| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2018/0181/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2018-05-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 190
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Л.Г-т холбогдох эрүүгийн 1710004740221 дугаартай, 187/2018/0181/Э индекстэй хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Л.Ганзориг
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “........” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын 12 дугаар давхарт Б.А-тэй маргалдаж улмаар түүний хамар тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын 12 дугаар давхарт Б.А-тэй “өөрийнх нь хийж байгаа өрлөгийн ажлыг өөр хүмүүст өгөх гэж байна” гэх зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Л.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хэрэг маргаан болсон. Хохирогч нь захирлуудтай ярилцаж намайг биш өөр хүн ажиллуулахаар болсон байсан. Би өрлөг, шаврын ажил хийхээр тохиролцсон байсан. Тэгээд намайг ажлаа хугацаандаа хийж чадахгүй гээд өөр хүн оруулахаар болсон байсан. Тэгээд би нэг удаа цохьсон...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн манай компани Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилга дээр гипсэн тааз угсрах ажил хийж гүйцэтгэж байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн үед барилгын 12 дугаар давхарт тус барилга дээр өрлөгийн ажил хийдэг Л.Г ах намайг дуудахаар нь түүн рүү очтол тэрээр ямар ч үг хэлэлгүй, баруун гараа атгаж байгаад миний хамар руу нэг удаа цохьтол миний хамарнаас цус гарсан. Ингээд би доод давхар руу буугаад, өөрийнхөө гар утаснаас цагдаад дуудлага өгөсн...би Л.Г-той урьд нь хэрэлдэж маргалдаж байгаагүй, өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Дараа нь Л.Г-той ярилцахад “өөрийнх нь хийж байгаа ажилд ахиц гараагүй байна” гэж өөрийг нь захиралд ховлосон гэж намайг буруугаар ойлгосон байсан...Л.Г ах надад эмчилгээний зардал болох 1.500.000 төгрөг өгсөн. Уг мөнгөөр “.......” эмнэлэгт хамартаа мэс засал хийлгэнэ. Миний хувьд гомдол санал байхгүй. Мөн Л.Г ахаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/
3. Гэрч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед барилгынхаа 13 дугаар давхарт өрлөгийн ажил хийх гээд хамт ажиллаж байсан н.М-н хамтаар 12 дугаар давхар руу буугаад иртэл гипсэн таазны бригадын Б.А гэх залуугийн хамарнаас цус гарчихсан сууж байсан. Түүний хажууд Л.Г зогсож байсан. Тухайн үед тэднээс юу болсон тухай асуутал Л.Г нь “энэ өөрийнхөө ажлыг барахгүй байж бид нарын ажлыг булааж авах гэж байна” гээд уурлаад байсан. Ингээд л Б.А, Л.Г нар доод давхар руу буусан. н.М бид хоёр багажаа аваад 13 дугаар давхар руу гараад ажлаа хийсэн...Б.А, Л.Г нар нь урьд хэрэлдэж маргалдаж байгаагүй. Тэдний дунд өр авлага, өш хонзон гэх зүйл байхгүй. Би тэднийг ажлаас болж маргалдсан байх гэж бодож байна. Тэдэнд өөр маргалдаад байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4290/-ний дүгнэлт:
-Б.А-н биед хамар яс хянга хэсгээр зөрөөтэй, баруун хажуу хана цөмөрсөн нийлмэл хугаралтай, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 14/
5. Шүүгдэгч Л.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би “.......” ХХК-тай амаар тохиролцон 2017 оны 8 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 давхар орон сууцны барилга дээр эхнэр Н, хадам ах Ж.А нарын хамтаар бригад болон өрлөгийн ажил хийж гүйцэтгэж байгаа юм...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай барилга дээр танихгүй хүмүүс ирээд ажилд орох гэсэн юм, өрлөг шаврын ажил хийнэ, Б.А биднийг ажилд авна гэж яриад байсан. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн үед ажил дээрээ ирээд 12 дугаар давхарт өрлөгийн ажил хийж байхад манай барилга дээр гипсэн таазны ажил хийж байгаа Б.А барилгын инженертэй хамт явж байхаар нь би Б.А-д “доошоо буухдаа ахтайгаа уулзаарай” гэж хэлээд явуулсан. Б.А ч төд удалгүй дээд давхраас буугаад ирэхээр нь “миний дүү ахынхаа хоолыг булааж яах нь вэ, ах нь 4 хүүхдээ тэжээх гээд ядарч яваа хүн шүү дээ” гэж хэлээд түүнийг миний ажлыг булааж, өөр хүмүүс ажиллуулах нь гэж бодоод уур хүрээд зүүн гараа зангидаж байгаад хамар руу нь нэг удаа цохьтол түүний хамарнаас цус гарсан. Тэгтэл Б.А надад “би мэдэхгүй шүү дээ, захирлууд өрлөгийн хүмүүс байна уу” гэж асуугаад байхаар нь би өрлөгийн ажил хийх хүн олж ирээд захирлуудтай уулзуулсан гэж хэлсэн. Би Б.А-д “чамайг ажил хийж байхад чинь өөр хүмүүс орж ирээд ажлыг чинь булааж авах гээд байвал чамд эвгүй сэтгэгдэл төрнө дөө” гэж хэлчихээд доошоо буугаад явчихсан. Ингээд дэлгүүрээс архи худалдан аваад ууж байхад цагдаагаас дуудахаар нь иртэл намайг эрүүлжүүлэх байр руу оруулсан. Тухайн үед болсон асуудлыг харсан хүн байхгүй. Тэр давхарт байсан хүмүүс бүгд тус тусын ажлыг хийж байсан болохоор энэ асуудлыг хараагүй байх...Б.А-н хамар нь жаахан хавдаад, хамарнаас нь цус гарсан...Би Б.А-д учирсан хохирол болох 1.500.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Б.А надтай сайн дураар эвлэрсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Г нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№4290/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Л.Г нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын 12 дугаар давхарт Б.А-тэй “өөрийнх нь хийж байгаа өрлөгийн ажлыг өөр хүмүүст өгөх гэж байна” гэх зүйлээс болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж биед нь хамар яс хянга хэсгээр зөрөөтэй, баруун хажуу хана цөмөрсөн нийлмэл хугаралтай, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална...” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Г-н гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 33-34/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус хянаад улсын яллагчаас түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд санал болгож байгаа 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Л.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Л.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Л.Г-т сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР