Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01457

 

П.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Зозаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00476 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1748 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч П.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-д холбогдох,

Үндэслэлгүй төлсөн 11 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн УН3 07-43 дугаартай Лексус Ар Икс-400 маркийн машиныг барьцаалж, 11 000 000 төгрөгийн зээл авахаар “Юу Би капитал кредит” ББСБ-тай гэрээ хийсэн. Гэтэл уг зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой 11 000 000 төгрөгийг надад гаргаж өгсөнгүй. Учрыг асуухад эхлээд банкнаас банк руу шилжүүлэхэд 2 хоног болно гэж хэлсэн ба 2 хоногийн дараа дахин лавлахад С.Олдохын өр рүү шилжүүлсэн гэж хариулсан.Тус зээлийн гэрээнд П.Дэлгэрмаа би өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зээлийн гэрээний дагуу олгогдох ёстой мөнгийг хэн нэгэнд шилжүүлэх талаар бид ямар ч гэрээ хийгээгүй билээ. Би зээлийн гэрээний дагуу мөнгөө авч чадаагүйгээс бидний хооронд маргаан үүссэн хэдий ч, мөнгө хурдан өг, зээлээ хурдан төл, чадахгүй бол машиныг чинь хураана, шүүхээр яваад юу ч олж долоохгүй гэх мэтээр айлган сүрдүүлж байсан. Ингээд би зээлийн гэрээний дагуу мөнгөө авч чадаагүй ч гэсэн тухайн үед машинаа зарах шаардлага гарсан тул арга буюу машинаа зарж, миний машиныг худалдаж авсан иргэн Сурмаажав нь гэрээний дагуу мөнгийг төлж зээлээс чөлөөлсөн. Эндээс харахад тухайн ББСБайгууллага нь Монгол Улсын хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтуудыг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тодорхой байгаа бөгөөд энэ нь санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар илэрч, Дэлгэрмаа миний бие нь ззэлийн гэрээний дагуу мөнгөө аваагүй нь баримтаар тогтоогдсон байна.Иймд би “Юу Би капитал кредит” ББСБ-ын буруутай үйл ажиллагаанаас болж зээлээ авч чадаагүй атлаа төлсөн 11 000 000 төгрөг төлсөн. Иймд миний төлөх ёсгүй мөртлөө төлсөн 11 000 000 төгрөгийг хуулийн дагуу хариуцагч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн П.Дэлгэрмаагийн нэхэмжилж буй 11 000 000 төгрөгийн зээлийн асуудал нь анх 2014 оны 05 дугаар сарын үед С.Олдох нь “Би өөрийн эхнэрийн авто машиныг барьцаанд тавьж өөрийн авсан зээлийн эргэн төлөлт болох 11 000 000 төгрөгийг тушаая” гэсэн хүсэлт тавьсан ба бид хэрэв барьцаа хөрөнгө нь хангалтай бол болно гэсэн шийдвэр гаргаж тус зээлийг С.Олдохын эхнэр П.Дэлгэрмаа өөрөө ирж зээлийн гэрээ хийж зээл авсан. Энэ үед С.Олдох нь П.Дэлгэрмааг өөрийн эхнэр гэж танилцуулсан болно. П.Дэлгэрмаа нь өөрийн автомашинийг Б.Галхүү гэж хүнд худалдаж зээлээ хаасан болно. Дээрх 2 хүн зээл авахдаа салсан эсэх талаараа хэлээгүй бөгөөд одоо ийм зүйл гаргаж яриад байгаа нь үндэслэлгүй болно.Дээрх гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдаж, нотариатаар баталгаажуулж мөнгөө бэлнээр болон С.Олдохын өрөнд шилжүүлэх П.Дэлгэрмаа нарын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хийгдсэн болно П.Дэлгэрмаагийн нөхөр С.Олдох нь олон удаагийн давтан үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгагдаад хэрэг нь яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд шилжих болоход өвчтэй гэх шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа бөгөөд энэ хэрэгт П.Дэлгэрмаа нь манай ББСБ-ыг С.Олдохын авсан дээрх 11 000 000 төгрөг болон С.Олдохын бусад зээл төлбөрийн асуудлаар удаа дараа гомдол өгч шалгуулсан боловч ямар нэгэн хууль зөрчөөгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтээр тогтоогдсон байхад нэхэмжлэлдээ төрийн байгууллагын дүгнэлтийг гуйвуулж хуурамч баримт дурдаж гүтгэж байгааг эрс эсэргүүцэж байна.Эдгээр асуудлаар П.Дэлгэрмаа гэгч этгээд нь худал гүтгэлэг тарааж манай байгууллагын нэр хүндийг гутааж, өөрсдийн хууль бус үйлдэл, мөнгө төгрөгөө төлөхгүй байх зорилгоор энэ зальт үйлдэлдээ Санхүүгийн зохицуулах хороог ашиглахаар удаа дараа явуургүй оролдлого хийж байсан бөгөөд Цагдаагийн байгууллагын албан хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн П.Дэлгэрмаагийн удаа дараагийн гомдлоор хуулийн дагуу зохих шалгалтыг хийж нийт 3 удаа П.Дэлгэрмаагийн зээлийн талаар дүгнэлт гаргаж хууль зөрчөөгүй болохыг тогтоосон болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00476 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-иас 11 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Дэлгэрмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1748 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...П.Дэлгэрмаагийн нөхөр С.Олдох нь олон удаагийн давтан үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн МБТ-т шалгагдаад хэрэг нь яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд шилжиж байгаа бөгөөд энэ хэрэгт П.Дэлгэрмаа нь манай ББСБ-ыг С.Олдохын авсан дээрх 11 сая төгрөг болон С.Олдохын бусад зээл төлбөрийн асуудлаар удаа дараа гомдол өгч шалгуулсан боловч С.Олдохын зээлийг төлсөн нь ямар нэгэн хууль зөрчөөгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтээр тогтоогдсон, харин анхан шатны санхүүгийн баримтын бүрдүүлбэр хангаагүй асуудлаар захиргааны шийтгэл оногдуулж торгосон нь уг зээлийн төлөлттэй холбоогүй болно.П.Дэлгэрмаа нь дээрх эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө байр, машинаа зарж С.Олдохын зээлийг төлсөн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар зээлийг төлсөн хүсэлт зоригоо илэрхийлсэн байх тул зээлийн гэрээ болон С.Олдохын зээлийг төлсөн үйл баримт нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч П.Дэлгэрмаа нь бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн болохоо илэрхийлсэн байна гэж үзэж байна. Үүнийг анхан болон давах шатны шүүх нотлох баримтыг орхигдуулан үнэлээгүй гэж үзэж байгаа тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.Гуравдагч этгээд С.Олдох нь зээлийн 4 удаагийн төлөлт хийснээ хүлээн зөвшөөрсөн уг үйл баримт нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа, ББСБ-ын мөнгө гаргасан зарцуулалт нь П.Дэлгэрмаа, С.Олдох нар хамтын амьдралтай буюу гэрлэлтээ цуцлуулаагүй байсан үедээ авч ашигласан зээлийн эргэн төлөлтөд зарцуулагдсан болох нь нотлогдож байгаа, одоо ББСБ дахин 11.0 сая төгрөг гаргаж нэхэмжлэгч П.Дэлгэрмаад өгсөн тохиолдолд нэгэнт зарцуулагдсан мөнгийг С.Олдох, П.Дэлгэрмаа нарт дахин олгож хохирох нөхцөл байдал үүсч байх тул нэхэмжлэлд заасан 11.0 сая төгрөгийг П.Дэлгэрмаад буцаан өгөх үүрэг нь С.Олдоход үүссэн болох нь тодорхой байгаа тул нэхэмжлэгч П.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлүүлэхээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргав гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “гэрээний дагуу надад олгогдох ёстой 11 сая төгрөгийг “ хариуцагч “Юу Би капитал кредит ББСБ” ХХК-иас гаргуулахыг хүсчээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу олгогдвол зохих мөнгийг хариуцагч ББСБ С.Олдохын зээлийн өрд шилжүүлсэн явдлыг заажээ.

Улсын Дээд шүүх 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001\01Т2016\00189 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой бус байгааг тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “П.Дэлгэрмаа нь хариуцагчаас 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан гэрээний үүрэг биелүүлэхийг буюу 11 000 000 төгрөгийн зээл олгохыг эсхүл төлөх ёсгүй өр төлүүлсэнийг буцаан гаргуулахыг шаардсан эсэх нь ойлгомжгүй байна” гэж үзжээ.

Нэхэмжлэгч П.Дэлгэрмаа дээрх тогтоолын дагуу шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “иймд би зээлээ аваагүй мөртлөө зээлээ төлчихсөн учраас гэрээний дагуу олгогдох ёстой авч чадаагүй 11 000 000 төгрөгөө авахаар нэхэмжлэл гаргаж байгаа билээ” гэж нэхэмжлэлээ тодруулсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан “Юу би капитал ББСБ” ХХК-ББСБ-с 11 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол буцаан  шаардах эрхтэй байна. “Гэрээний дагуу олгогдох ёстой авч чадаагүй 11 000 000 төгрөгөө авахаар” гаргасан нэхэмжлэгч П.Дэлгэрмаагийн шаардлага Иргэний хуулийн дээрх зохицуулалтад хэрхэн хамаарч буй нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг олгогдоогүй зээлийг авах тухай гэж үзвэл шүүх зээл олгогдсон эсэх үйл баримтын талаар эрх зүйн талаас дүгнэлт хийх ёстой байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулга, түүний үндэслэл, маргааны зүйл чухамхүү юу болохыг шүүх зөв тодорхойлсны эцэст шийдвэр гаргах учиртай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг шийдвэрлэснээр эрх зүйн маргааныг тасалсан гэж үзэх боломжгүй юм.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001\01Т2016\00189 дүгээр тогтоолд хариуцагч байгууллагын нэрийг буруу бичсэн талаар тодорхой тэмдэглэсэн байхад анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч хуулийн этгээдийн нэрийг мөн л ташаа бичиж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжийг алдагдуулсан байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолын шаардлага бүрэн хэмжээгээр биелэгдээгүй, шүүх хууль буруу хэрэглэсэн байх ба хяналтын шатны шүүх алдааг шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2016/00476 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1748 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН