| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2024/0039/З |
| Дугаар | 109/ШШ2026/0005 |
| Огноо | 2026-04-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 109/ШШ2026/0005
109/ШШ2026/0005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Нэргүй, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д” ХХК
Хариуцагч: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нарын хоорондын “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах”, “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай,
Гуравдагч этгээд: Н.Ц-с Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.И
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э
Хариуцагчийн төлөөлөгч Ч.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Гуравдагч этгээд Н.Ц
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У /цахимаар/
Иргэдийн төлөөлөгч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага
1.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн болно.
1.3. Гуравдагч этгээд Н.Ц-с Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор бие даасан шаардлага гаргаж маргасан байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/108 дугаар захирамжаар тус сумын Алтан Овоо багийн Халуун Усанд Ц.Ц-д хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрын эзэмших эрхийг баталгаажуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал)
2.2. Улмаар иргэн Ц.Ц-д Цэнхэр сумын Алтан овоо баг, Халуун усанд хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 000611271 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал)
2.3. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/71 дүгээр захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 5 дугаарт иргэн Ц.Ц-н Халуун Усанд байршил бүхий хүлэмжийн зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгожээ. (2 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал)
2.4. Үүний дараа Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн хавсралтын тавь дахь хэсгийг хүчингүй болгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)
2.5. Иргэн Ц.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Д” ХХК-ийн захирал А.И-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар иргэн Ц.Ц-н 1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Д” ХХК-д шилжүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 186-169 дэх тал)
2.6. Иргэн Н.Ц-Н газар эзэмших эрхийн тухайд,
2.7. Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамжаар иргэн Д.Г-д тус сумын Алтан Овоо баг, Халуун усанд 0,5 га үйлчилгээний зориулалттай 021600634 нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал)
2.8. Улмаар иргэн Д.Г-д дээрх газрыг эзэмшүүлж, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 000319415 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулж, кадастрын зураг гаргаж өгсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал)
2.9. Цэнхэр сумын Засаг дарга 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн А/36 дугаар захирамжаар нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 3 дугаарт иргэн Д.Г-н Алтан Овоо баг, Халуун Усанд байршил бүхий аялал жуулчлалын зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 18-19 дэх тал)
2.10. Улмаар иргэн Д.Г нь дээрх А/36 дугаар захирамжийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгох асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/464 дүгээр албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх тухай тайлбар ирүүлснийг үндэслэн, тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 109/ШШ2020/0018 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал)
2.11. Иргэн Д.Г-н нэхэмжлэл бүхий дээрх маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад иргэн Ц.Ц-н газар эзэмших эрх хүчингүй болсон (2018.06.13-ны А/71, 2022.03.01-ний А/21 захирамж) байсан болохыг дурдах нь зүйтэй.
2.12. Үүний дараа иргэн Н.Ц-н хүсэлтийн дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн хавсралтаар иргэн Д.Г-н газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Ц-д шилжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал)
2.13. Дээрх хугацаанаас хойш иргэн Н.Ц-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, гэрээ байгуулаагүй, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон газрын даамлаас кадастрын зураг гаргаж өгөөгүй ба иргэн Н.Ц нь 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Агдамсүрвэй” ХХК-иар кадастрын зураг гаргуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 209)
2.14. Улмаар иргэн Н.Ц-с “Д” ХХК, А.И-т холбогдуулан өөрийн эзэмшлийн газар дээр хашаа барьсан гэх асуудлаар маргаан гарч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
2.15. “Д” ХХК-иас иргэн Н.Ц-д газар эзэмших эрх олгосон асуудлаар Цэнхэр сумын Засаг даргад хүсэлт гаргасны дагуу Цэнхэр сумын Засаг даргаас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 02/432 дугаар албан бичгээр хариу хүргүүлснийг эс зөвшөөрч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал)
2.16. Гуравдагч этгээд Н.Ц-н тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар бие даасан шаардлага гаргасан болно. (2 дугаар хавтаст хэргийн 39-40 дэх тал)
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжаар 021600634 нэгж талбарын дугаартай үйлчилгээний зориулалттай 5000м2 газрыг Алтан овоо баг халуун усны аманд иргэн Д.Г-с иргэн Н.Ц-д шилжүүлж газар эзэмшүүлсэн байдаг. Гэтэл иргэн Н.Ц-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгогдоогүй, газрын мэдээллийн санд кадастрын зураг нь ороогүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, манай компанийн мэдээллийн санд бүртгэлтэй хууль ёсны газрыг өөрийн мэтээр дайрч удаа дараа чирэгдэл учруулан Үндсэн хуулиар олгогдсон халдашгүй байх эрхийг маань ноцтой зөрчиж байна. Иргэн Н.Ц-д олгогдсон газар эзэмших эрх нь манай компанийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хууль ёсны газартай 2014м2 газраар давхцаж олгогдсон нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс томилогдсон Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын Шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчиж, манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа болно. Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамж нь хууль бус захиргааны акт тул захирамжийн хавсралтыг хүчингүй болгож өгнө үү. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамжаар “Иргэн Д.Г-д газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ болон хүсэлт”-ийг үндэслэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн 021600634 нэгж талбарын дугаартай 0.5 га газрыг Цэнхэр сумын Алтан овоо баг Халуун усанд үйлчилгээний зориулалттайгаар бусдаас шилжүүлэн эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Улмаар энэхүү Д.Г-н газрыг Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184 дүгээр захирамжаар иргэн Н.Ц-д шилжүүлж шийдвэрлэснээс хамааран нэхэмжлэгч “Д" ХХК болон иргэн Н.Ц нарын хооронд газрын маргаан үүссэн байдалтай байгаа болно. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээс үзэхэд Д.Г-н газрын эрхийг бусдаас шилжүүлэн авсан байдал тогтоогддоггүй. Тодруулбал, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байдаггүй. Д.Г-н шилжүүлэн авсан гэх 021600634 нэгж талбарын дугаар бүхий газар нь Цэнхэр сумын Алтан овоо багт бус харин Цэнхэр сумын Төв буюу Тамир багийн нутагт оршдог, Их зам хорооллын 4-463 тоот хаягтай иргэн Б.Д-н газар байж болзошгүй байна. А/158 дугаартай захирамж Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хуулийн зохицуулалт бөгөөд энэхүү зүйлийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд “38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана: 38.2.1.-т нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2.-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3.-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт.” зааснаар баримтыг үндэслэн энэхүү захирамж гарах учиртай. Гэтэл Эдгээр хуулиар шууд нэрлэн заасан баримтгүйгээр Цэнхэр сумын Төв буюу Тамирын багийн нутагт оршдог, Их зам 4-463 тоот хаягтай иргэн Б.Д-н 021600634 нэгж талбарын дугаарыг ашиглан газрын эрхийг шилжүүлж буй мэтээр захирамж гаргасан байж болзошгүй байна. Иймд энэхүү А/158 дугаартай захирамжаар иргэн Д.Г-д газар шилжүүлэн эзэмшүүлсэн нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу бүрдээгүй байсан тул Засаг даргын энэхүү захирамж нь илт хууль бус буюу акт гэж үзэж Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” компани 2024 оны 10 дугаар сарын 3-нд иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан. 2017 онд үүсгэн байгуулагдаад, одоо ч гэсэн 10 жилийн хүүхдүүдэд уламжлалт өв соёлыг дэлгэрүүлэх чиглэлээр сургалт хийгээд явж байгаа. Тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа ийм компани. Манай ээж 1986 оноос авхуулаад тэнд хүлэмж ногоо тариад, огурцы, помидороо тариад аймгаа хангаад, аймгийн топ болоод явж байсан. Нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж байгаа гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээр болно. Хэргийн материалтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагуудад хамаарах хууль зүйн үндэслэлээ дараахь байдлаар нэмж тодорхойлж байна. Үүнд: үндсэн нэхэмжлэлийн шаардлага “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамж нь хууль бус захиргааны акт тул хучингүй болгуулах.”, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага “Архангай аймгийн Цэнхэр Сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн А/158 дугаартай захирамж илт хууль бус болохыг тогтоолгох. Дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хууль зүйн үндэслэлийг дараахь байдлаар нэмж тодорхойлж байна. Үүнд: Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо халуун усны аман дахь Д.Г-н эзэмшлийн гэх 5000 м.кв газрыг иргэн Н.Ц-д шилжүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжпэгч “Д” ХХК-ийн эзэмшил газартай 2014 м.кв газар нь хэсэгчлэн давхцалтай болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Цэнхэр сумын Засаг дарга болон Архангай аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газраас ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Н.Ц-н энэхүү газрын эрх анхнаасаа хууль ёсоор үүссэн эсэх нь эргэлзээтэй байна. Тодруулбал Архангай аймгийн Цэнхэр Сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Д.Г-д энэхүү маргаж байгаа газрыг бусдаас шилжүүлж эзэмшүүлэхээр захирамж гаргасан байдаг. Гэтэл Д.Г нь өөрөө хэнээс газрын эрх шилжүүлэн авсан болохоо мэддэггүй төдийгүй зарим тохиолдолд газрын дуудлага худалдааны анхны үнийг нь төлөөд уг газрыг эрхийг олж авсан зэргээр шүүхэд мэдүүлсэн байдаг. Газрынтухай хуулийн 38 дугаар зүйлбуюу “Газар эзэмшихэрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” гэсэн зүйлийн 38.2-т зааснаар “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ” гэж, 38.2.2-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсанаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо” гэж, 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” гэж заасан. Өөрөөр хэлбэл эрх бүхий Засаг дарга болон Газрын алба газар эзэмших эрх шилжүүлэхээр шийдвэрлэх тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, газар эзэмших эрхээ шилжүүлэх болон шилжүүлэн авах этгээд нарын гаргасан хүсэлт, эрх шилжүүлсэний татвар хураамж”-ийг “захиргааны актын бүрдэл” болгон хүлээн авсаны үндсэн дээр аливаа газар эзэмших эрхийг шилжүүлэхээр “императив” байдлаар хууль тогтоогч хуульчилсан болно. Архангай аймгийн Цэнхэр Сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 07-ны өдрийн А/158 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл болон “Газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Г-д эрх шилжүүлэх гэрээг” үндэслэн гарсан гэх боловч энэхүү хуульд заасан “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ хэрэгт төдийгүй бодит амьдралд огтоос байдаггүй. Тодруулбал, А/158 дугаар захирамжаар Д.Г-д газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн гэдэг боловч энэхүү газрын эрх хэнээс Д.Г-д шилжсэн болохыг Цэнхэр сумын Засаг дарга, сумын газрын даамал болон Д.Г ч нотолж чаддаггүй болно. 2016 онд Цэнхэр сумын Засаг нь Д.Г-д газар эзэмших эрх шинээр олгохдоо хууль бусаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн захирамж гаргасан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”1 болон 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамж нь анхнаасаа гарах ёсгүй, хууль зөрчсөн илт хууль бус захиргааны акт юм. Шүүхээс Д.Г-д газар эзэмших эрх шилжүүлсэн гэх 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамжийг бүхэлд нь илт хууль бус захиргааны акт болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар Д.Г-д газар шилжүүлсэн эзэмшүүлсэн гэх энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчиж гаргасан хууль бус буюу илт хууль бус захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй.” гэж заасан тул Д.Гэрэлмаад хамаарах илт хууль бус захиргааны актад үндэслэж Д.Г-с Н.Ц-д газар эзэмшүүлсэн гэх 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамж нь хүчингүй болох учиртай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.4. Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Цэнхэр сумын газрын асуудал зөрчилтэй, ямар нэгэн байдлаар маргаантай газрууд байгаад байгаа. Энэ газруудын нэг нь “Д” ХХК болон гуравдагч этгээдийн холбогдож байгаа газрууд хамаардаг. “Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
3.5. Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжаар газрыг өөртөө шилжүүлж авсан. Би анх н.Г-тай 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж энэ газрыг өөр дээрээ шилжүүлж авсан. Намайг авахад маргаан бүхий газар, газрын гэрчилгээтэй кадастрын зурагтай, холбогдолтой бүрдлүүд байсан. ы2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үзэхэд Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг дэвсгэр дээр 1 га газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон байсан гэж харж байгаа. Миний худаддаж авсан газар нь хууль ёсны газар байна гэж үзэж авсан. Худалдаж авсан газартаа хашаа барих гээд очиход хашаа барьчихсан байсан учраас иргэний хэргийн шүүхэд хашааг буулгахыг даалгах нэхэмжлэл гаргаж хандсан гэв.
3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамж, хууль бус захиргааны акт бол хүчингүй болгуулах шаардлагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар 48.2.1.-48.2.5-д заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.И хэдийд энэ маргаан бүхий захиргааны актыг мэдсэн талаарх асуудал зайлшгүй яригдах ёстой асуудал. А.И хэдийд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр тоот захирамжийг мэдсэн байна гэдэг үеэс маргаан бүхий захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж эхэлнэ. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхэд А.И, Ц.Ц нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд Цэнхэр сумын Засаг даргын А/108 дугаар захирамжийн талаар дурсан. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн. Уг хэргийн 11 дүгээр хуудсанд 2023 оны 9 сарын 25-нд эрх үүргийг талуудад тайлбарлаж, А.И эрх үүргийг тодорхой танилцлаа гээд гарын үсгээ зурсан байна. Уг иргэний хэргийн 16 дугаар хуудсанд 2023 оны 9 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардаж авсан байна. 19 дүгээр хуудсанд 2023 оны 9 сарын 25-ын өдөр хэргийн материалтай танилцаад гарын үсгээ зурсан байна. А.И-н хувьд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дугаартай захирамжид 30 хоногийн дотор гомдол гаргах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Энэ талаарх үйл баримт хавтаст хэрэгт хангалттай байна. Учир нь “Д” ХХК 2017 оны 1 сарын 20-ны өдөр байгуулагдсан, 2 гишүүнтэй, хувийн өмчтэй компани бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар А.И байдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тайлбарт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай зүйл заалтад хөөн хэлэлцэх хугацааг тухайлан зааж өгсөн. Энэ хуулийн 6.1-д холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсвэл мэдсэнээс хойш 30 хоног гэсэн хугацаагаар тодорхойлогдоно. Энэ хугацаанд гомдлоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй иргэн, хуулийн этгээд, байгууллага нь зөвхөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр урьдчилан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандана гэсэн заасан боловч энэ тааарх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дугаартай захирамж хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэх харилцааг зохицуулсан бөгөөд н.Г болон Н.Ц нарын хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх харилцаа уг хуулийн зохицуулалтад нийцсэн. Н.Ц-н хувьд шилжүүлж авсан газраа өөрий нэр дээр шилжүүлэх талаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад олон удаа хүсэлт гаргасан боловч одоог хүртэл гэрчилгээг шилжүүлж өгөөгүй. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамжийн хувьд илт хууль бус захиргааны акт биш. н.Г-н зохих газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад тэгээд н.Г-д шилжиж ирсэн газар байна. н.Гэрэлмааг шинэчлэн зассан гэх талбарын дугаар бүхий газар нь Цэнхэр сумын Алтай овоо баг, харин Цэнхэр сумын төвийн Тамир хороололд оршдог н.Д-н газар байж болзошгүй байна гэдэг. Уг нэгж талбарын дугаар буруу биччихсэн байхыг үгүйсгэхгүй. н.Д-н 021600634 дугаар нэгж талбарын дугаар бүхий газар Архангай аймгийн Цэнхэр сумын, Алтан овоо багт биш харин Архангай аймгийн Цэнхэр сумын төвийн Тамир багийн Их замын хорооллын 4-463 тоотод байдаг эзэмшлийн газар. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй гэсэн үндэслэлээр Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамж анхнаасаа гарах ёсгүй, хууль зөрчсөн илтэд бус захиргааны акт гэж дүгнэсэн байгаа. Тэгэхээр энэ захиргааны хэрэг дотор дахиад нэг захиргааны хэрэг явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ захиргааны хэрэг дотор Д.Г Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд дурдсанаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга М.Г нь 2020 оны 3 сарын 23-ны өдөр А/36 дугаартай захирамж гарган, иргэн Д.Г миний эзэмшдэг Цэнхэр сумын Алтан овоо багийн нутаг дэвсгэр, Халуун ус гэх газарт байрладаг, аялал жуулчлалын зориулалттай 5000м2 газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга Д.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 сарын 25-ны өдрийн 18 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны А/158 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан заасан үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэв.
3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Ц-н зүгээс Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар олгогдсон өөрийнхөө газар дээр, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх гэтэл А.И болон “Д” ХХК-ийн зүгээс халдаж, тухайн газар дээр нь хашаа барьсан. Тэр хашааг албадан чөлөөлүүлье гэсэн агуулгатай нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.И хариуцагчаар оролцож, маргаан бүхий акт болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дугаартай захирамжтай танилцаж улмаар маргаан бүхий нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгчийн газартай Н.Ц-д эзэмшүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газарт давхцаагүй хэсэг байгаа. А.И буюу “Д” ХХК-нд 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр газар эзэмших эрх шилжсэн. н.Ц Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан овоо багт хүлэмжийн зориулалттай газрыг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд газар эзэмшиж байсан. Тухайн газар эзэмших эрхийг нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүчингүй болгосон сумын Засаг даргын А/71 дугаартай захирамж гарсан. Үүнээс хойш 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд, тэнд хэний ч эзэмшилд байгаагүй газар байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр А/71 дугаартай захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгож, н.Ц-н эзэмшиж байсан эрхийг нь сэргээсэн. Д.Г-н тухайд газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байсаар л байсан. Н.Ц-д эзэмшүүлсэн газрын хэмжээнээс 2014 м.кв газар, “Дээд манхны хишиг” ХХК-нд 2022 оны 3 сарын 7-ны өдөр шилжчихсэнийг газар эзэмших эрхтэй гэж үзэх юм бол 2014 м.кв газраар л давхцаж байгаа. Н.Ц-н газар эзэмших эрхийг шилжүүлээд, шилжүүлэх гэрээ хийчхээд, үүнээс хойш шилжүүлгийг нь хийж өгөөгүй. Хариу ч өгөхгүй, удаа дараа санал хүсэлтүүд тавиад байдаг. Н.Ц-н хувьд газар эзэмших эрх шилжүүлж авч байгаа үйл баримтыг буруутгах үндэслэл байхгүй. Маргаан бүхий А/184 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Маргаан бүхий захиргааны акт болох А/84 дугаартай захирамж гарсан гэдгийг иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцож байхдаа А.И хангалттай мэдчихсэн. А.И би сумын Засаг даргад гомдлоо гаргаж байсан. Гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааныхаа журмыг ч зөрчсөн, энэ хугацаагаа ч алдсан нөхцөл байдал байгаа. Мөн Д.Г-д олгосон захирамжийг илт хууль бус байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Д.Г-д газар олгохдоо сумын Засаг дарга газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон гэж маргасан байдаг. Гэтэл 2015 оны Цэнхэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар тогтоолыг шүүхэд нотлох баримтаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2026 оны 4 сарын 7-ны өдөр ирүүлсэн байна. Уг баримтаас үзэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар гэж үзэж байгаа. Газрын даамал н.Мөнхзаяа нь тухайн үед дуудлага худалдааны үнийг төлсөн баримт нь манайд байхгүй. Д.Г-д байгаа. Тэгэхээр хэн дуудлага худалдааг зохион байгуулах ёстой юм. Дуудлага худалдаа зохион байгуулагдсан юм уу. Энэ газрын хувийн хэрэг нь байхгүй гээд байх юм. Газрыг хувийн хэрэгжүүлэх үүрэг хэнд байх ёстой вэ гэхээр хариуцагч талд, мөн хариуцаж байгаа албан тушаалтанд байх үүрэгтэй. Тэгэхээр энэ үндэслэлээр Н.Ц-н өөрөө хууль ёсныхоо дагуу олж авч байгаа газар эзэмших эрхийг нь буруутгах үндэслэл байхгүй. Д.Г-н хувьд анх заалгасан газар нь кадастрын зурагтай. Уг газар нь Н.Ц-д шилжүүлсэн гээд байгаа газар мөн. Кадастрын зураг хийлгээгүй байна. Нэгж талбарын дугаар нь зөрөөтэй, н.Д-н нэр дээр Цэнхэр сумынхаа төв, тэр Алтан овоо гээд байгаа өөр газар байна гэх мэт энэ үндэслэлүүдээр илт хууль бус гэж үзэхгүй. Маргаж байгаа асуудал дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөний асуудал байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө жилд 2 удаа гарсан байдаг. Н.Ц-н тухайд Д.Г-с шилжүүлж авсан худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь оруулах ёстой юм уу, хэн хийх ёстой юм. Газрын байршил анх олгогдохдоо өөр байгаагүй. Энэ дээр анх авсан Д.Г уг асуудлаар үнэн зөвөөр тайлбарлаж, гэрчийн мэдүүлгээ хууль сануулаад өгсөн. Иймд нэхэмжлэгч “Д” ХХК-ийн бүх нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгоод, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, түүний үндэслэл:
4.1. Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Архангай аймгийн Цэнхэр сумын засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтыг тус тус үндэслэн Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн халуун усанд аялал жуулчлал, үйлчилгээ.хүлэмжийн зориулалтай эзэмшиж буй зөрчилтэй аж ахуйн нэгж, иргэдийн газар эзэмших эрхийг хавсралтаар хүчингүй болгожээ. Энэ хавсралтын 5 дахь хэсэгт иргэн Ц.Ц-н 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 169 тоот захирамжтай Алтан-Овоо багийн халуун усны хүлэмжийн зориулалтай 1 га газар эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байна. Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дугаартай захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дах хэсгийг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан 60 1.3.-т “Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар маргаан үүсээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад тухайн шатны Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дугаартай захирамж гаргаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулсан төдийгүй мөн хуулийн 47.1.6 дэх хэсэгт заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” байна. Ийнхүү илт хууль бус захиргааны акт гарч, уг газар эзэмших эрх нэг этгээдээс нөгөө этгээд шилжиж, улмаар гуравдагч этгээд миний газар эзэмших эрхэд ноцтойгоор нөлөөлж, газар эзэмших давхцал үүсэж, Н.Цэвэгдорж миний хувьд хууль ёсны газар эзэмших эрхээ хуульд заасны дагуу чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул маргаан бүхий захиргааны акт болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дугаартай захирамжийг илт хууль бус тогтоолгох шаардлага гаргаж байна. Кадастрын зураг болон маргаан бүхий А/184 дүгээр захирамж гарснаас хойш уг нь сумын Засаг даргын захирамж гараад л газар хүчинтэй, шийдвэр гарчихсан гэсэн үг. Тэрийг нэгдсэн мэдээллийн санд оруулахгүй, хийх ёстой ажлаа хийхгүй байна үзэж байгаа. Намайг газар авахад газрын гэрчилгээ, кадастрын зураг хувийн хэрэгт нь байсан. Төрийн байгууллагаас болж хохирч байна гэж үзэж байна. Албан ёсны гэрээ, гэрчилгээ бүх юмнууд гарчихсан байхад би хэнд итгэх юм. Тэр гэрчилгээнд л итгэж би худалдаа арилжаагаа хийх ёстой, өөрийнхөө бизнесийг төлөвлөх ёстой гэв.
4.2. Хариуцагчаас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.
4.3. Нэхэмжлэгч “Д” ХХК бие даасан шаардлагатай холбогдуулж шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Ц нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа тус захирамжид гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан байх ёстой ба Захиргааны ерөнхий хуулийн 92 болон 98 дугаар зүйлд зааснаар гомдлоо захиргааны байгууллагад гаргасан, Захиргааны байгууллага хянан үзсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21дугаартай захирамж нь гуравдагч этгээд болох Н.Ц-н газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Учир нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71дугаар захирамжаар иргэн Ц.Ц-н Алтан овоо баг, Халуун усны газарт хүлэмжийн зориулалтаар олгогдсон 1 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгосныг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21дугаартай захирамжаар хүчингүй болгосон газар эзэмших эрхийг сэргээсэн юм. Өөрөөр хэлбэл Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 108 дугаар захирамжаар иргэн Ц.Цэ-д 15 жилийн хугацаатай “Хүлэмж нарийн ногоо”-ны зориулалтаар олгогдсон газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр болсон байдаг. Иргэн Ц.Ц-д болон “Д” ХХК-ийн газар эзэмших эрх нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхээс өмнө үүссэн байдаг тул иргэн Н.Ц-н газар эзэмших эрхэд халдаагүй болох нь тогтоогдож байна. Иймд гуравдагч этгээд Н.Ц-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө гэжээ.
4.4. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн төлөөлөгч /гүйцэтгэх захирал/ А.И шүүх хуралдаанд бие даасан шаардлагатай холбогдуулж гаргасан тайлбартаа: Манай ээж 1986 онд Дарханы Политехникийн коллежийг төгсөж ирээд анх энэ хүлэмжийг Халуун усанд ажиллуулж эхэлсэн. 1997 онд хувьчилж аваад, 2004 оны захирамжтай. Н.Ц-н А/21 тоотыг илт хууль бусад тооцуулах тухайд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э бие даасан шаардлагатай холбогдуулж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Засаг дарга нь 2018 оны 6 сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн 5 дахь хэсэг н.Ц-д холбогдох хэсгийг Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/71 дүгээр захирамжаараа дээрх захирамжийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргаа өөрөө хуульд нийцээгүй буюу үндэслэлгүй гэж үзсэн захирамжаа өөрөө хүчингүй болгох эрхтэй. н.Ц-д гэх хүн социализмын үеэс Хөдөө аж ахуйн их сургууль төгсөж ирээд, Халуун усны рашааныг ажиллуулдаг аж ахуйн нэгжид агрономич байсан. Аж ахуйн нэгж нь давуу эрхээр уг газрыг түүнд өгсөн. н.Ц гэдэг хүнийх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Харин Д.Г газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан гэж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд н.Ц-н газар тусгагдаагүй гэж 2018 онд шийдэж байхад энэ хүн 1997 он, 2004 онд газраа баталгаажуулаад явж байсан. Тэгэхээр н.Ц-н газрыг эрхийг хэдэн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж байж эзэмшүүлэх гээд байсан юм. Газрын тухай хуулийн дагуу Д.Г хэн нэгэн этгээдээс шилжүүлж авсан бол бүр анхны хүнд нь тухайн үедээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаад, 2016 онд Г-д эрх үүсэж байхад ямар нэгэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө яригдах шаардлагагүй. Газрын тухай хуулийн дагуу нотариатын гэрээтэйгээ газрын эрхийг шилжүүлэх үүрэг нь М.Г-д байсан. Ер нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, тусгагдаагүй гэдэг юмыг Архангай аймгийн Цэнхэр сумд яаж ойлгоод байдаг юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлнэ гэдэг нь тухайн онд шинээр эзэмшүүлж, ашиглуулах газрын байршлыг тогтоогоод хаана өгөх вэ гэдгээ Иргэдийн хурлын тогтоолоор тогтооно гэв.
Тав. Иргэдийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Би хариуцагч талын буруу л гэж хараад байна. Нэхэмжлэгч тал гуравдагч тал 2 уг нь эвлэрээд явбал зүгээр юм уу даа. Нэхэмжлэгч талын ээж нь насаараа тэнд ажиллаж байсан байна. Мөн гуравдагч тал нэлээн хохиролтой байгаад байна. Тэнд газраа нэр дээрээ болгоод, хашаа хороогоо бариад, үйл ажиллагаагаа явуулмаар байдаг. Тэгэхээр надад ерөнхийдөө гуравдагч тал нэлээн хохиролтой санагдлаа. Цэнхэр сумын өмнө нь ажиллаж байсан дарга нар, одоо ажиллаж байгаа дарга нар хуулиа судалмаар юм уу гэж бодлоо. Асуулт хариултын шатанд тиймэрхүү л харагдаж байна. Надад тийм л юм харагдлаа. Миний бодлоор гуравдагч тал хохиролтой байна гэж бодож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Д” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг өнгөрөөсөн тул хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой, тухайн шатны Засаг даргад өөрт нь хандсаныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй гэж тайлбарлан маргасан.
1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:
1.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийнг 40.3.-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж заасан нь тухайн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Засаг даргаас гаргасан тохиолдолд түүнтэй холбогдуулж эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагчаас тухайн Засаг даргын шийдвэрт холбогдуулж гомдол гаргах эрх олгосон зохицуулалт гэж үзнэ.
1.4. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийн зохицуулалт нь маргаан бүхий энэ тохиолдолд буюу нэхэмжлэгч нь өөрийнхөө газар эзэмших эрхтэй холбоотойгоор бусад этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байх тул хуулийн тухайлсан зохицуулалт энэ тохиолдолд хамаарахгүй.
1.5. “Д” ХХК болон иргэн Н.Ц нарын эзэмших эрх бүхий газар нь зарим хэсгээрээ давхацсан, хууль бусаар газар эзэмших эрх олгосон зэрэг асуудлаар маргаж, “Д” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр иргэн Н.Ц-д газар эзэмших эрх шилжүүлсэн А/184 дүгээр захирамжийг хүчингүй болгох асуудлаар Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад хандсаны дагуу, Цэнхэр сумын Засаг даргаас 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02/432 дугаар албан бичгээр шийдвэрлэх боломжгүй талаар хариу хүргүүлжээ.
1.6. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1. дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй., Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: 60.1.2.-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга гэж зааснаар “Дээд манханы хишиг” ХХК болон иргэн Н.Цэвэгдорж нарын хооронд үүссэн маргаантай асуудлаар зохих шатны буюу Цэнхэр сумын Засаг даргад хандаж, хариу авснаар захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан байх бөгөөд ийнхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны /хариу авсаны/ дараа хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул эл үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан эл үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно.
1.7. Нөгөөтээгүүр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь газар эзэмших эрх олгох, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлаар хуулиар эрх олгосон захиргааны байгууллага /албан тушаалтан/ байх бөгөөд түүний бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэртэй холбоотой асуудлаар шүүхэд маргахад Захиргааны ерөнхий хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар заавал дээд дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг шаардлагатай гэж үзэхгүй.
1.8. Өөрөөр хэлбэл, зөвхөн тухай албан тушаалтны шийдвэр гаргах бүрэн эрхэд хамаарах асуудлаар гарсан маргааны хувьд дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавих эрх хэмжээ хамааралгүй, зохих шатны Засаг дарга буюу өөрт нь хандаж шийдвэрлүүснийг буруутгах үндэслэлгүй.
Хоёр. Хариуцагчийн шүүх хуралдаанд “...тухайн байршил дээрээ тохироод, давхацсан газрын асуудлаа хоорондоо шийдчих юм бол хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө” гэх тайлбарын тухайд
2.1. Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.
2.2. Энэ хэргийн тухайд хариуцагчийн зөвшөөрөл нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэсэн болно.
Гурав. Иргэн Ц.Цболон “Д” ХХК-ийн газар эзэмшихтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай” А/108 дугаар захирамжаар Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн халуун усанд Ц.Ц-д хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрын эзэмших эрхийг баталгаажуулсан байна. (4 дүгээр хавтаст хэргийн 40 дэх тал)
3.2. Улмаар Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.М, иргэн Ц.Ц нар 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэрээ байгуулж, Алтан-Овоо баг Халуун-Усанд нэгж талбарын 650800018 дугаар бүхий 1 га м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар хүлэмж нарийн ногооны зориулалтаар 000611271 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (4 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал)
3.3. Иргэн Ц.Ц болон “Д” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал А.Ихбаяр нар 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэх, шилжүүлж авах хүсэлтийг 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр тус тус гаргасан байна. (4 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал)
3.4. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар иргэн Ц.Ц-н Алтан-Овоо баг, Халуун Ус гэх газарт байрлах 6508001809 дугаар нэгж талбарын дугаартай, хүлэмжийн зориулалттай, 1 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Д” ХХК-д шилжүүлжээ. (4 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал)
Дөрөв. Иргэн Д.Г болон иргэн Н.Ц нарын газар эзэмшихтэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжаар иргэн Д.Г-д Алтан-Овоо баг, Халуун-Усанд 0.5 га үйлчилгээний зориулалттай 021600634 нэгж талбарын дугаар бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ. (4 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал)
4.2. Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.М, иргэн Д.Г нар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэрээ байгуулж, Алтан-Овоо баг Халуун-Усанд нэгж талбарын 021600634 дүгээр бүхий 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар 000319415 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр олгожээ. (4 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал)
4.3. Иргэн Д.Г, Н.Цнар Архангай аймгийн Цэнхэр суманд байрлах 021600634 дүгээр нэгж талбарын дугаар бүхий 5000 м.кв үйлчилгээний зориулалттай газар /үл хөдлөх эд хөрөнгө/ худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. (3 дугаар хавтаст хэргийн 172-173 дахь тал)
4.4. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар иргэн Д.Г-н Алтан-Овоо баг, Халуун Ус гэх газарт байрлах 021600634 дүгээр нэгж талбарын дугаартай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Н.Ц-д шилжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал)
Тав. Нэхэмжлэгч “Д” ХХК болон гуравдагч этгээд Н.Ц нарын эзэмшлийн газар зарим хэсгээрээ хоорондоо давхцалтай болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.М, иргэн Д.Г нар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэрээ байгуулж, Алтан-Овоо баг Халуун-Усанд нэгж талбарын 021600634 дүгээр бүхий 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар 000319415 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр олгож, Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.М-н гарын үсэг зурсан газрын кадастрын зураг хэрэгт авагджээ. (4 дүгээр хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал)
5.2. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Н.Ц-н иргэн Д.Г-с шилжүүлэн авсан гэх газар, иргэн Д.Гэрэлмаагийн нэр дээрх кадастрын зураг бүхий газар нь газрын мэдээллийн санд кадастрын зураг нь ороогүй, нэг талбарын дугаар нь давхцалтай гэж тайлбарлан маргаж байх боловч Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д газрын мэдээллийн сан гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.3.3-т газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх гэж заасан хуулийн зохицуулалтаас үзвэл газрын кадастрыг эрхлэх, мэдээллийн санг хөтлөх, үнэн зөвийг эрхлэн хариуцах чиг үүрэг нь захиргааны байгууллагын эрхлэн хариуцах чиг үүрэг байхаар хуульчлан зохицуулсан байна.
5.3. Иймд гуравдагч этгээд Н.Ц-н иргэн Д.Г-с шилжүүлэн авсан гэх газрын иргэн Д.Г-н нэр дээр гарсан газрын мэдээллийн санд бүртгэлгүй гэх энэ хэргийн материалын 2 дугаар хавтаст хэргийн 15, 4 дүгээр хавтаст хэргийн 26 дахь талд тус тус авагдсан кадастрын зургийг шүүхээс нотлох баримтаар үнэлсэн болно.
5.4. Ийнхүү хэрэгт авагдсан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 129/Ш32024/011169 дугаартай захирамжаар томилогдсон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2024/27 дугаартай дүгнэлтээр: “...гуравдагч этгээд Н.Ц-н иргэн Д.Г-ас шилжүүлж авсан гэх газрын кадастрын зургийн солбилцлын утгыг боловсруулан Газрын кадастрын мэдээллийн системд шалган үзэхэд хариуцагч “Д” ХХК /А.И, Ц.Ц/-ийн эзэмшлийн нэгж талбарын 6508001809 дугаартай 10026 м.кв талбайтай газартай 2014 м.кв талбайгаар давхцалтай байна” гэж тогтоожээ.(2 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь тал)
5.5. Хэргийн оролцогч нарын зүгээс тухайн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж маргаагүй, энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч газрын давхацсан хэсгийн хэмжээтэй холбоотойгоор тухайлан маргаагүй болно.
5.6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эзэмших эрх бүхий газар нь гуравдагч этгээд Н.Ц-н эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан газартай 2014м2 хэмжээгээр давхцалтай /үлдсэн хэсэг нь давхцалгүй/ болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.
5.7. Түүнчлэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 01/307 дугаар албан бичгээр ... тус хоёр иргэн, аж ахуй нэгжийн газар нь албан ёсоор бүртгэгдсэн орц, гарц, зам, шугам, сүлжээний газартай давхацсан зүйл байхгүй ... гэх тайлбар ирүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 159 дэх тал)
Зургаа. Маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагын тухайд
6.1. Шүүхээс нэхэмжлэлийн эл ихсэгсэн шаардлагыг диспозитив зарчмын хүрээнд буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.
6.2. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага болох Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь газар эзэмших эрх олгох, маргаан бүхий актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн эсэх, маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох нөхцөл хангагдсан эсэх, тухайн актаас үүдэлтэй нэхэмжлэгчийн субьктив эрх зөрчигдсөн эсэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
6.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус гэж зааснаас үзвэл захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаанаас үүдэж хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэж заасан.
6.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гээд 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. гэж тус тус зохицуулсан.
6.6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7.-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлээр захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, захиргааны актыг эрх зүйн үндэслэлгүйгээр гаргасан, тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргасан, чиг үүрэгт огт хамаарахгүй, захиргааны актыг гаргахдаа хуулийн тодорхой заалт баримтлаагүй зэрэг илэрхий алдаатай, хэнд хандсан нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас тухайн захиргааны актыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй болж уг актыг бодит байдалд биелүүлэх боломжгүй болсон тохиолдолыг хамааруулан ойлгоно.
6.7. Дээрх агуулгаар нь авч үзвэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн гэж үзэх, илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
6.8. Нэхэмжлэгчээс “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжийг илт хууль бус” гэж үзэж буй үндэслэлээ “... Д.Г-н газрын эрхийг бусдаас шилжүүлэн авсан байдал тогтоогддоггүй. Тодруулбал газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ байхгүй, Д.Гэрэлмаагийн шилжүүлэн авсан гэх 021600634 нэгж талбарын дугаар бүхий газар нь Цэнхэр сумын Алтан овоо багт бус харин Цэнхэр сумын Төв буюу Тамир багийн нутагт оршдог, Их зам хорооллын 4-463 тоот хаягтай иргэн Б.Д-н газар байж болзошгүй. А/158 дугаартай захирамжаар иргэн Д.Гэрэлмаад газар шилжүүлэн эзэмшүүлсэн нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу бүрдээгүй байсан тул Засаг даргын уг захирамж нь илт хууль бус байна.” гэж тайлбарладэг.
6.9. Д.Г 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Би олон жилийн өмнө Цэнхэр сумын Халуун-Ус гэх газарт газар эзэмшдэг байсан. Уг газраа хууль ёсны дагуу авсан. Тухайн үед захирамж нь гараад авч байсан. 021600634 нэгж талбарын дугаартай газрыг хүнээс худалдаж авч, мөнгө төгрөг төлөөгүй. Төрийн санд л мөнгө тушааж авч байснаа санаж байна, өөр бусдаар мэдэхгүй. Тухайн үед газраа ашиглах гээд очиход нутгийн улсууд эсэргүүцээд бослого гаргаад бариулахгүй байсан. Анх газрын эзэмших эрх авахад уг газар нь А.Ихбаярын газрын хажууд байршилтай байсан. Газрынхаа байршлыг сольж байгаагүй. Анх А.И-н газрын дэргэд хууль ёсны дагуу газар авч сумаас газрын байршлыг зааж өгсөн” гэж мэдүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 154-156 дахь тал)
6.10. Т.М 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “... Цэнхэр сумын Засаг дарга Б.Б-н 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/155 тоот захирамжаар Алтан-Овоо багийн Халуун усанд 0.5 га газар үйлчилгээний зориулалттай эзэмшүүлсэн. Иргэн Д.Г нь газрын анхны үнийг төлсөн тул Цэнхэр сумын Засаг дарга шууд захирамж гаргасан...” гэж мэдүүлжээ. (3 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал)
6.11. Хэрэгт авагдсан дээрх баримтаар тухайлбал, гэрч Д.Г (2 дугаар хавтаст хэргийн 154-156 дахь тал) гэрч Т.М нарын мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 81 дэх тал)-ээс харахад иргэн Д.Г-д Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо анхны үнийг төлж дуудлага худалдааны журмаар авсан эсэх эсхүл эрх шилжүүлэн авсан гэх зөрүүтэй нөхцөл байдалууд байх боловч энэ нь Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал Т.М, иргэн Д.Г нар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах” гэрээ байгуулсан, Алтан-Овоо баг Халуун-Усанд нэгж талбарын 021600634 дүгээр бүхий 5000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтаар 000319415 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр олгосон үйл баримт буюу иргэн Д.Гэрэлмаад газар эзэмших эрх үүссэн үйл баримтыг үгүйсгэхгүй.
6.12. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамжаар иргэн Д.Г-д газар эзэмших эрх шилжүүлсэн нэг үндэслэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл байна. (4 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал)
6.13. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4.-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна.” гэж заажээ.
6.14. Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох баримт нь байхгүй байгаагаас үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа иргэнд хүлээлгэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй.
6.15. Мөн дээрх үйл баримтаас үүдэж Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/158 дугаар нэхэмжлэлийн шаардлагаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. (4 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал)
6.16. Уг хэргийн тухайд иргэн Д.Гэрэлмаа газар эзэмших эрхийн гэрчилгээг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжаар энэ хэргийн гуравдагч этгээд иргэн Н.Ц-д шилжүүлсэн байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. (3 дугаар хавтаст хэргийн 190-193 дахь тал)
6.17. Иймд дээрх үндэслэлүүдээр Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Долоо. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамж, хавсралтыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд
7.1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжаар иргэн Д.Г-йн Алтан-Овоо баг, Халуун Ус гэх газарт байрлах 021600634 дүгээр нэгж талбарын дугаартай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Н.Ц-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэл болгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал)
7.2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үндэслэлээ “... Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар 021600634 нэгж талбарын дугаартай үйлчилгээний зориулалттай 5000м2 газрыг Алтан овоо баг халуун усны аманд иргэн Д.Г-с иргэн Н.Ц-д шилжүүлж газар эзэмшүүлсэн байдаг. Гэтэл иргэн Н.Ц-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгогдоогүй, газрын мэдээллийн санд кадастрын зураг нь ороогүй байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иргэн Н.Ц-д олгогдсон газар эзэмших эрх нь манай компанийн газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй хууль ёсны газартай 2014м2 газраар давхцаж олгогдсон бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа болно...” гэж тайлбарлаж маргасан.
7.3. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээд Н.Ц-д газар эзэмшихийн эрхийн гэрчилгээг шилжүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжийг бүхэлд хүчингүй болгуулах үндэслэлтэй хэмээн тайлбарлаж, маргаж буй боловч маргаан бүхий газрууд нь 2014м2 хэмжээгээр давхцалтай болох нь тогтоогдсон бөгөөд үлдсэн хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үзэх үндэслэлгүй байна.
7.4. Иймээс шүүхээс нэхэмжлэлийн эл шаардлагын зарим хэсгийг хангаж газрын давхцалтай хэсэг газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Учир нь,
7.5. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1.д захиргааны акт, ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: 106.3.1.-д захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргахаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай давхцаагүй газрыг хүчингүй болгох, уг газар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.
7.6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...2014м2 газраар давхцаж олгогдсон бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, манай компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна” гэж маргасан.
7.7. Нэхэмжлэгч “Д” ХХК болон гуравдагч этгээд Н.Ц нарын эзэмшлийн газар зарим хэсгээрээ хоорондоо давхцалтай болох талаар хэрэгт авагдсан баримтад үндэслэн энэ шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсгийн зургаа дахь хэсэгт дүгнэсэн.
7.8. Тодруулбал, хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2024/27 дугаартай дүгнэлтээр: “...гуравдагч этгээд Н.Ц-н эзэмших эрхтэй газар нь “Д” ХХК эзэмших эрхтэй газартай 2014 м.кв талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон. (2 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь тал)
7.9. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан.
7.10. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Д” ХХК-д эзэмших эрх үүссэн бол гуравдагч этгээдийн тухайд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар газар эзэмших үүссэн байна.
7.11. Цаг хугацаа, үйл баримт, хууль зүйн фактын тухайд нэхэмжлэгчид түрүүлж газар эзэмших эрх үүссэн үйл баримт тогтоогдож байна.
7.12. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгохтой нэхэмжлэгчид урьд олгосон байсан буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Д” ХХК эзэмших эрх олгосон газартай 2014 м.кв талбайгаар давхцалтай болох нь тогтоогдсон учир шүүхээс газар эзэмших эрх нь дээрх давхцалтай хэсгээр зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагын зарим хэсгийг хангаж Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/184 дүгээр захирамжийн хавсралтаар гуравдагч этгээд Н.Цэвэгдоржид эзэмшүүлсэн газраас нэхэмжлэгч “Д” ХХК-ын эзэмшлийн газартай давхцалтай 2014 м.кв талбайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Найм. Нэхэмжлэгчээс шаардлагынхаа үндэслэл болгосон: “...Гуравдагч этгээд Н.Ц-д газар эзэмших эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл олгогдоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газрын мэдээллийн санд кадастрын зураг нь ороогүй, нэгж талбарын дугаар нь давхцалтай, нэгж талбарын хувийн хэрэг нь байхгүй” гэх үндэслэлийн тухайд
8.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Н.Ц-н эзэмших эрхтэй газрын нэгж талбарын дугаар нь иргэн Б.Д-н өмчлөх эрх бүхий газрын нэгж талбарын дугаартай давхацсан буюу хоёр өөр байршил бүхий газарт ижил нэгж талбарын дугаар олгосон үйл баримт тогдоогддог.(2 дугаар хавтаст хэргийн 15, 95, 159 дэх тал)
8.2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д газрын мэдээллийн сан гэж газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогцыг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэнэ.
8.3. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсэг Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3.-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заажээ.
8.4. Хуулийн зохицуулалтаас үзвэл газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, үнэн зөвийг эрхлэн хариуцах чиг үүрэг нь захиргааны байгууллагад өөрт хамаарах чиг үүрэг байх бөгөөд эл үндэслэлээр иргэний буруутгах, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хөндөх хууль зүйн үндэслэлгүй байна.
8.5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг гүйцэтгэх чиг үүрэг нь хуулиар захиргааны байгууллагад хамаарахаар байна.
8.6. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан болох Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг захиргааны байгуулага хариуцан гүйцэтгэхээр хуульчлан зохицуулсан байна.
8.7. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10.-т зааснаар "нэгж талбарын хувийн хэрэг" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг.” ойлгоно гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна:, 23.2.22.нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах; гэж заасан.
8.8. Тодруулбал нэгж талбар бүр хувийн хэрэгтэй байх бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/169 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журам”-ын 2.10-д “газар эзэмшигч иргэний нэгж талбарын хувийн хэргийг суманд Газрын даамал, аймаг, нийслэл дүүрэгт Газрын албаны холбогдох мэргэжилтэн нэгж талбарын дугаарыг дэс дараалуулан хавтсанд үүсгэж архивлах ажлыг гүйцэтгэнэ.” гэж заажээ.
8.9. Нөгөөтэйгүүр газар эзэмшигч иргэний эзэмшиж буй газрын нэгж талбарын хувийн хэргийг хөтлөх, хадгалах чиг үүрэг нь захиргааны байгууллагад өөрт хадгалагдаж буй нөхцөлд эл үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийг хөндөх хууль зүйн үндэслэлгүй байна.
8.10. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагын дээрх үндэслэлийг шүүхээс хүлээн авах, эл үндэслэлээр гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн эл шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Ес. Гуравдагч этгээд Н.Ц-н “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагын тухайд
9.1. Гуравдагч этгээд түүний өмгөөлөгч нараас Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ... Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан 60 1.3.-т газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар маргаан үүсээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад тухайн шатны Засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 01 өдрийн А/21 дугаартай захирамж гаргаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй ... нөхцөлд хамаарч байна хэмээн тайлбарлан маргасан.
9.2. Хэргийн үйл баримтын тухайд, анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/108 дугаар захирамжаар тус сумын Алтан Овоо багийн Халуун Усанд Ц.Ц-ад хүлэмж, нарийн ногооны зориулалтаар 1 га газрын эзэмших эрхийг баталгаажуулсан, үүнээс хойш Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 5 дугаарт иргэн Ц.Ц-н Халуун Усанд байршил бүхий хүлэмжийн зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон, үүний дараа 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн хавсралтын тавь дахь хэсгийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогддог.
9.3. Маргаан бүхий Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг үндэслэн сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн тав дахь хэсгийг хүчингүй болгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 44 дэх тал)
9.4. 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэг Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ: 60.1.3.-т газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга гэж заасан байна.
9.5. Дээрх асуудлаар иргэн Ц.Ц шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ ... би 2005 онд Алтанбулагийн техникум төгсөж ирээд Цэнхэр сумын Халуун Ус гэх газарт Хүлэмжийн аж ахуйн ахлагчаар ажилласан. Намайг ажиллаж байх үед Социали замын нэгдлийн Цэнхэр Өргөөт компани гэдэг байсан. Улмаар би ажиллаж байгаад 2007 онд компанийн гишүүдийн хурал хийж, тухайн үед ажиллаж байсан надад давуу эрхээр компанийн гишүүдийн хувьцааг худалдаж аваад өөрийн нэр дээрээ авсан юм. Анх өмч хувьчлалаар газар авсны дараа гэрчилгээ авах гэхэд жижиг ногоон гэрчилгээ өгсөн, түүний дараа ягаан гэрчилгээ өгч байсан. Газрын кадастр бол анх авах үед бол байгаагүй байж байгаад 2016 онд нийт жуулчны баазууд кадастрын зураг хийлгэхэд би кадастр хийлгэж байсан, дараа нь сумын газрын мэргэжилтэндээ хэлж байгаад кадастраа хийлгэсэн юм. 2018 онд нэг хүчингүй болгосон, тэгээд сумын Засаг даргатай уулзаад, хэлж яриад 2019 онд газар эзэмших эрхийг сэргээж өгсөн. Засаг даргаар Д.Г байхдаа сэргээж өгсөн. Үүнээс өөрөөр уг газрын эзэмших эрх хүчингүй болсон зүйл байхгүй ... гэх тайлбар гаргажээ. (2 дугаар хавтаст хэргийн 152-153 дахь тал)
9.6. Уг хэргийн тухайд иргэн Ц.Ц-н газар эзэмших эрхийн гэрчилгээ 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Д” ХХК-д шилжсэн байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулаагүй болно.
9.7. Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
9.8. Хэргийн үйл баримтын тухайд, анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/108 дугаар захирамжаар иргэн Ц.Ц-д 1 га газрын эзэмших эрхийг баталгаажуулсан, үүнээс хойш Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосны хавсралт 5 дугаарт иргэн Ц.Ц-н Халуун Усанд байршил бүхий хүлэмжийн зориулалттай 1 га газрын эзэмших эрхийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон, үүний дараа 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжаар сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 дүгээр захирамжийн хавсралтын тавь дахь хэсгийг хүчингүй болгосон. Үүний дараа иргэн Ц.Ц-н газар эзэмших эрхийн гэрчилгээ 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Д” ХХК-д шилжсэн үйл баримт тогтоогддог.
9.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... харилцааг зохицуулахад оршино”; 3 дугаар зүйлийн 3.1.3-т “… захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар …”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус гэж зааснаас үзвэл захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаанаас үүдэж хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн гэж заасан.
9.10. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд гуравдагч этгээд нь нэхэмжлэгч “Д” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн А/25 дугаар захирамжтай маргаагүй хэрнээ нэхэмжлэгчээс өмнөх газар эзэмшигчийн эрхийг хөндсөн шийдвэртэй маргаснаар гуравдагч этгээдийн зөрчигдсөн ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна.
9.11. Захиргааны Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт тухайн захиргааны актыг /дундаж боловсрол бүхий иргэн/ хэн ч харсан илэрхий алдаатай буюу тухайн актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцож болно. Мөн тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан, эсхүл нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж захиргааны акт гаргасан байхыг, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно.
9.12. Тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хамааруулж үзнэ.
9.13. Түүнчлэн захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1.д захиргааны акт, ... , илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан нөхцөлийг хангах зохицуулалттай.
9.14. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд тухай захиргааны акт нь дээрх дурдсанчлан илт хууль бус байх шинжийг агуулсан байх, улмаар энэхүү илт хууль бус алдаа нь тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх нөхцөлийг шаарддаг.
9.15. Гэтэл иргэн Ц.Ц-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болсон Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/21 дүгээр захирамжийг дээрх хууль зааснаар илт хууль бус гэж дүгнэх, улмаар уг захирамжийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх нөхцөл тогтоогдохгүй байна.
9.16. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.2.-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;”, 21 дүгээр зүйлийн 21.4.3.-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан.
9.17. Хуулийн дээрх хэм хэмжээ нь захиргааны байгууллагын хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах захиргааны байгууллагад эрх олгосон хуулийн зохицуулалт байх бөгөөд тухайн үед захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй нөхцөл байдалд үндэслэж алдаатай захиргааны актыг тухайн үед хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
9.18. Иймд Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Арав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд
10.1. Дээр дурьдсан үндэслэлээр Иргэдийн төлөөлөгчөөс гаргасан “Хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр байна. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг хохиролгүй болгож шийдвэрлэх байх.” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүхээс дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3 дугаар зүйлийн 106.3.13., 106.3.14, 106.5, 107, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3., 60 дугаар зүйлийн 60.1.2., 60.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн хавсралтаар иргэн Н.Ц-д шилжүүлэн олгосон 5000 м.кв газраас “Д” ХХК-ийн газартай давхцуулан олгосон 2014 м2 газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/184 дүгээр захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулж тус захирамжийн хавсралтаар иргэн Н.Ц-д шилжүүлэн олгосон 5000 м.кв газраас “Д” ХХК-ийн газартай давхцалтай хэсэг болох 2014 м2 хасаж багасгасан захирамж гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Д ХХК-иас хариуцагч Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн А/158 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.1, 47.1.3., 47.1.6. дахь заалтыг тус тус үндэслэн гуравдагч этгээд Н.Ц-с Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/71 тоот захирамжийн нэгдүгээр хавсралтын тав дахь хэсгийг хүчингүй болгох тухай” А/21 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Н.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
ШҮҮГЧИД Ц.НЭРГҮЙ
Ө.БОЛОРЧИМЭГ