Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/88

 

                                  *******т холбогдох

                                   эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 09 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б. Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ар Тогоруутан овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, ****эгтэй, **** настай, яс үндэс *******, ****** боловсролтой, мэргэжилгүй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ********* хамт Сэлэнгэ аймгийн ***** сумын ******* баг **** дугаар хэсэг *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, /РД:*********/, урьд

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд 2024 оны 07 дугаар сарны 01-ний өдрийн 17 цагийн үед согтуурсан үедээ Приус 20 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Артогоруутан ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн  хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялыг,  6 сарын хорих ялаа эдлэж дууссаны дараа үеэс, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ял буюу 694 хоногийн ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тооцохоор,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 23-ний өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг 2024 оны 09 сарын 05-ний өдөр гардан аваад шүүгдэгч *******ыг нийгмээс тусгаарлаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байгаа учир шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа учир энэ гомдлыг гаргаж байна.

Гомдлын хууль зүйн үндэслэлийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэжээ. Мөн хууль тогтоогч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан хэм хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хувийн байдал, гэмт хэргийг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж чөлөөлж болох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт ...хорих ялын дээд хэмжээг 3 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр 3 жил хүртэлх хугацаагаар тэнсэж болно гэж заажээ. Миний үйлчлүүлэгчийн хувьд дээрх хуулийн хөнгөлөлтүүд өмнө нь хариуцлага хүлээж байсан боловч засарч хүмүүжиж хүүхдийн хамт төлөв даруу шударгаар хөдөлмөрлөж амьдарч байгаа талаар Засаг даргын мэдүүлэгт байдаг. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өөрийн буруутай үйлдлээ гэмшин ухаарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтээ удаа дараа гаргаж байсан болно. Иймд миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулсан Сэлэнгэ дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 23-ний өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, энэрэнгүй ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолт өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийг заавал нийгмээс тусгаарлахгүй хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн сонгох санкцанд торгох ял байгаа учраас торгуулийн ялыг оногдуулж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч *******ын холбогдсон хэрэг нь уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг байхгүй. Гэхдээ хувь хүний ухамсрын харилцаанаас үүдэлтэй асуудал байгаа. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж бусдын амь насыг хохироосон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээснээрээ дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй шүү гэх үүднээс эрхийг нь хасуулсан. Гэтэл тэр үйл баримтыг мэдсээр байж дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуулийн зорилго, зорилт болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. ... Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Прокуророос шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

3.Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд 2024 оны 07 дугаар сарны 01-ний өдрийн 17 цагийн үед согтуурсан үедээ Приус 20 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,28 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “Тэр өдөр найзтайгаа пиво уусан, эхнэр хүүхдийн живх, хүнс аваад ир гэхээр нь явсан, ингэж яваад цагдаад шалгагдсан. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******ын гэрчээр өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн үед Хүдэр төвд гэрийнхээ хашаан дотор найз *******гийн хамт 0.5 литрийн Сэнгүр нэртэй нэг хүний дөрөв дөрөв пиво /шар айраг уусан/. Манай эхнэр ******* намайг дэлгүүр яваад талх, хүнс аваад ир гэхээр нь би манай хашаанд байсан Приус маркийн машиныг жолоодон найз *******гийн хамт “Од” хүнсний дэлгүүр рүү явсан. Тэгээд “Од” хүнсний дэлгүүрээс гараад машинаа бариад харих гээд явж байхад “Намуун” хүнсний дэлгүүрийн урд талын зам дээр цагдаа зогсоож намайг бичиг баримтаа шалгуулна уу? гэсэн. Тухайн үед надад бичиг баримт байгаагүй. Цагдаа танаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна гээд цагдаагийн хэсэг рүү дагуулж очоод согтуурал хэмжих багажаар шалгахад би 2.28 хувийн согтолттой байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр би Шүүхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Миний тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2026 оны 07 дугаар сарын 09-ны өдөр сэргэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *******гийн өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай 1 дүгээр багийн Засаг даргаар 2019 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ******* нь Хүдэр суманд төрж өссөн. Хүдэр сумын Ерөнхий Боловсролын сургуулийг төгссөн. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2021 онд зам тээврийн осол гарган Шүүхээр орж шийтгэгдэж байсан. 2021 оноос хойш ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар сонсож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/, 

Согтолтын хувийг гэрэл зургаар харуулсан тухай баримт /хх-ийн 03 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 09-19 дүгээр тал/,

Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 20 дугаар тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 35-69 дүгээр тал/,

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /хх-ийн 76 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Анхан шатны шүүхээс улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал оруулсан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, түүнийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

4.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/214 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                       ШҮҮГЧИД                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                                                            Б.ЭРДЭНЭХИШИГ