Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 2403000000295 |
Дугаар | 2024/ДШМ/89 |
Огноо | 2024-09-24 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2024/ДШМ/89
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж шийдвэрлэн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0164/Э/208/2024/0073 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчин илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *** настай, ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа /загас барьж зардаг/, ам бүл ***** Сэлэнгэ аймаг, **** сум, ****дугаар баг, **** дугаар хэсэг, ***** тоотод оршин суух хаягтай, /РД:******/, урьд
2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ялаар,
2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний 15 дугаар зам дээр зогсож байсан 481 дугаартай эрчим хүч, ус хангамжийн төвийн цахилгаан лабораторийн вагон дотор нэвтэрч иргэн *******гийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ургийн овгийн *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч "*******аас 200.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан. Шүүгдэгч *******ын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн хугацааг багасгаж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар сольж хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид тухайн зүйл ангийн хамгийн бага буюу 2 жилийн хорих ялыг оногдуулсан. Түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон гэж үзэж байна. *******ын хувийн байдал нь уг төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдсон. Сүүлийн гэмт хэрэг нь вагон дотор хүний эд зүйлийг хулгайлсан нөхцөл байдалтай. Мөн зөрчлийн арга хэмжээ нилээн олон удаа авагддаг, хохирол төлбөрийг хэрхэн төлөгдсөн байдлыг харгалзаж хорих ялыг шүүхээс оногдуулсан гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөний 15 дугаар зам дээр зогсож байсан 481 дугаартай эрчим хүч, ус хангамжийн төвийн цахилгаан лабораторийн вагон дотор нэвтэрч иргэн *******гийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
- Хохирогч *******гийн “…481 дугаартай цахилгааны лаборатори тусгай вагон тавигдсан… орой 23 цагийн үед ажлаа дуусаад амарсан ..өглөө нь босоод компьютерээ хайгаад олоогүй..цагдаад өргөдөл гаргасан. Ажлын хэрэгцээнд ашигладаг байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй.. хулгайд алдагдсан компьютерээ хүлээн авсан…” гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч *******ын “ …нэг хүн зөөврийн компьютер худалдаж аваач гээд гуйгаад байсан… Би авах юм бол 200.000 төгрөгөөр авна гэхэд ав ав гээд өгөөд явсан. …Ажлаа хийж байхад төмөр замын Цагдаагийн газраас хулгайд алдагдсан зөөврийн компютер авснаа мэдсэн…” гэх мэдүүлэг,
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон тайлан, эд зүйлд хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
3.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******т холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлбөргүй зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
4.Гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
5.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т нэг /нэг/ жилийн хорих ял оногдуулсугай.” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* энэ гэмт хэргийн улмаас нийт 42 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН