Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/84

 

                               Ц.Нямдорж, Г.Түмэн-Өлзий нарт

                             холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Шүүгдэгч Ц.Нямдорж, Г.Түмэн-Өлзий

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Г.Түмэн-Өлзийгийн өмгөөлөгч болон шүүгдэгч Ц.Нямдорж нарын давж заалдах гомдлоор Г.Түмэн-Өлзий, Ц.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 2233000840009 дугаартай 150/2023/0069/Э/208/2024/0067 индекстэй, 6 хавтас хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Номун овогт Гүрсэдийн Түмэн-Өлзий, Монгол улсын иргэн ****** оны ******* дугаар сарын *****-ны өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд төрсөн, ***** настай, *****эгтэй, ******** боловсролтой, ам бүл ********** хамт Сэлэнгэ аймаг ********* сум ********* баг, ************ тоотод оршин суух, *********** мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн ******** сумын ********** ажилтай, /РД:*************/

Боржигон овогт Цэвэгжавын Нямдорж, Монгол улсын иргэн ******* оны ***** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд төрсөн, ******* настай, *****эгтэй, ******** боловсролтой, ****************** мэргэжилтэй, ******** байдаг, ам бүл *********** хамт Сэлэнгэ аймаг ****** сум ********** баг, **** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял эдэлж байсан, /РД:********/

Шүүгдэгч Ц.Нямдорж нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Газар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр хавсралтын гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж, байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон хэсэгт тусгагдаагүй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Моностойн ам гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар, Согоотын гол гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737 дугаар бүхий 91779 м.кв талбай газар, Уртын гол гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар, Бугын хоолой гэх газарт байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80 га газрыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захирамжаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж “тариаланч өрх”-өөр тодорхойлж тодорхойлолт гаргаагүй, сумын Засаг даргад өргөдөл, хүсэлтээ өгч, газрын даамлын бүртгэлд бүртгэгдээгүй байхад өөрийн хамаарал бүхий эхнэр М.Цэцгээгийн төрсөн дүү М.Батцэцэгийн нөхөр Д.Бүрэнбатад Баруунбүрэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар Газар олгох тухай тогтоолоор гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр эзэмшүүлэх тухай хууль бус тогтоол, шийдвэрийг гаргаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Нямдоржтой үйлдлээрээ санаатай нэгдэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай” 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 1 дүгээр хавсралтын гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн нэгж, байгууллагад төмс, хүнсний ногоо, таримал мод, ургамал тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон хэсэгт тусгагдаагүй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Моностойн ам гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар, Согоотын гол гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737 дугаар бүхий 91779 м.кв талбай газар, Уртын гол гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар, Бугын хоолой гэх газарт байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80 га газрыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захирамжаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцэж тариаланч өрхөөр тодорхойлж тогтоол гаргаагүй байхад Баруунбүрэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдийн 03 дугаарт Газар олгох тухай хууль бус тогтоолыг үндэслэн тус сумын 3 дугаар багийн иргэн Доржийн Бүрэнбатад газар эзэмшүүлэх эрх олгож бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай” 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар баг “Уртын гол”, “Арцатын даваа” гэх газруудад нийт 700 га бэлчээрийн болон тариалангийн талбайг эзэмшүүлэхээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Дэлт хошуу” ХХК-ийн захирал Д.Гантөмөртэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, гэрээний 2.1 дэх хэсэгт Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын хүлээх үүрэг/-ийн 2.1.1 дэх заалтад “...Төслийн хүрээнд аж ахуйн байр барих, өвөлжөө хашаа барих, эрчим хүч татах, махны болон тэжээлийн үйлдвэр барих, тэжээлийн ургамал тариалах газар болон бэлчээрийн газар нутгийг хашаажуулах газрын асуудлыг шийдвэрлэн гэрээгээр эзэмшүүлэх...” гэж оруулан “Дэлт хошуу” ХХК-д давуу эрхээр газар эзэмшүүлэх хууль бус гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Ц.Нямдорж, Г.Түмэн-Өлзий нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Прокурорын яллах дүгнэлтээс Г.Түмэн-Өлзийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 700 га бэлчээрийн болон тариалангийн газрыг эзэмшүүлэхээр 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдөр “Дэлт хошуу” ХХК-ний захирал Д.Гантөмөртэй хамтран ажиллах гэрээ байгуулж давуу байдал бий болгосон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Боржигон овогт Цэвэгжавын Нямдоржийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад илтэд давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

Шүүгдэгч Номун овогт Гүрсэдийн Түмэн-Өлзийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа хууль зөрчин Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг бусдад олгон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Нямдорж, Г.Түмэн-Өлзий нарын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Нямдорж, Г.Түмэн-Өлзий нар нь торгох ял болох 5,400,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар зааж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Нямдорж, Г.Түмэн-Өлзий нарт мэдэгдэж,

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдан,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нямдорж Г.Түмэн-Өлзий нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзийгийн өмгөөлөгч  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзий, Ц.Нямдорж нарыг 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 80 га газрыг иргэн Д.Бүрэнбатад олгосон гэм буруутай гэж шүүх дүгнэснийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэн Д.Бүрэнбатад олгосон 80 га газар нь Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасан хөдөө аж ахуйн газар байх бөгөөд өмнөх газар эзэмшигч нараас хуулийн дагуу хураагдсан газар байсан нь нотлогдсон, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд орсон газар гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хууль зөрчин олгож, бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн Д.Бүрэнбатад олгосон 80 га газрын тухайд шинээр газар тариалангийн үйлдвэрлэлд зориулж олгож байгаа газар бус ерөнхий төлөвлөгөөнд тусгагдчихсан учраас тухайн жилийн /2020 оны/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал оруулах шаардлагагүй газар байжээ гэж дүгнэх нөхцөл байдал үүссэн байна. Газрын тухай хуулинд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад бусад эзэмшүүлж, ашиглуулж байсан газар нь хураагдсан нөхцөлд дахин бусдад эзэмшүүлэх тохиолдолд газар зохион байгуулалтын жил жилийн төлөвлөгөөнд тусгуулж хувиарлана гэсэн заалт байхгүй, энэ талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй учир шүүгдэгч нарыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутай, бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2 дугаар зүйлийн 20.2.3 дах хэсэгт сумын ИТХ, засаг даргын газрын харилцааны талаар түүний дотор газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний талаарх эрх хэмжээг тодорхойлж өгчээ.

Түүнчлэн Д.Бүрэнбат гэдэг иргэнд 2004 онд Багийн нийтийн хурлаас уламжлагдан сумын ИТХ, Засаг даргын захирамжийн дагуу 50 га газрыг газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр олгохоор шийдвэрлэсэн үйл баримт нь нотлон тогтоогдож байгаа болно. Түүнд газар олгохоор шийдвэрлэснээс хойш газар олгоогүй олон жил хүлээлгэсний эцэст урьд өмнө нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороод аж ахуйн нэгжид гэрээгээр эзэмшүүлж байсан, захиргааны журмаар хураагдсан газрыг олгосон үйл баримт нь тогтоогдож байна. Д.Бүрэнбатад газар олгосон захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байгаагаас харахад 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаас хойш захирамж гаргасан нь нотлогдож байна.

Иймд Газрын нэгдсэн санд Хөдөө аж ахуйн газрын бүртгэлд бүртгэгдсэн, өмнө нь газар зохин байгуулалтын ерөнхий болон олгогдсон жилийнхээ төлөвлөгөөнд тусгаж бусдад эзэмшүүлж байгаад хураагдсан газрыг 2004 онд гарсан тогтоол захирамжийн дагуу олгоод байгаа үйл баримт нь нотлогдсон тул шүүхээс нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Нямдорж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Нямдорж би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэн Д.Бүрэнбатад олгосон 80 га газар нь өмнөх газар эзэмшигч нараас хуулийн дагуу хураагдсан газар байсан бөгөөд энэ байдал нь нотлогдсон учраас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд орсон газар гэж үзэх үндэслэлтэй юм. Гэтэл анхан шатны шүүхээс газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг хууль зөрчин олгож, бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн Д.Бүрэнбатад олгосон 80 га газрын тухайд шинээр газар тариалангийн үйлдвэрлэлд зориулж олгож байгаа газар бус, сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдчихсан, газрын нэгдсэн санд бүртгэгдсэн учраас тухайн жилийн /2020 оны/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал оруулах шаардлагагүй газар байсан болно. Газрын тухай хуулинд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад бусад эзэмшүүлж, ашиглуулж байсан газар нь хураагдсан нөхцөлд дахин бусдад эзэмшүүлэх тохиолдолд газар зохион байгуулалтын жил жилийн төлөвлөгөөнд тусгуулж хувиарлана гэсэн заалт байхгүй, энэ талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй юм.

 Ийм учраас өмнө нь газар эзэмшүүлэх шийдвэртэй байсан боловч газар олгогдоогүй байсан иргэн Д.Бүрэнбатад газар олгосон асуудлыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутай, бусдад давуу байдал бий болгосон гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт сумын ИТХ, Засаг даргын газрын харилцааны талаар түүний дотор газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний талаарх эрх хэмжээг тодорхойлж өгчээ. Засаг даргаар ажиллаж байсан Г.Түмэн-Өлзийгийн хувьд ИТХ-иас гарсан хамтын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй энэ үүргээ биелүүлсэн байдаг учраас түүнийг гэм буруутай гэж үзэхгүй байна. ИТХ дээр хураагдсан газрыг Д.Бүрэнбатад олгох асуудлыг хэлэлцэх явцад төлөөлөгч нараас хэн ч эсрэг санал гаргаагүй байгаа нь өмнө нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад бусдад эзэмшүүлж байгаад хураагдсан, атаршсан газар гэдэг утгаар нь дахин жил жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах шаардлагагүй гэдгийг бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байсныг илтгэж байгаа юм.

Үүнээс гадна тариаланч иргэн Д.Бүрэнбатад 2004 онд Багийн иргэдийн нийтийн хурал, сумын ИТХ, Засаг даргын захирамжийн дагуу 50 га газрыг газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр олгохоор шийдвэрлэсэн байсан ба энэ нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлон тогтоогдож байгаа болно. Түүнд газар олгохоор шийдвэрлэснээс хойш газар олгоогүй олон жил хүлээлгэсний эцэст урьд өмнө нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороод аж ахуйн нэгжид гэрээгээр эзэмшүүлж байсан, захиргааны журмаар хураагдсан газрыг олгосон учраас биднийг гэм буруутай гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тариаланч өрхөд давуу байдлаар тариалангийн газрыг эзэмшүүлэх журам нь 2003 онд Засгийн газрын тогтоолоор батлагдсанаас хойш буюу 2004 онд газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил ажилласан тариаланч иргэн Д.Бүрэнбатад газар тариалангийн чиглэлээр 50 га газар олгохоор шийдвэрлэсэн Багийн Иргэдийн нийтийн хурал,  сумын ИТХ, Засаг даргын тогтоол захирамж нь хүчингүй болоогүй, хүчинтэй байгаа тул түүнд газар олгосон асуудал нь хууль зөрчөөгүй юм. Түүнчлэн гэрч газрын даамал Ө.Энхтулга, М.Солонго, Ц.Батсайхан нар нь зөвхөн 2020 оны газар зохион байгуулалтын буюу тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар мэдүүлсэн байгаа бөгөөд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний талаар огт мэдүүлээгүй байна. Гэтэл хуулинд газар зохион байгуулалтын ерөнхий болон жил жилийн төлөвлөгөөний талаар хуульчилж өгсөн байгааг анхаарах шаардлагатай гэж үзэж байна.

Газрын нэгдсэн санд, Баруунбүрэн сумын Хөдөө аж ахуйн газрын бүртгэлд бүртгэгдсэн, өмнө нь газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийнхээ төлөвлөгөөнд тусгаж бусдад эзэмшүүлж байгаад хуулийн дагуу хураагдсан газрыг 2004 онд гаргасан тогтоол захирамжийн дагуу ИТХ-ийн тогтоолын дагуу сумын Засаг даргын захирамжаар олгоод байгаа нь нотлогдсон тул шүүхээс нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 

Анхан шатны шүүхээс Ц.Нямдорж, Г.Түмэн-Өлзий нарт холбогдох хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол прокуророос яллах дүгнэлт үйлдсэн тогтоолын хүрээнд дүгнэсэн. Бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Түмэн-Өлзийгийн өмгөөлөгч болон шүүгдэгч Ц.Нямдорж нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.Түмэн-Өлзий, Ц.Нямдорж нарт холбогдох эрүүгийн 2233000840009 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

            2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

            3.Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            -Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөг батлах тухай” 18 дугаар тогтоол,  Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын

            -Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Газар олгох тухай”  иргэн Д.Бүрэнбатад Уртын гол дагуу 80 га атаршсан газрыг олгосон тухайн тогтоол,

            -Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019.12.20-ны өдрийн 18 дугаартай “Газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралт, хурлын тэмдэглэл,

            -Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 сарын 02-ны өдрийн 15 дугаар хуралдааны тэмдэглэл,

            -гэрч газрын даамал М.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хоёр дугаар багийн нутаг “Уртын гол” гэх газарт үр тарианы зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд дурдагдаагүй байна. Харин төмс хүнсний ногооны зориулалтаар 34 га гэж тусгасан байна. 5 ...Материал дээрээс харахад 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 тоот тогтоолоор гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр 80 га газар эзэмшүүлсэн байна” гэсэн мэдүүлэг,

            -Гэрч, Баруунбүрэн сумын газрын даамлын ажлыг хавсран гүйцэтгэж байгаа, Сант сумын газрын даамал Ц.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би иргэн Доржийн Бүрэнбатад олгосон газрын хувийн хэргүүдтэй танилцлаа Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг дарга Г.Түмэн-Өлзий нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захирамжаар олгосон нийт 4 нэгж талбарын 80 га газар олгосон нь хуулийн үндэслэлгүй хууль зөрчиж олгосон байна. Учир нь газрыг сумын Засаг дарга олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн олгодог бөгөөд тус газар нь газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байна. Мөн хуулиараа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг Засаг дарга, газрын даамал гэсэн албан тушаалтнууд хангаж ажиллах үүрэгтэй юм. Гэтэл Баруунбүрэн сумын ИТХ-ын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар тогтоол нь иргэнд газар эзэмших эрх олгосон тогтоол буюу хууль бус тогтоол байна

            -Гэрч Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга М.Мөнхцацралын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны хойш Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг нэг бүрчлэн үзлээ. 2016 оны хойш Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр иргэд “Газар олгох тухай” тогтоол гарч байгаагүй юм байна. Зөвхөн 2020.10.02-ны өдөр №03 дугаартай Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарч байсан байна. ...2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн №15 дугаар хурал хуралд иргэн О.Батбөх, Д.Бүрэнбат нарт газар эзэмшүүлэх саналыг бусад асуудлын хүрээнд иргэдээс ирсэн өргөдлийг шийдвэрлэсэн…” гэсэн мэдүүлэг,

-Гэрч, Засаг дарга Ц.Сэлэнгийн мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уртын гол”, “Арцатын даваа” гэх газруудыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган баталсан зүйл байхгүй. ...Дэлт хошуу ХХК нь ...Уртын гол Арцатын даваа гэх газруудад засаг дарга болон иргэдийн хурлаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөөгүй” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар  шүүгдэгч Ц.Нямдоржийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Газар зохион байгуулалтын 2020 төлөвлөгөө батлах тухай 18 дугаар тогтоолоор баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Моностойн ам гэх газарт байрлах нэгж талбарын 4317000739 дугаар бүхий 169091 м.кв талбай газар, Согоотын гол гэх газарт байрлах нэгж талбарын 4317000737дугаар бүхий 91779 м.кв талбай газар, Уртын гол гэх газарт байрлах нэгж талбарын 4317002740 дугаар бүхий 269680 м.кв талбай газар, Бугын хоолой гэх газарт байрлах нэгж талбарын 4317000738 дугаар бүхий 269450 м.кв талбай бүхий нийт 80 га газрыг иргэн Д.Бүрэнбатад эзэмшүүлэхээр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн,

Шүүгдэгч Г.Түмэн-Өлзийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт иргэн Д.Бүрэнбатад  80 га газар олгохоор шийдвэрлэсэн  хууль бус тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захирамжаар иргэн Д. Бүрэнбатад газар эзэмшүүлэх эрх олгосон үйлдэл нь тус тус Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон  гэмт хэрэг үйлдсэн болох нь  тус тус тогтоогдож байх тул Прокуророос шүүгдэгч Г.Түмэн-Өлзий, Ц.Нямдорж нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

4.Анхан шатны шүүхээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч  нарын  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон нь   хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгчөөс “... хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг  цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа тушаалын байдлаа урвуулан ашиглах нь авлигын нэг төрөл бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн обьектив талын хувьд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бусад бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

Шүүгдэгч Ц.Нямдорж  2004 онд тухайн иргэн Д.Бүрэнбатад  газар олгож байсан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолыг хүчингүй болоогүй гэсэн утгаар өөрт нь ирүүлсэн иргэний өргөдлийн дагуу газар эзэмшүүлэх тухай  тогтоол гаргасан  гэж тайлбарладаг боловч сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын хувьд  тариалангийн газрыг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тухай саналыг сумын Иргэдийн хуралд оруулах эрхгүй этгээд тул түүний үйлдлийг зөвтгөх боломжгүй,  шүүгдэгч  Г.Түмэн-Өлзий нь Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тогтоолоор Д.Бүрэнбатад 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй 80 газар олгохоор шийдвэрлүүлж хууль зөрчсөн байхад өөрийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дээрхи тогтоолд  хориг тавих атал улмаар  сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10- р сарын 02-ны өдрийн 03 тоот хууль бус тогтоолоор  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/162 дугаар захирамжаар үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар тус сумын 3 дугаар багийн иргэн Д.Бүрэнбатад газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж гаргасан үйлдлээрээ иргэн Д.Бүрэнбатад давуу байдал бий болгосон  байна.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд гэм буруутай үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь  тэдгээрийн  гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Иймд шүүгдэгч нарын “гэмт хэрэг үйлдээгүй” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.ЭРДЭНЭХИШИГ

                                      ШҮҮГЧИД                                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                   Г.ДАВААРЕНЧИН