Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00584

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00344 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие “М” ТӨХКд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хангамж, үйлчилгээний хэлтсийн аж ахуйн ахлах мэргэжилтнээр ажилд орж байсан ба ажиллаж эхэлсэн хугацаандаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалттай сайн биелүүлж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байсан. “М” ТӨХКийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар намайг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилж, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1779 дугаар хөдөлмөрийн гэрээгээр 3 сарын туршилтын хугацаатай томилсон бөгөөд гүйцэтгэх захирал Д.Б-ийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 тушаалаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд жинхэлсэн. Гэтэл энэ хугацаанаас хойш тус компанийн гүйцэтгэх захирал өөрчлөгдөж, Б.М гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж эхэлсэн. Тус захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаартай тушаалаар намайг жинхэлсэн өмнөх гүйцэтгэх захирлын Д.Б-ийн Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгосон ба уг тушаалыг гаргахдаа надад огт мэдэгдээгүй, тус албан тушаалд өөрийн хүнийг томилох зорилгоор миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал гаргасан гэж үзэж байна. Иймд намайг “М” ТӨХКийн зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Мөн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаар гүйцэтгэх захирлын Б/197 дугаар тушаалыг хүчингүй болгосон болон гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/234 дугаар Б.Б намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “М” ТӨХКийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/119 дугаар тушаалаар Б.Быг 2021 оны 08 сарын 02-ны өдрөөс эхлэн зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар 3 сарын туршилтын хугацаатайгаар томилж, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирал Д.Б-ийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тус өдрөөс эхлэн Захираа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.М ыг гүйцэтгэх захирлаар томилсон. Гүйцэтгэх захирал Д.Б нь ажил, үүргээс чөлөөлөгдсөн өдрөө буюу 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаалаар Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap хөдөлмөрийн түр гэрээтэй ажиллаж байсан Б.Быг хугацаанаас нь өмнө үндсэн ажилтнаар томилсон нь компанийн гүйцэтгэх захирлын тушаалын төсөл боловсруулах, санал өгөх, албажуулах журмыг зөрчиж, ямар нэг санал авахгүйгээр гаргасан, уг тушаалын дагуу Б.Бтай үндсэн ажилтнаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй болно. Нэгэнт үндсэн ажилтнаар томилсон 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаал нь компанийн холбогдох журмыг зөрчиж хариуцсан удирдлагад нь танилцуулж, хянуулаагүй, ямар нэгэн санал аваагүй байх тул гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаар тушаалаар гүйцэтгэх захирал компанийн дүрмийн 8.8.9, 8.8.11-д заасан эрх мэдлийн хүрээнд тус тушаалыг хүчингүй болгосон. Газрын үйл ажиллагааны ерөнхий менежер нь зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын шууд харьяалах дээд удирдлага нь бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Захиргаа хүний нөөцийн хэлтэст хандан ...туршилтын хугацаагаар ажиллаж байгаа Б.Б нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг биелүүлж чадахгүй, алдаа, дутагдал, зөрчлүүд гаргасан. Хариуцсан ерөнхий менежерийн хувьд хяналт тавьсны дагуу гарсан зөрчил, дутагдалыг засаж, залруулах арга хэмжээний төлөвлөгөөг гарган Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргад хүргүүлсэн бөгөөд туршилтын хугацаанд хангалтгүй ажилласан... гэж дүгнэсэн байна. Ажил олгогчийн Б.Бт 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 30/2021 дугаар албан бичгээр туршилтын хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дуусч байгаа ба таныг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, туршилтын хугацаа дуусмагц дуусгавар болох тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Хэдийгээр туршилтын хугацаа дуусмагц Б.Б-ын хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу дуусгавар болгосон боловч ажил олгогчоос ажилтны хөдөлмөрлөх эрхийг хүндэтгэж, Газрын үйл ажиллагааны хэлтэст алдагдсан ачаа тээш хариуцсан мэргэжилтнээр ажиллах саналыг хүргүүлсэн. Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр уг саналын хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж хариу ирүүлсэн. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/272 дугаартай тушаалаар 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Газрын үйл ажиллагааны хэлтсийн Алдагдсан ачаа, тээш хариуцсан мэргэжилтнээр томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажилдаа ирэхгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, компанийн дүрмийн 8.8.11 дэх хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэг, ажилтанд хүргүүлсэн 2021 оны 30/2021 тоот мэдэгдлийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/234 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ТӨХКийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаар тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/234 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаал “М” ТӨХКийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap томилогдсон болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,917,319 төгрөгийг хариуцагч “М” ТӨХКаас гаргуулан Б.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “М” ТӨХКд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “М” ТӨХКаас улсын тэмдэгтийн хураамжинд 125,627 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, шинэ ажлын байр санал болгож, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөнг анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, энэ асуудалд хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй гэж үзэж байна. Мөн ямар үндэслэлээр жинхлэж, үндсэн ажилтнаар томиллосон талаар дүгнэлт хийгээгүй. Туршилтын 3 сарын хугацаагаар томилосон нь ажилтныг тухайн ажлын байранд ажиллахад тэнцэх эсэхийг 3 сарын дараа шийдэх байтал шүүх дүгнэлт хийгээгүй, Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3, компанийн дүрмийн 8.8.11 дэх хэсэг, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх хэсэг, ажилтанд хүргүүлсэн 2021 оны 30/2021 тоот мэдэгдлийг тус тус үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/234 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцэж буй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул давж заалдах шатны шүүх эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “М” ТӨХКд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ТӨХКийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/220 дугаар тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/234 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/197 дугаар тушаал “М” ТӨХКийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргaap томилогдсон болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6,917,319 төгрөгийг хариуцагч “М” ТӨХКаас гаргуулан Б.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг “М” ТӨХКд даалгаж, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхэд эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

 

5. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Эвлэрлийн гэрээ”-г нэг талаас Б.Б, нөгөө талаас “М” ТӨХКийн гүйцэтгэх захирал Б.М , Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Н.Г нар байгуулж, зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч нь “М” ТӨХКийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Быг Газрын үйл ажиллагааны хэлтсийн Алдагдсан ачаа, тээш хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилно. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,917,319 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Эвлэрлийн гэрээнд хариуцагчийг төлөөлж “М” ТӨХКийн гүйцэтгэх захирал Б.М гарын үсэг зурсан байх бөгөөд тэрээр тус байгууллыг төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэргийн 24-25 дахь талд авагдсан “М” ТӨХКийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул түүнийг эвлэрэх эрхтэй этгээд гэж үзнэ.

 

6. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Б.Б, хариуцагч “М” ТӨХКийн гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00344 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь “М” ТӨХКийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Быг Газрын үйл ажиллагааны хэлтсийн Алдагдсан ачаа, тээш хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилно. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 6,917,319 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тус тус тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,630 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдьсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Д.БЯМБАСҮРЭН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ