Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00585

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч Б.Г-т холбогдуулан гаргасан 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.А миний бие 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б.Г-той уулзаж, 1 сарын 500,000 төгрөгөөр 12 сарын хугацаатайгаар орон сууц түрээслэхээр болж урьдчилгаанд 900,000 төгрөг өгч, сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч орон сууцанд 13 сар амьдарсан тул 6,500,000 төгрөг болсон, үүнээс төлсөн 1,100,000 төгрөгийг хассан, 5,400,000 төгрөгийг авах ёстой боловч 1,200,000 төгрөгийг зардалд тооцон нийт 6,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Г нь Б.А оос зээл аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь нотлогдохгүй байна. Гэрчийн мэдүүлгээр сарын 450,000 төгрөгөөр тохирч, 1 жилийн хугацаанд тухайн орон сууцанд суусан, энэ хугацааны төлбөр нь нийт 5,400,000 төгрөг болсон. Уг төлбөрөөс анх байр түрээслэхдээ 900,000 төгрөг, дансаар 200,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард хариуцагч Б.Г 600,000 төгрөг бэлнээр, 2020 оны 03 дугаар сард хариуцагчийн эх А.П 300,000 төгрөг бэлнээр буюу нийт 2,000,000 төгрөг төлсөн гэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь Б.А , Б.Г нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх сөрөг нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

          3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг баримтлан Б.Г-оос 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан Б.А од олгож, үлдсэн 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Г-оос 88,550 /наян найман мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Б.А од олгож шийдвэрлэжээ.

 

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

          4.1.Шүүх дүгнэхдээ талуудыг орон сууц хөлслөх гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч удаа дараа энэ орон сууцыг ээж, дүү нар хөлсөлж байсан гэдгээ хэлж, орон сууц хөлслөх гэрээг 2 тал байгуулсан гэрээнд хөлслөгч А.П болон Б.П нар байгуулсан байдаг талаар мэдүүлж, гэрчүүд мөн адил энэ тухай мэдүүлэгтээ хэлсэн. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ ярихдаа гэрээ байгуулсан гэрээнд дүү Б.П нь гарын үсэг зурсан гэдгээ тайлбарладаг. Энэхүү яриа шүүх хуралдааны бичлэгт хадгалагдсан болно. Талууд гэрээний тал нь хариуцагч биш гэдгийг тайлбарласаар байтал шүүхээс хариуцагчийг тус гэрээний нэг тал хэмээн үзэж гэрээний төлбөр гаргуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байх бөгөөд зарын дагуу хариуцагчийн ээж, дүү нар нэхэмжлэгчтэй уулзан орон сууцыг үзэж, гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар тус гэрээг хариуцагч Б.Г байгуулаагүй тул байрыг хүлээн аваагүй, хүлээлгэн өгөөгүй болно. Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.

          4.2.Гэрээний төлбөрийг шүүх тооцохдоо буруу тооцсон гэж үзэж байна. Анх орон сууцыг хүлээн авахдаа Б.П гэрээ байгуулан нэг сарын 450,000 төгрөг гэж тохиролцсоны дагуу 450,000 төгрөгөөр 2 сарын төлбөр болох 900,000 төгрөгийг шилжүүлсэн. Сар бүрийн 450,000 төгрөгөөр төлбөрийг тооцож байтал 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхлэн гэрээний төлбөрийг 500,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. 2019 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын хөлслөх төлбөр 450,000 төгрөг 2020 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын төлбөр 500,000 төгрөг байхаар тохиролцсон, нийт орон сууц хөлслөх гэрээний төлбөр 5,650,000 төгрөг, үүнээс хөлслөгч 900,000 төгрөг, 300,000 төгрөг, 200,000 төгрөг, 600,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг төлсөн. Гэвч шүүхээс энэхүү төлбөрийг төлөөгүй гэж дүгнэн мөн орон сууц хөлслөх гэрээний нэг сарын түрээсийн төлбөрийн 500,000 төгрөгөөр тооцсонд гомдолтой байна. Нэхэмжлэгч талд орон сууц хөлслөх гэрээний нэг хувь байгаа бөгөөд хариуцагчийг солих сонирхолгүй тул гэрээгээ гаргаж өгөөгүй. Орон сууцаа хөлслүүлж байгаад төлбөрөө төлөөгүй тохиолдолд тэр тусмаа гэрээг хадгалсан байна. Зээлийн гэрээг өөрт авч үлдсэн мөртлөө орон сууц хөлслөх гэрээг шүүхэд гаргаж өгөхгүй байгаа нь хариуцагчийг солих мөн хөлслөх гэрээний нэг сарын төлбөрийг 450,000 төгрөгөөр түрээсэлж байснаа нотлох сонирхолгүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Орон сууц түрээслэх гэрээгээр Б.Г түрээслэсэн. Б.Г-ийн хүүхэд, эх, дүү нар нь амьдрахаар амаар тохиролцсон. 900,000 төгрөгийн урьдчилгаа өгч, түүнээс хойш түрээсийн төлбөр төлөөгүй жил гаруй хугацаанд амьдарсан. Одоо би хариуцах ёсгүй гэж тайлбарладаг. Хэргийн баримтаар түрээслэсэн нь нотлогдсон. Хугацаа хожих үүднээс 2-3 жилийн турш намайг хохироож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

          1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Г-т холбогдуулан 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч уг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзжээ.

 

          2. Хариуцагч Б.Г нь нэхэмжлэгч Б.А-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, барилагчдын 7-3 дугаар байр, 52 тоот, 15 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг 12 сарын хугацаанд эзэмшиж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

          Хариуцагч нь дээрх орон сууц эзэмшсэнтэй холбоотой төлбөрийн хэмжээ буюу сарын төлбөрийг нэхэмжлэгч 500,000 төгрөг, хариуцагч 450,000 төгрөг, нэхэмжлэгч нь “хариуцагчаас 1,100,000 төгрөг авсан” гэх, хариуцагч нь “нэхэмжлэгчид 2,000,000 төгрөг төлсөн, уг орон сууцанд хариуцагч 12 сарын хугацаагаар хөлсөлсөн” гэж маргасан.

 

          3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

          Учир нь зохигчдын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн болох нь баримтаар тогтоогдоогүй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон. Хариуцагч Б.Г-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

          4. Хариуцагч нь орон сууцны сарын төлбөрийн хэмжээг 450,000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч тэрээр дээрх тайлбараа баримтаар нотлоогүй тул талууд орон сууцны сарын төлбөрийн хэмжээг 500,000 төгрөгөөр тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 12 сарын хугацаанд эзэмшилдээ байлгасан гэж үзэж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Иймд талуудын зарчмыг үндэслэн давж заалдах гомдол гаргаагүй асуудлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.  

 

          5. Нэхэмжлэгчид гэрээний үүрэг шаардах эрх үүсэхийн тулд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал нотлогдсон байх учиртай. Нэхэмжлэгчийн уг байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй боловч тэрээр баримтаар нотлоогүй байна.

 

          6. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй  гэрээ байгуулаагүй боловч түүнтэй тохиролцсоны дагуу Б.А-ын эзэмшлийн орон сууцанд гэр бүлийн гишүүдээ 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл амьдруулсан, Б.Г, түүний эх А.П нар тодорхой хэмжээнд мөнгөн төлбөрүүдийг төлж байсан үйл баримтууд тогтоогдсон тул бусдын эд зүйлийг үндэслэлгүйгээр эзэмшилдээ байлгасан этгээд уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өөрийнхөө хэмнэсэн зардал, нөгөө талд олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.  

 

          7. Нэхэмжлэгч нь “1,100,000 төгрөг авсан” гэж тайлбарласан ба гэрч А.П, Б.П нар “300,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн” гэж мэдүүлсэн тул хариуцагч Б.Г-ийг 1,400,000 төгрөгийг төлсөн гэж үзэж хариуцагч Б.Г-оос 4,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ. Иймд анхан шатны шүүх тооцооллыг буруу хийсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /4.2/

         

          8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь Б.А , Б.Г нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дээрх сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар өөрчлөлт оруулав. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /4.1/

 

          Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/00277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

            2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4”, 4 дэх заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                                     ШҮҮГЧИД                                          Д.БЯМБАСҮРЭН

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ