2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01274

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 11 191/ШШ2025/01274

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

/Нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ч.******* би иргэн Б.У******* Төв цэнгэлдэх хүрээлэнд 2024.09.20 ба 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тоглолтын үеэр баригдах 12 ширхэг асрын зөвшөөрлийн эрх авах, уг зөвшөөрлийн дагуу шар айраг худалдан борлуулахаар харилцан тохиролцож 2024.09.09-ний өдөр 4269 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний 3.2-т заасны дагуу 2024.09.10-ны өдөр *******ы *******  тоот  харилцах дансанд 100 сая төгрөгийг шилжүүлсэн.

Товлогдсон байсан тоглолт цуцлагдсан тул 2024.09.23-ны өдөр дээрх 4269 тоот гэрээгээ цуцалж, Б.******* надаас авсан 100 сая төгрөгийг 2024.09.27-ны дотор өгөхөөр тохиролцсон боловч дурдсан хугацаандаа Б.******* мөнгөө өгөөгүй, намайг 100 сая төгрөгөөр хохироосон тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл Б.******* нь гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр шүүгчийн 2025.01.08-ны өдрийн 192/Ш32025/02538 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* оршин байгаа хаягийг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.*******ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тавин хувийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ч.*******ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг татварын хэлтсээс буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******ад олгосугай.

 

3. Зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ