Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.А-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/00076 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.З-т холбогдох,

Хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 11,450,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг,

1.2. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр алданги 3,750,000 төгрөг гаргуулна.

1.3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна.

Ц.А- нь Э.З-тай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 500,000 төгрөгийн хүүтэй 7 хоногийн хугацаатайгаар цалингийн зээл гаргаад буцаан өгөх болзолтойгоор зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан бөгөөд уг зээлийн гэрээ нь барьцааны гэрээ давхар хийгдсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Э.З-, М.Б- нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өдий хүрсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөхийг шаардсан боловч зээл болон хүү төлөх боломжгүй байгаа тул хугацаа өгөөч гэж дахин нотариатаар орж эхнэр Б.С-той 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 7,500,000 төгрөгийн зээлийн гэрээ болгон хүүд 200,000 төгрөг өгөхөөр тохиролцон 5 хоногийн хугацаатайгаар буцаан төлөх нөхцөлтэйгээр зээлийн болон барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан. Мөн л зээлдэгч нар зээлийн хугацаа дууссан боловч төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам хүү 0.3 хувийн алданги тооцохоор тусгаж өгсөн. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 7,700,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 00834 тоот зээлийн гэрээнд тусгагдсан алданги нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл нийт 555 өдөр /нэг өдрийн 7,500,000 төгрөгийн 0.3 хувийн алданги/ 22,500 төгрөг, нийт 12,487,500 төгрөг болж байна. Зээлийн гэрээний алданги үндсэн зээлийн үнийн дүнгийн 50 хувь хэтрэхгүй байх зохицуулалттай байх тул үндсэн зээл болох 7,500,000 төгрөгийн 50 хувь болох алданги 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Иймд хариуцагчаас 11,250,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Мөн Ц.А-, Э.З- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг сунгасан. Хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон, тайлбарын агуулга:

2.1. Ц.А-, Э.З- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна.

Э.З- нь Ц.А-тэй 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийсэн боловч уг гэрээн дээр тусгагдсан 7,000,000 төгрөгийг аваагүй. Уг мөнгийг Н.А- авсан. Ц.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банкны 5750379177 тоот данс руу 3,000,000 төгрөг мөн өдрөө уг данс руу 3,600,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь Ш.О- гэж хүн байдаг. Н.А- авсан гэдгийг нэхэмжлэгч мэдэж байгаа. Э.З-ын эхнэр н.Сувд-Эрдэнэ гэрчээр оролцож байгаа тул энэ талаар хэлэх байх. Э.З- нь Ц.А-тэй хийсэн гэрээ дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Зээлийн мөнгө хариуцагчийн өмчлөлд очоогүй. Хэрэгт нотлох баримтаар өгсөн Э.З-, Н.А- нарын хооронд хийсэн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ юм. Талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Ц.А-, Э.З- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хийсэн боловч зээлийн мөнгийг аваагүй тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 199 дүгээр зүйлийн 199.1 зааснаар хариуцагч Ц.З-аас 7,200,000 /долоон сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж Ц.А-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4,250,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Э.З-, Б.С- нарын хооронд байгуулсан 0834 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2-д зааснаар улсын бүртгэлийн Ү-2201055290, гэрчилгээний 00066151589 дугаартай М.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 26 хороо, Алтан овоо 23 гудамж 16 тоот хаягт байрлах 64 м.кв хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж төлсөн 74,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Э.З- Ц.А-тэй зээлийн гэрээ хийсэн боловч 7,000,000 төгрөгийг аваагүй.

Уг мөнгө нь 2 хүнээр дамжиж явсаар Н.А- гэгч нь авсан. Н.А-г Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн ба хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Н.А- манай эхнэр Д.С-ийн гар утсанд чат, мессеж бичиж уг мөнгийг хариуцах болно, хүлээгээрэй, цагдаад битгий өгөөрэй гэх мэтээр харилцсан байдаг. Энэ талаар гар утсанд үзлэг хийсэн ба холбогдох чат, мессежийг хавтаст хэрэгт хавсаргасан.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Талууд зээлийн гэрээ байгуулаад, мөнгө Ш.О- гэх данс руу орсон байдаг. Энэ хүнтэй хариуцагч өмнө нь зээлийн болон барьцааны гэрээ хийгдээд Ш.О- нь энэ мөнгийг өөрийнхөө зээлийн төлбөрт Э.З-аас авсан гэдэгтэй холбоотой зээлийн гэрээ болон мэдүүлэг зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймд давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Ц.А- нь хариуцагч Э.З-т холбогдуулан

1.1. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7,700,000 төгрөг

1.2. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээгээр алданги 3,750,000 төгрөг гаргуулна.

1.3. барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...Ц.А-, Э.З- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж сөрөг нэхэмжлэл гарган маргажээ./хх1, 36/

 

А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

А.1. Ц.А- нь Э.З-тай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг 500,000 төгрөгийн хүүтэй 7 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Талууд зээлийн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. /хх4/

 

А.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн  Ү-2201055290 дугаартай, М.Б-ийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтанвоо 23 дугаар гудамжны, 16 тоотод байрлах 64 м.кв хувийн сууцыг барьцаалсан гэрээг байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Б- нь Э.З-т 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлд “... үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үүрэгт төлөөлөхгэх мэт бүрэн эрхийг олгожээ. /хх 5-9/

 

А.3. Хэрэгт Ц.А- эхнэр Б.С-ын данснаас 3,000,000 төгрөгийг дансанд шилжүүлсэн, 3,600,000 төгрөгийг банкны бэлэн мөнгөний кассын машинаас дансанд шилжүүлсэн, 385,000 төгрөгийг Ц.А- мөн өдөр данснаасаа татаж авсан үйл баримт тогтоогдсон. /хх13-14/

 

А.4. Ц.А- нь Э.З- нарын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу буцаан төлөлт хийгдээгүй үйл баримтын хувьд талууд маргаангүй.

 

А.5. Хариуцагч Э.З-, нэхэмжлэгч Ц.А-гийн эхнэр Б.С- нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 0834 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, өмнөх 5 хоногийн хугацаатай байгуулсан гэрээг сунгасан талаар талууд тайлбарласан. Анхан шатны шүүхээс уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснийг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

       /хх 10-12/

А.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.С- нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж, нэхэмжлэгч Ц.А- нь хамтран хариуцагч М.Б-өөс татгалзсан.

 

А.7. Хариуцагч Э.З- нь зээлийн хүүд 300,000 төгрөг төлсөн. /хх76/

 

А.8. Анхан шатны шүүхээс алданги 3,750,000 төгрөг, хүү 200,000 төгрөг, нийт 3,950,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

В. Нэхэмжлэгчийн дараах байр суурь маргаантай байна. Үүнд:

В.1. Нэхэмжлэгч “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 7,700,000 төгрөгөөс нотариатын зардал 15,000 төгрөгийг хасч, 385,000 төгрөг бэлнээр Э.З-т өгсөн, үлдэх мөнгөн хөрөнгийг Э.З-ын заасан этгээдэд шилжүүлсэн” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч “зээлийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй. Уг мөнгийг Н.А- авсан” гэж маргаж байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүү тохиролцсон зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэж зөв дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох юм.

 

Хариуцагч Э.З-ын эхнэр Д.С “дээрх зээлийн 7,000,000 төгрөгийг Ш.О-д төлөх өрөндөө шилжүүлж өгсөн” талаар гэрчийн мэдүүлэг өгсөн, Э.З-ын Ш.О-тэй байгуулсан зээлийн гэрээ авагдсан, нэхэмжлэгчийн тайлбар, зээлийг шилжүүлсэн баримтууд зэргийг анхан шатны шүүхээс зөв харьцуулан дүгнэж, зээлийг Э.З-ын заасан этгээдэд шилжүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт нийцжээ. Иймд хариуцагч өмнө нь төлсөн 300,000 төгрөгийг хасч тооцон зээл, хүүд 7,200,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

С. Хариуцагчийн дараах байр суурь маргаантай байна. Үүнд:

С.1.Хариуцагч “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Э.З-, Ц.А- нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулна” гэж сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч хэлцэл хүчин төгөлдөр гэж маргаж байна.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, хариуцагчийн шаардсанаас өөр зүйлийг шийдвэрлэжээ. Хариуцагч “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Э.З-, Ц.А- нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эхнэр Б.С-, Э.З- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0834 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлд бус гэж шийдвэрлэжээ.

 

Б.С-, Э.З- нарын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0834 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэнд зохигч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Алданги гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 0834 дугаар зээлийн гэрээг дүгнэж үзсэнийг буруутгахгүй. Гэвч сөрөг нэхэмжлэлийн зүйлийг зөв тодорхойлж шийдвэрлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Э.З-, Ц.А- нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Дээрх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.

 

Харин анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын хариуцагч нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байна.

 

Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох зэрэг олон үүрэгтэйгээс гадна үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангаж хөрөнгөө чөлөөлж авах эрхтэй. Тухайн барьцааны зүйл нь М.Б-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон, түүний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нөхцөлд нэхэмжлэгч хамтран хариуцагчаар татаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчаар заагдсан этгээд болох Э.З- нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын хариуцагч биш тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн гурав дахь хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.1.2, зэрэг шаардах эрхийг шууд зохицуулаагүй заалтууд баримталсан байгааг хасах нь зүйтэй. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын 4.1 буюу зээлийг өмчлөлдөө шилжүүлэн аваагүй гэх гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн         167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2022/00076 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.З-аас 7,200,000 төгрөгийг гаргуулж, Ц.А-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,250,000 төгрөгт холбогдох хэсгийг, улсын бүртгэлийн Ү-2201055290, гэрчилгээний 00066151589 дугаартай М.Б-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Алтан овоо 23 гудамж 16 тоот хаягт байрлах 64 м.кв хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

4,5,6 дахь заалтыг “3, 4, 5” гэж дугаарлан өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

 Ш.ОЮУНХАНД