Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 0019

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн А намын нэхэмжлэлтэй 

       Хариуцагч: Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хороонд холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: “Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч Дорноговь аймгийн А нам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хороо нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 48 тоот албан бичгээрээ Вын Бг “Нэр дэвшигчийн нэрсийн жагсаалт”-аас хасах үндэслэлгүй байна гэсэн албан бичгийг манай намд ирүүлсэн байна. Б нь иргэн Т.Бд Дорноговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ/2016/00280 тоот шүүгчийн захирамжаар 2810250 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн ба энэ төлбөрөө 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байгаа нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цагаас өмнө нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг сонгуулийн хороонд хүргүүлэх ингэхдээ 157 дугаар зүйлийн 157.2.5-д зааснаар нэр дэвшигч өөрөө өр төлбөргүй болохоо үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэх хуулийн шаардлагыг зөрчиж худал мэдүүлэг гаргасан байхад түүнийг нь үндэслэн нэр дэвшигчээр бүртгэсэн болох нь ШШГЕГазрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/1286 тоот албан бичиг, иргэн Т.Бгийн гомдол, гомдолд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байхад нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах үндэслэлгүй байна гэж байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3 заалтуудыг зөрчсөн байна. Иймээс Бг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг С сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд  Монгол Ардын намаас нэр дэвшсэн Б нь Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэн Бд 2 810 250 төгрөгийг төлөхөөр тогтоосон байдаг. Тэр мөнгөө 2016 оны 10 дугаар сарын 10-нд хамгийн сүүлийн байдлаар төлж дууссан байгаа. Нэр дэвшсэнээс хойш 5 хоногийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэг хүргэгдэж 5 хоногийн дотор түүнийг хянаж нэр дэвшигчээр бүртгэхээр шалгадаг. Сумын сонгуулийн хороо нэр дэвшигч Бг өртэй байхад нэр дэвшигчид тавих шаардлагыг хангасан гэж бүртгэн авсан байдаг. А нам цаг хугацааны хувьд сонгуулийн дүн гаргахаас өмнө нэхэмжлэл гаргасан. Илт хуурамч мэдээлэл гаргаж өгчихөөд сонгуульд нэр дэвшээд, сонгуулийн хороо хууль зөрчиж нэр дэвшүүлээд иргэдийн саналыг хууль бусаар авдаг зүйл цаашид үргэлжлэхгүй байгаасай гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан. Бг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг С сумын Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Дорноговь аймгийн С сумын 3-р тойрогт нэр дэвшсэн Бг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байгаа. Б өртэй байсан эсэхээ мэдэхгүй байх ёсгүй. 2810250 төгрөгийг төлөхөөр шүүхэд тогтоогдсон байхад нэр дэвшигчээр бүртгэн зарласан байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2, 157.2.5-д зааснаар нэр дэвшигч өөрөө өр төлбөргүй талаараа мэдүүлгээ ирүүлсэн учраас сонгуулийн хороо  Бг өртэй гэдгийг мэдээгүй байсан. Сонгуулийн хороо шийдвэрлэж өгөхгүй байсан учраас иргэн Б А намд өргөдөл гаргасан байдаг. Тухайн хүн өр төлбөртэй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдсон, хавтаст хэрэгт авагдсан. Б нэр дэвшигчээр бүртгэгдээд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Бд төлбөрөө төлж байгаа нь хуульд заасан шаардлагаа хангахгүй байна. Сонгуулийн хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. Нэр дэвшигчээр бүртгэх шаардлагыг хангаагүй байтал одоогоор орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг авсан байгаа юм билээ. Бг нэрсийн жагсаалтаас хасах талаар сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна.
С сумын Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 тоот тогтоолын Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хүлээн авахаас татгалзсан. А намаас нэхэмжлэл гаргасан нь нэг намын эрх ашиг биш ээ. Энэ хүн хуулийг дээдлэх ёстой байсан. Шүүхээр тогтоогдсон, тэрийгээ сонгуульд нэр дэвшихээсээ өмнө төлж болно. Хавтаст хэргийн 39-р хуудсанд авагдсан баримтаас харахад 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн учраас тухайн нэр дэвшигч өр төлбөртэй байсан нь нотолж байгаа юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гарсан байсан. Үүнээс хойш иргэн Бд төлөхгүй явж байгаад Б нь өр төлбөргүй гэсэн хуурамч мэдүүлгийг Сонгуулийн хороонд гаргаж өгсөн байна. Мэдүүлэг гаргаж өгсний дараа 9 дүгээр сарын 13-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-д зааснаар нэр дэвших журам гэж байгаа. Яах гэж нийтлэг журам гэдгийг хуулиндаа оруулсан юм бэ, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардсан болохоос биш төлсөн байхыг шаардаагүй. Сонгуулийн хороо хуулийг буруу хэрэглэсэн байна. Сонгуулийн хорооны хурлын тэмдэглэлийг бүрэн эхээр нь уншин сонсголоо. Зөрчөөгүй байхад нэр дэвшигчээс хасах нь үндэслэлгүй. Нэр дэвшигчээр бүртгэснээс хойш гарсан гэсэн байна. Сонгуулийн хороо гомдлыг шийдэх гэж байж 159 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж яриад байгаад гайхаж байна. Хууль зүйн бодитой дүгнэлт хийгээгүй байна. Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл нэрсийн жагсаалтаас хасаж шийдвэрлэнэ. Гэтэл 159.2 дахь хэсэгт зааснаар санал хурааж шийдвэрлэх хуралдаанд Хонгорзул орж энэ хүн өр төлбөрөө төлсөн нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл байхгүй, та бүхэн 159.1 дэх хэсэгт зааснаар шийдээрэй гэж хэлснээр л нэг талыг барьсан, хууль зөрчсөн шийдвэр гаргасан байгаа. Мөн гуравдагч этгээд Б 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан өр төлбөргүй байхыг мэдүүлэхийг заасан мэдүүлэг гэж байгаа. Үүнийг үндэслээд өртэй юм уу, үгүй юм уу гэдгийг гаргаад ирэх боломжтой байсан. Тэрнээс биш шууд шүүхээс гаргадаггүй. 7 хоногийн дотор бүртгэх ёстой. Өр төлбөртэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурандаа Наранбаатарын мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захирамж, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулах гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын гэрээ, А намын сонгуулийн хороонд гаргасан гомдол, иргэн Т.Бгийн А намд гаргасан гомдол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 1200 тоот албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, өр төлбөр төлөгдсөн талаар 1217 тоот албан бичиг, Бгийн тайлбар, иргэн Бгийн 2016 оны 10 дугаар сарын 11-нд гаргасан өргөдлөө буцаан авах тухай хүсэлт, сонгуулийн хорооны тэмдэглэл зэргээр уг нэр дэвшигч нь бүртгүүлэхээс өмнө өртэй гэдгээ мэдсээр байж бүртгүүлж, сонгуулийн хороо өртэй хүнийг бүртгэж авсан байна. Бг хасахыг сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.
Сонгуулийн тухай хуулинд заасан хууль дээдлэх зарчмыг хүн бүхэн биелүүлээсэй гэдэг үүднээс нэхэмжлэл гаргасан болохоос А нам нэг хүнээ гаргах гээд байгаа зүйл бишээ. Сонгуулийн тухай хуулийн 159.2 дахь хэсэгт зааснаар шийдэж байгаа нь буруу юм. Илэрвэл 159.1 дэх хэсэгт зааснаар шийдээд нэр дэвшигчдийн нэрээс хасаад нийтэд мэдээлэх үүрэгтэй. Улсын Дээд шүүх хуулийг тайлбарлах болохоос биш Сонгуулийн хороо хууль тайлбарлахгүй. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйл болон нэр дэвшигч бүртгэх, 157 дугаар зүйл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, 158 дугаар зүйл нэр дэвшигчээс хасах, 159 дүгээр зүйлүүдэд заасан байна. 154 дүгээр зүйлийн 154.3.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрээр заасан өр төлбөргүй байвал болно гэж байгаа. 158 дугаар зүйлд зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах ёстой. Ийм байдал нь бүртгэсний дараа илэрвэл 159.1 дэх хэсэгт зааснаар хасах байсан. Тухайн үед нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өөрөө өр төлбөртэй байж нуугаад худлаа мэдүүлэг өгсөн. Сонгуулийн хорооны ашиг сонирхлын мэдүүлгийг асуугаад байгаа нь бүгд Ардын намд ажилладаг хүмүүс сонгуулийн хороонд ажиллаж байсан. Бүгд хуулийг зөрчөөд сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
    Хариуцагч С сумын Сонгуулийн хороо нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: С сумын Сонгуулийн хороонд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13.40 минутад С сумын  6 дугаар багийн 1-80 айлын 60 тоотод оршин суугч Т.Бгаас Монгол Ардын намын нэр дэвшигч Бгийн талаар гомдол гаргасан.
Гомдолд Дорноговь аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2016/00280 тоот захирамжаар батлагдсан үүргээ биелүүлээгүй мөн Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.4.1 дэх заалтыг зөрчин, үнэмлэх гардаж сурталчилгаа хийж байгаа асуудлыг хянан шийдвэрлэж, хууль биелүүлж өгөхийг хүссэн байна.
 С сумын Сонгуулийн хорооноос гомдлыг хянан шалгах хүрээнд дараах ажиллагаануудыг хийсэн. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1200 дугаартай албан бичгээр Бгийн талаар тодруулга авсан. Монгол Ардын намын ажилтан Д.Нд Бгийн талаар гомдол ирсэн талаар мэдэгдсэн. Гомдол гаргагч Т.Бгаас ирүүлсэн баримт материалуудыг нягтлан шалгасан.
 С сумын Сонгуулийн хороо нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасны дагуу нам, эвсэл нь Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийнхээ баримт бичгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлэхээр хуульчилсаны дагуу хуулийн хугацаанд нь хүлээн авсан.
 Сумын Сонгуулийн хороо нь нэр дэвшигч нарын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор буюу 2016 оны 09 дүгээр сарын 06-ны дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэн тогтоол гарган, 09 дүгээр сарын 13-ны дотор нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг нийтэд мэдээлж, 09 дүгээр сарын 27-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон. Дээрх хуулийн хугацаанд Б нь хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаж, холбогдох баримт бичгийг ирүүлсэн тул хуулийн дагуу нэр дэвшигчээр бүртгэсэн.
 Нэр дэвшигч Б нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1 дэх хэсэгт заасны дагуу ... банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигч Вийн Б /.... / нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй болохыг тодорхойлсон.
Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу Б нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй болохоо илэрхийлж мэдүүлгээ 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан.
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2016/00280 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б нар нэхэмжлэлийн шаардлага болох 2810250 төгрөгөөс 1300000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сард багтааж, үлдэх 1510250 төгрөгийг 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 136/ШЗ2016/01207 тоот шүүгчийн  захирамж, 349 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу төлбөр авагч Т.Б нь Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хандан хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг Ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Э үйлдсэн байна.
Нэр дэвшигч Б нь өр төлбөрийн мэдүүлгээ хэрхэн бөглөсөн талаарх тайлбараа сумын Сонгуулийн хороонд ирүүлсэн.
    Иймд нэр дэвшигч  Б нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 154.3, 157.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөргүй  болох нь нотлогдож байгаа бөгөөд Т.Бгийн гаргасан гомдлын талаарх асуудал нь цаг хугацааны хувьд нэр дэвшигчийг бүртгэх цаг хугацаанд хамаарахгүй юм.
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
     С сумын Сонгуулийн хорооноос өргөдлийг шийдвэрлэх хугацааны дотор нэр дэвшигч Б нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлбөрөө бүрэн төлсөн тухай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1217 тоот албан бичгээр манай байгууллагад мэдэгдсэн.
    Мөн гомдол гаргагч Т.Б нь сумын Сонгуулийн хороонд 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан гомдолоо эргүүлэн авах тухайгаа 10 дугаар сарын 11-ний өдөр илэрхийлж өргөдөл гаргасан.
     С сумын Сонгуулийн хороо нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн дагуу эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 40 минутад нэр дэвшигч Бгийн талаар гаргасан Т.Бгийн гомдлын шаардлагын хүрээнд асуудлыг хэлэлцсэн.
     Асуудлыг хэлэлцэхээс өмнө Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар заалтын дагуу нийт бүрэлдэхүүнээр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх мэдэгдэл, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг бөглүүлж, бүрэлдэхүүний 6 нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаж, 1 гишүүн буюу Д.Ш зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргасан тул тухайн хуралдаанаас гаргасан.
Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь заалтыг удирдлага болгон нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлгүй тул нэр дэвшигч Бг нэрийн жагсаалтаас хасахгүй байхаар шийдвэрлэсэн.
Мөн гомдол гаргагч Т.Б нь гомдлоо буцаан авсан, нэр дэвшигч Б нь өргөдөл шийдвэрлэх хугацаанд төлбөрөө бүрэн төлсөн болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/2186 тоот албан бичгээр 10 дугаар сарын 10-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор ажиллагааг дуусгавар болгосон зэрэг нь баримтаар нотлогдоно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С сумын сонгуулийн хороо хуулиар заасан хугацаандаа нягтлан шалгаж Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-т заасан өр төлбөртэй эсэх талаар лавлахад тухайн нэр дэвшигч нь өр төлбөргүй байсан. Үүнээс хойш буюу иргэн Бгийн өргөдлийн дагуу шалгахад С сумын 4-р багийн иргэн нэр дэвшигч Б нь өртэй байсан. Нэр дэвшихээсээ өмнө өртэй байсан гэдгээ хэлээгүй, Сонгуулийн хороонд Б гуай хуулийг ойлгоогүй гэдэг тайлбар ирүүлсэн. 
С сумын сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 114-р зүйлд заасны дагуу Бтай холбоотой гомдлыг нягтлан шалгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий газраас лавлагаа авахад нэр дэвшигч нь өр төлбөргүй болох тухай 5/2186 тоот албан бичгээр хариу мэдэгдсэн. 
Зөрчил илэрвэл, илэрмэгц гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарлаагүй учраас сонгуулийн хороо үүнийг илэрмэгц гэсэн бол өөр байх байсан, илэрвэл гэж байгаа учраас өртэй байсан ч өрөө төлсөн, асуудлыг нь хэлэлцэх үед өргүй болсон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгээр тогтоогдсон тул өртэй байдал илрээгүй гэж үзэж шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамж Сонгуулийн хороонд эх хувиараа ирээгүй, шүүхийн шийдвэрийг эргэлзээтэй гэж үзсэн. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэр дэвшигч Б нь өр төлбөрөө бүрэн барагдуулсан лавлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн учраас С сумын сонгуулийн хорооноос түүний нэрийг хасах үндэслэлгүй байна гэж үзсэн. С сумын сонгуулийн хороо дарга, нарийн бичиг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаараа хэлэлцээд шийдвэрлэсэн. 159.1 дэх заалтыг дурдаж аливаа хэрэг маргааныг 2 талаас нь харж шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуульд зааснаар аль нэг талыг бариагүй. Сонгуулийн хороо хараат бус ажилласан. Нэр дэвшигч Бгийн сонгогдох эрхийг хангаж шийдвэр гаргасан. А намын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бгийн нэрийг нэр дэвшигчээс хасуулах тухай нэхэмжлэл гаргасанг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэн Т.Б нь 10 дугаар сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өрөө төлж дуусгавар болсон тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгээс тодорхой харагдаж байгаа. Нэр дэвшигчээс хасагдаагүй учраас л ингээд байгаа байх. 1600 гаруй хүний саналыг авч сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гишүүнээр сонгогдсон байгаа. Ард түмэн өөрсдөө мэдээд сонгуулиа өгч сонгосон. Ард иргэдийн саналыг намын ялархал гэдэг юм уу энэ дээр гомдол гаргаснаар сонголтыг нь яах юм бэ, маргааны асуудал хууль зөрчсөн асуудал биш ээ. Захирамжаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах талаар яриад байна. Өөрчилж гаргаж ирээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. С сумын сонгуулийн хороо хуульд заасан шийдвэр гаргасан байна. 
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлээр зөрчил гээд байгаа төлбөр нь төлөгдөөд дууссан байна. Үүнийг зөрчил гэж үздэг юм уу. Чи өртэй байсан шүү, өрөө төлөө гэж хэлж болох юм уу, магадгүй нэхэмжилж байгаа хүмүүс бүгдээрээ дэмжээд төлбөр болгоод асуудал гарч байна. Төрийн албыг гацаах гээд байна. Ард түмнийхээ сонголттой шударгаар эвлэрсэн бол баярлах байлаа. Хүний эрхийг зөрчөөд байна гэв.
Б гэдэг хүний эрх ашиг зөрчигдөж байгаа. эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй байгаа учраас дараах хууль зүйн үндэслэлээр итгэмжлэлээр оролцож тайлбар гаргаж байна. Сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах талаар яриад байна. Сонгуулийн хороо маш том байгууллага нийтийн журмаар хэрэг маргааныг шийддэг. Нэрсийн жагсаалтаас хасах талаар заасан. Нэхэмжилж байгаа тал уншаад судалж болдоггүй юм уу, нэр дэвшигч нэрсийн жагсаалтад бүртгэгдээд мандат аваад явах хүртэл тодорхой байгаа. Нэрсийг бүртгэх талаар яриагүй. Энэ үед янз бүрийн юм илрээгүй байна. Бүртгэлсэн хойно нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад явсан хойно гомдол гаргасан байдаг. Хүсэлт гаргасангүй, зөрчил илрэх, зөрчил дуусах гэдэг талаар маргаан үүсэх гэж байсан. Эрх зүйд хориглоогүй зүйлийг хийнэ гээд заасан. Зөрчил гэдэг чинь юу юм бэ гэдэг талаар нийгэмд учирсан хор хохирол гэж ойлгоно. Мөнгөө төлсөн, иргэн өргөдлөө татаад авчихъя гэсэн. Б мөнгөө л авъя гэсэн. Энэ дээр нь А нам дөрөөлөөд явсан. Энхжаргал гэдэг хүн нэр дэвших гээд байгаа юм уу, эцсийн үр дүн нь нэг намын хүн нь илүү гарсан байна. Хэнд ашигтай юм бэ энд суугаад байгаа хүмүүст л ашигтай, нэгийгээ татаж унагаах гэсэн зүйл яваад байна. Та бүхний хувьд хууль зөрчигдсөн зүйл байхгүй. Хонгорзул очиж юм зааж өгөөд тэрний хэлснээр шийдсэн юм шиг яриад байна. Хонгорзул очсоноор эднийх асуудлыг шийдээгүй. Шийдвэр гаргасан хүмүүс гарын үсэг зурсан байдаг юм. Иргэн Бгийн эрх ашиг зөрчигдөхөөр байна. Жижигхэн сэжим гарахаар дөрөөлөх хэрэггүй хуульч хүний хувьд, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд А намын гаргасан нэхэмжлэл хууль бус байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн А нам нь С сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хороонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хороо нь /цаашид “Сонгуулийн хороо” гэх/ Сонгуулийн тухай хуульд заасан хугацаанд нэр дэвшигч нарын баримт бичгийг хүлээн авсан бөгөөд Монгол Ардын намаас орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч Бг хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан, холбогдох баримт бичгийг ирүүлсэн гэж үзэн нэр дэвшигчээр бүртгэсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Сонгууль зохион байгуулах үйл явц, үйл ажиллагаатай холбогдуулан аливаа этгээд сонгуулийн байгууллагад өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй” гэж заасны дагуу С сумын 6-р багийн иргэн Түндэвийн Б нь “Монгол Ардын намаас нэр дэвшигч Бг орон нутгийн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өртэй байсан асуудлыг хянан шийдвэрлэж” өгнө үү гэсэн агуулга бүхий өргөдлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр С сумын сонгуулийн хороонд гаргасан болох нь иргэн Т.Бгийн өргөдөл  болон өргөдөл хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбараар , мөн иргэн Т.Бгаас аймгийн А намд дээрх асуудлын талаар мэдэгдсэнээр тус намаас С сумын сонгуулийн хороонд “Бг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх арга хэмжээ авахуулах” тухай гомдлыг гаргасан болох нь аймгийн А намын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/167 дугаар албан бичгээр  тус тус тогтоогдож байна.
Сонгуулийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “... өргөдлийг хүлээн авсан зохих шатны сонгуулийн байгууллага өөрийн эрх хэмжээний асуудал мөн бол гурав хоногийн дотор шийдвэрлэнэ”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д “ ...сонгуулийн хорооны шийдвэр нь ...албан бичгийн хэлбэртэй байна” гэж тус тус заажээ. Сонгуулийн хороо “Бг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах” тухай асуудлыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн ба “Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэлгүй” гэж үзэж, энэ талаарх 2016 оны 10  дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай албан бичгийг  Дорноговь аймгийн А намын даргад хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл “Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх” шийдвэр буюу захиргааны акт гаргахаас Сонгуулийн хороо татгалзсан байх ба энэхүү шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн байна. Үүнд:
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд “Нэр дэвшүүлэх нийтлэг журам”-ыг хуульчилсан ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:”, 154.3.1-д “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэж тус тус заасан байх ба “... иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй” гэдгийг нэр дэвшүүлсэн намаас Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаанд нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн хороонд бүртгүүлэхээр ирүүлэх үед нэр дэвшигч нь “...шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, ...өргүй”, түүнчлэн нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д заасан “өр төлбөргүй болох тухай” мэдүүлгээ үнэн зөв гаргасан байхаар тус тус ойлгож хэрэгжүүлэхээр байна.
Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2016/00280 дугаар захирамжаар Б нь 2.810.250 төгрөгийг иргэн Т.Бд төлөхөөр хүлээн зөвшөөрч, шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталсан байх ба уг шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байна. Гэтэл Б нь иргэн Т.Бд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй байдлаа нуун дарагдуулж, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “өр төлбөргүй” гэсэн хуурамч мэдүүлгийг сонгуулийн хороонд гарган өгсөн болох нь Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2016/00280 дугаар захирамж,  хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар,  гуравдагч этгээд Бгийн С сумын Сонгуулийн хороонд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан тайлбар  зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Бгийн “өртэй байдал” нь түүнийг сонгуульд нэр дэвших, Монгол Ардын намаас түүнийг нэр дэвшигчээр бүртгүүлэхээр хуульд заасан баримт бичгийг сонгуулийн хороонд хүргүүлэхээс 35 хоногийн өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байжээ.
Б нь иргэн Т.Бд төлөх 2.810.250 төгрөгийн төлбөрийг Т.Бг сонгуулийн хороонд өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны Хаан банкны 5360331195 дугаарын дансанд шилжүүлж төлбөрөө бүрэн барагдуулсан болох нь Хаан банкны орлогын мэдүүлгүүд , Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1217 дугаар албан бичиг  зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Дээр дурдсанчлан Бгийн нэр дэвших үедээ шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй байснаа нуун дарагдуулж хуурамч мэдүүлэг гаргасан болох нь тогтоогдсон, илэрхий болсон байхад С сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр хуралдаанаараа  /Т.Б болон Дорноговь аймгийн А намаас ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцсэн/ Сонгуулийн тухай хуулийн зохих зүйлүүдийг буруу тайлбарлан “өртэй байсан боловч, одоо өрөө төлж барагдуулсан” нь нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй гэж дүгнэн “Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх” тухай шийдвэр гаргахаас татгалзаж шийдвэрлэсэн ба ийнхүү татгалзсан үндэслэлээ “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар Б өр төлбөргүй байсан, шүүгчийн захирамж эх хувиараа ирээгүй, эргэлзээтэй байсан” гэхчлэн илэрхий болсон нотлох баримтыг гуйвуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хариуцагч Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасан “сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах” үүргээ биелүүлэлгүйгээр мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “...Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:”, 5.1.1-д “хууль дээдлэх”; 5.1.5-д “маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж заасныг тус тус зөрчин, “Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх” шийдвэр гаргахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.
Нэхэмжлэгч нь анх шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу орон нутгийн хурлын сонгуулийн санал авах үйл ажиллагаа эхлээгүй байхад нэхэмжлэл гаргасан ба шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаанд сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа явагдан, дүн гарч Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох, түр үнэмлэх олгох тухай” 06 дугаар тогтоолоор Бг С сумын 3 дугаар тойрогт иргэдийн төлөөлөгчөөр сонгогсонд тооцон, түр үнэмлэх олгосон нөхцөл байдал бий болсон байна.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлд “Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах” тохиолдлыг хуульчилсан ба 159 дүгээр зүйлийн 159.3 “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж зааснаар Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргахыг Дорноговь С сумын Сонгуулийн хороонд даалгах нь үндэслэлтэй байна. 
“Бгийн орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж байгаа хэдий ч бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах талаар мөн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4-т “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж заасан зохицуулалттайг, мөн шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хуульд заасан нотлох баримт шаардлага хангаагүй зарим нотлох баримтыг үнэлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон


ТОГТООХ нь:


        1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 34 дүгээр зүйлийн 34.1.2, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн А намын нэхэмжлэлийг хангаж, “Бг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай” шийдвэр гаргахыг Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хороонд даалгасугай.
          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дорноговь аймгийн А намаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн С сумын Сонгуулийн хорооноос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОТГОНТУЯА