Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00537

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03130 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч Б ТӨХХК, ТӨБЗГ-т тус тус холбогдуулан дутуу авсан цалинд 7,798,626 төгрөг, хууль бусаар түдгэлзүүлснээс ажил үүрэг гүйцэтгүүлээгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 139,653,173 төгрөг, нийт 147,451,799 төгрөг гаргуулах, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие 3 шатны шүүхийн шийдвэрээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 415 дугаар тогтоолоор эрхэлж байсан Б ТӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилогдож, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээж авсан. Гэвч ажил олгогч шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон атлаа хоёр сар гаруй хугацааны дараа гэнэт хууль бусаар 72 дугаар тогтоолыг гаргаж эрхэлж байсан ажлаас хууль бусаар түр түдгэлзүүлсэн. Энэхүү 72 дугаар тогтоолыг 3 шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэж хүчин төгөлдөр болсон боловч өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр, цалин хөлсөө аваагүй хохирсоор байна. Анх тус шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 924 тоот шийдвэр гаргаж миний цалин хөлсийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох ажил олгогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 онд надтай шинээр хийсэн хүчин төгөлдөр контрактыг байсаар байтал тэрийг үнэлэхгүй, миний цалин хөлсийг хуучнаар ТӨХ-ны тогтоолоор 2014 онд хүчингүй болсон 10 жилийн өмнөх 2011 оны контрактын хүчингүй болсон цалингаар тооцон хасч гаргасан үндэслэлгүй магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасан. Ажил олгогч нь Биокомбинатын бүх цалингийн санг жил бүр 20-30 хувиар нэмэхээс гадна захирлын цалинг 2013 оноос хойш 1,500,000 төгрөг, 1,800,000 төгрөг, 2,300,000 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоож, тухай бүр ТӨБЗГ-ын тогтоолоор шинэчлэн баталж мөрдсөөр ирсэн. ТӨБЗГ-аас цалингийн сан, цалин хөлсийг шинэчлэн шинээр тогтоол гарах бүрт урдны гэрээгээр авч байсан цалингууд хүчингүй болдог. Ажил олгогч ТӨБЗГ нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаа түр хүлээлгэн өгсөн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд миний биеийг цалин хөлсөө авах боломж нөхцөлийг олголгүй ажиллуулсан. Контрактаа байгуулах хүсэлтийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч гэрээг байгуулаагүйгээс цалин шийдэгдээгүй, би ажил үүргээ цалин хөлс авалгүйгээр гүйцэтгэсээр байсан.

                 Миний бие захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 54 тоот тогтоолыг үндэслэн Б ТӨААТҮГ-ын 2018 оны удирдлагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санг баталсан Б/36 дугаартай тушаалыг гаргасан ба уг тушаалд мөн захирлын цалин 2,300,000 төгрөг байна. Биокомбинатын бүх ажилчид 2018 онд энэ 54 тоот тогтоолоор цалингаа авсан. Ажил олгогч нь өөрийн гаргасан 54 тоот тогтоолыг үндэслэн баталж над руу явуулсан контрактын 4 дүгээр хуудсанд Цалин хөлс урамшуулал ажлын нөхцөл хэсэгт Захирлын албан тушаалын сарын үндсэн цалин 2,300,000 төгрөг болно гэж тогтоож бичсэн. Энэхүү контракт дээр ажил олгогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг төлөөлж Бодлого, зохицуулалт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Б гарын үсгээ зурж баталгаажуулж, ТӨБЗГ-ын тамга дарсан энэхүү контрактыг хүчин төгөлдөр гэж үзнэ. Надаас ажил түр хүлээж авсан захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн В.Д 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/72 дугаартай тушаалыг гаргасан. Энэ тушаалаар цалингийн санд ямар ч өөрчлөлт ороогүй бөгөөд зөвхөн миний нэрний оронд В.Д гэж өөрийн нэрээ л бичсэн болно. Миний гаргасан Б/36 тоот тушаал болон захирлын үүрэг гүйцэтгэгч В.Д-ын гаргасан Б/72 дугаартай тушаалд хоёуланд нь захирлын үндсэн цалин 2,300,000 төгрөг гэж байна.

                 Контрактын гэрээнд ажил олгогч гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулсан байсан ч хугацаан дээрээ тохиролцож байж миний зүгээс гарын үсгээ зурах гэж байтал ТӨБЗГ-аас гэнэт 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хуралд ирээрэй гэж дуудаад, хуралд суухаар очтол энэ хурлаараа шууд л ажлаас хууль бусаар түдгэлзүүлж 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр арга буюу ажлаа хүлээлгэн өгсөн. Ажиллаж байх хугацаандаа цалин хөлсөө аваагүй 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаа түр хүлээлгэн өгсөн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн. Биокомбинатын гүйцэтгэх захирлын сарын үндсэн цалин хөлс 2,300,000 төгрөг, дээр удаан жилийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувиар буюу 460,000 төгрөг, мал эмнэлгийн ухааны докторын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувиар буюу 345,000 төгрөгийг нэмж авах учиртай. Нэг сард авах ёстой цалин 3,105,000 төгрөг болно. Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 нийт ажлын 54 хоног цалин хөлсгүй ажилласан. 7,798,626 төгрөгийг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар надад олгох үүрэгтэй.

                 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба ажил олгогч ТӨБЗГ-ын намайг ажлаас хууль бусаар түр түдгэлзүүлсэн шийдвэр хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үеэс цалин хөлсний нэхэмжлэл гаргах эрх үүссэн. Мөн 72 тоот тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гарснаас 3 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг зөрчөөгүй болно. Миний бие ажил олгогч ТӨБЗГ-ын хууль бус шийдвэрээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр эрхэлж байсан ажлаа хууль бусаар түр хүлээлгэж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дараах үндэслэлээр нэхэмжилж байна. Ажлаас түдгэлзүүлсэн 72 тоот тогтоол 3 шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тохиолдолд ажил олгогч ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх ёстой. Миний зүгээс ажлаа буцаан хүлээн авах, үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэх талаар ажил олгогч ТӨБЗГ-ын удирдлагад удаа дараа бичгээр санал, хүсэлт гаргасан боловч ажил олгогч намайг ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж өнөөдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоол болон хөдөлмөрлөх эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэх тухай 2012 оны зөвлөмжид Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзнэ гэж тайлбарласан. Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 967 хоног ажилгүй байсан хугацааны цалин 139,653,173 төгрөг болж, нийт 147,451,799 төгрөг нэхэмжилж байна. Мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

                 2. Хариуцагч Б ТӨХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа өөрөө тодорхойлдог бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч мөн эсэхийг тогтоодог. Нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулж, цалин хөлсөө нэхэмжилсэн буруутай этгээд нь манай компани биш. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч ажил үүргээ тодорхой хугацаанд гүйцэтгээгүй тул уг хууль бус тогтоолыг гаргасан захиргааны байгууллагаас цалин хөлсөө гаргуулах ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажлаас буруу халсан аль эсхүл буруу түдгэлзүүлсэн тохиолдолд мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар эргээд ажилдаа томилогдсон байдлыг харгалзан үзэж, нөхөн олговор олгодог. Ажлаас халсан, түдгэлзүүлсэн, шилжүүлсэн, цуцалсан зэрэг нь тус бүрдээ хуульчлагдсан байдаг. Нэхэмжлэгчийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолоор ажилд томилсон, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгчийг тухайн байгууллагын захирлын албан тушаалаас халсан эсхүл буруу шилжүүлсэн зүйл байхгүй. Ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй үүрэг бол тухайн захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Энэ талаарх асуудлыг иргэний шүүх шийдвэрлэхгүй. Мөн уг хэргийн хариуцагч нь Б ТӨХХК биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр байхгүй. Уг шийдвэр байхгүй тохиолдолд ажилтны авах ёстой байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг цалин өгч байсан байгууллагаас өгөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                 Хариуцагч ТӨБЗГ-ын татгалзал, тайлбарын агуулга: Төрийн өмчийн хороо нь Улсын Их хурлын 2015 оны тогтоолоор татан буугдаж, Сангийн яаманд шилжсэн бөгөөд 2016 оны Улсын их хурлын тогтоол, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор чиг үүрэг нь Худалдах авах ажиллагааны газартай нэгдэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэх агентлаг болсон. Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж, УТҮГ болгосон. Б ТӨААТҮГ нь 2018 оноос эхлэн УТҮГ болсон учир өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр зөвхөн төрөөс санхүүждэг болж өөрчлөгдсөн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн бөгөөд дарга болон орон тооны бус 8 гишүүнээс бүрддэг. Уг 72 дугаар тогтоолыг дан ганц дарга нь гаргаагүй бөгөөд бусад 8 гишүүнээс бүрдсэн хурлаас гарсан тогтоол юм. Уг тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас удаа дараа ирүүлсэн гомдол, хүсэлт, санал, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Б.Б ыг ажлаас нь түдгэлзүүлсэн. Контрактын гэрээг 3 үндэслэлээр байгуулахаас татгалзсан. Санхүүгийн цагалбартай нийцүүлэн 3-6 сарын хугацаатай контрактыг байгуулдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 5 хүртэл жил байгуулахаар хуульчилсан. Төрийн өмчит компани болон захирлуудын тухайн өмнөх жилийн ажлыг дүгнээд хувьцаа эзэмшигчийн хурал хуралдаж, контрактын гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Контрактын гэрээнд нэмэлтээр байгууллагын ажилчдаас захирлын үйл ажиллагаанд удаа дараа гомдол, санал гаргасан бол ... гэх заалтыг оруулж өгсөн. Учир нь Биокомбинат ТӨААҮГ нь улсын онцгой обьектод хамаарч төрийн тусгай хамгаалалтад байдаг учраас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, байгууллагын ажилчдын санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэж, хөдөлмөрлөх эрхийг хангах гэдэг байдлаар дээрх заалтыг оруулж өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь контрактын гэрээ байгуулахаас татгалзсан тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас түүнийг түр түдгэлзүүлсэн тухай тогтоол гарсан. Тус газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 дугаар тогтоолоор Б.Б ыг урьд эрхэлж ажилд нь эгүүлэн томилсон бөгөөд ажлыг нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Улмаар мөн өдөр контрактын гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, тэдний хооронд контрактын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул гэрээнд заасан гэх 2,300,000 төгрөгөөр тооцож, цалин олговор нэхэмжлэх эрхгүй. Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа ба өмнөх байгуулагдсан контрактын гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай дахин контрактын гэрээ байгуулах шаардлагагүй, хүчин төгөлдөр байгуулагдсан контрактын гэрээгээр мөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар сарын цалин 990,000 төгрөгөөр цалинжиж байсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨХХК-иас 144,851,860 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,599,939 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, хариуцагч ТӨБЗГ-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б ТӨХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,800 төгрөгнөөс 139,728 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 94,072 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б ТӨХХК-иас 882,209 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

          4. хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх магадлал, тогтоол гарснаас хойш хзргийг шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт шинээр нэмж авагдаагүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

          Монгол Улсын Дээд шүүх 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор “2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш Б.Б ыг ажилд эгүүлэн тогтоосон ямар нэгэн шийдвэр хэрэгт байхгүй тул шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36. 1.2, 69 дүгээр зүйлийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэж үзнэ” гэж дүгнэсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг үндэслэж ажилтанд цалингийн олговор олгох тохиолдолд ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон шийдвэр заавал гарсан байх урьдчилсан нөхцөлийг хуульчилсан байна. Хэрэгт нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон баримт огт байхгүй байхад анхан шатны шүүх шийдвэрт “ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх учиртай тул хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ТӨБЗГ-ын эс үйлдэхүйг тогтоосон захиргааны байгууллага болон захиргааны шүүхийн шийдвэр гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч мөн хуулийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно... гэж зааснаар цалин, олговроо нэхэмжлэх эрхтэй” гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг хэрэглэх урьдчилсан нөхцөл болох ажилтныг өмнөх ажилд томилсон шийдвэр байгаа эсэх эсхүл яагаад томилсон гэж үзэж буй талаараа үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

          Нэхэмжлэгч Б.Б ыг ажилд томилсон тогтоолыг түдгэлзүүлсэн 72 дугаар тогтоолыг анхан шатны шүүх шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1681 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болсны дараа нэхэмжлэгч Б.Б нь өөрөө ажил үүргээ гүйцэтгээгүй юу, эсхүл зохих төрийн байгууллага албан тушаалтан түүний ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй талаар баримт хэрэгт авагдаагүй байхад цалин олговор гаргаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ямар шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй гэдгийг тогтоогоогүй тохиолдолд нэхэмжлэгч нь цалин олговор гаргуулах нэхэмжлэлийг тодорхой хугацаа өнгөрсний дараа дахин шүүхэд гаргах боломжтой байдлаар шүүх шийдвэрлэсэн.

          Анхан шатны шүүх хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн сарын цалинг 2,300,000 төгрөгөөр тооцсон нь мөн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг хариуцагчийн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянасан болно.

 

2.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

3.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Б” ТӨХХК болон ТӨБЗГ-т холбогдуулан дутуу авсан цалинд 7,798,626 төгрөг, хууль бусаар түдгэлзүүлснээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 139,653,173 төгрөг нийт 147,451,799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

4. Б.Б нь “Б” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Төрийн өмчийн хорооны /одоогийн нэрээр Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын/ 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн тул тэрээр ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай  шаардлага гаргасныг хангасан 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

                       /хэргийн 1-р хавтасны 86-102 дахь тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж нэхэмжлэгч Б.Б ыг хариуцагч ТӨБЗГ нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 дугаар тогтоолоор өмнө эрхэлж байсан “Б” ТӨААТҮГ-ын захирлын ажил албан тушаалд эгүүлэн томилсоноос хойш 2 сарын дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч “Б” ТӨААТҮГ нь тус байгууллагын захирлын ажил албан тушаалыг нэхэмжлэгч Б.Б од хүлээлгэн өгснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна.

 

5.ТӨБЗГ нь ”Б.Б той контрактын гэрээ байгуулах санал хүргүүлснийг тэрээр гэрээний 1 заалтыг өөрчилсөн 2 заалт нэмсэн гэх үндэслэлээр гэрээ байгуулаагүй, тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас  түүнд холбогдуулан удаа дараа гомдол санал, хүсэлт ирүүлсэн тул үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах үүднээс” гэсэн үндэслэл заан Б.Б-ын эрхэлж байсан ажил албан тушаалыг 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн байна.

/хэргийн 1-р хавтасны 32 дахь тал//

 

Дээрх 72 дугаар тогтоолыг Б.Б эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар уг тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2121 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1890 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болжээ.

/хэргийн 1-р дүгээр хавтасны 119-127, 174-177, 2-р хавтасны 7-9 дэх тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж зааснаар ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг шүүх хүчингүй болгосон тул уг шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй.

 

Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын 72 дугаар тогтоолыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхээр Б.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж байсан болох нь хэргийн 3 дугаар хавтасны 167 дахь талд авагдсан Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А-1/338 тоот албан бичгээр тогтоогдсон байна.

 

6. Мөн Б.Б нь ТӨБЗГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2020/03323 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

/хэргийн 3-р хавтасны 131-136 дахь тал/

 

Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч Б.Б гомдол гаргасан боловч тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШТ2020/00172 тоот тогтоолоор шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр холбогдох байгууллагад хандах эрхтэй гэж дүгнэж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

/хэргийн 3-р хавтасны 134-136 дахь тал/

 

Иймд нэхэмжлэгч нь ажил албан тушаалыг түдгэлзүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс тэрээр ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-ын цалин хөлсийг 2,300,000 төгрөгөөр тогтоохдоо Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 0 3 дугаар сарын 06-ны өдөр “Б” ТӨААТҮГ-ын 2018 оны орон тоо цалингийн санг баталж, уг цалингийн санд захирлын цалинг 2,300,000 төгрөгөөр баталсан, тус байгууллагын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Д 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б/42 дугаартай тушаал гаргаж цалингийн санд өөрчлөлт оруулсан боловч, үйлдвэрийн захирлын цалинг 2,300,000 төгрөгөөр баталсан цалинг өөрчлөөгүй гэж дүгнэсэн үндэслэл муутай болсон.

 

Хариуцагч “Б” ТӨААТҮГ нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/33 тоот тушаалаар ажилтнуудын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн санг баталж захирлын цалинг 922,058 төгрөгөөр тогтоосон болох нь хэргийн 2 дугаар хавтасны 218-227 дугаар тал дахь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/33 тоот тушаал, түүний 1, 2 дугаар хавсралт зэрэг баримтаар тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын цалингийн дундажаар /1,747,916 төгрөг+1.747.916 төгрөг+1.271.216 төгрөг=4,767,048 төгрөг:3=1,589,016 төгрөг / тооцож нэг сарын цалинг 1,589,016 төгрөг гэж үзэх үндэслэлтэй тул 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Б.Б од 23 сар 10 хоногийн цалинд 37,379,705 төгрөг хариуцагч “Б” ТӨХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. /4/

                                                                              /хэргийн 1-р хавтасны 250 дахь тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажилд эгүүлэн тогтоох чиглэл өгсөн боловч ажилтныг ажлын байранд нэвтрүүлэхгүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа гэж нэхэмжлэгч тайлбарласан нь энэ маргаанаас тусдаа асуудал юм. Уг үйл баримт бодитой болсон эсэх нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх ёстой бөгөөд хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна. Иймд ажилтны албан тушаалаас түдгэлзүүлэгдсэн байх хугацааны цалин олговрыг шүүхэд хандсан хугацаагаар нь хязгаарлаж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөр шүүхэд гаргасан гэж тайлбарлаж байна. Ажилтныг ажлаас дахин чөлөөлсөн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх хэн буруутай болох нь энэ хэргээс тусдаа тогтоогдох учиртай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дэх хэсэгт зааснаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

7.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Б” ТӨХХК болон ТӨБЗГ-т холбогдуулан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шаардсан.

 

Нэхэмжлэгчийн “хариуцагч байгууллага 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсгүй ажиллуулсан” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна нэхэмжлэгч уг хугацааны цалин хөлс аваагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар дутуу авсан цалин хөлсөө шаардах эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгуулагад гомдлоо гаргах эрхтэй гэж зохицуулсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б од хариуцагч “Б” ТӨХХК-аас цалин хөлс гаргуулахдаа 2,300,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй тул нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 4,994,049 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүгчийн нэрийг орхигдуулсныг ерөнхий шүүгч Д.Д гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад хуулийн нэр дутуу бичсэнийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн гэж тус тус залруулна.

 

Хариуцагч “Б” ТӨХХК-ийн орон тооны бүтцэд захирлын ажил албан тушаалын орон тоо батлагдаж, улмаар захирлын цалинг тус байгууллагын төсөвт суулгасан, нэхэмжлэгчид тус компаниас цалин хөлсийг гаргуулах үндэслэлтэй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4/

 

Анхан шатны шүүх хариуцагч ТӨБЗГ-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03130 дугаар шийдвэрийн удиртгал хэсэгт “Д.Д” гэж нэмж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨХХК-аас 42,373,754 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,078,045 төгрөгт болон хариуцагч ТӨБЗГ-т холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, “882,209 төгрөг” гэснийг “369,819 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ш.ОЮУНХАНД

                                   

                            ШҮҮГЧИД                                          Н.БАТЗОРИГ

 

                                                                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ