Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/85

 

                      *******өд  холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Яллагдагчийн өмгөөлөгч Л.Цуурай нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/289 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******н *******, Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, *** настай, ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл ***** хамт, Сэлэнгэ аймгийн *** сумын **** баг, ***** хэсэг, **** тоотод оршин суух хаягтай, РД:/*****/

Яллагдагч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр баг “Эрээн нарс” гэх газарт өөрт олгогдоогүй эрхээр Монгол Улсын Ойн сангийн ашиглалтын бүсийн ойгоос зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын Ойн сангийн сангаас 11 ширхэг 7.8 м.куб нойтон нарс мод бэлтгэж, ******* ******* улсын дугаартай, “Хьюндай Портер” маркийн бага оврын ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Монгол улсын ойн санд 5,307,421 төгрөгийн шууд хохирол, 15,922,263 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Яллагдагч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5, 33.1 дүгээр зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар яллагдагч *******ийн өмгөөлөгч Л.Цуурайгаас гаргасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг бүхэлд нь хүлээн авч,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн 243100169014 дугаартай, яллагдагч ******* овогт *******н *******т холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

          Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2024 оны 07 сарын 18-ны өдрийн №21 дугаартай эсэргүүцэлдээ:  

…Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2023/шз/289 захирамжаар “...яллагдагч *******ийн өмгөөлөгч Л.Цуурайгаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүүгээр зүйлийн 6.15-т заасныг үндэслэн “дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүүгээр зүйлийн 6.15- т зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай буюу “шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээ бүхий байдал үүсэж байна" гэх шүүхийн дүгнэлтийн талаар:

Хэрэгт Хүдэр сумын ойн ангийн техникч *******гийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “…тухайн бэлтгэсэн мод нь нарс мод ба насны анги 6-8 болно. Тухайн бэлтгэгдсэн мод нь салхи шуурганд унасан амьдрах чадваргүй болсон мод байна. Бэлтгэсэн мод нь нойтон болно. Бэлтгэсэн мод нь 7.8 метр куб болж байна. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 5.307.421 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг ойлгох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргана.” гэж үүрэг хүлээж шинжээчийн дүгнэлт гаргасан.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шинжээчийн дүгнэлт...” нь нотлох баримтад хамаарах бөгөөд шинжээч өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалсны үндсэнд шүүх үнэлэх, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно.

Гэтэл шүүх нотлох баримтыг шинжлэн судлахгүйгээр урьдаас нотлох баримтыг үнэлж хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй гэж шууд дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны агуулгыг зөрчиж илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.

 Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн судалж, алиныг нь нотлох баримтаар тооцож, үнэлэх эсэхийг шүүх нотлох баримтыг шинжлэн судалсны дүнд шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд *******өд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЗ/289 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцох болно гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Шүүхийг нотлох баримтыг урьдчилан дүгнэлт хийж шийдсэн гэж үзэж ноцтой зөрчил гаргасан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Уг хэрэгт авагдсан *******ийн үйлдэлд хийсэн шинжээчийн дүгнэлт шаардлага хангаагүй. Гэм буруугийн асуудлыг нотлох баримтын үндсэн дээр хийгдсэн. Гэхдээ гаргасан шинжээчийн дүгнэлт үнэхээр шаардлага хангаж, тухайн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд үндсэн шаардлагыг хангаагүй байдаг. Бүрэн дүүрэн хангалттай нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Яагаад гэдгийг өмнө гаргасан хүсэлтдээ тодорхой бичиж анхан шатны шүүх рүү хүргүүлсэн. Тийм учраас хэргийг буцаасан. Прокурорын байр суурь нь уг нотлох баримт нь эргэлзээтэй гэж үзвэл шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэх нотолгоо болно. Нэгэнт бид урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан учраас шүүх авч хэлэлцэнэ. Тийм учраас ноцтой зөрчил гаргаагүй учир анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч *******өд холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 288 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/289 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/289 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Яллагдагч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                           ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ