Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0489/З |
Дугаар | 221/МА2018/0118 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2018/0118
Ч.Б, З.П, С.О, Н.Т, Ц.Д, Ц.А,
П.Э нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Б, З.П, С.О, Ц.Д, Н.Т, Ц.А, П.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0829 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Б, З.П, С.О, Н.Т, Ц.Д, Ц.А, П.Э нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0829 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4-т заасныг тус тус баримтлан “Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б99, Б100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.А, З.П, Н.Т, П.Э нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч нарын “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б101, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б101, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, нэр бүхий 4 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ч.Б, Ц.Д, С.О нарын ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийх, нэхэмжлэгч Ц.А, З.П, Н.Т, П.Э нарын ажилгүй байсан бүх хугацааны буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд урьд авч цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Б, З.П, С.О, Н.Т, Ц.Д, Ц.А, П.Э нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 104 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолын биелэлтийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож, уг хууль бус эс үйлдлийн улмаас учирсан хохирол болох нэр бүхий 7 ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Захиргааны хэргийн. анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0829 дүгээр шийдвэрийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэргийг үнэн бодитоор тал бүрээс нь судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй тул шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Учир нь:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” захирамжаар Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан.
Тус захирамжийн 4 дүгээр заалтаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулан баталж, ажилтан, албан хаагчдыг томилж, шинээр батлагдсан болон сул орон тоонд томилогдох албан хаагчдыг сонгон шалгаруулалт явуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон байдаг.
Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахтай холбогдуулан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр А/26 дугаар тушаал гарган ажлын байрны жагсаалтад орсон өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, шинэчлэн боловсруулсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар баталсан.
Улмаар ажлын байрны бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулж нэр бүхий нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлж, Тамгын газрын даргын 2017 оны Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалуудыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс уг тушаалуудыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Ц.А-ын хувьд хүүхэд асрах чөлөөтэй байсан албан хаагчийн ажлын байранд дээр томилогдсон байсан тул ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл шүүх “хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.А-ын ажлын байрны чиг үүргийг салгаж, орон тоог нь алга болгож, чиг үүргийг нь өөр чиг үүрэгт нэгтгэн өөрчилсөн гэж үзэн нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлжээ” гэж дурдан бодит үйл баримтын талаар буруу дүгнэлт гаргасан болохыг шүүх анхаарч үзнэ үү.
Нэхэмжлэгч З.П-ийн хувьд тухаин албан тушаалын орон тоо цөөрсөн тул хороо хариуцсан 2 мэргэжилтний дунд сонгон шалгаруулалт явуулснаар түүнийг ажлаас чөлөөлсөн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т "... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан-хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна.
Үүний дагуу хороо хариуцсан мэргэжилтэн З.П, Ж.Б нараас шалгаруулахдаа хороодын Засаг дарга нарын санал, тухайн мэргэжилтний хороодын албан хаагчдыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байгаа байдлыг харгалзан хэлтсийн хамт олны дунд нэр хүнд сайтай, залуу мэргэжилтэн гэж үзээд Ж.Батжавхланг хороо хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн нь ажлын хэсгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогддог.
Гэтэл шүүх ямар нотлох баримтыг үндэслэн хариуцагчаас сонгон шалгаруулалт явуулаагүй гэдгийг хэрхэн тогтоосон талаараа дүгнэлт гаргаагүй, ямар үндэслэлээр хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч З.П-оос “...Ж.Б бид хоёрын дунд ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт явуулсан, шалгалт авсан, асууж тодруулсан зүйл байхгүй, ажлын хэсэг байгуулагдсан болохыг мэдээгүй” гэж анхан шатны шүүхэд тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд ямар үйл ажиллагаа явагдах, ямар ажил хэрэгжихийг Тамгын газрын албан хаагчийн хувьд мэдэх боломжтой, зайлшгүй мэдэх шаардлагатай асуудал юм.
Гэтэл шүүх нэхэмжлэгчээс энэ нөхцөл байдлыг тодруулах боломжтой байхад тодруулалгүйгээр ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг сонгон шалгаруулалт явагдсан гэж үзээгүй нь хэт нэг талд үйлчилсэн гэх эргэлзээг төрүүлж байна.
Түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг яагаад нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болох талаар дурдаагүй бөгөөд энэ нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тусгах ёстой байсан.
Нэхэмжлэгч Н.Т-ын хувьд түүний ажиллаж байсан Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс нэрээр өөрчлөгдөн орон тоо нэмэгдсэн боловч “эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаал байхгүй болсон тул түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй болохыг Давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна.
Шинэ бүтцээр тухайн хэлтсийн нэр өөрчлөгдөж, орон тоо нэмэгдсэн ч нэхэмжлэгч Н.Т-ын ажиллаж байсан албан тушаал байгаа, эсэхийг шүүх тодруулаагүй атлаа түүнийг ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч П.Э-ийн хувьд мөн түүний ажиллаж байсан Худалдаа үйлчилгээний хэлтэс нь Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс нэрээр өөрчлөгдөн орон тоо нэмэгдсэн боловч түүний ажиллаж байсан албан тушаал байхгүй болсон гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан боловч шүүх энэ асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.
2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нар нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд одоо тус тусын тодорхой албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Харин шүүх энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт дурдах нь зүйтэй байсан гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “... Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан бөгөөд шүүх үндэслэх хэсэгтээ маргааны үйл баримтыг нэхэмжлэгч тус бүрээр нэгтгэн тусгасан боловч нэхэмжлэгч нарыг ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, уг хэргийг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн үнэлээгуй, хэлбэрийн болоод агуулгын хувьд хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй, чухам ямар хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь ойлгомжгүй байгаа тул гомдолтой байна.
Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэнээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэл дэх төрийн албаны зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 104 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/99, Б/100, Б/101, Б/102, Б/103, Б/104 дүгээр тушаалууд нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоосон тогтоолыг биелэлтийг үл ойшоон биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоолгох, тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” гэж өөрчилжээ.
Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч шийдвэрлэхдээ нэхэмжлэгч тус бүрийн өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалууд нь өөр өөр байхад маргаж буй актуудын үндэслэл болсон тамгын газрын шинэчлэн батлагдсан бүтцээр өмнөх албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн эсэх, нэхэмжлэгч нэр бүхий иргэдийг тухайн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэл нь хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 эсхүл 27.2.4 дэх хэсэгт заасныг хэрхэн ямар байдлаар зөрчсөн эсэхийг ялгаж, дүгнэлт хийхгүйгээр, нэхэмжлэгч нэр бүхий иргэдийг хууль бусаар чөлөөлсөн гэж үзэхдээ түүнийг ямар албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа нь шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгээс тодорхой харагдахгүй, тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгч Ц.А, Н.Т, П.Э нарын урьд эрхэлж байсан албан тушаалууд нь бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тэдгээр нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь ойлгомжгүй нөхцөл байдал бий болгосон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, хэрэгжих боломжгүй гарсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч З.П-ийн хувьд хороо хариуцсан 2 мэргэжилтний нэгээр ажиллаж байсан, шинэ бүтцээр 1 орон тоо нь хасагдаж 1 мэргэжилтэн ажиллахаар болсон байхад шүүх ямар үндэслэлээр ямар баримтад тулгуурлан тухайн орон тоонд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй биш, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөх эсэхийг анхаараагүй. Өөрөөр хэлбэл, үлдсэн хороо хариуцсан мэргэжилтний 1 орон тоонд ажиллаж байгаа хүнийг ямар журам, шалгуураар томилсон, уг орон тоонд сонгон шалгаруулах замаар томилогдох эсэх нь дээрх хуулийн заалттай нийцсэн эсэхийг холбогдох нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч тус бүрийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тус тусад нь тооцож гаргалгүйгээр нэхэмжлэлийг хангасан гэсэн байдлаар олгохоор шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын урьд авч байсан цалингаас ямар зөрүүтэй, “ажилгүй байсан хугацааны цалин” гэдгийг ямар албан тушаалын, ямар ангилал зэрэглэлийн цалингаар, ямар хугацаанд тооцох, тэдгээрийн цалин хөлс болон нөхөн олговрыг ямар баримтад тулгуулан яаж хуваарилан тооцож олгохыг тодорхойгүйгээр шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн атлаа дахин “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоож” шийдвэрлэсэн нь ойлгомжгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нарын дээрх “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Удирдлагын хууль бус эс үйлдлийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн төрөлд байхгүй байна.
Зүй нь шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тодруулсны дараа шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрхээс гадна, нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэн өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчсөн хэмээн өөрсдийг нь ажлаас чөлөөлсөн тус тусдаа гарсан 7 захиргааны актын талаар маргаж нэхэмжлэл гаргасан атлаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлнө...” гэж заасныг зөрчсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.
Эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 107.5 дахь хэсэгт “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж заасантай нийцээгүй байна.
Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ