Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 247

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810005200287 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежмент төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Ц.Н   

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү” хорооллын 13 дугаар байрны 5в тоотод 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр С.Ц рүү салфетканы сав шидэж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн орчимд ...Н гал тогооны өрөөнд байсан савтай сонгино аваад шидэхэд миний гэдсэнд оносон, тэгэхээр нь би барьж байсан хутгаа Н руу шидсэн.  Гэхдээ яг онох гэж шидээгүй, айлгах гэж шидсэн. Тэгсэн чинь Н том өрөөний ширээн дээр байсан салфетканы төмөр савыг шидсэн нь миний толгойны баруун шанаанд онож, цус гарсан. ...Би гэмтлийн эмнэлэг дээр очиж толгойдоо 13 оёдол тавиулсан. ...Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 6-7/ гэсэн,

 

Гэрч Д.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14-15 цагийн хооронд ...Н  гал тогооны өрөөний орчим зогсчихсон, манай эхнэр Ц том өрөөний цонхны орчим хоёр талд зогсчихсон маргаж байсан. Голд нь Нгийн ээж Очгэрэл зогсчихсон, шалаар нэг сонгино тарчихсан байхаар нь түүнийг цэвэрлэхээр 00-ын өрөө рүү орж шүүр, тосгуур аваад эргээд гарч ирэхэд Н “чи над руу хутга шидлээ, алах нь уу” гэж уурлаад ширээн дээр байсан салфетканы төмөр савыг С.Цийн толгой руу шидэж толгойных нь баруун шанаанд оносон. ...” /хх-ийн 11/ гэсэн,

 

Гэрч С.Очгэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...Н аяга угааж байхдаа хувцас руу ус үсрээд байна гэхэд нь Ц юун сүртэй юм хормогчтой, хормогчгүй угаачихгүй юу гээд загнасан чинь Н урдаас нь эсэргүүцэж үг хэлсэн. ...Н сонгинотой шар сав аваад Ц рүү чулуудахад газраар нэг тарсан. Тэгсэн Ц муу сайн юмнууд энийгээ цэвэрлэ, Н чи эргүү, тэнэг, тархины өвчтэй гээд дайрч Н руу хутга бариад дайрахад нь би хориглосон боловч хутгаа шидсэн. Гэхдээ хутга нь Нг оноогүй. ...Нэг харахад Н гартаа салфетканы сав барьчихсан зогсож байгаад, түүнийгээ Ц рүү шидэхэд толгойных нь баруун шанаанд оносон...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед ...аяга угаах гээд Ц эгчээс зүүж байгаа хормогчоо өгөөч гэсэн чинь Ц эгч хэзээ байхдаа хормогч зүүж, бээлий өмсөж аяга таваг угаадаг болчихсон юм, үсчүүлэхгүй угаачихаж болохгүй байна уу гэхээр нь аягаа угаах гэж байтал Ц эгч ирээд миний баруун гуя руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд над руу наадахаа угаачихаад зайл гээд хашгирч уурлаад байхаар нь миний уур хүрээд дотроо 2-3 сонгинотой байсан хуванцар савыг хөл рүү нь шидэхэд сонгино газраар нэг тарсан. Тэгтэл наад хогоо цэвэрлэ гээд аймар орилоод байхаар нь цэвэрлэх гэж байхад Ц эгч ширээн дээр байсан хутга аваад чамайг алчихна шүү гээд шидэхэд намайг оноогүй, ингэхээр нь би өөрийн мэдэлгүй ширээн дээр байсан салфетканы төмөр савыг аваад Ц эгчийг тонгойж байхад нь шидэхэд толгойных нь баруун хэсэгт онож, цус гарсан...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2689 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Цолмонгэрлийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлчлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

- Шүүгдэгч Ц.Н-гийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 22-24/,  

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 10/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Н 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү” хорооллын 13 дугаар байрны 5в тоотод С.Цтэй маргалдаж, улмаар түүн рүү цаасан алчуурны төмөр сав шидэж биед нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Цийн “...Н гал тогооны өрөөнд байсан савтай сонгино аваад шидэхэд гэдсэнд оносон, мөн том өрөөний ширээн дээр байсан салфетканы төмөр савыг шидсэн нь миний толгойны баруун шанаанд онож, цус гарсан...” /хх-ийн 6-7/ гэсэн,

Гэрч Д.Ганхуягийн “...Н гал тогооны өрөөний орчим, Ц том өрөөний цонхны орчим хоёр талд зогсчихсон маргаж байсан. Н уурлаад ширээн дээр байсан салфетканы төмөр савыг С.Цийн толгой руу шидэж толгойных нь баруун шанаанд оносон. ...” /хх-ийн 11/ гэсэн,

Гэрч С.Очгэрэлийн “...Н сонгинотой шар савыг Ц рүү чулуудахад газраар нэг тарсан. Тэгсэн Ц муу сайн юмнууд энийгээ цэвэрлэ, Н чи эргүү, тэнэг, тархины өвчтэй гээд дайрсан. ...Нэг харахад Н гартаа салфетканы сав барьчихсан зогсож байгаад, түүнийгээ Ц рүү шидэхэд толгойных нь баруун шанаанд оносон...” /хх-ийн 12-13/ гэсэн,

Шүүгдэгч Ц.Н-гийн “...Аяга угаах гээд Ц эгчээс зүүж байгаа хормогчоо өгөөч гэсэн чинь Ц эгч хэзээ байхдаа хормогч зүүж, бээлий өмсөж аяга таваг угаадаг болсон юм, үсчүүлэхгүй угаачихаж болохгүй байна уу гэхээр нь аягаа угаах гэж байтал Ц эгч ирээд миний баруун гуя нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд над руу наадахаа угаачихаад зайл гээд хашгирч уурлаад байхаар нь миний уур хүрээд дотроо 2-3 сонгинотой байсан хуванцар савыг хөл рүү нь, өөрийн мэдэлгүй ширээн дээр байсан салфетканы төмөр савыг Ц эгчийг тонгойж байхад нь шидэхэд толгойных нь баруун хэсэгт онож, цус гарсан...” /хх-ийн 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2689 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Цолмонгэрлийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй болон мохоо зүйлчлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс Ц.Н-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Ц-ийн духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 10/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.   

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Н-гийн үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдааны явцад улсын яллагч шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, мөн нийтэд тустай ажил хийх боломжгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн түүний санал зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810005200287 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч С.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Н торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810005200287 дугаартай хэрэгт эд мөрйин баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Ц.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР