, **************** мэргэжилтэй, ********ХХК-д ********** ажилтай, ам бүл ************ хамт, Сэлэнгэ аймгийн **** сумын ***** баг, **** тоотод оршин суух /РД:********/
Яллагдагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим орчин болох “Хөтөл Сити зар”, Дархан зар гэх зарын нэгдсэн групп цахим хаягуудад хохирогч *******ийн зургийг овог нэртэй нь тавьж “энэ хүн үйлдвэрт ямар гавьяа байгуулсан хүн бэ, та нар мэдэх үү ... луйварчин бөгс долоогч гэх мэдээлэл оруулж хүний нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Яллагдагч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Яллагдагч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг Прокурорт буцааж,
Хэргийг Прокурорт очтол яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ...захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн 2024 оны 07 сарын 19-ний өдрийн №3 дугаартай эсэргүүцэлдээ:
Шүүгчийн захирамжийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 15 цаг 57 минутад хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д өмгөөлөгч “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах эрхтэй гэж, Мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтад мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдний өмгөөлөгчид хэргийн материалыг заавал танилцуулах, энэ талаар тэмдэглэл үйлдэхээр тодорхой заажээ. Яллагдагч *******д мөрдөгч 2024 оны 04-р сарын 03-ны өдөр хавтаст хэргийн материал танилцуулж тэмдэглэл үйлджээ. Тэмдэглэлд Прокурорт санал хүсэлт гаргаж өгөх саналтай гэсэн байна. (хх-ийн 90-рт) Харин яллагдагчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн болон хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл хэрэгт авагдаагүй байна. Иймд яллагдагчийг хэргийн материалтай танилцах үед өмгөөлөгчид нь хэргийн материал танилцуулж түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй байна гэж дүгнэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 7, 8-д заасны дагуу яллагдагч хэргийн материалтай танилцаж мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаж, хүсэлтийг шийдвэрлээгүй үед шат шатны Прокурорт гомдол гаргах эрхтэй ба энэ эрхийг хангаагүй байна.” гэх дүгнэлтийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулах процесс үйл ажиллагааг журамлан хуульчилсан. Энэхүү зүйл хэсэгт мөрдөгч нь оролцогч нарт хавтаст хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлж, оролцогчийн эрхийг нь хангах үүрэгтэй болохыг заажээ. Түүнээс шүүгчийн захирамжид дурдсанчлан мөрдөгч нь хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг заавал танилцуулах буюу танилцаагүй тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэх үүргийг хүлээгээгүй юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалтай танилцах эсэх асуудал нь оролцогчдын эрх болохоос үүрэг биш юм.
Мөрдөгч нь мөрдөн байцаалтыг дуусгасны дараа яллагдагчийн өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулсан. Энэ талаараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон яллагдагчийн өмгөөлөгч тайлбарласаар байхад хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл хэрэгт авагдаагүй гэсэн хэлбэрийн шаардлага тавьж хэргийг прокурорт буцааж байгаа нь хэрэгт бодитоор үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд баримтат мэдээлэл нь нотлох баримт болохыг, тус зүйлийн 2 дахь хэсэгт баримтат мэдээллийн нэг нь шүүх хуралдааны тэмдэглэл болохыг тодорхой дурджээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцсан талаараа тайлбарлаж, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдан бэхжүүлэгдсэн болно.
Оролцогч буюу яллагдагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалуулахаар хүсэлт гаргах эрхтэй ба тухайн гаргасан хүсэлт үндэслэлтэй эсэхээс шалтгаалан шүүх, прокурор, мөрдөгч хангах эсэхийг шийдвэрлэдэг. Гэтэл яллагдагчаас ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй, зөвхөн гаргахаа илэрхийлсэн байхад шүүх хүсэлт гаргасан мэтээр хийсвэр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудыг зөрчжээ.
Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхийг заалгүй тэдний эрхийг хязгаарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дах сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 94 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт холбогдсон яллагдагч *******д холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг хохирогч ******* би үл зөвшөөрч гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-ын 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж шүүгчийн захирамжид хохирогч мөн гомдол гаргах эрхтэй болохыг хуульчилсан байна. Гэтэл шүүгч захирамжиндаа миний гомдол гаргах эрхийг хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн тул гомдолтой байна.
Яллагдагч ******* нь миний нэр төрд халдаж, цахим орчинд буюу Хөтөл сити зар Дархан зар дээр намайг гутаан доромжилсон мэдээлэл тавьсан байдал нь хангалттай нотлон тогтоогдсон, өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйж байсан. Надаас уучлалт гуйсан болохоор би сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй юм. Одоо нэгэнт яллагдагч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул би сэтгэл санааны хохирлоо хуулийн дагуу нэхэмжилнэ.
Шүүхээс мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Яллагдагч ч түүний өмгөөлөгч Ц.Галтаа нар нь хэргийн материалтай танилцсан, прокурорын болон мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээ гаргаад ажиллагаа хийлгэх боломжтой байдал нь шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Ц.Галтаагийн би хэргийн материалтай танилцсан гэж мэдүүлснээр тогтоогдож байна.
Миний дээд сургууль төгссөн үү төгсөөгүй юу, Монгол улсын зөвлөх инженерийн зэрэг дэв цолтой юу үгүй юу гэдгийг тогтоох нь хэрэгт огт хамааралгүй бөгөөд миний нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гутаан доромжилсон мэдээллийг тавьснаар уг хэргийн объектив шинж хангагдаж, миний хуулиар хамгаалагдсан язгуур эрх, эрх чөлөө, халдашгүй байх эрхийг ноцтой зөрчсөн бусармаг үйлдэл гэм буруу нь тогтоогдож байгаа гэж дүгнэж байна.
Иймд яллагдагч *******гийн үйлдэл нь нотлон тогтоогдсоор атал хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжид гомдолтой байгаа тул хэргийг гэм буруугийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.
Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль ёсны бичиг баримтыг үгүйсгэсэн маягтай байсан. Миний бичиг баримтыг шалгаад байх шаардлага байхгүй. Тэртээ тэргүй намайг доромжилсон. Бөгс долоодог, хүн дарамталдаг, идэж, уудаг, долигонуур, юу хийсэн нь мэдэгддэггүй гэж доромжилсон. *******ийн үйлдвэрт ажиллаж байхад намайг идэж уудаг байсан мэтээр харагдуулж доромжилсон. Хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******ийн нэр төрд халдсан, түүнийг гутаан доромжилсон, илт хууль бус мэдээ мэдээллийг тавьсан байдал нь хангалттай нотлох баримтаар нотлон тогтоогдсон байтал *******ийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Прокурорт буцаахгүйгээр ял шийтгэлийг халдаах бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ******* бакалаврын дипломоо яаж авсан, сургууль бакалаврын боловсрол олгодог уу, зөвлөх инженер яаж болсон талаар шалгах шаардлага байхгүй. Нэгэнт энэ хүн зөвлөх инженерийнхээ дипломыг авсан нь хавтаст хэрэгт байгаа. Хавтаст хэргийн 8-13 дугаар талд бүх зүйл нь байгаа. Тэгэхэд зөвлөх инженерээ авсан байхад түүнийг шалгуулах, нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлон тогтоогдсон. Цахим орчинд мэдээлэл тавьснаар энэ хэрэг төгссөн гэж үзэж байна. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр, гэм буруугийн хурлаар гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд хавтаст хэргийн материалын оролцогч нарт танилцуулах процесс ажиллагааг журамлан хуульчилсан. Энэхүү хэсэгт мөрдөгч нар оролцогч нарт хавтаст хэрэгтэй танилцах боломжийг бүрдүүлж, оролцогчийн эрхийг хангах үүрэгтэй болохыг заасан. Түүнээс биш захирамжид дурдсанаар мөрдөгч нь хэргийн оролцогч нарт хэргийн материалыг заавал танилцуулах буюу танилцуулаагүй тохиолдолд албадлагын арга хэмжээг хэрэглэх үүргийг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалтай танилцах эсэх асуудал нь оролцогчдын эрх болохоос үүрэг биш юм гэж эсэргүүцэл дээр хяналт тавьсан прокурор тодорхой бичсэн байгаа. Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үйлчлүүлэгч ******* бид хоёрын хувьд шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тухайн өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр үйлчлүүлэгч *******тай ярилцаж мөрдөн байцаах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 94 дугаартай прокурорт буцаах захирамжаар хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр өөрийн хуульд олгогдсон бүрэн хэмжээний хүрээнд уг үндэслэлээр буцаасан нь үндэслэлтэй гэж харж байна. Учир нь хэрэгт мэдээж Эрүүгийн хэргийн шүүхийн онцлог нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдэж байгаа. Уг хүрээнд өмгөөлөгч Ц.Галтаад хэргийг танилцуулсан баримт хэрэгт авагдаагүй. Бас нэг зүйл нь яллагдагч *******д яллах дүгнэлт гардуулж, гардуулсан даруйд хэргийг тухайн өдрөө шүүхэд шилжүүлсэн байгаа нь нэг талаараа хэргийн оролцогчийн буюу *******гийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл байна гэж харж байна. Тийм учраас захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Прокурорын газраас яллагдагч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
3.Яллагдагч *******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 74 тоот захирамжийг гаргажээ.
Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчийн эрх хязгаарлагдсан гэсэн агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6-д “Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана.
6.1-д мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол;
6.2-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт;
6.3-д шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын жагсаалт” гэж,
7-д “Хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэж,
8-д “Хавтаст хэргийн материалтай танилцаад тэмдэглэлд тусгасан оролцогчийн хүсэлт, гомдлыг мөрдөгч хэрэгсэхгүй болгосон бол оролцогч прокурорт гомдол гаргаж болно” гэж,
9-д “Нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бол нэмж хийсэн ажиллагааны материалыг тухайн ажиллагаанд холбогдох оролцогчид танилцуулна” гэж, тус тус заасан.
Гэтэл яллагдагч *******д холбогдох хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, 05 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан ба уг өдрөө шүүхэд шилжүүлэхдээ түүний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй, танилцуулахаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй талаар болон түүнчлэн яллагдагчид яллах дүгнэлт гардуулсан өдрөө шүүхэд шилжүүлсэн нь түүнийг шат шатны прокуроруудад гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Иймд түүний эрхийг хязгаарласан зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил нь процессын алдаанд хамаардаг ба хуульд заасан оролцогчдын эдлэх эрх, үүрэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх эрх чөлөөний зарчмуудад суурилагдсан байдгийг дурьдах нь зүйтэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, шүүх хуралдааны товын талаархи санал, шүүх хуралдаанд оролцогчдыг дуудах, шүүх хуралдааныг хаалттай явуулах санал, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
5.Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа хуульд нийцсэн тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, яллагдагчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдсон тул дээрх зөрчлийг арилгуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 2024/ШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ